Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зүтгэл бүхэн нэр төр, үнэ цэнийг авчирдаг


5-р сарын 13
10 цаг 07 минут

      ШУА-ийн Философийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D), дэд профессор Ж.Жаргалсайхантай хүний нэр төрийн талаар ярилцлаа.

-Философийн үүднээс хүний нэр төр, алдар хүнд гэдгийг хэрхэн тайлбарладаг юм бэ?

-“Нийгэм философиос хэдий чинээ холдоно, төдий чинээ харанхуйлна” гэж ярьдаг. Өнөөгийн Монголын нийгмийн үнэн төрх байдлыг тодорхойлоход энэ үг тун тохирох үг билээ. Монголчуудын философид хандах хандлага өмнөх нийгмийн үед ч бүрэн дүүрэн утгаараа биш, өнөө үед ч үл тоосон байдалтай явж ирсэн нь оюуны хоосрол, ёс суртахууны доголдол, нийгмийн доройтолд хүрэхэд тодорхой нөлөө үзүүлсэн гэхэд болно. Одоо ч бидний дунд философийг үл тоох хандлага үргэлжилсээр байгаа юм. Хүний бүтээсэн оюун сэтгэлгээний онцгой төрөл болох энэхүү шинжлэх ухааныг хэдий чинээ өндөр түвшинд авч үзнэ, төдий чинээ нийгэм боловсорч, эрүүлжиж, өнгө төрхөө засдаг. Нөгөөтэйгүүр энэхүү гажуудсан, доройтсон, гяланцаг, паланцаг Монголын нийгэмд философичдынхоо үгийг сонсох нь туйлын чухал юм. Нэр төр гэдэг нь хүнд өгөгдсөн заяагдмал чанар бөгөөд үнэнч зан, шударга байдал, нинжин сэтгэлээр илэрхийлэгддэг. Энэ нь юуны өмнө “хүн байх” гэдэг зарчмыг баримталж, ажил амьдралдаа хэрэгжүүлнэ гэсэн үг юм.

Нэр төр, нэр хүнд нь хүн өөртөө болон нийгмийн зүгээс түүнд хандах харилцаагаар илэрхийлэгддэг. Хүний нэр төр ёс суртахууны үнэт чанар, нийгэмд эзлэх байр суурь, бусдын төлөө хийсэн хөдөлмөр зүтгэлээр тодорхойлогддог. Өөрөөр хэлбэл, нэр төр нь нийгэм, хамт олны зүгээс тухайн хүнийг үнэлэх үнэлгээ юм. “Хүнийг асран хайрлах сэтгэл нь амгалан жаргалангийн уг сурвалж” гэдэгчлэн хүний төлөө, бусдын талд, нийгмийг гэрэл гэгээтэй байлгах үйлсэд зориулсан бүхэн хүний нэр хүндтэй байхын уг үндэс нь болдог. “Өөрийн “Би”г даван туулж аз жаргалд хүрдэг” гэсэн Бурхан Буддагийн сургаалыг санаж бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зүтгэл бүхэн хүнд нэр төр, үнэ цэнийг авчирдаг.

-Монголчууд “Нэр хугарахаар яс хугар”, “Сайн нэрийг хүсэвч олохгүй, муу нэрийг хусавч арилахгүй” гэж ярьдаг. Та энэ талаар ямар бодол, байр суурьтай явдаг вэ?

-Эдгээр үг бол Монголын ард түмний онч мэргэн ухааны илрэл, зүйрлэлийн гайхамшиг төдийгүй хүний нэр төр хэчнээн үнэ цэнтэй болохыг илэрхийлсэн илэрхийлэл билээ. Үнэхээр ч сайн нэрийг олоход шургуу хөдөлмөр, нинжин сэтгэл, ухаалаг үйлдэл хэрэгтэй. Харин нэг л муу үйлдэл гаргавал муу нэрийг олдог, тэр нь хадгалагдан үлддэг. Тэгэхээр нэр төрөө байнга хадгалан хамгаалж, зөв явбал муу нэрийг авахгүй билээ. Өөрөөр хэлбэл, та үргэлж хүмүүсийн хяналтад байдаг бөгөөд сайн, эсвэл муу нэртэй байх нь зөвхөн танаас шалтгаална гэсэн үг юм. Иймд үгээ бодож ярих, үйлдлээ зөв хийх л чухал юм. Хүн хүмүүсийн дунд л хүн байна. “Та өөрийгөө битгий муу хэл. Энэ таны хийх ажил биш” гэдэг үг байдгийг ч санахад илүүдэхгүй.

