Л.Оюун-Эрдэнийн засаглал хэмээх Монгол төрийн задралын махинац


5-р сарын 13
19 цаг 18 минут

         Монгол Улс маань хөл толгойгүй боллоо. Тэнд ч бэрийн цүнхний шуугиан, энд ч хурал чуулган хэмээх бүжиг ший, тэнд ч зуу зуугаараа гадаадаар хэссэн дарга нар, энд ч нэг лаивдаж нус нулимс болсон иргэдийн хэрүүл зодоон. “Дээрээ суудлаа олохгүй бол дороо гүйдлээ олохгүй” гэдэг энэ ажээ. Энэ бүх үймээн самууны гол хөдөлгөөн, чиглэл юу вэ гэдгийг хөндлөнгөөс шинжлэх нь миний ажил ба энэ нийтлэлд Л.Оюун-Эрдэнийн засаглал гэдэг үндсэндээ Монголын төрийн задрал болж хувирсан талаар, хоёрдугаарт тэрхүү задрал нь санаа зорилготойгоор хийгдэж буй талаар өгүүлнэ.

Нэг. Улсын төсөв

Асуудлыг амьдралд хамгийн ойр улсын төсвөөс авч үзье. Төр оршихуй дор татвар буй. Татвар буй дор төр буй. Аливаа төр нэгдмэл ба хүчирхэг байх нэг үндэс нь татвар, төсвийн бодлогын нэгдмэл байдал. Л.Оюун-Эрдэнэ 2024 оны сонгуулийн дараа кабинетаа бүрдүүлсний дараагаас энэ нэгдмэл байдлыг эвдэх оролдлого хийсээр байна. 2024 оны наймдугаар сард Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд “суурь зардал” гэж шинэ ойлголт оруулахаар завдсан нь хуульчилсан системийн хулгайн эхний оролдлого байв. “Суурь зардал” гэдэгт гадаад үнэт цаасаар санхүүжсэн Засгийн газрын зээлийг оруулахгүй байхаар тусгасан байсан. Одоо уг санаархал дахин сэргэж, гадаадын зээл тусламжийг төсвөөс гадуур батлах хууль оруулах төлөвтэй байгаа талаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нар асуудал хөндсөн байсан. Гадаад зээлийг төсвийн хяналтаас гаргана гэдэг “Чингис” бонд, Үнэ тогтворжуулах хөтөлбөр, Хөгжлийн банкны зээлүүд шиг “Нэг улс-Олон төсөв” бүхий бүтэц рүү унахын цондон гэдгийг дурдахад илүүц. Энэ бол төсвийн эх үүсвэрийн түвшинд явж буй задрал. Мөн засаг захиргаа, орон нутгийн түвшинд нэгдсэн татвар, төсвийн бодлого алдагдах шатандаа явж байна. Нийслэл Улаанбаатарыг нэгэн цагийн улсын төсөвтэй дүйцэх том төсөвтэй, 1.6 их наяд төгрөгийн алдагдалтай, “Чингис” бондтой дүйцэх дүнтэй бонд төсвийн гадуур зардаг бие даасан төсөв болгож тусад нь гаргасан. Саяхан Орхон аймаг нэг их наяд төгрөгийн бонд гаргана гэж мэдэгдсэн. Энэ бол Улаанбаатар хотын араас бусад аймаг, нийслэлүүд нэгдсэн төсвийн гадуур бие даасан төсөв хэрэгжүүлж эхлэх дохио мөн. Бие даасан төсвийн бодлого гэдэг улсын дотор улс, төрийн дотор төр гэсэн үг. Нийслэлийн захиргаа угтаа Засгийн газрын чиг үүрэгт хамаарах ажлаар Унгарт 150 хүний бүрэлдэхүүнтэй гадаад айлчлал хийж яваа нь үүний наад захын жишээ болно.

Хоёр. Үндэсний валют

Нэрт эдийн засагч Кейнс “Аливаа нийгмийн оршин тогтнож буй суурийг эвдэх хамгийн баталгаатай, хамгийн гэтүүр арга бол үндэсний валютаар нь наадах явдал” гэжээ. Монголд үндэсний валютын тогтвортой байдал дээр дурдсан төсвийн бодлоготой салшгүй холбоотой. Төсвийн нэгдсэн хяналт алдагдаж, төр данхайж, авлигажиж, төрийн худалдан авалт нэмэгдэх тусам ханш уналт явагдсаар 2021 онд 2850 төгрөгтэй дүйж байсан нэг америк доллар 3,600₮ рүү дөхөж төгрөгийн ханш унасан ба хамгийн эрсдэлтэй нь цаашид унахгүй байх баталгаагүй бодлогууд хэрэгжүүлсээр байна. 14 мега төсөл, түүний санхүүжилтийг улсын төсвөөс гадуур зарцуулах, үүнийгээ гаднын, тэр дундаа Хятад компаниудаар гүйцэтгүүлнэ гэдэг нь үндэсний валют төдийгүй үндэсний бизнесүүдийн эсрэг бодлого болно. Энэ талаар тусад нь дэлгэрэнгүй авч үзнэ.

