Монгол дархан, урлаачдын чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулна


5-р сарын 1
15 цаг 21 минут

      Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Монгол дархны уламжлал, шинэчлэл” сэдэвт анхдугаар чуулган Төрийн ордонд эхэллээ.

Чуулганаар “Соёлын бүтээлч үйлдвэрлэл ба монгол уран дархны урлаг”, “Монгол уран дархны соёлын үнэ цэнэ, ач холбогдол”, “Монгол уран дархчуудын өмнө тулгамдаж буй асуудал,  шийдвэрлэх арга зам”, “Монгол дархны тогтвортой хөгжил ба эрх зүйн асуудал”, “Монгол уран дархан ба санхүүгийн зах зээл”, “Монгол уран дархны түүхий эдийн хангамжийн зохицуулалт” сэдвийг хэлэлцэх юм.

Чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нээж үг хэллээ. Тэр бээр,  уран дархан, өв соёлыг түгээн дэлгэрүүлэгчдийн үйл хэрэг бол манай улсын хөгжил дэвшил, тусгаар тогтнолын амин чухал дархлаа, өв соёлын үнэт зүйл болж ирснийг тэмдэглэв.

Цаашид монгол дархан, урлаачдын бүтээлийг түүх, угсаатны зүй, соёл, иргэншилтэй уялдуулан судалж, олон мянган жилийн дахин давтагдашгүй өнгө төрхийг нь сурталчлан таниулж, үр хойчдоо өвлүүлэн үлдээх ёстой гэж үздэгээ илэрхийллээ.

Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

“Эрхэм хүндэт уран дархчууд аа,

Монгол өв соёлыг түгээн дэлгэрүүлэгчид ээ,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Монгол дархны уламжлал, шинэчлэл” Үндэсний анхдугаар чуулганд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт Та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Та бид өнөөдөр өвөг дээдсээс уламжлагдан ирсэн монгол өв соёл, монгол дархны урлагийн хөгжил дэвшил, салбарын өмнө тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцэн ярилцаж, цаашдын бодлого, зорилтоо тодорхойлохоор Төрийн ордондоо хуран цуглаад байна.

Аливаа улсын төрт ёсны түүхэн уламжлал, ард түмний ахуй амьдрал, өв соёл, хөгжил дэвшлийн замнал уран дархны урлагтай салшгүй холбоотой байдаг.

Монгол айл гэрийн тулганаас эхлээд аргамаг хурдан хүлгийн эмээл, хазаар, өндөр төрийн тамга хүртэл бүгд уран дархан, урлаачдын ур ухаанаар бүтээгдэж, мянга мянган жил уламжлагдан ирсэн түүхтэй билээ.

Ийнхүү монгол дархан, урлаачдын оюун ухаан, торгон мэдрэмж, гарын ур шингэсэн бүтээл бүхэн Монголын ард түмний туулж өнгөрүүлсэн түүхэн үйл явдлыг тодотгон харуулах эх сурвалж, бусдаас ялгарах үнэт зүйл болдог.

Тиймээс хүндэт уран дархан, өв соёлыг түгээн дэлгэрүүлэгч Та бүхний үйл хэрэг бол манай улсын хөгжил дэвшил, тусгаар тогтнолын амин чухал дархлаа, өв соёлын үнэт зүйл болж ирснийг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Манай ард түмэн “Дархан хүн бурхан ухаантай” хэмээн хэлдэг билээ.

Өөрөөр хэлбэл, манай дархчууд, үндэсний урлаачид Та бүхэн монгол дархны ур ухаан, торгон мэдрэмж шаардсан гайхамшигт бүтээл бүтээхийн зэрэгцээ аливаа юмны учир зүй, эе эв, арга билгийг уялдуулж чаддаг хосгүй авьяастан, бурхнаас заяагдсан билиг ухаантан билээ.

Монгол дархан, урлаачдын дахин давтагдашгүй, хосгүй гайхамшигт бүтээлүүд нь он цагийн туршид төгөлдөршин хөгжиж, төрт ёсны сүр хүч, түүх, соёлын өв уламжлалаар улам баяжин өргөжиж ирснийг археологийн олдвор, түүхийн эх сурвалжууд тод харуулдаг юм.

