“Шударга 5” ба Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар гэдэг үеэлүүд эрх мэдлийг атгасан нь
Х.Баттулга, Ц.Нямдорж гэдэг “Том ах нар”-тай “Шударга 5”-аас тодорсон Ерөнхий сайд бол Л.Оюун-Эрдэнэ. Улс төр дэх наяад оны төлөөлөл болсон энэ залууг Сүхбаатарын талбайд “МАНАН дэглэмийг нурааж, шударга ёсыг тогтооно” гэж анх гарч ирэхэд цугларсан олон уухайлан дэмжиж байсан. Дүн өвлийн хүйтэнд лоовуузан малгай, үстэй дээл өмсөн Төрийн ордонд орж ирж, тухайн үеийн УИХ-ын дарга М.Энхболдын хаалгыг нүдэж, өөдөөс нь эгц харан “Ажлаа өг, хариуцлагаа хүлээ” гэхэд иргэд бас дэмжсэн. Тэр бол 2019 оны нэгдүгээр сард болсон явдал. “60 тэрбум”-ын хэргийн гол эзнээр тодорсон М.Энхболдын өрөөнөөс Л.Оюун-Эрдэнэ гарч ирснийхээ дараа Ж.Батзандан, Х.Нямбаатар, Лу.Болд, Т.Аюурсайхан, “ДМНН нэгдэл” ТББ-ын тэргүүн Д.Дашням нартай хамт хэвлэлийн бага хурал хийсэн. Тэр үед Л.Оюун-Эрдэнэ “Жагсагчид олноор цугларсныг М.Энхболд огт мэдээгүй сууж байна. Бидний дунд халуухан маргаан өрнөлөө. М.Энхболдод “Ард түмний дунд хуралдсан уур хилэнг та ерөөсөө тоохгүй байна. Ж.Батмөнх дарга ингэж байгаагүй юм” гэж хэлсэн. Төв талбайд 40-50 гэр бариад хугацаагүй суулт хийхээс өөр гарцгүй болж байна. Хэрэв М.Энхболд огцрохгүй бол УИХ-ын гишүүд бид манлайлж өлсгөлөн зарлана. Жагсах цуглах эрхээ олон жил алдсан байсан иргэд сэрж байна. МАНАН бүлэглэлийнхэн, тэдний гар, хөлүүд дургүй байгаа нь ойлгомжтой. Нэг зүйлийг ойлголоо. М.Энхболдод уужуу ухаан, монгол хүнийг гэх сэтгэл зүрх байхгүй, төмөр зүрхтэй хүн юм. “Талбай дээрх хүмүүс, нийгмийн уур амьсгал надад огт хамаагүй. Та нар намайг яаж ч чадахгүй. Надад албан тушаал, төрийн тусгай хамгаалалт байгаа. Хэрэв та нар намайг чирж гаргах гэвэл Үндсэн хуулийн бус аргаар төрийн эргэлт хийсэн болно” гэсэн тайлбарыг М.Энхболд өгч байна. Монголд ийм төрийн зүтгэлтэн дахиж битгий олон төрөөсэй” хэмээн мэдэгдэж байв. “Шударга 5” Төрийн ордноос төв талбайд эргэн ирж, гэр барьж суулт хийсэн. Тэгэхэд Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдэд хэлсэн үг нь “Би ямар ч албан тушаалд очихгүй”. Гэвч М.Энхболд УИХ-ын даргаас огцорч, улс төрд эрх мэдлийн дахин хуваарилалт явагдахад Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга болж байв. Харин түүний үеэл Х.Нямбаатар 2020 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон. Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар гэдэг үеэлүүд ийнхүү эрх мэдлийг атгаж, “Эрдэнэт үйлдвэр”-т онцгой дэглэм тогтоож, С.Зоригийг хөнөөсөн хэргийг улс төрийн гол сэдвээ болгож, МАНАН бүлэглэлийн эсрэг акциа улам идэвхжүүлж, М.Энхболд тэргүүтэй “60 тэрбум”-ынхныг эрх мэдлийн тойргоос гаргаж, АН талаас Х.Баттулга гэдэг “Дон Корлеоне”-той, МАН талаас Ц.Нямдорж гэдэг “Том ах”-тай, Ж.Батзандан, Лу.Болд гэдэг “Асар, Басар” хоёртой хүчирхэг бүлэглэл болон хувирсан удаатай.
