У.Хүрэлсүх ялав: Б.Жавхлан, Ж.Энхбаяр, Н.Учрал нарын хэн нь Ерөнхий сайд болох вэ


5-р сарын 22
8 цаг 12 минут

                  Улс төрд санамсаргүй зүйл гэж үгүй. “Цүнх ажиллагаа” ч мөн адил. Жижиг чулуугаар том чулууг цохихтой адил үйл явц ид өрнөж байна. Хөшигний цаадахь улс төр тайзан дээр ил гарлаа. Цүнхний хэрүүл, “Огцрох амархан” жагсаалын цаана Л.Оюун-Эрдэнийг огцруулж, Х.Баттулгын хүчийг сулруулах У.Хүрэлсүхийн улс төр эрчээ аваад байна. Ерөнхий сайдын хүү, бэрийн тансаглалтай холбоотой дуулиан сошиал сэдэв болохтой зэрэгцэн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Экс, эдүгээгийн Ерөнхийлөгч нар Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших боломжийг Үндсэн хуулиар нээж өгч болохгүй” гэсэн санаачилгыг гаргасан. Энэхүү санаачилгад Х.Баттулга гарын үсэг зурсан нь олны анхаарлыг татаж эхэлсэн юм. Х.Тэмүүжингийн хувьд, АН дахь “Нэг ардчилал”-ын угшилтай, 2012-2016 онд АН эрх барих үед Х.Баттулга түүний эсрэг “Сайн ах” ажиллагааг явуулсан ч “Улс төрд мөнхийн нөхөрлөл гэж үгүй Харин мөнхийн эрх ашиг бий”-н бодит жишээ нь тэд болцгоосон. Тиймээс Х.Тэмүүжингийн дээрх санаачилгын захиалагч Х.Баттулга гэж хардах үндэслэл бий. Х.Баттулгын бай нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэдэг нь бараг л тодорхой. ЗГХЭГ-ын дарга Н.Учралд Төгрөг нуураар балбуулж буй Х.Баттулгын зүгээс У.Хүрэлсүхэд өгсөн хариу цохилт нь энэ болов уу. Ордны улс төр ийнхүү өрнөх зуур “Огцрох амархан” жагсаал улам өргөжиж байв. Л.Оюун-Эрдэнэ буланд шахагдав. Тэрбээр өнгөрсөн даваа гарагт (2025.05.19) УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар, Шадар сайд С.Амарсайхан, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар, хотын мэр Х.Нямбаатар нартай уулзсан. УИХ дахь МАН-ын бүлгийн хаалттай хуралдаанд оролцсон ч Б.Энхбаяр нарын гишүүд “Та нэгэн цагт нураахаар тэмцэж явсан МАНАН-г МАНХАН болгочихлоо. Өөрийнхөө асуудлыг нийтийн зовлон болгох хэрэггүй” гэж эсэргүүцсэн. Нэг генералтай, нэгдсэн удирдамжтай, даргынхаа үгийг ярсхийтэл гар өргөн дэмждэг МАН-ынхан Ерөнхий сайдаа сөрж дуугарна гэдэг тун ховор тохиолдол. “Огцрох амархан” жагсагчдын дуу улам чангарч, Л.Оюун-Эрдэнэ ордонд ганцаардав. Түүний сүүлчийн найдвар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байлаа. Өрөөнд нь орлоо. “Ажлаа өөрөө өг” гэдэг үг сонслоо. Х.Баттулга ах нь бараа сураггүй. Л.Оюун-Эрдэнэ ордонд намынхнаасаа аврал, дэмжлэг эрж байх зуур “Х.Баттулга АТГ-т мэдүүлэг өгчээ” гэх мэдээлэл хэвлэлүүдэд гарав.