-Өнөөгийн нийгэмд хүмүүс хэр нэр төрөө хичээж, хайрлаж байна гэж та хардаг вэ?

-Өнөөгийн Монголын нийгэм авах идэхийн шуналд аль хэдийнэ живжээ. Амин хувиа хичээж, ёс зүйгүй үйлдэл гаргаж, зөвхөн мөнгөний төлөө хөөцөлдсөн нэгэн үе бий болсон. Тэдэнд эх оронч үзэл, үнэт зүйлс, нийгмийн хэм хэмжээ гэдэг хоёрдугаар зүйл болсон. Монгол хүний хүн чанар эрс муудсан. Улс орноо боддог, ирээдүйгээ эрхэмлэдэг, бусдыг хүндэтгэн хайрладаг хүмүүс цөөрсөн. Залуу хүн бүр гадаад руу гарч, их мөнгө олж, сайхан амьдрахыг мөрөөдөх болсон. Нэр хүнд гол нь биш, харин баялаг, мөнгө хөрөнгө гол нь болоод удаж байгаа. Гэхдээ Монголоо хөгжүүлж, өөд нь татаж, улс шиг улс болгох, өөрсдөө нэр хүндтэй байх бодол тээсэн залуус байгаа нь ойлгомжтой. Цаашид төрийн тогтолцоогоо өөрчилж, нийгмээ соён гэгээрүүлж, боловсролын системээ шинэ шатанд гаргах ёстой. Хариуцлагатай, алсын хараатай, төлөвлөлттэй, төр шиг төртэй болж байж гэмээнэ Монгол Улс хөгжинө. Нөгөөтэйгүүр хувь хүний нэр хүндээс гадна улс орны нэр хүнд чухал байр суурьтайг анхаарах ёстой. Гадаад орнуудад монголчууд гэмт хэрэгт орооцолддог, тухайн оршин суугаа улс орныхоо хууль дүрмийг зөрчдөг байдал цөөнгүй байгаа нь харамсалтай. Энэ нь бас л монгол хүний хувиа хичээсэн зан чанартай холбоотой асуудал юм. Бидний эрхэмлэн дээдлэх үнэт зүйл нь нэгдүгээрт, эх орон юм шүү гэдгийг залуу хүн бүр хаана ч явсан санаж явах ёстой. Түүнчлэн бусдыг хүндэтгэх нь чухал. Хүндэтгэлээс хүндэтгэл л төрдөг. Б.Ренчин гуайн хэлсэн “Бусдын соёлыг хүндэтгэн өвчүү хүртлээ мэхий. Бусчир муу явдал биш, дэлхийг хүндлэхүйн ухаан тэр. Өөрийн соёлыг шүтэж, өвдөг нугалан сөгд. Өнө эртний ёсон буй, үндсээ бөхлөхийн учир тэр” гэсэн гайхамшигт үгийг санахад илүүдэхгүй.

-Ялангуяа олны танил хүмүүс нэг л хазгай гишгэвэл цахим гэх шүүхээр шүүлгүүлж байна. Ер нь ингэж хүний сул талыг олзолж цахимаар тэр хүнийг муулах, гутаан доромжлох нь ямар үр дагавартай вэ?

