Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат нар Орхон аймагт ажиллах үеэрээ ахлах ангийн сурагчдын санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх “LEVEL UP” хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаанд оролцож, шилдэг сурагчдын төлөөлөлтэй уулзлаа. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн санаачилгаар Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хадгаламж даатгалын корпораци, Боловсролын ерөнхий газар хамтран нийслэлийн зургаан дүүрэг, орон нутагт зургаан аймгийн хэмжээнд 5000 гаруй сурагчдыг хамруулсан тус хөтөлбөр эхний ээлжийн үр дүнгээ хэлэлцэж, шилдгүүдээ тодруулж буй нь энэ юм.
Хөтөлбөрийн хүрээнд санхүүгийн ухаалаг төлөвлөлт, зохистой дадлыг хэвшүүлж, мөнгийг зөв удирдсанаар оновчтой шийдвэр гаргадаг, ирээдүйд хуримтлалтай иргэн болж төлөвшүүлэх зорилгоор онолын сургалтуудаас гадна нийгмийн нөлөөллийн ажил, тэмцээн, уралдаан гэхчилэн олон талт үйл ажиллагааг зохион байгуулжээ. Орхон аймгийн хэмжээнд “LEVEL UP” хөтөлбөрт нийт 11 сургуулийн 511 сурагч, 16 сургагч багшийн хамт амжилттай оролцсон байна. Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт төдийлэн тусгагдаагүй буюу бизнес, хөрөнгө оруулалтын зарчим, хуримтлал ба хадгаламжийн суурь ойлголтууд нь ахлах ангийн сурагчдад чухал ач холбогдолтой төдийгүй гэр бүлийн гишүүд, өрхийн төсвийн зөв хэвшилд үр дүнтэй нөлөөлснийг оролцогчид дурдаж байлаа.
УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат нар албаны бусад хүмүүсийн хамт “LEVEL UP” хөтөлбөрийн хүрээнд шилдэг сургууль, шинийг санаачлагч багш, бүтээлч хамт олныг шалгаруулж, нийт сурагчдад амжилт хүсэв. Тус хөтөлбөр нь Булган аймагт амжилттай хэрэгжиж үр дүнгээ хэлэлцэх үеэр нийт хамрагдсан 257 сурагчдад мөн батламж гардуулсан юм. Зуун жилийн түүхтэй, ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн багш, сурагчдын төлөөлөл энэ үеэр “LEVEL UP” хөтөлбөрөөс сурсан мэдлэг, эзэмшсэн дадлаа хуваалцаж, хөтөлбөрийг санаачлан зохион байгуулагчдад талархал илэрхийлж байв.
Орхон аймгийн ерөнхий боловсролын зарим сургуулиудад “Нээлттэй парламент” дадлагажих хөтөлбөрт шалгарсан оюутнуудын төлөөлөл “Үндсэн хууль ба ардчилал” сэдвээр хичээл орж, чөлөөт уулзалт зохион байгууллаа. Парламентат ёсны талаарх мэдлэг, ойлголтыг түгээн дэлгэрүүлж, хууль тогтоох үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг дээшлүүлэх, залуусын эрх зүйн боловсролыг нэмэгдүүлэх зорилготой уг хөтөлбөрт хамрагдсан оюутнууд Байнгын хороод болон ажлын хэсгүүдэд ажилласан мэдлэг, туршлагаасаа ийнхүү хуваалцсан юм.
Энэ үеэр УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Үндсэн хуульт засаглалын онцлог, үнэт зүйлсийн талаар сурагчидтай ярилцаж, хуулийн төслүүдийг хэлэлцэн батлах процесс болон олон нийтийн оролцооны хэлбэрүүдийн талаар нээлттэй санал солилцлоо. Сурагчидтай хийсэн уулзалтад УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн Сургалт, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Н.Энхбаатар нар албаны бусад хүмүүсийн хамт байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл бичих