Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Ерөнхий сайдын мэдээллийг сонсож, Жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийн хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг эхэллээ


4-р сарын 26
11 цаг 02 минут

     Улсын Их Хурлын чуулганы (2025.04.25)-ийн үдээс хойших нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хүрээнд иргэн бүрд хуримтлалын нэрийн данс нээж, эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зорилгоор зарцуулах ажлын зохион байгуулалт, хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ.

Ерөнхий сайд мэдээлэлдээ, эдүгээ дэлхий дахинд нийт 100 гаруй баялгийн сан нийтдээ 13.0 их наяд ам.долларын хөрөнгийг захиран зарцуулж байгааг тэмдэглээд, Монгол Улс 2009 онд Хүний хөгжил сан, 2016 онд Ирээдүйн өв санг байгуулж байсан бөгөөд 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Үндэсний баялгийн санг байгуулах эрх зүйн суурь тавигдсаныг дурдаж, 2024 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр хуулийг батлан, оны эцэс гэхэд 495,6 тэрбум төгрөг төвлөрүүлснийг болон иргэд E-Mongolia системээр өөрийн хуримтлалыг харах боломжтой болсныг танилцуулав. Мөн тэрбээр дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, олон улсын тарифын хямрал манай улсад нөлөөлж, экспортын гол бүтээгдэхүүнүүд болон уул уурхайн бүтээгдэхүүний үнийг бууруулж байгаа талаар өгүүлж, энэхүү тодорхойгүй байдлыг Үндэсний баялгийн санд тулгуурлан олон нийтийн дэмжлэгтэйгээр мега төслүүдээ цаг алдалгүй, тууштай хэрэгжүүлэх замаар даван туулна гэдгийг онцоллоо. Улс орны эдийн засаг, төсөвт уул уурхайн салбар гол нөлөөг үзүүлж байгаа ч баялгаа олборлуулж буй нутаг орны хөгжил, дэд бүтцийн асуудал хангалттай шийдвэрлэгдэж чадахгүй, АМНАТ буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь иргэдэд тэгш хүртээмжтэй хуваарилах, нийгмийн хөгжлийн суурь асуудлыг шийдвэрлэх механизм болж чадахгүй байгаа нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байна гээд тэрбээр газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг сонгодог утгаар нь хуримтлуулах, Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сангуудад төлөрүүлэх хөрөнгийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлж, ирээдүй хойч үеийнхэнд өвлүүлөх болон иргэдийн хуримтлалд зориулах, мөн үндэсний болон бүс, орон нутгийн хөгжилд зориулах хуримтлалын харьцааг тус бүр 33.0 хувь болгож тэнцүүлэх нь зүйтэй гэсэн Засгийн газрын байр суурийг танилцуулав. Энэ байр суурийг дэмжиж, эрх зүйн орчныг бүрдүүлэхийг Улсын Их Хурлын гишүүдэд, Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчмыг хүндэтгэж Засгийн газартай хэлэлцээний ширээнд суухыг уул уурхайн компаниудын удирдлагуудад Ерөнхий сайд уриаллаа.

Үндэсний баялгийн сангийн талаарх Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг, ХҮН-ын зөвлөл болон Үндэсний эвслийн гишүүдийн байр суурийг илэрхийлж Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг, Д.Пүрэвдаваа нар үг хэллээ.

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин хуулийн дагуу Үндэсний баялгийн санг байгуулж, үйл ажиллагаа явуулж ирсэн нь оолттой ч төрөлжсөн сангуудын чиг үүргийн давхцал, орлогын эх үүсвэрийн оновчгүй хуваарилалт, удирдлага, засаглалыг эрх баригчдын ашиг сонирхолд нийцүүлэн баталсан зэргээс үүдэлтэй сөрөг талууд илт мэдрэгдэж байгааг шүүмжилсэн юм. Ялангуяа Үндэсний баялгийн сангийн Хөгжлийн сан нь төсөв, төр хувийн хэвшлийн түншлэл, Хөгжлийн банк зэрэг механизмуудтай давхацсан, тодорхой бус чиг үүрэгтэйгээр хуульчлагдсанаас болоод одоо болтол байгуулагдаагүй, цаашид үр дүнтэйгээр ажиллах эсэх нь тодорхойгүй байгааг онцолж, уг санд төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ашигтай гарсан тохиолдолд давсан орлогын 50.0 хувийг төвлөрүүлэхээр заасан нь төсвийн зардал тэлж, гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ унаж буй энэ үед бодитой хэрэгжих боломжгүй, орлого бий боллоо гэхэд түүнийг төсвийн тогтвортой байдлын санд алдагдлыг нөхөхөд ашиглахаар байгааг онцлов. Мөн Хуримтлалын сан нь нийгмийн халамжийн чиг үүрэгтэй Засгийн газрын тусгай сан болсон нь олон улсын жишгээс зөрж байгааг дурдан, эдгээр нь үнэн хэрэгтээ төсвөөс гадуур Засгийн газрын дур мэдэн зарцуулж болох эх үүсвэр болж хувирсныг онцгойлон анхаарууллаа.

Үндэсний баялгийн сангийн хамгийн том хэсэг болох Ирээдүй өв сангийн хойч үедээ өв болгон үлдээх ёстой орлогоос Засгийн газар сүүлийн хоёр жил дамнан зарцуулж байгааг тэрбээр мэдээлж, уг санд орох ёстой хуримтлал АМНАТ-ийн орлогын 65.0 хувь байх ёстойг Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар 2024 онд 20.0 хувь, 2025 онд 40.0 хувь байхаар бууруулснаар 3.0 их наяд орчим төгрөгийн ирээдүйн хуримтлалыг Засгийн газар сонгуулийн амлалтад зориулсан байна гэж Ардчилсан намын бүлэг үзсэнийг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин танилцууллаа. Үндэсний баялгийн санд улс төрөөс хараат бус ,мэргэжлийн хөрөнгө оруулалтын менежмент, засаглал дутагдаж байгаагаас байгалийн баялгийн орлого улсын төсвийн орлуулга, улс төрийн сэдэлтэй популист амлалтуудад зориулагдаж, бодит үр өгөөжгүй болох эрсдэл байгааг тэрбээр анхааруулж, Улсын Их Хурлын 2024 оны сонгуулийн өмнө Хуримтлалын сангаас иргэдийг орон сууцжуулах боллоо хэмээн сурталчилж, улмаар 2024 оны орлогын 480 тэрбум төгрөг, 2025 оны 500 тэрбум гаруй төгрөгийн орлогыг бүхэлд нь ипотекийн зээлийн эх үүсвэрт зарцуулж байгаагаас сангйин хөрөнгө бодлогын хүүгээс багагүй хувиар өсөж байх шаардлага хангагдахааргүй, иргэдийн нэрийн данс дахь мөнгө бодитой бус буюу “шилний цаадах чихэр” болж болзошгүйг дүгнэв. Ирээдүйн өв сангийн 1,2 тэрбум орчим ам.долларын үлдэгдлийг гадаад зах зээл дээрх өндөр зэрэглэлтэй хувьцаа, бонд зэрэг хөрөнгө оруулалтын хэрэгсэлд оруулж, өсгөж үржүүлэх ёстой атал төрийн санд удтал байлгасны эцэст өнгөрсөн сараас Монголбанкны гадаадын төв банкан дахь дансанд байршуулсан, сангийн хөрөнгө оруулалтын менежментийг хэрэгжүүлэх корпорац байгуулах, удирдлагыг томилох бүх эрх мэдлийг Ерөнхий сайдад олгосон нь тус сан үр ашиггүй ажиллах, төрийн байгууллага, албан тушаалтнаас хэт хараат байх нөхцөл болж байгааг дурдсан юм.