            Л.Оюун-Эрдэнэ сүүлчийн сумаа тавив. Тэр нь МАН-ын даргын хувьд Бага хурлаа зарлан хуралдуулсан явдал байлаа. Тактикийн алдаа! Цүнхний хэрүүлийг намынхаа Бага хурал руу чирж орсон нь байж боломгүй тэнэглэл байв. Нөгөө мундаг зөвлөхүүд, алдарт “15 давхрынхан”-д цүнхний хэрүүлийг намжаах мэргэн санаа олдоогүй гэж үү. “Бат зогс” гэдэг үгтэй хачин зурагнаас өөрөөр олны анхаарлыг саринуулах зүйл байсангүй юу. “Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бол ПР-ын Засгийн газар” гэж МАН, АН байтугай монголчууд бүгдээрээ ярьцгаадаг болсон шүү дээ. Гэвч сонирхолтой нь МАН-ын Бага хурлаар өчигдөр (2025.05.21) цүнхний хэрүүл болон Л.Оюун-Эрдэнийг огцруулах эсэхийг хэлэлцээгүй. “Бүгдээрээ нийлж АН-ыг муулцгаая” гэдэг хурал болсныг мэдээлэлд ойр хүмүүс шоолон хэлэлцэж байна. Цүнхний хэрүүлийг орлогын баримт, татварын тайлангаа харуулаад л намжаачих атал Л.Оюун-Эрдэнэ Шадар сайд Л.Гантөмөр, Т.Доржханд хоёрыг камерийн өмнө улалзуулж, уурлуулж, нүдийг нь бүлтэлзүүлж, сүүлдээ бүр МАН-ын Бага хурал руу чирж орсон нь мөн ч хоржоонтой явдал шүү. Тэр ч бүү хэл өөрийг нь эцсээ хүртэл өмгөөлж дуугарсан өнөө муу хоёроо бэрийнхээ цүнхээр “ороолгож”, хамтарсан Засгийн газраа тараахаар болчихлоо. “Дараагийн ээлжнийхэн хоолондоо” хэмээн ээлжээ хүлээж буй МАН-ын Бага хурлын гишүүдэд энэ нь олз болов. Тиймээс Засгийн газарт хамтран ажиллах гэрээг зөрчсөн улс төрийн намыг оролцуулахгүйгээр Засгийн газрыг шинээр бүрдүүлэх тухай тогтоолыг батлахын дэмжих эсэхээр санал хураахад 61 хувь нь дэмжиж, 38 хувь нь дэмжээгүй аж. Харин Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд хэвээр үлдэх үү, огцрох уу.

            “Хэрэв МАН Засгийн газраа дангаар байгуулбал хариуцлага хүлээнэ”... Энэ бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн намынхаа Бага хурал дээр хэлсэн үг. Хаалттай хаалганы цаана хэлсэн энэ үгийг нь хэвлэлийнхэн хэдийнэ олж сонсоод мэдээлчихсэн. Логикийн хувьд, хамтарсан Засгийн газар байгуулсан гэрээг хамгийн түрүүнд зөрчсөн хүн бол Л.Оюун-Эрдэнэ өөрөө. Сонгуульд ялсан намын даргын хувьд тэрбээр Ерөнхий сайдаар улиран томилогдож АН, ХҮН намын дарга нарт урилга илгээсэн. Тэдэнтэй гэрээ байгуулсан. Цүнхний скандалд барьц алдахдаа хаа хамаагүй “Л.Гантөмөр, Т.Доржханд нарыг АН, ХҮН намаас дагуулж ирсэн сайд нартай нь засгаас хөөнө” гэж ам алдсан нь Л.Оюун-Эрдэнэ. Тэгэхээр тэр эхэлж гэрээгээ зөрчсөн гэсэн үг. АН-ын дарга Л.Гантөмөр шийр зааж “Хамтарсан Засгийн газраас урвахгүй”, ХҮН намын дарга Т.Доржханд хөөгдөх гэж байгаадаа бухимдан “Урьчихаад хөөж гаргавал ХҮН нам маш хүчтэй сөрөг хүчин байх болно” гэлээ. Гэвч тэдэнд одоо буруу харж уйлж, зөв харж инээгээд Л.Оюун-Эрдэнэд “Bye bye” гэх л үлдлээ. Л.Оюун-Эрдэнийн байгуулсан хамтарсан Засгийн газрын түүх нэг жил ч бололгүй ийнхүү төгсөв.

