О.Батнайрамдал: Оюутолгой стратегийн ордын хэсэгт гаднын хоёр компани Монголын талын оролцоогүйгээр ашиг хуваах гэрээ хийсэн нь эмгэнэл


5-р сарын 5
9 цаг 48 минут

       “Онтрэ” ХХК -ийн эзэмшилд хамаарах хоёр лицензийн талбайн стратегийн ордыг ашиглахдаа Монголын талыг оролцуулахгүйгээр ашиг хуваах гэрээ хийсэн. Гэтэл энэ онд олборлолт хийгдэж ашиг олж эхлэх юм. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай ярилцлаа.

-Та бид хоёр өмнө нь энэ асуудлаар ярилцсан. Гэхдээ асуудлыг яриад орхих биш шийдэлд хүрэхийн тулд мэдээллийг тодорхой өгөх ёстой. Оюу толгойн ордын “Онтрэ” ХХК-тай холбоотой хоёр лицензийн асуудалд Монголын Засгийн газар, УИХ ямар нэгэн шийдвэр гаргасан уу?
-“Онтрэ” ХХК-ийн асуудлыг бид үнэхээр яаралтай авч үзэж ярихаас өөр гарцгүй. Яагаад гэвэл Оюу толгойн далд уурхай руу малталт ороод энэ жилээс орлого олоод эхлэх юм. Гэтэл энэ орлогоос Монголын тал ямар ашиг хүртэх вэ, стратегийн ордын хувьд ямар хувь эзэмших вэ, эсвэл ямар дүйцэхүйц Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу АМНАТ эзэмших вэ гэдэг нь одоо хүртэл ойлгомжгүй байна. Тиймээс олборлолт эхэлж байгаатай холбогдуулан бид яаралтай хэлэлцээрт орох зайлшгүй шаардлагатай байна.

“Онтрэ” ХХК нь Оюутолгой ХХК-тай хамтын ажиллагааны 76 хуудас гэрээг Монголын талын оролцоогүйгээр албажуулсан

-Оюу толгойн ордын хоёр лицензийг эзэмшиж буй “Онтрэ” ХХК-ийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?
-“Онтрэ” ХХК (Entrée Resources LTD) нь 2003 онд Жавхлант, Шивээ толгой гээд хоёр лицензийг Оюу толгойн нөгөө гурван лицензийг тойрсон 62 мянган м2 талбайтай хайгуулын лицензийг авсан түүхтэй. 
2004 онд Канадын Торонтогийн Хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болгоод мөнгө босгож эхэлсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл 21 жил Канадын Хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй компани юм. Гол үндсэн үйл ажиллагаа нь Оюу толгойн хоёр лиценз эзэмшдэг. Энэ дээр л мөнгө босгосон хэрэг. 
Тухайн үедээ “Айвенхоу Майнз” компани Оюу толгойн үндсэн гурван лиценз дээр 6708A, 6709A, 6710A лицензийг эзэмшдэг. “Айвенхоу Майнз” компанитай хамтын ажиллагааны болон ашиг хуваах гэрээ байгуулаад, хайгуулын ажлыг 35 сая ам.доллароос багагүй хийж чадах юм бол бид нар 560 метрээс дээшээ хүдэр олборловол 70:30 хувь, 560 метрээс доошоо хүдэр олборловол 20:80 хувийн ашгийн харьцаатайгаар хувааж авъя гэсэн гэрээг байгуулсан боловч албажиж чадаагүй.
Өнөөдөр “Онтрэ” ХХК Канадын Хөрөнгийн бирж дээр 450 сая орчим канад долларын үнэлгээтэй, Канад Америк болон олон улсын хөрөнгийн тоглогчид ашиг хувь хүртээд явж байгаа ийм нээлттэй компани юм. 
Илүү сайн судалбал Рио Тинто энэ компанийн 16 хувийг бас эзэмшдэг. Хамгийн том хөрөнгө оруулагчийн нэг. Тэгэхээр нэг ёсондоо шууд бусаар бас эзэмшдэг гэсэн үг. 
Гэтэл нөгөө албажаагүй гэрээгээ албажуулах гэж яваад сүүлдээ хоорондоо маргаан үүсгээд Арбитрын шүүхэд нэгнийгээ өгч, “Онтрэ” ХХК-ийн талд шийдвэр гаргасан. Тиймээс 2025 оны хоёрдугаар сарын 3-нд “Онтрэ” ХХК нь Оюутолгой ХХК-тай хамтын ажиллагааны 76 хуудас гэрээг Монголын талын оролцоогүйгээр албажуулж авсан. Ийм тодорхой хэрнээ ойлгомжгүй үйл явдал болоод байна. 