Эцэст нь тэрбээр Ерөнхий сайдын мэдээлэл олон нийт болон хууль тогтоогчдын мэдэхийг хүссэн, авах шаардлагатай мэдээллийг агуулаагүй, зөвхөн Засгийн газрын пропоганда болгохыг хүссэн зүйлсээр хязгаарлагдаж байгааг шүүмжлээд, цаашид энэхүү парламентын хуралдааны чухал бүтцийг Ерөнхий сайдын мэдээллийн цаг биш Улсын Их Хурлын асуулгын цаг болгож парламентын ардчилал хөгжсөн улсуудын жишигт нийцүүлэн өөрчлөх шаардлагатай гэж Ардчилсан намын бүлэг үзсэнийг танилцуулсан юм.

Түүний дараа Улсын Их Хурал дахь ХҮН-ын зөвлөлийн дүгнэлтийг, Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг танилцуулав. Ерөнхий сайд ихэхээн ерөнхий, нийтэд ил байгаа мэдээллийг хийж, нарийвчилсан зүйлсийг ярихгүй байгааг тэрбээр шүүмжлээд, Хуримтлалын сангийн зарцуулалтыг хууль бус байдлаар явуулж байгаагаас хөрөнгийн өгөөж ердөө 1.0 хувьтай байгаа болон “Чингис хаан-Үндэсний баялгийн сан” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани, түүний удирдлага, засаглалын талаарх мэдээлэл байхгүй байгааг цохон дурдлаа. Тэрбээр Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн дүгнэлттэй санал нэг байгаагаа илэрхийлж, Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сангуудын зарцуулалт, удирдлагыг хуулийн дагуу явуулах шаардлагатайг онцолсон бол Улсын Их Хурал дахь Үндэсний эвслийн гишүүн Д.Пүрэвдаваа сангуудын орлогын бүртгэл, тайлагнал, хөрөнгийн зарцуулалт холбогдох хууль, тогтоомжоор ил тод байх ёстойг сануулж, баялгаа олборлуулж байгаа орон нутгийн эрх ашиг, байгаль орчны эрх, хөгжлийн асуудал орхигдсоор байгааг сануулав. Мөн тэрбээр Оюутолгой ХК-аас авч буй АМНАТ-ийг 5.0 хувиар тогтворжуулснаас болж бусад компаниудаас авч буй үнийн өсөлтийн 11.0 хувийн татварыг авч чадахгүй байгааг шийдвэрлэх, “Алт” хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг хурдтай явуулах, Үндэсний баялгийн санд иргэний нийгмийн байгууллага, олон нийтийн хөндлөнгийн хяналтыг хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Ерөнхий сайдад зөвлөлөө.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурал дахь цөөнхийн бүлгийн гишүүд асуулт асууж, үг хэлсэн юм. Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж баялгийн сан байгуулах өмнөх оролдлогууд улс төрийн нөлөөлөл, төсвийн цоорхойг нөхдөг байдал, засаглал, хяналт сул, эрх зүйн орчин бүрэн бүрдээгүй зэргээс болж бүтэлгүйтсэнийг яриад, сүүлийн 10 жилд манай улс 100.0 тэрбус ам.долларын баялаг экспортлосон атлаа эдүгээ 37.0 сая ам.долларын буюу нэг хүнд 40.0 сая төгрөг оногдох хэмжээний өртэй болсныг анхааруулж, Үндэсний баялгийн сангийн менежментийг сайжруулж, орлогыг арвижуулахад илүү үр дүн гаргаж ажиллах шаардлагатайг Засгийн газарт санууллаа. Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар Ардчилсан намын бүлгийн дүгнэлттэй санал нэг байгаагаа илэрхийлж, онгоцны түлш импортлох зэрэг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд хийгээд ирсэн ажлыг төрд авахаа болих, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжихийг Ерөнхий сайдаас хүссэн бол Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд Норвегийн баялгийн сангийн жишээгээр хөрөнгийн удирдлагыг оновчтой, үр ашигтай явуулах талаар өгүүлж, Үндэсний баялгийн сангийн хөрөнгийг Англи, Франц, Люксембургийн Төв банкуудад байршуулахаасаа хөрөнгийн зах зээл, смарт технологи зэрэгт хөрөнгө оруулах боломжийг судалж ажиллах нь зүйтэй гэлээ. Ирээдүйд олон нийтийн дэмжлэгтэй уул уурхайн салбарыг бий болгох нь Үндэсний баялгийн сангийн хамгийн гол концепц болохыг Ерөнхий сайд дурдаж, Ирээдүйн өв сангийн менежментийн хувьд өнөөдрийн байдлаар Монголбанкны хадгаламжинд байршуулах нь хамгийн эрсдэл багатай гэж Засгийн газар үзсэн талаар дурдав.

Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн агаарын бохирдлын шийдлийг Засгийн газар шингэрүүлсэн хийн түлш гэж харж байгаа, эсэхийг асууж, үүнийг хэрхэн зохион байгуулах, хаанаас, хэрхэн нийлүүлэх, ахуйд яаж хэрэглэх зэргийг асууж, Ерөнхий сайдаас тодорхой хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдахаас хоёр сарын өмнө Энержи Ресурс ХХК, MCS ХХК компани өөрийн эзэмшиж байсан Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг дахь 2011 онд 980 сая ам.доллараар үнэлэгдэж байсан Барууннарангийн уурхайг 88.0 сая ам.доллароор Хятадын Жи Ай Ю гэдэг компанид зарсан талаар мэдээлж, Ухаа худаг ордын талаарх тогтоолын төслийг өргөн мэдүүлсэн боловч Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан авахгүй байгаа гэх Хууль зүйн сайд О.Алтангэрэлийн тайлбарыг бататган асуусан юм. Тогтоолын төслийг Засгийн газраас бүрдүүлбэр дутуу ирүүлснийг буцаасан талаар Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан тайлбарлаж, нэмэлт материалууд ирсэн тул даргын дэргэдэх зөвлөл ирэх долоо хоногт хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүдэд мэдээлэл өгнө гэлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ухаа худаг байна уу, Төгрөг нуур байна уу, эсвэл өөр бусад орд байна уу, энэ чухал биш, гагцхүү стратегийн орд гэх ойлголтоо цэгцэлж, нэгтгэж авъя гэсэн байр суурьтай байгаа гээд, Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сангуудад АМНАТ-ийнхөө хэдэн хувийг өгөх вэ гэх зэрэг тогтоомын дүрмээ тодорхой болгож байгаад компаниудтай хэлэлцээрт орох шаардлагатай гэсэн хариулт өгөв.

Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар Ерөнхий сайдын мэдээллийн цагт асуулт асууж, үг хэлж байгаа гишүүд бол цөөнх биш гэж үзэж байгаагаа дурдаад, асуулга, мэдээллийн цагаар дамжуулж өөрсдийнхөө сонирхлыг чуулганы танхимд илэрхийлдэг, төр, засгийн бодлогод шургуулдаг явдлыг өөрчлөх ёстой гэсэн юм. Мөн тэрбээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгийн хэрхэн арвижуулах, эх үүсвэрийг яаж нэмэгдүүлэх вэ гэдэгт анхаарахын зэрэгцээ зөв захиран зарцуулах, зөв хөрөнгө оруулалт хийх талаар тодорхой үзэл баримтлалыг боловсруулан баталж, хэрэгжүүлэх нь зүйтэй гэв. Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа эдийн засгийн үзүүлэлтүүд бууралттай, гадаад худалдааны тэнцэл алдагдалтай, нүүрсний экспорт гэхэд өмнөх оны мөн үеэс 883.0 сая ам.доллараар буюу 42.0 хувиар, алтны экспорт 47.0 сая ам.доллараар буурчихсан байхад энэ бүхний ашгаар санхүүжих учиртай Үндэсний баялгийн сангийн хуримтлал нэмэгдэх боломжгүй гэж дүгнэж буйгаа хэлээд, стратегийн орд эзэмшиж буй компаниудтай хэлцэл хийж буй энэ үйл явдал гадаадын хөрөнгө оруулалтад хэрхэн нөлөөлөх талаар асууж, хариулт авсан юм. Бий болсон эмх замбараагүй нөхцөл байдлыг цэгцлэхэд тодорхой хугацаа орно гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлов. Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Пунсалмаа стратегийн ач холбогдол бүхий ордуудын 34.0 хувийг төр шилжүүлж авах ажил бол ард иргэдийн хүсэл гэдгийг сануулж, уул уурхайн орлогыг бүх ард түмэнд тэгш хуваарилах, ирээдүйдээ өвлүүлэх сангийн үйл ажиллагаа сайн байх, төсвийн алдагдлыг нөхөхөд зориулахгүй байх, бэлнээр тарааж инфляцийг хөөрөгдөхгүй байх зэрэг анхаарч ажиллахыг зөвлөв. Мөн тэрбээр Норвегийн баялгийн санг улс төрчид бус Төв банкны дэргэдэх Санхүүгийн корпорац удирддагийг дурдаж, Үндэсний баялгийн сангийн засаглалыг энэ жишгээр явуулж, сангийн хөрөнгийг өсгөдөг, нэмэгдүүлдэг, хадгалдаг, ард иргэддээ хянуулдаг тогтолцоо руу шилжих ёстой гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг Хуримтлалын санд төвлөрсөн 495 тэрбум төгрөгийн хөрөнгө яагаад ганцхан хувийн буюу 4.9 тэрбум төгрөгийн өгөөжтэй байгааг болон Ирээдүйн өв сангийн хөрөнгийг гаднын санхүүгийн байгууллагад ямар нөхцөлтэй байршуулсан, “Чингис хаан-Үндэсний баялгийн сан” ХХК-ийн шилэн дансны мэдээлэл яагаад хөтлөгдөхгүй байгаа талаар асууж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан нараас дэлгэрэнгүй хариулт авсан юм. Засгийн газрын гишүүд санд хөрөнгө хэрхэн төвлөрсөн, түүнийг хэрхэн зарцуулах, иргэдэд хүртээх талаар хууль, эрх зүйн орчныг тодорхой болгосон талаар танилцуулаад, 2030 оноос хойш санхүүгийн хэрэгсэлд оруулах боломжтойг болон энэ оны тавдугаар сарын 9-нд 35.0 тэрбум төгрөгийн өгөөж Хуримтлалын санд төвлөрнө гэдгийг мэдээлсэн юм. Мөн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт Хуримтлалын сангийн хөрөнгө хуулийн дагуу Монголбанкны бодлогын хүүгээр өсөж байгаа гэсэн тайлбар өгөөд, сангийн менежментийг Монголбанк хариуцаж байгаа бөгөөд ипотекийн зээлийн санхүүжилт рүү оруулсан нь хөрөнгийг удирдаж буй хэлбэр болохыг дурдсан юм. Стратегийн ач холбогдол бүхий ордуудын 34-51 хувийг төр эзэмших тухай Улсын Их Хурлын тогтоолыг хэрэгжүүлэх эрмэлзэл Засгийн газарт байгаа эсэхийг Улсын Их Хурлын гишүүн Д.Жаргалсайхан асууж, иргэд энэ төрлийн орд газруудын тоог цаашид нэмэгдүүлэх саалтай байгааг харгалзан үзэж, судалгаа тооцоо хийх, Оюутолгой ХК-ийн орлогыг Монголбанкаар оруулдаг байх нь зүйтэй гэлээ.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд хийх Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан иргэдээс ирүүлсэн асуултыг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн дэд дарга Б.Жаргалан танилцуулав. Асуултуудыг багцалсан тухайгаа тэрбээр урьдчилан танилцуулаад, баялгийн сангийн талаар өмнө хийгдэж байсан оролдлогуудаас ямар сургамж авсан, 2016-2024 онд Монгол Улс нийт 72,4 тэрбум ам.долларын эрдэс бүтээгдэхүүн экспортолсон бөгөөд энэ хугацаанд Ирээдүйн өв санд 3.0-3.5 тэрбум ам.доллар хуримтлагдах ёстой байсан боловч ердөө 1.2 тэрбум ам.доллар төвлөрч бусад нь хаашаа орсон, хөрөнгийг зэрэглэл сайтай, эрсдэл багатай хөрөнгө оруулалд хэрэгсэлд оруулаагүйн шалтгаан, сангийн менежментийг төрийн нөлөөгүй олон улсын байгууллагаар хийлгэх ажил яагаад хэрэгжихгүй байгаа, Үндэсний баялгийн санд төвлөрөх хөрөнгийг Засгийн газар аль болох арвижуулах, нэмэгдүүлэх үүрэгтэй атал Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг холбогдох хуулиудад эсрэг үр дагавар бүхий заалтууд тусгасны учир зэрэг асуултуудыг тавьж Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдээс дэлгэрэнгүй хариулт авсан юм. Мөн Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийг төлөөлж, Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал иргэдээс ирүүлсэн асуултуудыг тавив. Иргэд Ухаа Худаг, Төгрөг нуурын ордын төрийн мэдлийн хувийг авах тухай, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Б.Батзандан Баянхөндий, Алтаннар, Хармагтай, Халзан Бүрэгтэй зэрэг айман ордыг стратегийн ордод оруулах, жижиглэн хувааж олгосон ордуудын талаар ямар арга хэмжээ авах, Дарханы төмөрлөгийн үйлдвэрий хувьцаат компани болгох, баялгийн өгөөжийг тэгш, хүртээмжтэй хуваарилах, эрх мэдэл албан тушаалаа ашиглах явдалтай хэрхэн тэмцэх талаар асуужээ. Иргэдийн асуултад Ерөнхий сайд дэлгэрэнгүй хариулт өгч, Үндэсний баялгийн сангийн эрх зүйн орчныг боловсронгуй болгож, тууштай хэрэгжүүлэх, шинэчлэлийг тухай бүр цаг алдахгүй хийж, засаглалыг сайжруулж явах нь чухал болохыг онцолсон юм.