Гурав. Орон нутаг, төрийн алба, дипломат алба

Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатар ахдаа асар том төсөв захиран зарцуулах эрх өгсөн нь дэлхийтэй харьцах нэгдсэн, хүчтэй нийслэлийн төлөөх бодлого бас биш ажээ. Тухайлбал, Улаанбаатар хотыг 14 хот болгон хувааж задлах төлөвлөгөө олон нийтийн эсэргүүцлээр нэг жил хойшлоод байна. Энэмэтчилэн нийслэлийг нийслэл биш, хотыг хот биш, захиргааг захиргаа биш, төрийн албыг алба биш бодлого хэрэгжиж байгаа нь туйлын хачирхалтай. Цаасан дээр хот байгуулах, байгуулсан хотдоо дарга томилох, хэн дуртайд нь юу дуртай нэр цолоор дарга хоч зүүх, төрийн тэргүүн асан хэдэн хөгшнийг хүртэл тоглоом наадам болгох, улсад нэртэй төртэй явсан болгонд комик албан тушаал олгож олон нийтэд шившиглэх зэрэг бүх үзэгдэл нийлээд төрийн алба болоод “төрийн хар хүн” хэмээх уламжлалт ойлголтын үнэ хүнд, ач холбогдлыг бүхэлд нь хямдруулж, Монгол төрийг тэр чигт нь эмгэнэлт инээдмийн жүжгийн тайз болгох боллоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамтарсан Засгийн газрын хуралдааныг нийслэл хотод хуралдуулахаа больж бүс бүс хэссэн форум болгомогц тайзан дээр нь баахан бүжигчид савсаганан бүжиглэх ба ард нь түүний үеэл Х.Нямбаатар төв талбайд хуарангийн майхан засаж будаа хуурч, морь шээлгэх нь цөм нэгдсэн төрийн хүндийн төвийг хөнгөрүүлж, ард түмнийг гутаан доромжилж буй зорилтот найруулга мэт уншигдах аж.

Үүний дээр ял шийтгэл эдэлж байсан Б.Хурцыг Тайваньд томилох зэргээр гадаад харилцаа, дипломат албыг мөн элэг доог болгох томилгоонууд хийгдсээр байна. Төрийг хямдруулж, төрийн албыг үнэгүйдүүлэх санаархалтай ийм хорон жүжигт гол болон туслах дүрээр тоглож буй хүмүүс тус тусын дарга болох мөнхийн хүсэл шуналыг дарж, энэ бүхний эцсийн цэг хаана очиж дуусахыг коллектив дүр зургаар хөндлөнгөөс харах цаг болжээ.

Дөрөв. Хууль хүч

2024 оны байдлаар, Монгол Улсад түүхэнд хамгийн их гэмт хэрэг буюу 44,673 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 25.6% өссөн дүн. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын рекорд мөн бараг 700 тэрбум төгрөг болон шинэчлэгдсэн нь өмнөх оноос 55.2% нэмэгдсэн дүн юм. Х.Нямбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайд, У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болсноос хойш томилсон Хэнтийнхэн гэгдэх хүчний байгууллагын томилгооны араас цагдаа, хүчний байгууллагын эрэмбэ, зарчмын харилцаа, дэг журам эвдэрч, энэ нь гэмт хэргийн гаралт ба илрүүлэлтэд нөлөөлж байх магадлалтай байна. Энэ талаар хөндлөнгийн мэргэжлийн үнэлгээ, шинжилгээ хийх хүнгүй болсон нь ч хууль хүчний, мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа улстөрийн нөлөөнд автах, бие даасан байдлаа алдах нэг хүчин зүйл болж байна.