-Гэхдээ энэ нь зарчмын хувьд Монголын ард түмний баялаг, Монголын стратегийн орд дээр байгаа баялгийг Монголын талаас асуухгүйгээр, оролцуулахгүйгээр хоорондоо ашиг хуваах гэрээгээ хийнэ гэдэг байж боломгүй ёс зүйн маш том алдаа биз дээ?
-Тиймээ. Ялангуяа Рио Тинто талаас бол Монгол Улс 34 хувийг эзэмшдэг хамтрагч хувьцаа эзэмшигч нь шүү дээ. Гэтэл “Онтрэ” ХХК-ийн талбай чинь адилхан л Оюу толгойн бүлэг ордын нэг хэсэг гэдэгтэй хэн ч маргахгүй, ойлгомжтой зүйл дээр хоёр тал яагаад Монголын талыг тэр чигээр нь орхиод, Монголын баялгийг хувааж ашиг хүртэх гэрээ байгуулж байгаа нь эмгэнэл. Урт хугацааны хамтран хувьцаа эзэмшигч, партнерууд байж ингэх нь ёс зүйгүй үйлдэл болов уу. 
Оюу толгойн бүлэг ордын нийт хүдрийн биетийн 30 хувь нь энэ хоёр лицензийн талбай дээр оршдог. Алтны 42 хувь, зэсийн 24 хувь, мөнгөний 29 хувь, молибдены 94 хувь агууламжтай маш том хүдрийн хэсэг энэ хоёр лицензийн талбайд хамаардаг гэсэн үг. Тэгэхээр 2025 онд олборлолт энэ хоёр лиценз рүү ороод эхлэхэд Монголын тал ямар ашиг, яаж авахаа ойлгомжтой болгоогүй байна гэдэг үнэндээ санаанд багтамгүй зүйл.  
Монголын тал яг 2009 онд Хөрөнгө оруулалтын гэрээг “Оюу толгой” ХХК лиценз эзэмшигчтэй хийсэн шиг “Онтрэ” ХХК лиценз эзэмшигчтэй хэлэлцээрт орох ёстой. 
Нэгдүгээрт, “Онтрэ” ХХК нь стратегийн орд дээр байгаа 62 мянган м2 талбайтай хоёр лиценз эзэмшигч нь учраас Монголын тал хэлэлцээрт орж, Үндсэн хуулийн 6.2, Ашигт малтмалын тухай хуулийн 5.5-ийн дагуу энгийн хувьцааны 34 хувь үнэ төлбөргүй эзэмших үү, эсвэл түүнийг өсөн нэмэгдэх АМНАТ-аар орлуулах уу гэдгээ шийдэх ёстой. 
Хоёрдугаарт, “Онтрэ” ХХК Рио Тинто хоёр хамтын ажиллагааны гэрээгээ хийж байхдаа Монголыг оруулаагүй нь “Онтрэ” ХХК-ийг Монголын талтай гэрээ хийх юм чинь орох шаардлагагүй гэж үзсэн байх гэж бодож байгаа юм. 
Яагаад гэвэл энэ чинь маш том хүдрийн 30 хувийг ашиглах талаар ярьж байгаа учраас материаллаг чанартай гэрээ. Тийм учраас Монголын тал “Онтрэ” ХХК-тай хөрөнгө оруулалтын гэрээ хийх ёстой. 