Үүний дараа Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль /ШИнэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа. Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танилцуулав. Тэрбээр хуулийн төслийг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенц, хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний тайлан, Монгол Улсад хүний эрхийн төлөв байдлын илтгэлүүдэд тусгагдсан мэдээлэл, дүгнэлт, зөвлөмж, хуулийн хэрэгжилтийн талаарх “Эмнести интернэйшнл” ТББ-аас гаргасан тайлан, дүгнэлт, зөвлөмжболлон Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооноос 2021 онд зохион байгуулсан Жагсаал цуглаан зохион байгуулах журмын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэгт тусгагдсан асуудлуудыг үндэслэн боловсруулсан талаар дурдав. Хуулийн төсөлд, жагсаал цуглааныг зөвхөн улсын бүртгэлд бүртгэгдсэн улс төрийн нам, төрийн бус байгууллага төдий бус Монгол Улсын иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага ч зохион байгуулах эрхтэй байхаар өргөжүүлэх, ямар ч асуудлаар жагсаал цуглаан хийж болох, аяндаа бий болсон болон эсрэг жагсаал зохион байгуулахыг хүлээн зөвшөөрч, тэдгээрийн аюулгүй байдал, хэв журмыг хангах, бүртгүүлж зөвшөөрөл авдаг тогтолцоог халж мэдэгдсэний үндсэн дээр хуулиар хориглосноос бусад газарт зохион байгуулах боломж бүрдүүлэх, байршил, зорилго, агуулга, субъект, цаг хугацааны хориглолт, хязгаарлалтыг зөвхөн хуулиар тавих, жагсаал, цуглаан хийх эрхийг хориглосон, хязгаарласан агуулгатай захиргааны акт баталж мөрдүүлэхийг хориглох, зөвхөн хуульд заасан үндэслэлээр албадан тараах зэрэг агуулгыг тусгасан байна. Мөн онц байдал, дайны байдал зарласан гамшиг осол тохиолдсон хугацаанд хориглох, зохион байгуулагч болон оролцогчийн үүрэг, мэдэгдэл хүргүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хууль үйлчлэх, мөн хууль бус жагсаал цуглаан нь албадан тараах үндэслэл болох, хориглох байршлууд зэрэг одоо хүчин төгөлдөр байгаа хуулийн зарим зохицуулалтыг хэвээр үлдээжээ. Түүнчлэн шөнийн цагаар жагсаал цуглаан хийхийг хориглох агуулгыг нэмж тусгасан байна.

Хууль батлагдсанаар Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын фактад заасан иргэдийн тайван хуран цуглах эрх хангагдаж, зөвхөн хуульд заасан үндэслэлээр энэхүү эрхийг хязгаарладаг болох юм. Мөн жагсаал, цуглааны хэлбэрүүдийг хүлээн зөвшөөрч, хориглолт, хязгаарлалтын хүрээ, хязгаар тодорхой болохын зэрэгцээ хуульд зааснаас бусад аливаа хэлбэрээр, тэр дундаа захиргааны хэмжээний актаар хязгаарлах боломжгүй болно гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцуулгадаа онцлов. Мөн онцгой нөхцөл байдалд зайлшгүй хориглох цөөн тохиолдлоос бусад тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдэгдэл хүргүүлснээр жагсаал, цуглаан зохион байгуулах боломж бүрдэх бөгөөд цагдаагийн байгууллага олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журмыг сахиулахдаа хүний эрхийн зөрчил гаргахгүй байх, хууль ёсны тайван жагсаал, цуглаанд оролцогчид болон цагдаа хамтран ажиллах, хоорондоо эрх, идэвхтэй харилцаатай байх, мэдээлэл солилцох, зөвлөн туслах нөхцөл бүрдэнэ гэдгийг сайд танилцууллаа.

Хуулийн төслүүдийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин танилцууллаа. Хуулийн төслийн хэрэгжилттэй холбогдон гарах иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагын зардлыг одоогийн мөрдөж буй хууль тогтоомжтой нийцүүлэн иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагад нэмэлт зардал үүсгэхгүй, батлагдсан орон тоо, төсөв зардал нөлөөлөхгүй гэж Засгийн газар үзсэнийг тэрбээр танилцуулаад Улсын Их Хурлын Тамгын газраас хуулийн төслийн талаар хууль зүйн дүгнэлт гаргасныг дурдав.