            Одоо гол тоглолт болно. Тодруулбал, Л.Оюун-Эрдэнэ намын Бага хурал дээр хэлсэн үгэндээ хүрч хариуцлага хүлээх эсэхийг олон нийт ажиглаж байна. Хариуцлага хүлээнэ гэдэг нь тэрбээр Ерөнхий сайдаас өөрийн хүсэлтээр огцрох тухай юм. Улс төрд өрнөж буй үйл явцаас харвал Л.Оюун-Эрдэнийн огцрох өргөдөл бараг бэлэн байгаа байх. Түүнд үүнээс өөр гарц үгүй. Ерөнхий сайд хэвээр үлдлээ гэхэд АН, ХҮН намынхан зүгээр суух уу. “Огцрох амархан” жагсаал Л.Оюун-Эрдэнийг огцор гэж шаардаж байгаа болохоос биш “АН, ХҮН намыг засгаасаа хөө” гээгүй. Хүний, өөрийн намынхны дайралт бүр ширүүснэ. Гудамжны улс төр хүрээгээ тэлж, анархизм болон хувирвал яана. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнэ огцрохоос өөр аргагүй. Төрийн ордны гурван давхарт дараагийн Ерөнхий сайдын нэр хэдийнэ тодорсон байж ч мэднэ. Ерөнхий сайдын даваа гарагийн уулзалтын үеэр, намын Бага хурал болохоос өмнө баахан кандидатуудын нэр хэвлэлүүдэд гарсан. Тэднээс хамгийн амбицтай яваа нь ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр нар. Дараагийн Ерөнхий сайдын төлөөх дал, наяад оныхны өрсөлдөөн эхэлчихсэн гэсэн үг. УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын хэлсэнчлэн Л.Оюун-Эрдэнийн халааг авахаар хурдаа авчихаад буй гурав. Гурвуулаа У.Хүрэлсүхийн хүмүүс. Харин тэдний хэний нэр Ерөнхийлөгчийн “халаас”-нд байгаа бол... МАН-ын Бага хурлын үеэр нэг сонин дүр зураг харагдсан нь санал хураалтын тооллогын комиссыг У.Хүрэлсүхийн экс хүргэн Б.Пүрэвдагва ахалсан явдал юм. Эрх баригч хүчин дэх энэ том бүтцэд УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийнхан жин дардаг. Тэгэхээр МАН-ын Бага хурал дахь хүчний харьцаа Л.Оюун-Эрдэнийн хувь заяаг хэн хэрхэн шийдсэнийг харуулж байгаа бус уу. Нэг зүйлийг онцлоход, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаас огцорвол МАН-ын даргаа ч өгөхөд хүрнэ. Түүнийг МАН-ын даргаас чөлөөлөхийн тулд намын их хурлаа зарлан хуралдуулна. Л.Оюун-Эрдэнээс ийнхүү нам, засгаа салгаж авбал МАН дахь Х.Баттулгын нөлөө байхгүй болно гэсэн үг. Харин У.Хүрэлсүхийн нөлөө улам хүчирхэгжинэ. “Намайг байгаа цагт Үндсэн хуульд дахин гар хүрэхгүй” гэх Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдлийн цаад санаа ч тайлагдана. “Юм гэдэг учиртай. Учир нь учиртай” гэдэг үгийг У.Хүрэлсүх хэлэх дуртай” гэж МАН-ынхан ярьдаг. Тэгэхээр цүнхний хэрүүл, Х.Тэмүүжингийн санаачилгатай давхцуулан хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулж дээрх үгийг дахин сануулсан нь учиртай. Юутай ч төв талбайгаас Л.Оюун-Эрдэнийн эсрэг чиглэсэн улс төрд У.Хүрэлсүх ялав. Н.Энхбаяр, М.Энхболд нарын хаанчлалыг эцэс болгож байсан тэрбээр энэ удаад Л.Оюун-Эрдэнэ ба Х.Баттулгын хоршилд том цохилт өглөө. Л.Оюун-Эрдэнэ одоо Л.Гантөмөр, Т.Доржханд хоёрын нүүрийг яаж харна! Цүнхний хэрүүлээс болж том хэлмэгдсэн хоёр шүү дээ. Монголын эдийн засгийн форум дээр “Монгол Улс мөнхийн эвслийн Засгийн газартай байх болно” гэж Л.Оюун-Эрдэнийн хэлсэн романтик үг биеллээ олсонгүй.    