-Цаашид олон нийтийн цахим сүлжээ бие даасан соёл болж төлөвшинө. Цахим ертөнцөд сайн ч тал бий, сөрөг тал ч бий. Цахим сүлжээ гэдэг иргэдийн үзэл бодлоо илэрхийлдэг, тэднийг холбодог, мэдээ мэдээллийг цаг тухайд нь түгээдэг, шинэ мэдлэг бий болоход нөлөөлдөг талбар болсноос гадна нийгмийн уур амьсгалыг тодорхойлдог, төр засгийн бодлого шийдвэрт нөлөөлдөг хүчин зүйл болсон. Нөгөөтэйгүүр, хүнийг муулдаг, гүтгэн доромжилдог, өөрийгөө магтуулдаг арга хэрэгсэл болсон. Тиймээс энэ салбарт үйлчилж буй хуулиудын заалтыг мөрдүүлэх, зарим зүйл, заалтуудыг шинэчлэх нь чухал байна. Монголд хууль гардаг ч мөрдүүлэх механизм сул байдаг. Ер нь хүнийг муулдаг хүн өөр дээрээ сөрөг энерги авчирдаг гэж ярьдаг нь хоосон зүйл биш.

-“Дуудах нэрийг эцэг эх өгдөг. Дуурсах алдрыг өөрөө олдог” гэж ярьдаг. Хүн яавал зөв байх вэ. Зөв хүн байхын үндэс нь юу юм бэ?

-Энэ асуултад хариулахын өмнө хүн гэж хэн болох тухай цухас дурдах ёстой. Хүн бие, сэтгэл, оюун ухаан гурвын нэгдэл бөгөөд Бурханы тааллаар, хувь заяаны эрхээр хүний биеийг олж төрдөг. Буддизмд сургаснаар хүний амьдралын салшгүй мөн чанар зовлон бөгөөд “зовлон үнэн, шалтгаан нь үнэн, эдлэх нь үнэн, гэтлэх нь үнэн” юм. Хүн энэ яваа насандаа зөвийг үйлдэж, бурууг эс үйлдэж,бодож, сэтгэж, сурч, хөдөлмөрлөж, бусдыг хүндэтгэж, төвийг сахиж, дундыг барьж амьдрах ёстой. Мөн зоосоор төлдөггүй үйлийн үр, зээлээр сунгадаггүй хүний нас, зэдээр хуурдаггүй нүглийн нүд, залиар туулдаггүй туйлын үнэн байдгийг санаж явах нь чухал. Нэмж хэлэхэд, хүн амьдралын үнэнийг ухаарч ойлгохгүй бол зовж ойлгох зам л үлддэгийг бас санах ёстой.

-Хүний хийсэн ямар ч муу үйлдэл хэзээ нэгэн цагт заавал ил болдог. Үр хойч маань үлдэж хоцрох энэ хорвоод өөрийгөө зөв авч явах нь чухал шүү дээ. Ер нь хүнийг зөв байхад, зөв явахад юу чөдөр тушаа болдог вэ?

-Хүн үйлийн үрээ эдэлдэг. Харин түүнийг эдлүүлдэг нь туйлын үнэн билээ. Хүний буруу үйлдэл бүхний үндэс нь шуналын сэтгэл байдгийг олон шашин, мэргэд сургасан байдаг. Тухайлбал, А. Шопенгаур нэгэнтээ “Шунал нь далай ус мэт. Хүн хэчнээн ихийг олно, төдий чинээ дахин олох хүсэл төрдөг” хэмээсэн. Өөрөөр хэлбэл, шунал гэгч зүйл хүнийг харалган болгож, авах идэхийн донг өдүүлдэг. “Мөнгөний үнэр авсан хүнд хүний үнэр үлддэггүй” ч гэж ярьдаг. Иймд энэ амьдралд хүсэл шуналаа хязгаарлаж явах нь зүйтэй. Ер нь энэ ертөнцөд хүний хэрэгцээг хангах боломж байгаа боловч хүний шуналыг хангах боломж байхгүй.

-Ардчилсан нийгэмд амьдарч байгаагаараа түрий барьж юу ч хийсэн миний эрх гэх үзэл хандлагатай хүмүүс бий. Тэд хүний нэр төр, алдар хүндийг гутааж, доромжилж байгаагаа юман чинээ боддоггүй юм шиг ээ. Үүний шалтгаан нь юу вэ. Хүний нэр хүнд гэдэг зүйрлэшгүй үнэтэй зүйл шүү дээ?