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг үзэл бодлоо илэрхийлэн жагсаал, цуглаан хийж байгаа нэрийн дор аж ахуйн нэгж, иргэдийн эрхийг зөрчсөн, тайван бус жагсаал, цуглаан зохион байгуулах, хууль ёсны дагуу холбогдох зөвшөөрлөө авсан гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, эд хөрөнгөд халддаг асуудлыг хэрхэн тусгасан талаар, Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал жагсаал, цуглааныг тараахтай холбоотой шийдвэр гаргах эрх бүхий этгээдийн хуулийн төсөлд өөрчлөлт оруулж ирсэн үндэслэлийн талаар, хууль бус жагсаал цуглаан гэх нэр томьёоны талаар, хуулийн төсөлд жагсаал цуглаан хийх эрх чөлөөг илүү нээлттэй болгож байгаа мэт боловч процессын шинжтэй зохицуулалтуудаар хязгаарлалт хийж байгаа эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир жагсаал, цуглаан зохион байгуулан санаачилж байгаа этгээд гэж хэнийг ойлгох, тухайн жагсаал цуглааныг зохион байгуулж байгаа талаарх мэдэгдлийг эрх бүхий этгээдэд хэрхэн хүргүүлэх талаар, жагсаал, цуглаан дээр аливаа асуудал үүсэх нь зохион байгуулагчийн хариуцлагын асуудалтай холбоотой тул хуульд тодорхой туссан байх шаардлагын талаар, албадан тараах нөхцөл тогтоогдсон бол жагсаал цуглааныг тараах эрх бүхий этгээдийн талаар, мөн аяндаа бий болсон жагсаал, цуглаан гэсэн зохицуулалтын талаар, Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах зохицуулалт хуулийн төсөлд туссан эсэх, мөн органикаар үүссэн жагсаал, цуглааныг санаатай, эсхүл төлбөртэй болон бусад нөхцөлөөр үндсэн зорилгыг нь өөр тийш чиглүүлдэг асуудлыг хэрхэн зохицуулах талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр төрөөс жагсаал, цуглаан хийх зөвшөөрөл авдаг, журамладаг гэхээсээ илүүтэй үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хүний жам, ёсны, суурь эрх, эрх чөлөөг эдлүүлэх гэдэг агуулгаар боловсруулж, өргөн мэдүүлсэн Жагсаал, цуглааны хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаа талаар байр сууриа илэрхийлж, зарим оронд хуульчлагдсан байдаг төлбөртэй, зохион байгуулалттай жагсаал, цуглааны талаар асуужээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд улс төрийн эрхээ эдэлж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, жагсаал цуглаан хийх эрх чөлөө хумигдмал байх нь хүний эрхийн индекст хэрхэн нөлөөлж байгаа талаар судалгаа болон уг хууль хэрэгжиж эхлээд нийгэмд тодорхой хэмжээний үйлчлэл үзүүлсэн тохиолдолд тэрхүү хүний эрхийн индекс хэрхэн өсөх талаар харьцуулсан судалгаа хийсэн эсэх, уг хуулийн төслийн талаарх иргэд олон нийтийн саналыг хэрхэн авч тусгасан талаар, өнгөрсөн хугацаанд Монгол Улсад зохион байгуулагдсан жагсаал, цуглааны талаарх статистик баримт, мэдээллийн талаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар хууль зүйн дүгнэлтэд жагсаал цуглаан хийх эрх чөлөөг хязгаарласан зохицуулалтуудыг хуулийн төсөлд тусгасан байгааг анхаарах талаар дурдсантай холбогдуулан тайлбар авч, асуулт асууж, хариулт авсан байна.

Мөн Байнгын хорооны хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг Жагсаал цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төслийг дэмжиж байгаа бөгөөд ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг мэргэжлийн байнгын хорооноос ахлах боломжоор хангаж өгөх талаар, нэр томьёог анхаарах, тус хуулийн гол амин сүнс болох олон нийтийн аюулгүй байдлыг хангахдаа хууль сахиулах байгууллагын эрх үүргийг нарийн тодорхойлох шаардлагатай талаар, Тамгын газраас гаргасан хууль зүйн дүгнэлтийн хүрээ хязгаарын талаар, Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд хууль зүйн дүгнэлтээр хувийн өмчийн газар дээр жагсаал, цуглаан зохион байгуулах тохиолдолд тухайн өмчлөгчийн зөвшөөрлийг авах шаардлагын талаар дурдсан нь зүйтэй тухай, жагсаал, цуглааны сошиал орчинд сурталчилж, уриалсан этгээдийн зохион байгуулагч гэж тооцох эсэх тухай, нэг газар, нэгэн зэрэг олон жагсаал ,цуглаан болох тохиолдлыг анхаарах тухай, Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал олон нийтийн эрх ашгийг хамгаалахаас гадна жагсагсдын эрхийг хамгаалах, жагсаал, цуглаанд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хангах талаар, хуулийн төсөл олон улсын гэрээ конвенцод нийцэж байгаа эсэх асуудлаар мэргэжлийн дүгнэлт гаргаж буй механизмыг дэмжиж байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр улс төрийн нөлөө бүхий этгээд жагсаал, цуглааныг саармагжуулах зорилгоор мэдээлэл хийсэн тохиолдолд хэрхэх тухай, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд шинэ хууль тогтоомж батлахаас илүүтэй одоо хүчин төгөлдөр байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтэд анхаарах, жагсаал, цуглаан хийх нэрийн цаана улсынхаа хөгжлийн сайн сайхан зүйлийг харлуулдаг, хүний алдар хүнд, бие махбодод халддаг зүйл бий болсон байгааг анхаарах талаар, нэг талдаа жагсаал, зохион цуглаан зохион байгуулах эрх чөлөөний асуудал хөндөгдөж байгаа боловч нөгөө талдаа бусдын эрхийг ноцтойгоор зөрчих асуудал байж болохгүй талаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар иргэний тайван жагсаал, цуглаан хийх эрх, эрх чөлөө нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон суурь эрх бөгөөд энэхүү хэрэгт эрхээ эдлэхдээ төрөөс зөвшөөрөл олгох асуудал байж болохгүй талаар, мөн хувийн өмчийн газар жагсаал, цуглаан зохион байгуулж болохыг хуулийн төсөлд тусгагдсан байгаа нь Үндсэн хуульд заасан өмчлөх эрхтэй холбоотой зөрчил байгаа эсэхэд анхаарах талаар тус тус үг хэлжээ. Хуулийн төсөл, түүнтэй хамт өргөн мэдүүлсэн төсөл тус бүрийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих, эсэх асуудлаар илээр санал хураахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, Х.Баасанжаргал, О.Номинчимэг, Д.Ганмаа, Х.Тэмүүжин, Л.Мөнхбаясгалан, Б.Жаргалан нар асуулт асууж, үг хэлэв.