Манай эртний бүтээлүүдийн ур хийц, агуулга, зохиомж, шийдэл нь өнөө цагт ч гэсэн хүн төрөлхтний өв соёлын гайхамшигт бүтээл болон үнэлэгдэж байна.

Эрт дээр үеэс монгол төр хүчирхэгжин мандаж, дэлхий ертөнцөд “Монгол” хэмээх нэрийг тамгалан үлдээхэд монгол дархан, монгол урлаачид онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн түүхтэй.

Архангай аймгийн нутагт орших Гол модны дурсгалт газар болон  Төв аймгийн Ноён уул дахь хүннүгийн булшнаас олдсон эмээлийн хударга, хөмөлдрөг дээр хүннүгийн үеийн шүтээн “Бэлгэт гөрөөс” буюу үлгэр домгийн амьтан “Ганц эвэрт”-ийг мөнгөөр хөөмөлдөн, алтаар шарж, уран гоёмсгоор дүрслэн бүтээсэн нь тухайн үеийн монгол дархны урлалын хөгжлийг тод илэрхийлдэг юм.

Мөн дэлхийн томоохон музей Эрмитажид хадгалагдаж буй Алтан ордны дурсгалаас олдсон “Бүсний мөнгөн чимэг” нь эртний монгол дархны ур чадварыг өнөө үед ч дэлхий дахинд сурталчлан таниулсаар байна.

Түүнчлэн монголчууд VII зууны үед өндөр газрын онь хөтөл дээр зуух байрлуулж, салхины хүчийг ашиглан бух дарах аргаар төмрийн хүдэр хайлуулж, төмөр гарган авч зэр, зэвсэг хийж байсан нь тухайн үеийн төмрийн үйлдвэрлэлийн эхлэл болж байсан түүхтэй.

Үүний зэрэгцээ монгол дархан, урлаачид өөрийн гэсэн өвөрмөц хэв загвар, хэлбэр хэмжээ, өнгө төрхийг хөгжүүлж ирсэн нь Ноён сэврээ, Дарьганга, Хүрээ зэрэг дахин давтагдашгүй хэлбэр хийц, загвараас тод харагддаг.

Энэ жил Монголын хосгүй суут хүмүүн Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний түүхт 390 жилийн ой тохиож байна.

Өндөр Гэгээний дахин давтагдашгүй, уран тансаг бүтээлүүдийг Санкт-Петербургийн “Эрмитаж”, Парисын “Лувар” зэрэг музейд 2006 онд дэлгэн толилуулсан байдаг.

Дээрх үзэсгэлэнгүүдийн тухай Парисын “Ле Монде” сонин тэргүүн нүүрэндээ ”Аугаа Занабазар” гэсэн гарчигтай нийтлэл оруулсан нь Өндөр гэгээнийг барууны сонгодгууд болох Леонердо да Винчигээс эхлээд дэлхийн бусад алдартантай эн зэрэгцэх аугаа суут гоц авьяастан байсныг тодотгон харуулсан хэрэг байлаа.

Эрхэм хүндэт уран дархчууд, урлаачид аа,

Уран дархан, урлаачдын бүтээл бол аливаа ард түмний ахуй амьдрал, бэлгэдэл, соёл иргэншил, зан заншил, шашин шүтлэг зэрэг нийгмийн үнэт зүйлсийг нэг дор хураан цогцлоодог, дахин давтагдашгүй урлаг соёлын хосгүй өв юм.

Тийм учраас монгол дархан, урлаачдын бүтээлийг монголын түүх, угсаатны зүй, соёл иргэншилтэй уялдуулан судалж, сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх учиртай.

Ялангуяа, монгол дархан, урлаачдын олон мянган жилийн хөгжлийн замнал, ололт амжилт, дахин давтагдашгүй өнгө төрхийг дэлхий дахинд сурталчлан таниулахын зэрэгцээ үр хойчдоо өвлүүлэн үлдээх ёстой.