-Т.Парсонсын тодорхойлсноор нийгмийн эхлэх цэг нь хэм хэмжээ, үнэт зүйл байдаг. Нийгэмд хүн нийгмийн гэрээг баримталж, бусдыг хүндэтгэж, дундыг баримталж амьдрах ёстой. Гэвч өнөөгийн нийгэмд ёс суртахууны үнэлэмж баримжаагаа алдсан хүмүүс олширч, тэд нийгэмтэй холбоо харилцаагүй болж, явцуу хүрээнд орж, амин хувиа хичээж, бүдүүлэг хэрэгцээнд дарлуулж, зөвхөн өнөө маргаашаа болгосон ахархан сэтгэл гаргаж, энэ байдлаараа ашиг сонирхлоо гүйцэлдүүлдэг болсон. Монголд юм л яривал хүний эрх тоочдог, хүний үүргийг хэрэгжүүлдэггүй, бүдүүлэг, боловсролгүй залуу үе гарч ирсэн. Энэ нь одоогийн арчаагүй, дампуу нийгмийн тогтолцооны үр дүн юм. Хүний нэр хүндэд халддаг, ёс зүйгүй, үнэт зүйлгүй хүмүүсийг яавч зүгээр орхиж болохгүй. Хуулийн заалт гаргаж хэрэгжүүлэх ёстой. Ер нь бол хоёр төрлийн хууль байдаг. Нэг нь төрийн хууль, нөгөө нь хүний өөрийн доторх хууль буюу хүн чанар. Төрийн хуулийг чангатгаж болох ч хүний доторх хуулийг сайжруулахад төвөгтэй. Энэ асуудал залуу үеийн боловсрол, хүмүүжилд анхаарах, сайжруулах замаар л шийдэгдэнэ. Боловсролын системийг өөд нь татах ганцхан арга бол багш нарын цалинг доод тал нь хоёр дахин нэмэгдүүлж, нийгмийн хангамжийг эрс шинэ шатанд гаргах явдал юм. Ертөнцийг өөртэйгөө зохицуулах биш, харин өөрөө ертөнцтэй зохицон амьдардаг шинэ монгол хүнийг төлөвшүүлэх боловсролын систем Монголд хэрэгтэй болоод удаж байна.

-Та “Монголд юм л яривал хүний эрх тоочдог, хүний үүргийг хэрэгжүүлдэггүй, бүдүүлэг, боловсролгүй залуу үе гарч ирсэн” гэлээ. Залуус хэрхэн нэр төрөө эрхэмлэж, хадгалж явах вэ?

-Нэр төрөө эрхэмлэнэ гэдэг нь оршин буй нийгэм, улс орон, гэр бүл, эцэг эх, үнэт зүйлсээ эрхэмлэн хайрлана гэсэн үг юм. Ингэхийн тулд хүүхдэд системтэй боловсрол эзэмшүүлэх, багаас нь хүнийг хайрлах сэтгэлд суралцуулах, хөдөлмөрийн хүмүүжилтэй болгох, эх орон, ард түмнээ хайрлах сэтгэлийг суулгах нь хамгаас чухал. Залуу хүн бүр зөв, чанартай боловсрол, хүмүүжлийг олж авахын зэрэгцээ шургуу хөдөлмөрлөдөг зан чанартай байх ёстой. Залуу насанд урсгаагүй хөлс өтөл насанд нулимс болдгийг санаж явах учиртай. Ж.П.Сартрын хэлсэн “Бурхан гэж байлаа ч хүнийг өөрөөс нь өөр хэн ч аврахгүй” гэсэн үгийг санаж явах хэрэгтэй. Түүнчлэн “Нэг ялагдлын дараа ч биш, 100 ялагдлын дараа ч битгий бууж өг” гэсэн А. Линкольны сургаалыг эргэцүүлэн бодох ёстой. Нөгөөтэйгүүр аливаад чин сэтгэлээсээ хандаж сурах нь чухал. Агуу Күнз “Чин сэтгэл үзэгддэг. Үзэгдэл нь уриа болдог. Уриа нь туяа болдог. Туяа нь бүхнийг гийгүүлдэг. Иймд хэн чин сэтгэлтэй байна, тэр тэнгэрт ивээгддэг” хэмээсэн нь бий. Эцэст нь хэлэхэд, залуу хүн энэрэл хайрыг нийгэмд түгээгч байх ёстой. Энэ дэлхийд хамгийн сайхан зүйлс үнэгүй байдаг. Тэдгээр нь тэврэлт, хайр, урмын үгс билээ. Иймд эерэг бай, бусдыг хайрла, тэвэр, урмын үг хэл. Та энэ бүхнийг үргэлж биелүүлбэл таны нэр хүнд өндөрт байх нь ойлгомжтой.