2009 оны хөрөнгө оруулалтын гэрээнд “Онтрэ” ХХК-ийн хоёр лиценз хамаарахгүй

-2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээнд “Онтрэ” ХХК-ийн хоёр лиценз хамаарч байгаа юу?
-Хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувийн нийлүүлэгчдийн гэрээ, энэ хоёр компанийн хийсэн Хамтын ажиллагааны гэрээг уншсан ч 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээнд “Онтрэ” ХХК-ийн хоёр лиценз хамаарахгүй. 
2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээнд Оюу толгойн эзэмшдэг байсан 6708А, 6709А, 6710А гэсэн гурван үндсэн лиценз дээр хамрах хүрээгээ тодорхойлсон. Оюу толгойн “Үндсэн үйл ажиллагаа”, “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл”, “Хөрөнгө оруулагч талууд” төдийгүй “Гэрээт талбай” гэсэн үндсэн тодорхойлолтуудаа энэ гурван лицензийн хүрээнд хийсэн. 
Тийм учраас “Онтрэ” ХХК хоёр лицензийг 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээний үйлчлэх хүрээнд хамаарна гэж хэлэх эрх зүйн үндэслэлгүй. Ганц Х лицензээр дурдсан заалт бий. Гэхдээ энэ нь хөрөнгө оруулалтын гэрээнд хамаардаг бусад гурван лиценз шигээ эрх зүйн хувьд хамааралтай гэж хэлэх боломжгүй. Хөрөнгө оруулалтын гэрээ нь Монгол Улсын Засгийн газар болон албан ёсоор олгосон тусгай зөвшөөрөл эзэмшигч хоёрын хооронд л хийгдэх ёстой. 

-Аж үйлдвэржилтийн байнгын хорооны хуралдаан дээр “Онтрэ” ХХК-ийн асуудлыг хэлэлцсэн. Гишүүд энэ талаар хэр мэдээлэлтэй байна вэ?  
-Аж үйлдвэржилтийн байнгын хороо 14 хоногийн өмнө хуралдаад “Онтрэ” ХХК-ийн асуудлыг авч хэлэлцсэн. Тэр үед Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан “Оюутолгой” ХХК болон “Онтрэ” ХХК-ийн хооронд хийгдсэн Хамтын ажиллагааны гэрээнд дурдсан “Онтрэ” ХХК-д оногдох 20 хувийн эдийн засгийн сонирхол дээр л 34 хувь хүртэх талаар хариулт өгч байна лээ. Нэгэнт стратегийн орд учраас лиценз эзэмшигчтэй нь ярих болохоос биш зөвхөн “Онтрэ” ХХК-ийн ашиг хуваах 20 хувийн 34 хувь гэж ярих нь логик алдаатай, зарчмын хувьд хүлээн зөвшөөрч болохгүй зүйл. 

-Тэгэхээр яах вэ? 
-Бид “Онтрэ” ХХК-тай цоо шинэ хөрөнгө оруулалтын гэрээг Оюу толгойтой байгуулж байсан шигээ байгуулах нь байна шүү дээ. Тэгэхээр энэ гэрээн дээрээ бид нар 34 хувийн энгийн хувьцааны эзэмших үү, эсвэл өсөн нэмэгдэх АМНАТТ-аар орлуулах уу гэдгээ эдийн засгийн маш нарийвчилсан тооцоолол дээр үндэслэж, үндсэн хуулийн 6.2-ын нийт өгөөжийн дийлэнх нь Монголын ард түмэнд ноогдох зарчмыг л биелүүлэх ёстой. 
Оюу толгой дээр жишээлбэл, сүүлийн 16 жилийн туршид гаргасан алдаа дутагдал, ололт амжилтуудыг аваад үзэх юм бол бид зардлаа хянаж чадахгүй нь ойлгомжтой юм байна. Яагаад гэвэл Оюу толгой ганцаархнаа оператор компани учраас. Тийм болохоор илүү өсөн нэмэгдэх АМНАТТ-аар буюу нэг ёсондоо зарлага хамаарахгүйгээр шууд орлогоос нь ашиг авдаг механизм руу орох нь оновчтой байх. Гэхдээ эцсийн шийдвэр санхүүгийн мөнгөн урсгалын тооцоо, модель дээр үндэслэж гарах ёстой.