Монгол Улсын Ерөнхийлөгч өвөг дээдсийнхээ аугаа их түүх, соёл, өв уламжлал, зан заншлыг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах, эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах, Монгол түмний бахархал морин хуурыг эрхэмлэн дээдлэх болон Монгол үндэстний их түүхийн иж бүрэн 30 боть номыг шинээр бүтээх зарлиг гаргасан.

Мөн 2024 онд Төрийн тахилгат Хан Хэнтий уулын их шүтээн оргил Бурхан халдун хайрхан, Их Эзэн Чингис хааны онгон шүтээнийг сүслэн дээдлэх зорилгоор Төрийн тахилгат Бурхан Халдун хайрханд “Хүндэтгэлийн цогцолбор” бүтээх тухай зарлиг гаргасныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Түүнчлэн “Элдэв эрдэнэт” хэмээх могой жилийн цагаан сараар хүн төрөлхтний суут хүмүүн, монголчууд бидний эрхэм дээд Их Эзэн Чингис хааны алтан шүтээнийг бүтээж, Их цагаан туг, Төрийн хасбуу тамгын хамт “Чингис хаан” үндэсний музейн Их хааны өргөөнд ёслол төгөлдөр хүндэтгэн залсан билээ.

Энэхүү бүтээл нь монгол дархны билиг ухаанд тунгаагдан, урын сайнаар бүтээгдсэн хосгүй гайхамшигт өв, монголчууд бидний өнө мөнхийн эрхэм дээд шүтээн юм.

Их Монгол Улс, Их Эзэн Чингис хааны үнэт өв, хосгүй соёлыг түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой төрийн тэргүүний дээрх санал санаачилга, бүтээн байгуулалтыг монгол дархан, урлаачид Та бүхэн бүх талаар дэмжиж, чинхүү сэтгэлээр хамтран ажиллаж байгаад гүн талархал илэрхийлье.

Энэ ташрамд энэ жилийн үндэсний баяр наадмын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Уран дархан – Өв соёл” нэртэй үзэсгэлэн зохион байгуулж, Та бүхний шилдэг бүтээлүүдийг ард иргэддээ болон гадаадын зочид гийчдэд сурталчлан таниулах болно.

Эрхэм хүндэт уран дархчууд, урлаачид аа,

Та бүхний авьяас чадвар, ур ухаан шингэсэн бүтээлүүд монголчууд бидний гоо зүйн мэдрэмжийг сэргээж, түүх соёл, өв уламжлал, ёс заншлаараа бахархах омогшлыг төрүүлж, оюун санааны нэгдмэл байдлыг бататган бэхжүүлдэг билээ.

Тиймээс монгол уран дархны урлалыг соёлын бүтээлч үйлдвэрлэл болгон хөгжүүлснээр аялал жуулчлалыг дэмжиж, Монгол Улсыг дэлхий дахинд сурталчлан таниулахад чухал үүрэг гүйцэтгэх болно.

Уран дархан, урлаачдын уламжлалт мэдлэг, арга ухааныг хадгалан хамгаалж, өвлүүлэн хөгжүүлэхэд төр, засгийн бодлого чиглэгдэх учиртай.

Тиймээс Та бүхэн өнөөдрийн энэхүү чуулганаар салбарын өмнө тулгамдсан асуудлаа шүүн хэлэлцэж, цаашдын бодлого зорилтоо тодорхойлон, салбарынхаа хөгжил дэвшлийн талаар ажил хэрэгч санал, санаачилга гарган бодит үр дүнд хүрнэ гэдэгт итгэл төгс байна.

Ялангуяа, энэ салбарын эрх зүй, бизнесийн орчныг олон улсын стандарт, дүрэм журамд нийцүүлэн сайжруулах, санхүүжилт, худалдан авалтын тогтолцоог боловсронгуй болгох, соёлын бүтээлч үйлдвэрлэлд энэ салбарын гүйцэтгэх үүрэг, оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх, экспорт, аялал жуулчлалын зах зээлийг тэлэх зэрэг гарц шийдлийг хамтдаа тодорхойлж, ахиц дэвшил гаргах учиртай.