Хэнтийн төсөв ба “Хэро” Б.Баатар улс төр, урлагийг хослон найруулсан нь
Хэнтий аймаг бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тойрог. 2024 оны төсвийн төсөлд орон нутагт нийт 5.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тусгасны 1.17 их наяд төгрөгийг Хэнтий аймагт хуваарилж байжээ. Өөрөөр хэлбэл, 21 аймагт хийх хөрөнгө оруулалтын тавны нэгийг зөвхөн Хэнтийд хуваарилсан... Харин 2025 онд зүүн бүсийн аймгуудад нийт 501 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг улсын төсвөөс хийхээр тусгаснаас 280 тэрбум төгрөгийг Хэнтий аймагт хуваарилсан аж. Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2025 онд 438 тэрбум 500 сая төгрөгийн төсөв захиран зарцуулах эрхтэй. Энэ бол гүйцэтгэх засаглалын тэргүүнээр дөрөв дэх жилдээ ажиллаж буй Л.Оюун-Эрдэнийн ганцхан жилд зарцуулах төсөв. У.Хүрэлсүхээс Ерөнхий сайдын тамгыг хүлээн авсан 2021 оноос хойшхи төсвийг тооцвол тэрбээр өмнөх Ерөнхий сайд нараас хамгийн их төсөв зарцуулсан нэгнээр тодорсон. Үүнээс гадна Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр үнэмлэхүй эрх мэдэлтэй Ерөнхий сайд. Цагдаа, тагнуул, АТГ түүний мэдэлд. Улс төр дэх “Хэнтийн бүлэглэл” Л.Оюун-Эрдэнийн үед улам хүчирхэгжсэн. Одоо тэр өөрөө нэгэн цагт “Number one” хөдөлгөөн байгуулж 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар дэмжиж байсан Н.Энхбаяраас ч хүчтэй схемийн эзэн, хотын фракцийн толгойлогч асан М.Энхболдоос илүү эрх мэдэлтэй. Л.Оюун-Эрдэнэ эрх баригч МАН-ын дарга, Ерөнхий сайд бол үеэл Х.Нямбаатар нь хотын мэр, төрсөн ах “Хэро” Б.Баатар нь “Гэрэгэ тауэр”-ийн 15 давхар дахь “Тамгагүй төр”-ийн толгойлогч. УИХ-ын 126 гишүүн дотор Л.Оюун-Эрдэнийнхэн суудлаа эзэлж, хамтарсан Засгийн газар нэрээр АН, ХҮН намыг ч “хатавч”-ндаа суулгаж чадсан. Харин түүний ах “Хэро” Б.Баатарын гол АТМ нь Ч.Номин гэдэг сайдтай Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам гэж олон нийт харддаг. Өмнөх Засгийн газрын үед Соёлын яам байсныг ийнхүү спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болгон хариуцах салбарыг нь өргөжүүлж, Ч.Номинг сайдаар нь дахин томилсон. “Шударга 5”-ын нэг болж шударга ёсны төлөө чанга дуугарч явсан Л.Оюун-Эрдэнэ ЗГХЭГ-ын дарга болсны дараа дэгдсэн дуулиан нь Хэнтий аймгийн Батноров суманд барьсан “Андлалын өргөө” юм. Урлаг, гоо зүйн шаардлага огт хангаагүй энэхүү цогцолборыг барихад таван тэрбум төгрөг төсөвлөснөөс хоёр тэрбум төгрөгийг нь улсын төсвөөс гаргасан гэх мэдээлэл олны сонорт хүрч, бөөн хэл ам дэгдээж байсан удаатай. “Андлалын өргөө” барьж, 400 сая жуулчин авчирна” гэх Л.