Энэ гэрээ хэлцэл дээр Монголын талд хоёр арга зам байна

-Оюу толгой компани энэ асуудал дээр 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээнд “Онтрэ” ХХК-ийн хоёр лиценз хамаарна гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байсан?
-Хэрэв “Онтрэ” ХХК-ийн хоёр лицензийг 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээ рүү чирч авчрах юм бол энэ гэрээний 15.5 гэсэн заалтад “...хэрвээ Оюу толгой шууд ба шууд бусаар геологийн тогтцын хүрээнд хамаарал бүхий ордтой лицензийг энэхүү гэрээнд хамааруулахаар шилжүүлэх юм бол энэхүү хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт  оруулах замаар шийднэ” гэж тодорхой тусгасан байгаа. Тэгэхээр “Онтрэ” ХХК-ийн энэ хоёр лиценз бол Оюу толгойн бүлэг ордын үргэлжлэл мөн. Үүнийг 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээнд хамааруулж шилжүүлэх юм бол одоогийн Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахаас өөр гарцгүй. Энэ нь өөрөө хөрөнгө оруулалтын гэрээний заалт юм. 
Тэгэхээр энэ гэрээ хэлцэл дээр Монголын талд хоёр арга зам байна гэж үзэж байна.  Нэгдүгээрт, “Онтрэ” ХХК тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй цоо шинээр Хөрөнгө оруулалтын гэрээ хийх, хоёрдугаарт, “Онтрэ” ХХК-ийн хоёр лицензийг 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээнд хамааруулахын тулд энэхүү гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулах гэсэн хоёр сонголт байна. 
Энэ жилээс энэ хоёр лицензтэй орд дээр олборлолт хийгээд орлого олоод эхлэх гэж байна. Тийм учраас цаг хугацаа алдаж болохгүй. Засгийн газар яаралтай Оюу толгойтой хэлэлцээрт орж, санал болгож байгаа хувилбараа УИХ руу оруулж батлуулах хэрэгтэй байна. 
Яагаад гэхээр эцсийн шийдэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 8.1.7-д зааснаар Стратегийн ордын хувь хэмжээг өөрчлөх нь УИХ-ын бүрэн эрхийн шийдвэр юм. Тийм учраас яаралтай УИХ руу оруулж ирэх хэрэгтэй. Ингэхдээ ганцхан “Онтрэ” ХХК-ийн асуудал гэлтгүй энд хөндөгдөж байгаа Оюу толгойг тойрсон татвар, зээлийн хүү гээд бүх асуудлыг цогцоор нь оруулж ирж шийдэж чадвал цаашид аль аль талдаа ойлгомжтой болоод явах ёстой. Тэгэхгүй бол олон жил үргэлжилсэн маргаан байсаар байна. 

-“Онтрэ” ХХК зөвхөн энэ хоёр лицензийн гэрээний асуудлаар хязгаарлагдахгүй олон асуудал байгааг та ярьж байсан?
-Энэ компани Монголын нутаг дэвсгэр дээр тусгай зөвшөөрөл эзэмшигч учраас Ашигт малтмалын тухай хуулиараа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ямар үүрэг хүлээдэг вэ гэхээр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр ТЭЗҮ болон уулын ажлын төлөвлөгөөгөө батлуулах ёстой. Гэтэл энэ ажил огт хийгдэж байгаагүй. Дандаа Оюу толгой компани өөрийнхөө гурван талбайтайгаа хамтатгасан нэг ТЭЗҮ, нэг уулын ажлын төлөвлөгөө өгдөг байсан. Үүнийг засах ёстой ч гэж Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс зөвлөж байсан. Хуулийн этгээд өөрийнхөө тусгай зөвшөөрлийн хүрээнд ТЭЗҮ, уулын ажлын төлөвлөгөөгөө батлуулах ёстой гэсэн анхааруулгыг удаа дараа өгч байсан ч Оюу толгой биелүүлэхгүй өнөөг хүрсэн. Тэр байтугай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийнхөө төлбөрийг жил болгон өөрөө төлөх ёстой хуулийн үүргээ “Онтрэ” ХХК нэг ч удаа биелүүлээгүй явж ирж. Оюу толгой өмнөөс нь хийж ирсэн байна.

