“Бид эмэгтэйчүүд” чуулга уулзалтад Японы нийгмийн хөгжлийг дэмжих сангийн тэргүүн Абэ Акиэ оролцлоо


5-р сарын 23
8 цаг 13 минут

         Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болон 330 сум, 9 дүүргийн төлөөлөл болсон 800 гаруй эмэгтэй оролцсон “Бид эмэгтэйчүүд” чуулга уулзалт /2025.05.22/ хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжиллээ.

Энэ өдрийн чуулганыг Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж нээж үг хэлсэн.

Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд амжилттай ажиллан, эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө зүтгэж буй нийт манлайлагч эмэгтэйчүүддээ, чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсэв.

Тэрбээр, Монгол Улсын Их Хурал жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих чиглэлээр олон чухал шийдвэрүүдийг гаргаж ирсэн. Тухайлбал, улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн квотын зохицуулалтыг тусгаж, цаашид уг квотыг нэмэгдүүлэх чиглэлд бодлого, арга хэмжээнүүдийг шат дараатай хэрэгжүүлж байна.

Эдгээр ажлын үр дүнд УИХ-ын болоод орон нутгийн сонгуулиудын үр дүнд эмэгтэй төлөөлөгчдийн тоо 500-700-гаар нэмэгдсэн. Өмнө нь 1500 орчим төлөөлөгч байсан бол 2200 болж өссөн нь манай улс эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоог бодитоор дэмжиж буйн илрэл юм.

Цаашид ч парламент энэ чиглэлээр тусгай хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд энэхүү ажлыг намууд хамтран дэмжих ёстойг онцлон тэмдэглэж байна гэлээ.

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, ИТХ-д нэр дэвшиж буй эмэгтэйчүүдийн төрийн албан дахь ажил, амьдралын баталгааг сайжруулах нь чухал гэдэг байр суурьтай байдгаа илэрхийлсэн. Мөн УИХ-ын эмэгтэй гишүүд төсөв, санхүүгийн асуудалд өндөр хариуцлагатай хандаж, оновчтой зарцуулалт хийх талаар манлайлан ажиллаж буйг дурдаад аймаг, сумын ИТХ-д ажиллаж буй эмэгтэйчүүд ч мөн адил гэрийн санхүүгээ зөв зарцуулдаг шигээ нутгийнхаа хөгжлийн төлөө зөв шийдвэр гаргаж чадна гэдэгт итгэлтэй байна гээд, төрд эмэгтэйчүүдийн оролцоо, бодлогын оролцоо зайлшгүй чухал гэдгийг онцолсон юм.

Энэ удаагийн чуулганд оролцсон хүндэт зочдын нэг нь Япон Улсын Ерөнхий сайд агсан Шинзо Абэгийн гэргий Японы нийгмийн хөгжлийг дэмжих сангийн тэргүүн, хатагтай Абэ Акиэ байлаа.

Хатагтай Абэ Акиэ, “Бид эмэгтэйчүүд” сэдэвт, орон нутаг болон нийслэлийн иргэдийн төлөөлөгчөөр ажиллаж буй эмэгтэйчүүдийг дэмжих анхдугаар чуулганд уригдан оролцох боломж олдсонд баяртай байгаагаа илэрхийлсэн.

Энэхүү чуулганыг санаачлан зохион байгуулсан Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, дэд дарга Х.Булгантуяа болон халуун дотноор угтан авсан бүх хүмүүст гүн талархал илэрхийлэв.

Тэрбээр, Энэ жил Япон улсын Эзэн хаан, хатан нар Монголд айлчлалаа хийх гэж буйг сонсоход үнэхээр баяртай байна гээд энэ нь бидний өвөг дээдэс, мөн миний нөхөр, Ерөнхий сайд агсан Абэ Шинзо нарын хүч хөдөлмөрийн үр дүнд бүтээсээр ирсэн Япон-Монголын харилцаа улам гүнзгийрч буйг илтгэх бодит бэлгэ тэмдэг билээ.