                                                                                                                               С.Тулга      



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Д.Мөнх-Эрдэнийг ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын үүрэг гүйцэтгэгчээр томилов6 сар 18. 20:40Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ6 сар 18. 20:31Засгийн газрын гишүүдийг томилж, Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөв6 сар 18. 8:13Д.Амарбаясгалан: ДЦС-3-ыг өвлөөс өмнө хэвийн байдалд шилжүүлэх, шаардлагатай бол ҮАБЗ-д асуудлаа яаралтай танилцуулах ёстой6 сар 18. 1:20Х.Нямбаатар: Багшийн дээдийн нүхэн гарцыг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй байдлаар иж бүрэн шинэчилнэ6 сар 17. 21:05“Улаанбаатар Америк" сургуулийн зүүн талд шинээр явган хүний зам барина6 сар 17. 21:04Х.Нямбаатар: Монополын эсрэг газраас Сэлбэ хотын ТЭЗҮ, худалдан авах ажиллагааг нийцэлтэй гэж дүгнэсэн6 сар 17. 21:03Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа6 сар 17. 21:00Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын тендерийг долоодугаар сард нээнэ6 сар 17. 15:29Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна6 сар 17. 14:30МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Засгийн газрын бүрэлдэхүүний 40 хувьд өөрчлөлт оруулж, зарим сайд нарыг улираах нь зүйтэй гэж үзжээ6 сар 17. 14:24Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны цогцолбор барилга ашиглалтад орлоо6 сар 17. 11:24Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын хөдөлгөөнийг есдүгээр сард нээнэ6 сар 17. 11:22Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ6 сар 17. 11:192025 оны эхний таван сарын байдлаар нийтийн тээврийн орлого 22 тэрбум төгрөг, зорчилтын тоо 68.4 сая болж өслөө6 сар 17. 10:38Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ6 сар 17. 10:34Яармагийн гүүрний зүүн талаас Д.Сүхбаатарын талбай хүртэлх 7 км явган хүний замыг шинэчилж байна6 сар 17. 10:13УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь6 сар 17. 8:36Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан, дуу цахилгаантай аадар бороо орно6 сар 17. 8:34АТГ-ын дарга З.Дашдаваа! Л.Оюун-Эрдэнийн орлогыг нотлуулж чадахгүй бол огцроорой6 сар 16. 18:39Нийслэлийн гурван дүүрэгт дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа6 сар 16. 17:22Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ6 сар 16. 17:18Зайсангийн шинэ гүүрний авто замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын 30-нд нээнэ6 сар 16. 17:15WIKILEAKS Х.Тэмүүжинг АНУ-ын ЭСЯ-нд “Хов яригч”-аар нэрлэж байсан бол THE TIMES-ийн нийтлэлийн захиалагч нь Х.Баттулга уу, Л.Оюун-Эрдэнэ үү6 сар 16. 17:08Байгалийн чулуугаар шинэчилсэн авто замын хашлага 20-50 жилийн насжилттай6 сар 16. 17:04Б.Батцэцэг: The Times-т эш татсан эх сурвалжууд нь эрх мэдлээ алдсан этгээдүүд байхыг үгүйсгэхгүй6 сар 16. 15:38Энэ сарын 18-нд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө6 сар 16. 15:26Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав6 сар 16. 14:43АН: Шинэ Засгийн газрыг байгуулахдаа яам болон сайд нарыг тоог 50 хувиар бууруулах шаардлагатай6 сар 16. 14:41Нисгэгчгүй нисэх төхөөрөмж болох дрон технологийг хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцлээ6 сар 16. 11:58
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.