Монгол Улсын хүртэх өгөөж ихэсч, ноогдол ашгаа авах хугацаа 8-10 жилээр наашилна

-“Онтре” ХХК-тай холбоотой асуудлыг зөв шийдэж чадвал бидэнд ямар ашиг, үр дүн гарах юм бэ?
-“Онтре” ХХК-ийг тойрсон энэхүү гэрээний асуудлыг яаж шийдсэнээс шалтгаалж Монгол Улсын хүртэх өгөөж ихэсч, ноогдол ашгаа авах хугацаа 8-10 жилээр наашилна. “Онтре” ХХК-ийн хоёр лицензийн мөнгөн урсгалыг оруулахгүйгээр одоогийн тооцооллоор 2039 оноос буюу 14 жилийн дараагаас бид Оюу толгойгоос ноогдол ашиг авах авч эхлэх тооцоолол бий. Харин “Онтре” ХХК-ийн асуудлыг аль аль талдаа ашигтайгаар шийдэж чадах юм бол энэ хугацааг 8-10 жилээр нааш нь татаж болно. Тийм учраас энэ бол Монгол Улсын номер нэг асуудал байх ёстой юм. 
Монголчууд бидний Үндсэн хуулиараа олгогдсон эрх шүү дээ. Яагаад гэхээр стратегийн ордыг ашиглахдаа өгөөжийн дийлэнхийг ард түмэнд ноогдох ёстой гээд Үндсэн хуульдаа тусгачихсан шүү дээ. 
Оюу толгойн модель чинь олборлогч, үндсэн хувьцаа эзэмшигчдээ хэзээд ч ашигтай модель байдаг юм. Орлого өссөн ч ашигтай байдаг, зарлага өссөн ч менежментийнхээ төлбөрөөр ашиг хийж байдаг. Нэг ёсондоо ашиг орлого дээшилж, доошилсон ч Оюутолгой ХХК-д илүү ашигтай модель. Гэтэл Монгол Улсын хувьд Оюу толгойн зөвхөн орлого өссөн тохиолдолд л ашигтай, зарлага өсөхөөр ашиггүй. Нэг ёсондоо урвуу хамааралтай гэсэн үг. Ийм учраас харилцан ашигтай гэж хэлэхэд хэцүү болгодог.

Долоон жил тутам ганцхан удаа тохиолддог энэ зээлийн хүүгийн хэлэлцээрийг Засгийн газраас шийдэх хэрэгтэй