Эх сурвалж: Ө.АНХЗАЯА DNN.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Төр цэгцэрч байж, эдийн засгийн өсөлт иргэдэд хүрнэ6 цаг 34 минутын өмнөСургууль, цэцэрлэгийн орчинд хеликобактерын шинжилгээ авч, ариутгах тоног төхөөрөмжөөр хангана6 цаг 38 минутын өмнө“Монголын сайхан бичигтэн-2025” олон улсын уралдааны шилдгүүд тодорлоо6 цаг 48 минутын өмнө“Цэгцрэх хөдөлгөөн”-д хууль сахиулах байгууллагын хувь нэмэр чухал гэдгийг Ерөнхий сайд онцлов8 цаг 47 минутын өмнөНүүрсний экспортын хоногийн дээд хэмжээг шинэчлэн тогтоожээ8 цаг 51 минутын өмнөYouTuber Б.Түшиг: “Хүн гадуурхаж болохгүй, өөрөө ч гадуурхагдаж болохгүй” гэж хүүдээ хэлнэ дээ9 цаг 56 минутын өмнөХаагдсан зам, даваа байхгүй1 сар 15. 12:06Авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө1 сар 15. 12:02Жарганатын голыг үзэхээр сүүлийн нэг сард 8000 аялагч зорин очжээ1 сар 15. 11:57Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо намрын чуулганы хугацаанд 15 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ1 сар 15. 11:50Алтны үнэ цойлсон шалтгаанууд, 2026 оны төлөв таамаг1 сар 15. 10:21Ерөнхий сайд Г.Занданшатар 21 аймгийн Засаг дарга нартай уулзана1 сар 15. 10:13Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно1 сар 15. 10:08Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна1 сар 15. 9:32Трампын засаг захиргаа Монгол зэрэг 75 улсын иргэдэд цагаачлалын виз олгохыг зогсоолоо1 сар 15. 9:27Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм хүйтэн1 сар 15. 9:20Үнийн хөөргөдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх, хэрэглэгчийн эрхийг зөрчсөн үйлдэл гаргахгүй ажиллахыг анхааруулсан зөвлөмж хүргүүлжээ1 сар 14. 17:20Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо1 сар 14. 17:14Монгол, Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө ажиллахаа хоёр тал илэрхийллээ1 сар 14. 14:25Нөөцийн махыг энэ сарын 20-ноос эхлэн хүнсний 410 дэлгүүрээр худалдаална1 сар 14. 13:29Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, батлууллаа1 сар 14. 12:23“Маанар” өвлийн эвент Хөвсгөл аймгийн Хүнхэр тайгад болно1 сар 14. 11:08"Ерөнхий сайдаас асууя" шууд ярилцлагад асуулт, саналаа илгээгээрэй1 сар 14. 10:19Энэ сард 21 мянга гаруй жуулчин Монгол Улсыг зорин иржээ1 сар 14. 10:14Бортээгийн ордын хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалтыг хэлэлцэнэ1 сар 14. 9:32Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн1 сар 14. 9:16"Ерөнхий сайдаас асууя" шууд ярилцлагад асуулт, саналаа илгээгээрэй1 сар 13. 15:32Үндсэн хуулийг хэлэлцэн батлах үеийн архивын түүхэн баримтуудыг эх хувиар нь дэлгэлээ1 сар 13. 13:00УИХ-ын дарга Н.Учрал : Үндсэн хууль бол Монголын өрх бүл, Монгол Улсын иргэн бүрийн амьдралын баталгаа юм1 сар 13. 11:18Хуурамч линк дээр дарж 27,500,000 төгрөгийг данснаасаа алдан залилуулжээ1 сар 13. 11:14
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.