ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Тэртээ 1997 онд үзэгчдийн хүртээл болсон “Титаник” кинон дээр гардаг хамтлагийн ахлагчийн тоглодог хөгжмийн зэмсэг болох хийлийг дуудлага худалдаагаар 54 мянган фунт стерлингээр заржээ. Усан онгоц живж байх үед энэхүү хөгжмөөр “Nearer My God To The You” хэмээх аяыг тоглодог билээ.
“Киноны түүхийн жинхэнэ хэсэг” хэмээн тодорхойлсон уг хийл хөгжмийг өнгөрсөн бямба гарагт Уилтшир гүнлэг дэх “Henry Aldridge and Son” дуудлага худалдааны ордонд үнэ хаялцуулжээ. Хамтлагийн ахлагч Уоллес Хартли болон түүний хамтран зүтгэгч хөгжимчид 1912 онд хөлөг онгоц Атлантын далайд мөсөн уул мөргөсний улмаас амиа алдсан юм.
Канадын найруулагч Жеймс Кэмероны найруулсан Оскарын шагналт кинонд сүйрсэн хөлөг онгоцны анхны аяллын талаар өгүүлэх бөгөөд Кейт Уинслет нэгдүгээр зэрэглэлийн зорчигч бүсгүй Рөүз, Леонардо Ди Каприо гуравдугаар зэрэглэлийн зорчигч Жек Доусоны дүрийг бүтээдэг. Харин хөлөг онгоцны сүйрэхийн өмнө хөгжим тоглодог У.Хартлигийн дүрд хийлч, жүжигчин Жонатан Эванс-Жонс тогложээ.
Хийл хөгжим киноны хэд хэдэн үзэгдэлд гардаг боловч хамгийн ихээр сэтгэлд хоногшсон нь хөлөг онгоц живж байх үед зорчигчдыг тайвшруулах зорилгоор “Nearer My God To The You” аяыг тоглож байх үе юм. 2013 онд Ж.Эванс-Жонс хийл хөгжмийг дуудлага худалдаагаар зарсан бөгөөд тэр цагаас хойш хувийн цуглуулагчийн цуглуулгад хадгалагдаж байжээ.
Дуудлага худалдааг зохион байгуулагч Эндрю Олдриж хэлэхдээ, үнэ хаялцуулж буй эд зүйлсийн үнэ дээд амжилт тогтоож, цуглуулагчид дэлхийн өнцөг булан бүрээс оролцож байгаа нь “Титаник” хөлөг дэлхий дахины сонирхлыг татсаар байгааг гэрчилж байна гэлээ. Хөлөг онгоцон дээр зорчиж явсан эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүдийн амьдралын түүхийг дурсгалт эд зүйлсээр дамжуулан өгүүлж, тэдний тухай дурсамж хадгалагдсаар байх болно гэж тэрбээр нэмж хэлжээ.
Сэтгэгдэл бичих