-Оюу толгой төслийн зээл, зээлийн хүү, хүүгийн хүүг төлж дууссаны дараа бид ашиг хүртэнэ. Хугацааг наашлуулах хүүг багасгах боломж энэ удаагийн хэлэлцээрээс шалтгаалах гээд байна уу?
-Оюу толгойн нийт зээлийн үлдэгдэл 2024 оны эцсээр 18.7 тэрбум орчим ам.доллар байна. Хувь нийлүүлэгчдийн зээл, төслийн зээлийн санхүүжилт гээд маш өндөр хүүтэй зээл, хүүгийн хүү тооцохоор маш том хэмжээний зээлийн өр үүсдэг. Энэ зээлээ төлж дуусгах гэсээр бидний ноогдол ашиг авах хугацаа хойшилж байгаа юм. Гэтэл тэр харилцан хамаарал бүхий этгээдээс авсан зээл гэж байна шүү дээ. Рио Тинто тэрний хамаарал бүхий этгээдээс авсан зээл, тэрний хуримтлагдсан хүү нийт зээлийн бараг 80 хувь нь болчхоод байна. Энэ зээлийн хүү маш өндөр тогтсон учраас Монголын талд маш хүндрэлтэй байгаа юм. 
Тэгэхээр бидэнд энэ жил үүнийг өөрчлөх боломж байгаа юм. Учир юу гэвэл долоон жил тутам зээлийн хүүг дахин авч хэлэлцэнэ гэсэн Хувь нийлүүлэгчдийн гэрээний 11.3ё-д заасан тодорхой заалт бий. Зээлийн хүүг авч хэлэлцэх боломжтой долоо дахь жил нь энэхүү 2025 онд тохиож байгааг ашиглаад зээлийн хүүгээ бууруулж авах ёстой. 
Монголын зээлжих зэрэглэл сая сайжирсан учраас бид зээлийн хүүгээ бууруулах боломжтой. Бид хувь нийлүүлэгчдийн 12 тэрбум ам. долларын зээлийн хүү SOFR + 6.5 хувийг гурваар хувиар буулгахад л ойролцоогоор жилд 360 сая ам.доллар хэмнэх боломжтой. 10 жилээр энгийнээр тооцвол ~3.6 тэрбум ам.доллар буюу өнөөдрийн Монголын валютын нөөцтэй дүйцэхүйц хэмжээний ам.долларыг зөвхөн зээлийн хүүг бууруулснаараа авч үлдэх боломжтой. Тэгэхээр долоон жил тутам ганцхан удаа тохиолддог энэ зээлийн хүүгийн хэлэлцээрийг Засгийн газраас шийдэх хэрэгтэй. Боломж нь ингэж бүрдэж байхад хувь нийлүүлэгчдийн гэрээгээр өгсөн эрхийнхээ дагуу бид зээлийн хүүгээ дахин авч хэлэлцэж, бууруулах зайлшгүй шаардлагатай. 

-Оюу толгойн татварын асуудал, үнэ шилжилтийн механизмтай холбоотой асуудалд ямар нэг өөрчлөлт, ахиж дэвшил гарах боломж байна уу?
-“Оюутолгой” ХХК-ний толгой компани нь Нидерландын Вант улсад бүртгэлтэй оффшор компани байж байгаад 2023 оны арванхоёрдугаар сард Сингапур луу шилжүүлчихсэн асуудлын үр дагаврыг хэлж өгье. Хувь нийлүүлэгчдийн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг Монгол Улсад төлөх ёстой суутган татвараас зайлсхийж байх вий гэсэн эрсдэл яваад байна. 
2017 оноос зээлийн хүүгийн төлбөрийг хуримтлуулж байсан ба, 2024 оны байдлаар нийт зээлийн хүүгийн төлбөр нь гурав орчим тэрбум ам.доллар болсон байна. Хэрэв энэ гурван тэрбум ам.долларыг одоогийн Нидерландын толгой компани руу шилжүүлсэн бол Монголд 20 хувийн суутган татвар буюу 600 сая ам.доллар төлөх ёстой байсан. Тэгвэл Сингапур луу шилжүүлчихлээ. Сингапурын хамаарал бүхий компаниараа дамжуулаад авах юм бол 5-10 хувийг төлөх гэж байна. Тэгэхээр бид дор хаяж 300 сая ам.доллар алдана гэсэн үг. 
Оюу толгой ингэж төлөх юм бол ёс зүйгүй асуудал шүү. Монгол Улсын 20 хувийн суутган татвараа төлчих хэрэгтэй. Нидерланд дахь толгой компаниас зээл авсан мөртлөө гэнэт зээлээ 2023 онд Сингапур рүү шилжүүлж байгаа нь Монгол улсын Сингапур улстай байгуулсан давхар татварын гэрээ ашиглан суутган татвараас зайлсхийж 300 сая ам.доллар төлөхөөс зугатаж байгаа үйлдэл байх вий гэж би хардаж байна.

