УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Орон нутгийн түвшинд эмэгтэйчүүдийн хариуцлага, эмэгтэйчүүдийн гаргаж байгаа шийдвэрийг илүү үр дүнтэй, бодитой болгох чиглэлд УИХ хамтарч ажиллах болно


5-р сарын 21
13 цаг 51 минут

       -Орон нутгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэй улс төрчдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний манлайлах бололцоог сурталчлах, нийгэмд эерэг нөлөөллийг бий болгох зорилгоор зохион байгуулж буй “Бид эмэгтэйчүүд” чуулганыг нээж УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хэлсэн үг-

Эрхэм зочид оо,

Өнөөдөр бид Монгол Улсын ардчилал, тэгш эрх, оролцоонд суурилсан нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах нэгэн чухал арга хэмжээг зохион байгуулж байна. Энэхүү чуулганд эмэгтэйчүүд оролцож байгаа боловч эмэгтэйчүүдийн эрхийн тухай, эмэгтэйчүүдэд тулгамдсан асуудлын тухай төдийгүй нийт иргэд, нийгмийн тулгамдсан асуудал, улс орны тогтвортой хөгжлийн зорилтыг шийдвэрлэхэд төр засгийн дээд болон орон нутгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, манлайллын дэмжих бодлого, үйлдлийн шинэ хандлагыг эхлүүлэхэд чиглэгдэж байгаагаараа онцлогтой байна.

Шинэ зуунд эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоо, тэр дундаа шийдвэр гаргах түвшний оролцоо нэн чухал, дэлхий нийтийн хандлага болсон байна. Энэ чиг хандлагыг харгалзан Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулан сонгуулийн холимог тогтолцоог сонгож, нам эвслээс сонгуульд нийт жагсаалтаар нэр дэвшигчдийн 30 хувиас доошгүй нь, тойрогт нэр дэвшигчдийн 50 хувь нь эмэгтэйчүүд байхаар хуульчилсан зоримог алхмыг бид өнгөрсөн жил хийсэн. Үр дүнд 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн 1341 хүний 38,7 хувь буюу 520 нь эмэгтэйчүүд байсан нь түүхэн дээд үзүүлэлт болсон төдийгүй, 32 эмэгтэй УИХ-ын гишүүнээр сонгогдож парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл 25,4 хувь болсон нь мөн дээд амжилт бөгөөд Ази тивдээ парламент дахь эмэгтэй гишүүдийн оролцооны түвшнээрээ тэргүүлж эхэлсэн. Энэ нь улс төрийн ухаалаг зөвшилцөл, зөв үйлийн төлөөх зоримог шийдлүүдийн эерэг дүн байсан. Өнөөдрийн энэ чуулган манай парламентын эмэгтэй гишүүдийн манлайлал, санаачилга, идэвхтэй оролцооны хүчээр болж буй бөгөөд олсон амжилтаа бататгаж, орон нутагт шинэ давлагаа, шинэ хөдөлгөөн эхлүүлэх алхам хийж байгаад талархалтай байна.