Оюун-Эрдэнийн романтик мөрөөдөл ч одоо болтол биелээгүй л байна. Өргөө тойрсон дуулианаас гадна өөр нэгэн хэл ам дэгдсэн нь “Хэро энтертайнмент”-ийн Б.Баатар, жүжигчин Г.Ундармаа, “Sound of Mongolia” продакшны захирал Х.Дамдинсүрэн, Соёлын дэд сайд асан М.Батбаяр нарын байгуулсан “Хүүхдийн төлөө фонд” ТББ. Тэд хамтран телевизийн шууд нэвтрүүлэг хийж, ард түмнээс хандив цуглуулсан нь хоёр тэрбум 25 сая төгрөг болсон, хандивын мөнгөө ХНХЯ-ны дэргэдэх Хүүхдийн төлөө санд хүлээлгэн өгсөн тухайгаа мэдэгдсэн ч энэ мөнгийг юунд зарцуулсан нь одоо ч тодорхойгүй. Л.Оюун-Эрдэнийн эрх мэдлийг дагаж “Хэро” Б.Баатарын нөлөө улс төрд хүчээ авч, түүний экс эхнэр Ч.Ундралыг Ч.Номин 2022 онд Кино урлагийн зөвлөлийн захирлаар томилж байв. Улс төр, урлагийг хослуулсан “Маш том бүлэглэл”-ийн гол төлөөлөл нь Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ, Б.Баатар.
Л.Оюун-Эрдэнийн айдас ба “15 давхрынхан”-ы алдаа
Л.Оюун-Эрдэнэ айдастай байна. Тэр өнгөрсөн хугацаанд өөртөө олон дайсан хураасан. “Эрдэнэт”-ийн 49 хувийнхнаас эхлээд М.Энхболд, Ц.Элбэгдорж тэргүүтэй улс төрд нэгэн цагт хүчтэй, нөлөөтэй явсан улстөрчидтай “дайн” зарласан. Ц.Элбэгдорж “Улстөрч болно гэдэг холгосон өсгийн дээрээ үргэлж гишгүүлж явахын нэр” гэж хэлсэнчлэн Л.Оюун-Эрдэнийн “Ялаанууд” түүний алдааг өнөөдөр тоолж байна. Хүү, бэр хоёрынхоо тансаглал, орлогоо нотолж чадахгүй мунгинаж яваа айдас хүйдэс нь Л.Оюун-Эрдэнийг хүний, өөрийн нам дахь өрсөлдөгчдөд нь барьж өгч байна. “Амаргүй цаг үе, цаг нь болохоор зарлана, УИХ-д удахгүй ноцтой баримтуудыг оруулж ирнэ” гэх өөрийгөө ороосон мэдэгдлүүд нь Л.Оюун-Эрдэнэд итгэх иргэдийн итгэлийг улам сулруулж, нийгмийн бухимдалд оч нэмсэн нь үнэн. Л.Оюун-Эрдэнийн хэзээ ч биелшгүй амаргүй амлалтууд дээр “Хэро” Б.Баатар тэргүүтэй “15 давхрынхан”-ы бэлтгэсэн криминал цувралууд тус болсон гэхээсээ илүү гай болсон. Хэдийгээр Б.Баатарын бригадынхан УИХ-ын 2024 оны сонгуулиар ПР-ынхаа гол байгаар Ц.Элбэгдоржийг онилж, С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял сонссон этгээдүүдийн цуврал ярилцлагыг телевизийн сувгуудаар дамжуулж, “Л.Оюун-Эрдэнэ гэдэг Ерөнхий сайд яг ямар ажил хийсэн бэ” гэх сонгогчдын асуултыг өөр сэдэв рүү саринуулж, Л.Оюун-Эрдэнийг сонгуульд ялуулсан ч үр дагавар нь улс төрд яг одоо үүсээд буй нөхцөл байдал юм. Б.Баатар тэргүүтэй “15 давхрынхан” Л.Оюун-Эрдэнийг сонгуульд ялуулж, Ерөнхий сайдаар улиран томилогдоход нь чухал үүрэг гүйцэтгэсэн ч Л.