Улсын Их Хурлын гишүүд хүний эрхийг хаах, боох гэхээсээ илүүтэй хангах, хамгаалахад анхаарч, маш тунгалаг, олон талын шалгуур тавих, иргэд үзэл бодлоо илэрхийлэхдээ төрөөс зөвшөөрөл авч, дарамт шахалтанд байдаг явдлыг халах, жагсагчид, оролцогчдын амь нас, эрүүл мэнд хохирохгүй, эрх ашиг нь хөндөгдөхгүй байх болон хууль хяналтын байгууллагад хавчигдан шахагдахгүй байхад анхаарах, хууль хэрэгжсэнээр манай улс дахь хүний эрхийн төлөв байдалд хэрхэн нөлөөлөх, мөн жагсаал, цуглааныг хориглох болон албадан тараахтай холбоотой зохицуулалтуудыг тодорхой болгох, төр жагсагчдын эрхийг хамгаалах талаар тодорхой тусгах, мөнгөөр татах, дарамт шахалт үзүүлэх хэлбэрээр албадахыг жагсахыг хориглох зохицуулалтын үр дагаварыг нягтлах, жагсаал, цуглааныг өөр санаа зорилготой хүмүүс ирээд будлиулдаг, булаадаг, өөр тийш хөтөлдөг явдлаас хамгаалах, төлбөртэй жагсаал цуглаан хийж байгаа хүмүүсийн эрхийг адилхан баталгаажуулах, хязгаарлалтын арга хэмжээг хэрхэн олон улсын хэм хэмжээнд нийцүүлэх, жагсаал, цуглааныг олон нийтэд мэдээллээр хангах, хүний эрхийн хамгаалагч хөндлөнгийн ажиглагч хяналт тавих боломжийг бүрдүүлэх зэрэг асуудлуудыг хөндөн асуулт тавьж, хариулт авлаа.

Мөн хуулийн хэрэглээ, нэгдмэл ойлголттой байх, иргэд олуула нийлж үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг төрийн тусгай албад орж саармагжуулдаг, өөрчилдөг үйлдлийг таслан зогсоох, парламентын хяналт шалгалтын туслалцаатайгаар иргэний үндсэн эрхийг хамгаалдаг тогтолцоог бүрдүүлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө улам бүр хумигдаж байгаад дүгнэлт хийх, мөн цагийн хязгаарлалт, төлбөртэй, төлбөргүй жагсаалын ялгааг тодорхой болгож, мушгин гуйвуулахгүй байхыг анхаарах, захиргааны шинж чанартай хязгаарлалт бий болох нөхцлийг хаах, цагдаагийн байгууллагын үний эрхийн мэдрэмжийг дээшлүүлэх, урьд өмнө гарсан сургамж, сорилтуудад дүгнэлт хийж, нухацтай авч үзэх талаар тухайлан ярьсан юм. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан  хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй хууль эрх зүйн орчныг бодитой бий болгож, хүний эрхийг хангах, хамгаалах асуудал эн тэргүүнд байх Улсын Их Хурлын стратегийг дурдаж, цагдаагийн байгууллага хүний эрхийн мэдрэмжтэй ажиллах чиглэлээр зарчмын шинэчлэлт, өөрчлөлт хийх шаардлагатайг анхааруулав. Түүнчлэн тэрбээр жагсаал цуглааныг улс төрийн өнцгөөс өрөөсгөл хэлбэрээр дүгнэдэг байдлыг засаж залруулах, мөн иргэдийг жагсаал, цуглаан хийхэд хүргэж буй нөхцөл байдлыг арилгахын төлөө ажилладаг байх зарчим руу шилжих нь хүний эрхийг хангах төрийн онцгой үүрэг болохыг онцолсон юм.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, С.Эрдэнэбат нар Байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг дэмжих, эсэхээ илэрхийлж үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд нийслэл хотын төв талбай бол тухайн үндэстний ардчилал эрх чөлөөний бэлгэ тэмдэг байдгийг онцлоод, сүүлийн жилүүдэд яг улс төрийн идэвхжилтэй сар, улирлуудад Сүхбаатарын талбайг дүүргэн, худалдаа, үйлчилгээ, соёлын арга хэмжээ зохион, асар, лангуугаар дүүргэх болсон нь хүмүүст гоё юм шиг боловч цаагуураа улс төрийн хүсэл зоригоо илэрхийлэх, улс төрийн эрхээ эдлэхэд хаалт болж байна гэлээ. Тэрбээр олон улсын энэ талаарх эрх зүйн зохицуулалтаас жишээлж, дэлхий дахинд бий болж буй хүндрэлтэй нөхцөл байдлын нөлөөгөөр олон зуун жагсаал, цуглаан болж буйн ихэнх нь ул төрийн шалтгаантай байгааг тэмдэглэн, улс төрчид, төрийн өндөр албан тушаалтан, эрх барьж байгаа хүмүүс жагсаал, цуглаан хийж байгаа иргэдийг захиалгатай, санхүүжүүлэгчтэй гэх мэтээр хардан шүүмжилж, айдаст автуулдаг байж болохгүй анхааруулж, энэ асуудлыг хуулийн төсөлд тусгах шаардлагатай гэв.

Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат жагсаал, цуглааныг бүртгүүлдэг тогтолцоог халж байгааг сайшаагаад, жагсагчдын хэрэглэх техник хэрэгслийг аж ахуйн аргаар хязгаарлах, хясан боогдуулах хэлбэрүүд байгааг эргэж харах шаардлагатай гэлээ. Мөн хувийн өмчийн газар жагсаал цуглаан хийхийг хориглосон заалтыг дэмжихгүй байгаагаа дурдаж, хувийн өмчийн компани, аж ахуйн нэгж, байгууллагын өмчлөлийн талбайд ажилчид хөдөлмөрийн нөхцөлтэйгөө холбоотой жагсаал, цуглаан хийх боломжтой байх ёстойг тэмдэглэв. Түүнчлэн төрийн тусгай хамгаалалт гэсэн нэрийн дор хүний эрх, эрх чөлөөг хаан боогдуулдаг газруудыг өргөжүүлэхгүй байхыг хуульчлах нь зүйтэй гэлээ.