2024 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээс харахад аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн 17,9 хувь, сум, дүүргийн ИТХ-ын 28,8 хувь нь эмэгтэйчүүд байна. Үүнийг парламентын үзүүлэлттэй харьцуулахад аймаг, нийслэлийн түвшин доогуур байгаа ч сум, дүүргийн түвшинд 3 хувиар дээгүүр байна. Хэдийгээр орон нутгийн ИТХ-ын эмэгтэй гишүүдийн тоо аажмаар нэмэгдэх хандлагатай байгаа боловч тэднээс удирдах түвшинд сонгогдсон нь тун цөөн байна. Тухайлбал 21 аймаг, Нийслэлийн ИТХ-ын дарга нарын 3 нь, 9 дүүргийн ИТХ-ын даргын нэг нь, 330 сумын ИТХ-ын даргын 41 нь эмэгтэй төлөөлөгч байгаа нь Жендерийн эрх тэгш байдлын тухай хуульд заасан квотоос 1-2 дахин доогуур үзүүлэлт байна. Орон нутгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэй улс төрчдийн оролцоо гэдэгт иргэдийн Хурлын төлөөлөгчөөс гадна засаг захиргааны бүх шатны удирдлагад томилогддог улс төрийн албан тушаалтан болох Засаг дарга, орлогч дарга нар мөн хамаардаг. Төрийн албаны зөвлөлөөс гаргасан тайлангаас үзэхэд энэ оны байдлаар засаг захиргааны анхан шатны нэгж болох багийн Засаг даргын 23 хувь, хорооны Засаг дарга нарын 47 хувь, сумын Засаг даргын 13 хувь, дүүргийн Засаг дарга нарын 11 хувь нь эмэгтэйчүүд байна. Харин аймаг, нийслэлийн түвшинд нэг ч эмэгтэй Засаг дарга томилогдоогүй байгаа нь өмнөх үеэсээ ч ухарсан үзүүлэлт болж байна. Дээрх тоон мэдээнээс үзэхэд Жендерийн эрх тэгш байдлын тухай хуульд заасан квотыг ганцхан нийслэлийн хорооны Засаг даргын томилгооны түвшинд хангасан байх бөгөөд орон нутгийн бусад бүх шатны Засаг дарга, орлогч даргын албан тушаалд томилогдсон эмэгтэй улс төрчдийн үзүүлэлт квотоос доогуур байна. Энэ бол хууль хэрэгждэггүйн нэг тод жишээ мөн. Тиймээс бид эхлээд шийдвэр гаргах түвшинд эмэгтэй улс төрчдийн оролцооны үзүүлэлтийг хуульд заасан хэмжээнд хүргэх ёстой. Тэгээд бид цаашаа явах болно.

УИХ-ын сонгуульд нам эвслээс нэр дэвшигч эмэгтэйчүүдийн квот 2024 онд 30 хувь байсан. Тэгвэл хуульд заасны дагуу 2028 оны сонгуулиар 40 хувь болгохоор зорилт тавин ажиллаж байгаа. Үүнтэй холбоотойгоор Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг ч эргэж харах цаг нь болсон гэж үзэж байна. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо нь зөвхөн тоон үзүүлэлтээр төдийгүй чанарын үзүүлэлтээр бас тодорхойлогддог. Тэд нийгмийн эмзэг бүлгийн дуу хоолойг төрийн бодлогод тусгах, орон нутгийн хөгжлийг илүү хүртээмжтэй тэгш болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг. Ялангуяа хөдөө орон нутгийн эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд, залуу эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь бидний хамтын зорилт байх болно. Эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэхийн хэрээр боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал зэрэг салбарын бодлого илүү хүртээмжтэй, тэгш, хүний эрхэд суурилсан болдог нь олон улсын болон үндэсний судалгаагаар нотлогдож байна. Энэ чуулганд парламентад суудалтай бүх нам, эвслийн удирдлага оролцож, бодлого байр сууриа танилцуулж байгаа нь асуудалд ач холбогдол өгч буйн илэрхийлэл төдийгүй Та бүхэнд үзүүлж байгаа хүндэтгэл юм. Мөн БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, “Нийгмийн оролцоог дэмжих сан”-гийн тэргүүн, эрхэмсэг хатагтай Абэ Акиэ нар Та бүхэнтэй мэндчилж, туршлага сургамжаасаа хуваалцах болсонд талархаж, хүндэт зочдод Та бүхний өмнөөс болон хувиасаа талархал дэвшүүлж байна.

Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн улс төр, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилтыг тодорхой тусгасан. Энэ хүрээнд орон нутгийн түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг бодитойгоор нэмэгдүүлэх нь зөвхөн жендэрийн тэгш эрхийн асуудал биш, харин ард нийтийн амьдралын чанар, шийдвэр гаргалтын хүртээмж, олон түмний итгэлийг нэмэгдүүлэх үндэс суурь нь болно. Иргэдийнхээ итгэл дэмжлэгээр орон нутгийнхаа шийдвэр гаргах түвшинд сонгогдож, томилогдсон улс төрч эмэгтэйчүүд Та бүхэн улс төрийн намын харьяалал, үзэл бодол, итгэл үнэмшлийн ялгаанаас давж, нийтийн тусын тулд нэгэн үзүүрт сэтгэлээр ажиллаж, эмэгтэй удирдагч, улс төрчдийн ёс зүй, ажил хэрэгч манлайлал үзүүлэн иргэдэд ээлтэй шийдвэр гаргахад оролцоогоо нэмэгдүүлэн тэдний дуу хоолой болж ажиллах нь хувь иргэний үүрэг төдийгүй Монголын нийт эмэгтэйчүүдийнхээ өмнөөс хүлээсэн нийгмийн хариуцлагатай үүрэг юм. Иймд бид эмэгтэйчүүдийнхээ улс төрийн оролцоо, манлайллыг өргөжүүлэхийн тулд нэгдүгээрт, квот, сургалт, сүлжээг бодлогын түвшинд дэмжих болно. Хоёрдугаарт,  орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, байгууллагууд эмэгтэйчүүдийн оролцоог бодлогын түвшинд дэмжиж ажиллах, гуравдугаарт, тусгай хэрэгцээт болон хөгжлийн бэрхшээлтэй залуу охид, эмэгтэйчүүд, хөдөө орон нутгийн эмэгтэйчүүдийн дуу хоолойг бодлого шийдвэрт тусгах зэрэг өргөн хүрээнд олон чиглэлээр хамтран ажиллах шаардлагатай.

Үүний тулд УИХ-ын даргын хувьд гишүүдийнхээ оролцоо дэмжлэгтэйгээр нийгмийн олон бүлгийн эмэгтэйчүүдэд хамааралтай, тухайлбал залууст хандсан “Нээлттэй парламент”, ахмад үеэс туршлага суралцах “Эксперт” хөтөлбөр, эмэгтэй бизнес эрхлэлтийг дэмжсэн “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” зэрэг хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлж эхлээд байна.

Мөн өнөөдрийн энэхүү “Бид эмэгтэйчүүд” чуулганаас гарах шийдвэр, Та бүхний санал бодолд үндэслэн улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр тусгай хөтөлбөр гарган ажиллах болно. Энэ ташрамд, өнгөрсөн хугацаанд парламентад суудалтай улс төрийн намууд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОЙКА/-тай хамтарч Монгол Улс дахь жендэрийн эрх тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшинд оролцох оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр бодитой хамтран ажилласныг дурдах нь зүйтэй. НҮБ-ын зүгээс анх удаагаа үйл ажиллагаа явуулж байгаа улсынхаа улс төрийн намуудтай хамтарсан Санамж бичгийг байгуулж, олон улсын байгууллагуудыг оролцуулж, бодит хувь боломжийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх алхмыг хийсэн байдаг. Энэ ажлын үр дүн өнөөдөр Та бүхэнтэй уулзаж буйн нэг том эхлэл суурь байсан гэдгийг хэлэхийг хүсэж байна.

Өнөөдөр энэхүү чуулганд хүрэлцэн ирсэн Олон улсын байгууллагын төлөөлөгч нарт талархал дэвшүүлж байна. Бидэнд хуулиар эмэгтэйчүүдийн квотыг тогтоож өгөхөөс гадна Монгол Улсынхаа нийгэм, ёс заншил, уламжлал зэрэгт эмэгтэйчүүдийн оролцоог бодитой дэмждэг байх үзэл хандлагыг суулгахад илүү төвлөрч ажиллах шаардлага байгаа нь харагддаг. Ялангуяа, орон нутгийн түвшинд эмэгтэйчүүдийн хариуцлага, эмэгтэйчүүдийн гаргаж байгаа шийдвэрийг илүү үр дүнтэй, бодитой болгох чиглэлд УИХ хамтарч ажиллах болно. Та бид хамтдаа томоохон өөрчлөлтийг авчирч чадна гэдэгт итгэж байна. Эмэгтэйчүүд сонгогдож ажиллаж байгаа орчин болгон илүү үр дүнтэй, ажил хэрэгч, илүү өргөн цар хүрээгээр харсан шийдвэр гаргаж чаддаг байх болно гэдэгт огт эргэлздэггүй.