Түүнчлэн монгол дархан, урлаачдын ирээдүй болсон залуу үе, мэргэжлийн боловсон хүчнийг үе шаттай бэлтгэх, давтан сургах тогтолцоог улам боловсронгуй болгож сайжруулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Үүнд холбогдох яам, төрийн байгууллагууд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгож байна.

Мөн энэхүү уран дархан, урлаачдын үндэсний чуулганыг дөрвөн жил тутам уламжлал болгон зохион байгуулж байх нь зүйтэй гэж үзэж байна.

Ухаант өвөг дээдсийнхээ уран дархны ур ухааныг өвлөж, үр хойчдоо уламжлуулж, улс орныхоо түүх, өв соёлыг дархлан бүтээж буй монгол дархан, урлаачид Та бүхний алдар хүнд мандан бадарч, үйл нь уран, хараа хурц, дөш нь дуутай байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.

“Монгол дархны уламжлал, шинэчлэл” сэдэвт анхдугаар чуулганыг Монголын уран дархны “Түмэн эрдэнэс” холбооны санаачилгаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам хамтран зохион байгуулж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан “Тогтвортой өсөлт 2025” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна1 цаг 17 минутын өмнө“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна1 цаг 23 минутын өмнөХот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ1 цаг 27 минутын өмнөКазахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа4 цаг 21 минутын өмнөУИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 02-ны өдрийн ирцийн мэдээ6 цаг 46 минутын өмнө“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ7 цаг 12 минутын өмнөБНХАУ-д зорчих Монгол улсын иргэдэд хүргэх мэдээлэл7 цаг 15 минутын өмнөН.Энхнасан: Тээврийн зардал, хугацаа хэмнэх, хотын түгжрэлийг бууруулахад логистикийн төв өндөр ач холбогдолтой7 цаг 23 минутын өмнөСэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа7 цаг 25 минутын өмнөЭнхтайваны өргөн чөлөө дагуух автобусны буудлуудыг халаас зогсоолгүй болгоно7 цаг 37 минутын өмнөЕрөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ7 цаг 39 минутын өмнөХүннү хотын тээвэр логистикийн талаарх мэргэжлийн холбоод, компаниудын саналыг сонсож, ажлын хэсэг байгууллаа8 цаг 13 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь8 цаг 17 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан8 цаг 21 минутын өмнөХүний санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас хээрийн түймэр гарч, улмаар айл өрхийн малын саравч, гэр шатаж байна5 сар 1. 16:23У.Хосжаргал: Төрийн байгууллагуудад төслийн удирдлагын менежментийг цогцоор нь, олон улсын стандартын дагуу нэвтрүүлнэ5 сар 1. 15:23Монгол дархан, урлаачдын чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулна5 сар 1. 15:21Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын эхний ээлжийн 2.4 км авто замыг хучих ажил үргэлжилж байна5 сар 1. 15:11Ахмад үеэс туршлага судлах “Нээлттэй парламент: Эксперт” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ5 сар 1. 15:07Хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа5 сар 1. 13:05“Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг тавдугаар сарын 10-ны өдөр төв талбайд болно5 сар 1. 12:22АН-ын бүлэгт гурван асуудлаар нэг хоногийн завсарлага өглөө5 сар 1. 10:46УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 01-ний өдрийн ирцийн мэдээ5 сар 1. 10:42Б.Эрдэнэбаяр: Улаанбаатар хотын 23 байршилд нийт 14 км дулааны шугамыг засварлаж, шинэчилнэ5 сар 1. 9:45Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо5 сар 1. 9:382026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 1. 9:34Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв5 сар 1. 9:28“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмчид буцаан авлаа5 сар 1. 9:25Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан, бага зэргийн бороо орно5 сар 1. 8:51Нийслэлийн Замын хөгжлийн газрын хэлтсийн дарга Т.Батбилэг хуурамч дипломтой гэв үү4 сар 30. 19:09
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.