Тав. Үндсэн хууль, парламент, улс төрийн намууд

Төрийн институцийн, эсвэл ерөөсөө Монгол Улсын нэгдмэл байдал гэвэл мэдээж хамгийн гол нь Үндсэн хууль яригдана. Дээр дурдсан бүх ажиллагаа шууд ба дам байдлаар Үндсэн хуульд нөлөөлөх авч төрийн институцийн түвшинд хамгийн ноцтой гажуудал хууль тогтоох институц ба гүйцэтгэх засаглал хооронд үүсээд байна. Энэ гажуудлын махинац Үндсэн хуульд 2022 онд хууль бус өөрчлөлт хийхээс эхэлсэн. 2022 оны өөрчлөлтөөр УИХ-ыг 126 суудалтай болгож 48 жагсаалтын гишүүн багтаахдаа хариуцлага, хяналтыг орхигдуулснаас болж нам ба намын дарга нар парламентын дээгүүр гарах болсон талаар өмнөх тэмдэглэлүүдэд дэлгэрэнгүй өгүүлсэн. Үүнээс үүдэн гарч буй үр дагавраас зөвхөн хэд гурвыг дурдахад УИХ-ын гишүүд Засгийн газрын ажил хийх, гишүүд Засгийн газрын болон намын даргын пиар хийх, Засгийн газраас яаралтай горимоор улс төрийн сэдэлтэй хуулиуд оруулах, жагсаалтын гишүүдийн ирцээр хууль батлагдах, Засгийн газар буюу яамдаас УИХ-ын гишүүдийг сүрдүүлэх зэргээр Үндсэн хуулийн байгууллага хоорондын харилцааны зарчим бүх талаар алдагдсан. Ардчилсан нам Ерөнхий сайдаар Ж.Баярмаа гишүүнээс уучлал гуйлгах улс төр хийсэн нь Үндсэн хуулийн хоёр байгууллага хоорондын институциональ асуудлыг хувь хүн хоорондын ёс зүйн асуудал болгож хувиргаж цэвэрлэх зорилготой хамтарсан намуудын манипуляц мэт үйлдэл болж өнгөрсөн.

Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд байхад дэд даргаар нь ажиллаж байсан Г.Баясгалангийн даргалж буй Үндсэн хуулийн Цэцээс саяхан 2024 оны сонгууль Үндсэн хуулийн бус байсан гэж ойлгогдохоор дүгнэлт гаргасан байв. Энэ бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд үл итгэх төсөл оруулбал УИХ-ын лежитимд хүртэл халдах Д.Амарбаясгаланд хандсан улс төрийн заналхийллийн нэг хэлбэр гэж үзэх үндэстэй. Парламентын бие даасан байдалд халдахдаа парламентын ардчиллын суурь болох улс төрийн намуудын политикал буюу улс төрийн эрх чөлөөг экономик буюу эдийн засаг, албан тушаал, төсвийн ажлуудаар худалдан авч, намуудыг нам биш болгох ажиллагаа мөн хийгдсээр байна.

Төгсгөлд нь

Нийгмийн соёл, оюун санаа зэрэг уян институцийн орон зайд хийгдэж буй тархи угаалт, найруулгатай шоунууд, гүжир гүтгэлэг, худал хуурмаг, мэдээллийн манипуляцийг эс дурдаж, зөвхөн хатуу институц буюу албан ёсны системийн түвшинд өрнөж буй процессыг нэгтгэн харахад ийм байдалтай байна. Монгол Улсын соверн буюу тусгаар улсын нэгдмэл байдлыг системтэйгээр задлах ажиллагаа бидний хамар дор өрнөсөөр байна. Чухам юун төлөө вэ гэдэг асуулт. Ерөнхийлөгч асан Х.Баттулгын улс төр үргэлж УИХ, парламентын ардчилалд дайсагнаж байдаг онцлогтой. Л.Оюун-эрдэнэ ба Х.Баттулга нарын санаархал төрийн институцуудыг хүчгүйдүүлж, үндэсний валютыг бодлогоор сульдуулж, улмаар улс төр, нийгмийн хямрал өрдөх, хямралаас дарангуйллын шатанд шилжих нүүдлээр өрнөх эрсдэлтэй. Хуваа тэгээд захир гэдэг. Л.Оюун-Эрдэнэ ба Х.Баттулга нарын хамтарсан бодлого дор Монголыг хуваах төдийгүй задлах, задлаад захирах бодлого хэрэгжиж байна гэж дүгнэх, хардах эрхээ энд эдэллээ. Захирагдах эсэхээ шийдэх түүхэн үүргийг мэдээж ард түмэн өөрсдөө үүрэх авч тэр дундаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, эрх барих МАН, Ардын намын 300 мянга орчим гишүүд мэднэ. Учир нь задралын ажиллагаанд өртөөгүй институц гэвэл одоогоор Ерөнхийлөгчийн инситиуц, мөн хачирхалтай авч Л.Оюун-Эрдэнийн даргалж буй МАН. Ерөнхийлөгчийн оффисын хувьд төрийн уламжлал, мөн У.Хүрэлсүхийн улс төрийн нөлөөллөөр хамгаалагдаж буй. Ардын намын дотоод бүтэц Д.Амарбаясгалангаас Я.Содбаатар буюу мөн У.Хүрэлсүхийн нөлөөний хүнд шилжсэн тулдаа өнөөдөртөө хоцрогдож ялзарсан хэвэндээ боловч уламжлалт бүтцээ задралаас хамгаалсан хэвээр тогтож байна. Бусад жижиг том системийг идэж буй процсессыг зогсоох нь одоо үлдсэн энэ хоёрт ногдох ажил. Зогсоож чадахгүй бол 2027 оны сонгуулиар нэг нь, 2028 оны сонгуулиар нөгөө нь идүүлж задрах нь цаг хугацааны асуудал. Ахуй төр минь бүү алдартугай хэмээснийг санаж сэрэхгүй аваас алтан Чингис бүтээж өлмийд нь өнхрөлдөх хэрэг юун!