-Та Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болох ёстой гэсэн байр суурьтай байдаг?
-Оюу толгойн ордтой холбоотой мэдээллийн тэнцвэргүй байдал маш их байгаатай холбоотойгоор би дахин давтан хэлэхэд Монголын Хөрөнгийн бирж дээр нээлттэй компани болж гарах нь чухал байна. Нээлттэй компани болчихвол зөвхөн төр засаг хөөцөлдөөд явах биш Монголын хувьцаа эзэмшигчид өөрсдөө мэдээллээ авдаг, зөвийг дэмжиж, бурууг шүүмжилдэг болно. Оюу толгойг олноороо эзэмшээд олноороо шийдвэр гаргадаг болох боломж зөвхөн Хөрөнгийн бирж дээр гарах юм. 
Монголын ард түмэн өөрсдөө хяналт тавьж, өөрсдөө эзэн нь байж, өөрсдөө ашгаас нь хүртдэг, өөрсдөө хувьцааных нь өсөлтөөс хувь хүртдэг энэ байдал руу орох хэрэгтэй. Оюу толгойг Монголын хөрөнгийн бирж дээр гаргаж Монголын хөрсөн дээр буулгах цаг нь болсон. 

Эх сурвалж: Х.МОНГОЛХАТАН “Зууны мэдээ” сонин


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга, гишүүд Олон Улсын Валютын Сангийн төлөөлөлтэй санал солилцлоо6 сар 12. 17:50"Тэнгэр" олон улсын наадам зохион байгуулагдаж байна6 сар 12. 17:47“Хөрсний ус, үерийн хамгаалалт төсөл”-ийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээний ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна6 сар 12. 17:41Төвийн бүсийн цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх төслийн зээлийн гэрээг үзэглэлээ6 сар 12. 17:37Дулаан, цахилгааны үнийг таван хувиар нэмжээ6 сар 12. 17:34Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа6 сар 12. 17:30Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно6 сар 12. 17:23Улаанбаатарын дэд бүтцийн төслүүдэд Олон улсын санхүүгийн корпораци зөвлөх үйлчилгээ үзүүлнэ6 сар 12. 17:15Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав6 сар 12. 17:11Төрийн банк “NEOCITY” ногоон хотхон төслийг санхүүжүүлнэ6 сар 12. 17:03Дамбадаржаагийн эцсээс Бэлхийн авто зам хүртэл замын хөдөлгөөнийг хязгаарлана6 сар 12. 13:36Скүүтэр, мопедтой явган хүний замаар явахыг, 18-аас доош насны хүн унахыг хориглосон хууль эцэслэн батлагдлаа6 сар 12. 13:31Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа6 сар 12. 13:19Дэлхийн шатрын холбоо ОХУ-ын гишүүнчлэлийг түдгэлзүүлэв6 сар 12. 11:59Шадар сайд Н.Номтойбаяр Зах зээлийн хяналт зохицуулалтын Ерөнхий газарт ажиллаж, Стандарт, хэмжил зүйн газар хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталгаажууллаа6 сар 12. 11:52Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулж, дотоодын нарийн ногооны хэрэгцээг хангах төсөлд гарын үсэг зурлаа6 сар 12. 11:14Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв6 сар 12. 9:59Дэлхийн хүүхдийн хөдөлмөрийн эсрэг өдөр-Зургаадугаар сарын 126 сар 12. 9:54Бизнесийн эрх чөлөөний тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив6 сар 12. 9:47Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, хувийн хэвшлүүддээ орон зай олгоно6 сар 12. 9:02Тэтгэврийн шударга тогтолцоог бүрдүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ6 сар 12. 8:59Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан6 сар 12. 8:54Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно6 сар 11. 18:17“Улаанбаатар Метро” төслийн II шатны худалдан авах ажиллагааг долоодугаар сард зарлана6 сар 11. 18:12БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монголд айлчилна6 сар 11. 18:09Орон сууцжуулалтын тухай, Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв6 сар 11. 17:29Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана6 сар 11. 17:26Чуулганы нэгдсэн хуралдаанаар Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ6 сар 11. 16:26Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно6 сар 11. 15:51Монголд өсвөрийн шатарчдын дэлхийн цом болон ДАШТ болно6 сар 11. 13:31
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.