Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.05.16) нэгдсэн хуралдаан 10 цаг 00 минутад Улсын Их Хурлын 64 гишүүн буюу 50.8 хувийн ирцтэйгээр эхэлсэн.
Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд хуулийн төслүүдийг эцэслэн батлах санал, хураалтыг явуулав. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол эцэслэн баталсанд тооцно гэж заасан байдаг. Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг эцэслэн батлахыг гишүүдийн олонх дэмжсэнгүй. Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасны дагуу хуулийн төслийг эцэслэн батлах саналыг Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжээгүй бол түүнийг хууль санаачлагчид нь буцаах тухай тогтоол баталсанд тооцлоо.
Харин Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг эцэслэн батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжив.
Хуралдаан Засгийн газраас 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгээр үргэлжилсэн.
Хууль, тогтоолын төслийн талаарх илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Тэргүүн шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр танилцуулав.
Манай улсын эдийн засаг 2024 онд 4.9 хувиар өсөж, нэрлэсэн Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 80 их наяд төгрөгт, нэг хүнд ноогдох ДНБ 6898 ам.долларт хүрсэн. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд эдийн засгийн өсөлтийг 2026 онд 6.0, 2027-2028 онд тус тус 6.5 хувь байхаар тооцож тусгалаа. Дунд хугацаанд зэсийн баяжмал, нүүрс, төмрийн хүдэр, алт зэрэг голлох бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэлийн өсөлтийн нөлөөгөөр уул уурхайн салбарын өсөлт тогтворжих бол, хөдөө аж ахуй, худалдаа, үйлчилгээ боловсруулах болон барилгын салбарын өсөлтийн нөлөөгөөр уурхайн бус салбарын өсөлт 6.0 хувиас дээш буюу тогтвортой хадгалагдахаар тооцож байгааг Шадар сайд танилцуулгадаа дурдлаа.
Хуулийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, нийт зарлагын хэмжээг 2026 онд 33.5 их наяд төгрөг, 2027 онд 35.6 их наяд төгрөг, 2028 онд 39.1 их наяд төгрөг байхаар тусгасан байна. Тодруулбал, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, нийт зарлагыг 2026 онд ДНБ-ий 31.7 хувь, 2027 онд 30.4 хувь, 2028 онд 29.6 хувь болж, үе шат шаттай буурахаар төлөвлөсөн. Төсвийн зардлын нийт эдийн засаг дахь харьцааг ийнхүү хязгаарласнаар цаашид эрэлтийн гаралтай инфляцын дарамтыг бууруулах, ингэснээр зээлийн хүү буурах суурь нөхцөл бүрдэх, эдийн засаг дахь төрийн оролцоо багасах, хувийн хэвшлийн оролцоо нэмэгдэх зэрэг бодит ач холбогдолтой хэмээн төсөл санаачлагчид үзжээ.
Хуулийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг 2026-2028 онд алдагдалгүй байхаар, нэгдсэн төсвийн суурь тэнцлийг 2026 онд ДНБ-ий 3.0 хувьтай тэнцэх хэмжээний ашигтай, 2026-2027 онд тус тус ДНБ-ий 2.0 хувьтай тэнцэх хэмжээний ашигтай байхаар тооцож тусгасан байна.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагуудыг нэгэн зэрэг хангасныг Шадар сайд онцлов.
Дараа нь Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Болормаа танилцуулсан.
Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг Төсвийн байнгын хороо 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаараа үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явуулсныг дурдаад Байнгын хорооны хуралдаанаар хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлээгүйг онцлов. Мөн Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2026-2028 оны стратегийн баримт бичиг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэв.
Хууль, тогтоолын төслүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Гишүүд хуулийн төсөлд эдийн засгийн бодит өсөлт 6.0 хувьтай байхаар тусгасан нь хэтэрхий өөдрөгөөр төсөөлснийг дурдахын зэрэгцээ татварын хуулийн шинэчлэлийн явц байдал, онцлог зохицуулалт болон уг төслийг Засгийн газраас яаралтай өргөн мэдүүлэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.
Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл Төсвийн тухай хуулий 8 дугаар зүйлийн 8.1.1.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Стратегийн баримт бичгийн төслийг, эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс ирүүлсэн макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглалд үндэслэн боловсруулж, жил бүрийн 04 дүгээр сарын 15-ны дотор Засгийн газарт хүргүүлэхээр заасныг дурдаад тус зөвлөлөөс дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийг 2026 онд 5.4, 2027 онд 5.5, 2028 онд 5.7 хувь байх гэсэн таамаглалыг ирүүлсэн байхад хуулийн төсөлд тусгасан өөдрөг төсөөлөл нь биелэх магадлал хэр байгааг тодруулав.
Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр хариултдаа, Хуулийн төсөлд эдийн засгийн өсөлтийг 2026 онд 6.0 хувь гэсэн нь зөвхөн Засгийн газар ч бус Монголбанк, Олон улсын валютын сан, Дэлхийн банк ч ийм төсөөллийг гаргаж байгаа. Тооны зөрүү бага гэдгийг тодотгож байлаа.
Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд төсвийн хүрээний мэдэгдэлд дүн шинжилгээ хийгээд Монгол Улсын 2026 оны төсөвт дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх эрүүл мэндийн салбарын хувь хэмжээг хуульд заасан хэмжээнд хүргэхэд анхаарах шаардлагатай талаар санал хэлсэн. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, “Ковид-19” цар тахлын үеэр л эрүүл мэндийн салбарын төсөв нь дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь нь 4.0 хүрсэн. Гэтэл өнөөдөр буцаад 3.0 хувьтай байна. Олон улсын тооцоо, судалгаагаар эрүүл мэндийн салбарын төсвийг дотоодын нийт бүтээгдэхүүний 6.0 хувь, Засгийн газрын нийт санхүүжилтийн 12.0 хувьд хүргэх ёстой байтал манай улсын хувьд энэ нь 9.0 хувьтай байна. Макро эдийн засгийн боломждоо тааруулан жил бүр 1.0 хувиар нэмж, 2028 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 6.0 хувьд хүргэх саналыг бид Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яаманд тус тус өгсөн. Түүнчлэн эдийн засгийн нөхцөл байдалдаа тулгуурлаад ирэх жилийн хувьд эрүүл мэндийн салбарын төсвийг дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 4.0 байх төсөөллийг хүргүүлсэн” хэмээн хариулж байлаа.
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал “Оюутолгой” төсөл дээр Монгол Улсын эдийн засаг дээр байгаа зээлээс илүү хэмжээний буюу 20 орчим тэрбум ам.долларын зээл авсан. Үүний хүү 11.1 хувьтай байгаа нь макро эдийн засагтаа нөлөөлөх хүчин зүйлсийн нэг. “Оюутолгой”-н төслийн хувь нийлүүлэгчдийн гэрээнд зээлийн хүүг 7 жил тутам дахин авч үзэхээр тусгасан. Энэ нь 2025 онд тохиож байгаа тул уг асуудалд ямар байр суурьтай байгааг лавласан.
Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, “Оюутолгой” төсөл эхлэхэд улс төрийн нөхцөл байдал тогтворгүй, гэрээ хэлэлцээр нь баталгаагүй зэрэг хамгийн эрсдэлтэй төсөл байсан. Тэр үед олдож байсан мөнгө үнэтэй. Одоо бол “Оюутолгой” төсөл баталгаатай. Татварынхаа маргаануудаа шийдвэл тухайн тал ажил хийгээд сурсан, технологио шийдсэн. Иймд зээлийнхээ хүүг бууруулах, эсвэл зээлийнхээ эх үүсвэрээ ч солих бололцоотой. Гэхдээ энэ нь “Рио-Тинто” компанийн хэлэлцээр хийх асуудал. Засгийн газрын хувьд манай 34 хувийг төлөөлж байгаа хүмүүстээ зардал, өртөг бууруулах хэлэлцээр хийгээрэй гэсэн чиглэлийг өгдөг” хэмээн хариулав.
Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, аливаа улс үйлдвэрлэгч байх, өөрсдийн зах зээлээ хамгаалдаг байх ёстой. Дотоодынхоо зах зээлийг хамгаалж, үйлдвэрлэлээ дэмжиж, эдийн засгаа өсгөж, ажлын байраа нэмэгдүүлж, амьдралын чанараа сайжруулдаг атал үүнийгээ бид бүгдийг нь байхгүй болгож байна гээд үүнтэй уялдаад валютын нөөц бүрдүүлэх асуудал хэр ахицтай байхыг тодруулсан.
Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Бид гадаад худалдаанд амжилтад хүрэхгүй байгаа шалтгаан нь түүхий эдийн экспорттой холбоотой. Эл экспорт нь замынхаа зардлыг дийлдэггүй тул хоёр хөршөө давж, экспортоо хийж чадахгүй байна. Харин бид эдийн засгийн өсөлтийг 6 хувиар тооцоолж байгаа нь үлдэж буй хагас жилийн хугацаанд дотоодын үйлдвэрлэлд онцгой үр дүн гаргана гэж үзсэнтэй холбоотой. Үүний тулд эрчим хүчнийхээ асуудлыг бүрэн шийдэж байгаа юм хэмээв. Мөн тэрбээр, өнөөдрийн хамгийн эмзэг цэг нь валютын нөөцийн асуудал. Валютын нөөцөө баталгаажуулахын тулд үйлдвэрлэлээ эрс нэмэгдүүлье, ялангуяа төсвийн мөнгөөр гүйцэтгэх ажлуудад монгол компаниудаа хамруулах суурь зарчмыг барьж байна. Ингэснээр мөнгийг дотооддоо эргэлдүүлэх юм хэмээн тайлбарлав.
Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат, төсөлд эдийн засгийн бодит салбаруудыг татаасаас чөлөөлөх бодлого баримтлана гэснийг дурдаад ямар бодлого хэрэгжүүлээд татаасыг хэдэн онд хэрхэн, ямар дарааллаар чөлөөлөхөөр төлөвлөснийг тодруулахад Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж, Төрөөс үзүүлж буй зарим татаас хэрэгжиж эхэлснээс хойш 10-15 жил болсон байх жишээтэй. Эдгээр татаасуудыг бий болгох зорилго нь юу байсан юм, тухайн зорилтдоо хүрсэн эсэх, цаашдаа яах юм гэдэгт Засгийн газар бүрэн хэмжээний үнэлэлт, дүгнэлт өгөх шаардлагатай байгаа юм. Энэ судалгааг Сангийн яамнаас зохион байгуулаад хийж байна. Намрын чуулганаар төсөв хэлэлцэх үед энэ талаар санал оруулна” гэж байлаа.
Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Сэтгэгдэл бичих