Оюун-Эрдэнийн ялалт ял мэт давхар цохилттой ирсэн нь энэ аж. Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуулиар Ц.Элбэгдоржийн эсрэг “Цихуа ажиллагаа” явуулсныг экс Ерөнхийлөгч овжин ашиглаж өндөр настай ээжийнхээ өмнө өлмий сөгдөн уйлж өрөвч сэтгэлтэй монголчуудын олонхийн саналыг авч байсан түүх бий. Харин Л.Оюун-Эрдэнийн тухайд, хүү, бэрийнхээ тансаглалд ороогдож, хэвлэлийнхнээс зугтаж, бултаж үзсэний эцэст хэлсэн үг нь “Ялаа” байлаа. Бэрийнхээ брэндийн цүнхний хэрүүлийг Төрийн ордон дахь том улс төрийн сэдэл болгож, тэр ч атугай МАН-ын байр руу чирж одов. Л.Оюун-Эрдэнийн эсрэг “Огцрох амархан” жагсагчдад “15 давхрынхан”-аас барьсан хариу нь “Бат зогс”. Сошиал сүлжээнд хүмүүсийн элэг доог болж байгаачлан “Ухаахудагийг авъя” гэх уриа лоозон барьсан хөгшчүүдийн цуглаан нь үсрээд 10 минут үргэлжилсэн аж. Хүү, бэр хоёрынхоо тансаглалын эх үүсвэрийг татварын сайт ухаад л гаргаад ирчих атал Л.Оюун-Эрдэнэ сүүдрээсээ айж, сүүлнээсээ бусгав гэдэг л болж байна. Хамтарсан Засгийн газарт урьж оруулсан АН, ХҮН намынхныг хөөж, хаяагаа хадрахдаа тулав.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Засгийн газрыг ордноос бус, “Гэрэгэ тауэр”-ийн 15 давхраас удирддаг болоод удаж байна. Дарга, сайд нар тэнд очиж чиглэл, даалгавар авдаг” гэж дурдсан. Тамгатай төртэй эн зэрэгцэн “Тамгагүй төр” тэнд төвхнөснийг илчилсэн хэрэг. Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ, Б.Баатар нарын хоршил улс төр, хууль хяналт, урлаг соёл, хэвлэл мэдээллийг хяналтдаа оруулсныг улс төрийн хүрээнийхэн төдийгүй жирийн иргэд ч мэддэг болсон. Тиймээс тэд хүссэнээ “Нийгмийн дайсан”-аар тодруулж, хэвлэл мэдээлэл, сошиал сүлжээнд олны бай болгож, монголчуудын оюун санааг бохирдуулж байна. Хагарал талцал ч дээд цэгтээ хүрэв. Хэрэгт дуртай хүмүүс “15 давхар”-аас бэлтгэсэн криминал цувралуудыг эхлээд сонирхон үздэг, тэнд бүтээсэн “Мангасууд”-ыг жигшин зэвүүцдэг байсан бол өнөөдөр ард олныг хар технологиор тархидах хэмжээлшгүй их эрх мэдэлтэй болсон “15 давхрынхан” хийгээд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг үзэн ядахдаа туллаа. Энэ бол Л.Оюун-Эрдэнийн эрх мэдлийг дархлах гэсэн биш монголчуудын оюун санааг хорлосон “15 давхрынхан”-ын алдаа. Эрх мэдэл, их мөнгөн дээр тогтсон энэ ашиг сонирхлын нэгдэл эцэстээ Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаас огцроход хүргэлээ. Тэр яг одоо улс төрд “15 давхар”-ын уналт хийж байна. Х.Баттулга, Б.Баатар хоёрт Л.Оюун-Эрдэнийг аварч үлдээх “олс” үгүй бололтой.
С.Тулга
Сэтгэгдэл бичих