                                                                                                     Нийтлэлч Б.Болор-Эрдэнэ



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Академич С.Чулуун “Дэлхийд тархсан монгол өв” 12 боть бүтээлийнхээ дээжийг Парламентын номын санд бэлэглэв3 цаг 15 минутын өмнөОлон улсын тээвэр загварчлалын тэргүүлэгч PTV группийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа3 цаг 26 минутын өмнөЛ.Оюун-Эрдэнийн засаглал хэмээх Монгол төрийн задралын махинац3 цаг 30 минутын өмнөХОМ: 2019 оноос хойш Ерөнхий сайдын гэр бүлийн орлого огт өсөөгүй байна7 цаг 41 минутын өмнөМонгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн үүрэгт ажлаа хүлээн авлаа7 цаг 46 минутын өмнөБага насны хүүхдийг "Гар утсаараа яриулаач" гэж хуурч, орц руу дагуулан орж, эд зүйлийг нь дээрэмдэж, шатнаас гавлаад үлдээсэн этгээдийг олж тогтоожээ7 цаг 48 минутын өмнөУИХ-ын Хүний эрхийн дэд хороо, Хүний эрхийн форумын ээлжит уулзалт маргааш болно7 цаг 54 минутын өмнөУлсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна9 цаг 11 минутын өмнөХэрэглээний барааны үнэ 8.6 хувиар өсчээ5 сар 13. 12:38Шарга морьт, Хандгайтын авто замын уулзварт цагдаагийн хяналтын пост ашиглалтад орлоо5 сар 13. 10:10Ж.Жаргалсайхан: Бусдын сайн сайхны төлөө гаргасан сэтгэл, зүтгэл бүхэн нэр төр, үнэ цэнийг авчирдаг5 сар 13. 10:07“Европын өдөрлөг-2025” Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно5 сар 13. 9:57УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 13. 8:55Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан5 сар 13. 8:48Мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтарч ажиллах талаар санал солилцлоо5 сар 12. 20:47АШУҮИС-ийн “Сувилахуйн сургалт, судалгааны төв” ирэх онд ашиглалтад орно5 сар 12. 17:153,2 жил хууль бусаар оршин сууж байсан БНСУ-ын иргэнийг албадан гаргалаа5 сар 12. 15:44“Улаанбаатар марафон 2025”-ын энгэрийн дугаарыг маргаашаас олгож эхэлнэ5 сар 12. 14:57“Цогт хунтайжийн санаашрал” баримтат киног нээлээ5 сар 12. 14:52Тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо5 сар 12. 12:34Он гарсаар ой, хээрийн 87 удаагийн гал түймэр бүртгэгдсэн нь 35.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна5 сар 12. 12:31“Байр түрээсэлнэ” гэх зар байршуулж, иргэдийг залилжээ5 сар 12. 12:28Эрүүгийн 893 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав5 сар 12. 12:16Ирэх сарын 1-нээс 10-аас дээш жилийн насжилттай болон экспортын өмнөх техник хяналтын үзлэгт хамрагдаагүй тээврийн хэрэгсэлд хотын дугаар олгохгүй5 сар 12. 12:13Сувилагчдын тоог нэмэх, мэргэшүүлэх, мэргэжлийнх нь үнэ цэнийг таниулахад онцгой анхаарах шаардлагатай5 сар 12. 12:10Нийслэлийн шилдэг үйлдвэрлэгчдийн сор болсон бүтээгдэхүүнийг Будапештад дэлгэлээ5 сар 12. 10:42Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Сувилагч тандаа баярлалаа" арга хэмжээний нээлтэд оролцож байна5 сар 12. 10:36Б.Жаргалан: Нийслэл мега төслүүдийнхээ 20 хувьд дотоодын аж ахуйн нэгж оруулна гэж байгаа нь хэнийг доромжилж байгаа юм5 сар 12. 9:30Монгол, Унгар хоёр улс аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ5 сар 12. 9:21УИХ-ын Тамгын газрын ажилтнууд Түргэний цэцэрлэгт мод тарилаа5 сар 12. 9:19
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.