Өнөөдрийн “Бид эмэгтэйчүүд” чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.

Төрийн ордон

2025.05.21



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Өндөр настан Д.Балбармаа: Насаараа цай, сүүний дээжээ сүслэн өргөсөн Төрийн сүлдээ бодитоор нь харж, танилцлаа1 сар 22. 14:41338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоожээ1 сар 22. 14:37Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй байршлууд1 сар 22. 12:51СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тэтгэвэрт гарсан иргэдийг онилсон цахим залилангийн гэмт хэрэг бүртгэгдэж байна1 сар 22. 10:54Ирэх хоёрдугаар сард олон жилийн дунджаас хүйтэн байна1 сар 22. 10:20Ерөнхий сайд Г.Занданшатар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Ги Пармелантай уулзав1 сар 22. 9:37"Оройгүй сүм"-ийг санагдуулам "Гэгээн" бүтээлийн тухай залуус юу хэлэв1 сар 22. 9:34Б.Чойжилсүрэнг “буцаах” цаг нь болжээ1 сар 22. 9:27Ерөнхий сайд Г.Занданшатар Бельгийн Хаант Улсын Ерөнхий сайд Барт Де Вевертэй уулзав1 сар 22. 9:08ТББХ намрын ээлжит чуулганы хугацаанд нийт 28 асуудлыг хэлэлцэж, 21 тогтоолыг баталжээ1 сар 22. 9:02Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм хүйтэн1 сар 22. 8:55Б.Чойжилсүрэн: Зуухны гэмтлийг шуурхай засварлаж байна, өнөөдөртөө хэвийн горимд шилжүүлнэ1 сар 21. 13:48Монголбанк 126 ажилтнаа цомхотгожээ1 сар 21. 11:31Битүүний өдрийг амралтын өдөрт шилжүүлэхээр шийдвэрлэжээ1 сар 21. 11:19Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хүрээнд холбогдох яамны мэдээллийг сонслоо1 сар 21. 11:12П.Болдбаатар: "ТЭЦ-IV" дээр шинээр нэг зуух авах саналыг 2018 оноос тавьсан ч өнөөдрийг хүртэл шийдээгүй. Бид өндөр эрсдэлд байна1 сар 21. 10:35Зудын эрсдэлийг хохирол багатай даван туулах зорилгоор нөхөн төлбөрийг нэг удаа урьдчилан олгож болно1 сар 21. 10:29Г.Занданшатар: Сурагч бүрийн онцлогт нийцүүлсэн, хиймэл оюунд суурилсан "туслах багш" хөгжүүлж байна1 сар 21. 9:30НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно1 сар 21. 9:24Дэлхийн аялал жуулчлалын ирэх 10 жилийг тодорхойлох зорилготой хуралдаанд Ерөнхий Сайд Г.Занданшатар оролцож, үг хэлэв1 сар 21. 9:13Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм хүйтэн1 сар 21. 9:04Ерөнхий сайд Г.Занданшатар БНСУ-ын Худалдааны сайд Ё Хан Гү-тэй уулзаж, санал солилцлоо1 сар 20. 19:02“Н.Тавинбэхийн хам хэрэгтэн Б.Насантогтохыг MCS-тэй холбох нь захиалгат улс төр” гэв1 сар 20. 17:50Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад Ерөнхий сайд Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна1 сар 20. 15:58УИХ-ын дарга Н.Учрал “Эрдэнэнар” станцын үйл ажиллагаатай танилцлаа1 сар 20. 15:50АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал1 сар 20. 14:17Малайзын Засгийн газрыг хариуцлагаас чөлөөлжээ1 сар 20. 14:13Б.Батцэцэгийг 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нөөцөлж, М.Оюунчимэг, Д.Үүрийнтуяа нар СДМЭХ-ны Ерөнхийлөгчид өрсөлдөх үү1 сар 20. 14:02Японы парламентын доод танхимыг тарааж, ээлжит бус сонгууль явуулна1 сар 20. 10:35“Монголоос Барокко ертөнц рүү” үзэсгэлэнг Ром хотын Боргезе галерейд нээв1 сар 20. 9:58
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.