Ийнхүү Улсын Их Хурлын гишүүд хуулийн төслийн талаар асуулт асууж, хариулт авч, үг хэлж дууссанаар чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

3х3 сагсан бөмбөгийн тамирчид болон дасгалжуулагчид Гавьяат тамирчин цол, медаль хүртээлээ7 сар 3. 0:16Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ7 сар 3. 0:12Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгээс УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авлаа7 сар 3. 0:102024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв7 сар 3. 0:07Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ7 сар 3. 0:03Хотын дарга Х.Нямбаатар Монголын 3x3 сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн тамирчдад орон сууцны батламж гардууллаа7 сар 3. 0:00Ч.Төгсдэлгэр: Авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэхдээ эхний ээлжид оршин суугчдын саналыг авах нь зүйтэй7 сар 2. 23:57У.Өнөрцэцэг: “Саруул” захын хойно гарааш буулгаж, чөлөөлсөн талбайг авто зогсоол, явган хүний зам болгон тохижуулж байна7 сар 2. 23:54Багшийн дээдийн уулзвараас Бөхийн өргөө хүртэлх замыг хааж, шинэчилнэ7 сар 2. 23:52Зайсангийн эцсийн уулзварт Хан-Уул дүүргээс такси үйлчилгээ эрхлэгчдэд зориулан барьсан авто замын арлыг татан буулгана7 сар 2. 23:50“Дээлтэй Монгол” наадам энэ сарын 8-нд болно7 сар 2. 23:47Төсвийн гүйцэтгэл болон Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ7 сар 1. 23:382024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон 2025 оны төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2025.07.01) хуралдаан 16 цаг 52 минутад гишүүдийн 63.6 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр тогтов. Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулга хийлээ. Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 2024 онд 29 их наяд 670 тэрбум төгрөг, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 30 их наяд 591 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2 их наяд 451 тэрбум төгрөгөөр сайжирч, 920 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан ба сүүлийн 3 жил дараалан төсвийн алдагдлыг үе шаттайгаар бууруулж ажилласан гэв. Mонгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд тус Байнгын хороонд харьяалагдах Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын багцын нийт 51 байгууллагын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэн гаргасан байна. Улсын төсвийн гүйцэтгэлээр тус Байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага болон цэвэр зээлийн дүн 211 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарч, үүнээс урсгал зардалд 148.7 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 62.5 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд тус Байнгын хороонд харьяалагдах 2 төсвийн ерөнхийлөн захирагчийн 17 төсөл, арга хэмжээнд 122.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгож, гүйцэтгэл 53.3 хувьтай гарсан гэв. Үргэлжлүүлэн Байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэл болон улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр дүнд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцуулав. Инновац, цахим бодлогын байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын талаар тоймлон танилцуулав. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 14 тайлан нэгтгэгдсэнээс 10 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 3 байгууллагыг түүвэрт хамруулжээ. Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан тайлант онд гүйцэтгэл гараагүй байна. Аудитаар төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд ‘’Хязгаарлалттай‘’, харьяа 5 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 5 байгууллагад ‘’Хязгаарлалттай‘’ дүгнэлт өгчээ. Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2024 оны санхүүгийн тайланд 36 тайлан нэгтгэснээс 16 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 19 байгууллагыг түүвэрт хамрууллаа. “Хөгжлийн банк” ХХК-д төрийн аудит дүгнэлт гаргаагүй гэв. Аудитаар төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн тайлан нэгтгэсэн тайланд ‘’Хязгаарлалттай‘’, харьяа 13 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 3 байгууллагад ‘’Хязгаарлалттай‘’ дүгнэлт өгсөн байна. Дээр дурдсан аудитын дүгнэлтээс үндэслэн анхаарал хандуулах дараах асуудлуудыг Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцууллаа. Төрийн үйлчилгээний e-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталыг санхүүгийн тайланд бүртгэх, цаашид хөгжүүлэлтийн зардлыг капиталжуулах асуудлыг шийдвэрлэх; Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангаас олгосон санхүүжилт нь татаасны хэлбэрт шилжиж байгаад анхаарч тус сангийн үйл ажиллагаа, хөрөнгийн зарцуулалтад дүн шинжилгээ хийж, сангийн эх үүсвэрийг дэд бүтэц бүтээн байгуулалтад чиглүүлж, улсын төсвийн хөрөнгө оруулалтын ачааллыг бууруулах асуудлыг анхаарахыг танилцууллаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалт болон Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгөөр бэлтгэсэн бусад эргэлтийн хөрөнгө дансанд бүртгэлтэй хөрөнгийг ашиглагч байгууллагад шилжүүлэх талаар үе шаттай арга хэмжээ авч ажиллах; Худалдан авах ажиллагаа болон Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангах болон төсвийн ерөнхийлөн захирагчдын хэрэгжүүлсэн хөтөлбөр, хөтөлбөрийн үр дүн, чанар, тоон хэмжээг төсвийн гүйцэтгэлтэй уялдуулан хяналт шинжилгээ, үнэлгээ хийж баталгаажуулах шаардлагатай гэв. Төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудад хэрэгжүүлэх дотоод хяналтыг сайжруулах, төрийн аудитын байгууллагаас хүргүүлсэн шийдвэрийн хэрэгжилтийг бүрэн хангуулах үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэй байгааг Ерөнхий аудитор хуралдаанд танилцуулсан. Сангийн сайдын илтгэл, аудитын дээрх дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тус төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, холбогдох санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв. Дараа нь Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан төслүүдийн талаар танилцуулсан. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын багцын 2025 оны батлагдсан нийт төсөв 118.4 тэрбум төгрөгөөс 79.6 тэрбум төгрөг болж хөрөнгийн зардлаас 12.4 тэрбум төгрөг, урсгал зардлаас 26.5 тэрбум төгрөг нийт 38.9 тэрбум төгрөг буюу 32.8 хувь буурсан байна. Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд туссан төрийн албаны реформын шинэчлэлийн хүрээнд багш, эмчээс бусад төрийн албан хаагчдын орон тоог 9 хувиар бууруулахаар төлөвлөсний дагуу салбарын хэмжээнд нийт 540 орон тоо батлагдсанаас 50 орон тоог бууруулахаар төлөвлөсөн гэлээ. Дараа нь Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж дүгнэсэн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцуулсан. Хуулийн төсөлд тус Байнгын хороонд хамаарах төсвийн хоёр ерөнхийлөн захирагчийн төсөвт төвлөрүүлэх орлогыг өмнөх төсвөөс өөрчлөлтгүй, зарлагыг 53.9 тэрбум төгрөгөөр бууруулахаар төлөвлөжээ. Байнгын хорооны хуралдаанаар энэхүү төслийг хэлэлцэн шийдвэрлэхдээ дараах асуудалд анхаарал хандуулахыг Ерөнхий аудитор С.Магнайсүрэн санал болгов. Төрийн албан хаагчдын тоог чиг үүргийн давхардал, ажлын байрны ачаалалд бүрэн шинжилгээ хийлгүйгээр нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан бүх ТЕЗ нарын орон тоог жигд 9 хувиар бууруулахаар тооцсон нь төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг бууруулж болзошгүй. Иймд ТЕЗ-д өөрийн хариуцсан салбартаа чиг үүргийн шинжилгээ, ажлын байрны ба бүтээмжийн үнэлгээг хийсний үндсэн дээр ажлын ачааллыг оновчтой хуваарилах зорилгоор харьяа байгууллагуудын орон тоонд зохицуулалт хийх эрхийг олгохыг анхаарахыг хүсэв. Төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төсөлд “2025, 2026 оны төсвийн жилд өндөр насны тэтгэвэр тогтоолгох болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдсөн орон тоонд нөхөн томилгоо хийхгүй байх, шинээр ажлын чиг үүрэг, албан тушаалын орон тоо бий болгохгүй байх, ажлын байрны ачааллыг нягтруулах зэргээр цалин хөлсний зардлыг хэмнэх” гэж заажээ. Энэ нь чиг үүргийн судалгааг хийсний үндсэн дээр ажлын ачааллыг нягтруулж орон тоогоо зорилтот түвшин хүртэл нэгэнт бууруулсан байгууллагад сул орон тоонд нөхөн томилгоо хийхгүй байх нь тухайн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсгэх эрсдэл байгааг анхаарч үзэхийг дүгнэлтээр санал болгожээ. Төсвийн ерөнхийлөн захирагч нар сул орон тооноос бусад цомхотголд орж буй албан хаагчдад Төрийн албаны тухай хуулийн 62.1.4-т заасны дагуу ажлаас чөлөөлөгдсөний 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийн зардал шаардагдахаар байгааг энэ хуулийн төслийн хэлцүүлгийн явцад гарц шийдэл олох хэрэгтэйг мөн дурдсан. Дээрх саналуудаас гадна төсөвт тодотгол хийх нөхцөл үүссэн тохиолдолд төрийн аудитын байгууллагаас аудитын үйл ажиллагааны үе шатны стандартын дагуу хянаж, дүгнэлт гаргахад цаг хугацааны хувьд хязгаарлагдмал байх тохиолдол байнга гарч байгааг анхааралдаа авч, дүгнэлт гарган Улсын Их Хуралд хүргүүлэх зохистой хугацааг Төсвийн тухай хуульд тусгаж өгөх шаардлагатай байгааг хэллээ. Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Ч.Номин, Ж.Золжаргал, Т.Мөнхсайхан нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, тайлбар, мэдээлэл авав. Дараа нь Байнгын хорооны гишүүд төсвийн тодотголтой холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй хэмээн үзсэн тул холбогдох төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо. Нийслэлийн цахим шилжилтийн төслүүдийн талаарх мэдээллийг нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай танилцуулсан юм. Улаанбаатар хотод 2025 оны байдлаар цахим шилжилтийн нийт 8 төсөл арга хэмжээ хэрэгжиж байгаа аж. Улаанбаатар хотын теле камерын нэгдсэн төв байгуулах, авто замыг бүрэн камержуулах төсөл хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн хэмжээнд шинээр байгуулагдсан нэгдсэн төв болон 9 дүүрэгт теле камерын хяналтын дэд төвүүдийг байгуулж, өндөр хурдны интернэтээр холбожээ. Төвийн 6 дүүрэг нь 40 гегабайт, алсын 3 дүүрэг 100 мегабайтын урсгалаар холбогдсон. Төслийн гүйцэтгэл 97 хувьтай байгаа гэв. Нийслэл дэх автозамын 176 уулзварын 150 дээр төсөл хэрэгжсэнээс 145 нь хэвийн ажиллаж байгаа юм байна. Харин цахилгааны болон шилэн кабелийн гэмтлийн улмаас 5 уулзвар дээр ажил үргэлжилж байгаа гэв. Камержуулсан 150 уулзвар дээр замын хөдөлгөөний 10 төрлийн зөрчлийг илрүүлдэг талаар танилцууллаа. Хоёр дахь төсөл буюу нийтийн тээврийн цахим шилжилтийн талаар мэдээлэл хийлээ. Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн тээврийн салбарын томоохон цахим шилжилтийг хийж байгаа хэмээн тодотгоод нийтийн тээвэрт зөвхөн картаар зорчих бус, олон улсын болон дотоодын бүхий л банкны картаар зорчих боломжтой болгожээ. Мөн аппликэйшн ашиглаж төлбөр төлөхөөс гадна шаардлагатай мэдээллээ авах боломжийг бүрдүүлсэн гэв. Нийтийн тээврийн парк шинэчлэлтйг хүрээнд хүн тоологч камер, зорчигч, жолоочийн хяналтын камер, жолоочийн зөрчлийн хянах, дотор хяналтын камерууд, бодит цаг хугацаагаар тухайн автобуснуудыг хянах урд, арын хяналтын камер гэх зэрэг 10-12 хяналтын төхөөрөмжөөр тоногложээ. Үргэлжлүүлэн нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай Улаанбаатар дата центр төслийг танилцуулах үеэр төслүүдийн төсөвт өртөг, хугацаа, зардлын тооцоо гэх зэргийг тодруулах шаардлагын хүрээнд мэдээллийг хойшлууллаа. Үүгээр өнөөдрийн хуралдаан өндөрлөсөн юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.7 сар 1. 23:33Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл, 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны тогтоолуудыг баталлаа7 сар 1. 23:27Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ7 сар 1. 23:20“Нээлттэй парламент” дадлагажих хөтөлбөрт хамрагдсан оюутнууд батламжаа гардан авлаа7 сар 1. 23:15Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсгол боллоо7 сар 1. 23:11Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж, Байнгын хорооны тогтоолын төслийг батлав7 сар 1. 23:05“Сэлбэ хотын бүтээн байгуулалтад олон улсаас босгосон 500 сая ам.долларыг үр ашиггүй хадгалсан” гэдэг үндэслэлгүй” гэв7 сар 1. 23:01Үндэсний их баяр наадмын бэлтгэл 80 хувьтай үргэлжилж байна7 сар 1. 22:57Үндэсний их баяр наадмын худалдаа, үйлчилгээний зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар авч эхэллээ7 сар 1. 22:53100 айлын уулзвараас Дарь-Эхийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ7 сар 1. 22:51“Мишээл Экспо” орчмын явган хүний замын засвар, шинэчлэлийн ажлыг Үндэсний их баяр наадмаас өмнө дуусгана7 сар 1. 22:49Х.Цогцэцэг: Багахангай дүүргийн нэгдүгээр хороонд үерийн байгууламж, цэцэрлэг хэрэгтэй6 сар 30. 22:35“Эхлэл брэнд” ХХК-д 3150 ам.метр газрыг үйлчилгээтэй орон сууц зориулалтаар эзэмшүүлэх гэрчилгээг гардууллаа6 сар 30. 22:32Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ6 сар 30. 22:30Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ6 сар 30. 22:27Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ6 сар 30. 22:24Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл, 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв6 сар 30. 22:20Төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ6 сар 30. 22:16
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.