Миний нөхөр 2013, 2015, 2016 онд нийт гурван удаа Монгол Улсад айлчилсан. 2013, 2015 онуудад миний бие ч мөн хамт ирж, Монголын цэлмэг тэнгэр, элэгсэг ард түмний халуун дулаан сэтгэлтэй танилцсан билээ. 2013 онд нөхөртэйгөө хамт ширтсэн тэр их одод түгсэн тэнгэр өнөөг хүртэл сэтгэлд минь тодхон байдаг. Энэ удаад, арван жилийн дараа таатай дурсамж дүүрэн Монгол улсад дахин ирэх боломж олдлоо хэмээсэн.

Түүнчлэн өдгөө Монгол Улс улам хөгжин дэвшихэд энэхүү чуулганд цугласан бүсгүйчүүдийн оролцоо, манлайлал хамгаас чухал гэж итгэж байна гээд, олон улсад эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих үүднээс Япон Улс хэрхэн ажилласаар ирсний нэгэн жишээг хуваалцсан юм. 2014 онд Японы Засгийн газраас Ерөнхий сайд агсан Шинзо Абэгийн үзэл санааны дор “Эмэгтэйчүүд гэрэлтэй нийгэм рүү олон улсын симпозиум (WAW)”-ыг санаачлан эхлүүлж, уг арга хэмжээ нь дэлхийн өнцөг булан бүрийн мэргэжилтнүүдийг нэгтгэсэн, олон улсад өндрөөр үнэлэгддэг хүйсийн тэгш байдлыг ахиулах нэр хүндтэй индэр болсон байна.

Хатагтай Абэ Акиэ, Би хувьдаа, эмэгтэйчүүд нийгмийн шийдвэр гаргах түвшинд байр сууриа бататгахын тулд зөвхөн өөрсдийн чармайлт төдийгүй, эрэгтэйчүүдийн ойлголт болон хамтран ажиллагаа зайлшгүй шаардлагатай гэж итгэдэг. Эмэгтэй эрэгтэй хүмүүс бие биеэ харилцан хүндэлж, дэмжиж байж л тогтвортой, хөгжин бадрах ирээдүйг бүтээнэ гэдэгт итгэлтэй байна. Сүүлийн хэдэн жилд бид “салхины эрин” дээ хөл тавьсан гэж яригдаж байна. Энэ бол нүдэнд үл үзэгдэх зүйлс хамгийн эрхэмд тооцогдох цаг үе. Тиймдээ ч өнөө цагийг “эмэгтэйчүүдийн эрин” гэж ч нэрлэж байна.

Үнэт зүйлс эрс нүд ирмэхийн хооронд эрс өөрчлөгдөж буй өнөө үед эмэгтэйчүүдийн эх хүний энэрэл, дасан зохицох чадвар, мэдрэмж илүү чухал болно. Эмэгтэйчүүдийн “өргөжин тэлэх” хүч, эрэгтэйчүүдийн “өндөрт хүрэх” хүчийг нэгтгэж байж л илүү сайхан нийгмийг цогцлооно. Хүйсийн заагаар хязгаарлагдахгүйгээр хувь хүн бүрийн мөн чанар гэрэлтэх, энх амгалан, чинээлэг нийгмийг Япон, Монгол хамтдаа бүтээхийг хүсэж байна гэлээ.

УИХ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “Өсвөрийн парламент” хөтөлбөрийг зохион байгуулж ирсэн бөгөөд энэхүү хөтөлбөрт оролцогч хүүхдүүд “Бид эмэгтэйчүүд” чуулганд хүрэлцэн ирж оролцсон юм. Дөрөв дэх жилдээ үндэсний хэмжээнд зохион байгуулж “Өсвөрийн парламент” хөтөлбөрийн энэ жилийн оролцогчдын дунд “Миний мөрөөдлийн сургууль” эсээ бичлэгийн уралдаан зарлаж, 21 аймаг 9 дүүргийн хүүхдүүд багаараа хамтран энэхүү сэдвээр төсөл бичсэн байна.

21 аймаг, есөн дүүргийн иргэдийг төлөөлөн ирсэн чуулганы оролцогчдод Увс аймгийн Улаангом сумын  “Эрдмийн эхлэл” сургуулийн 11-2 ангийн сурагч,

“Өсвөрийн парламент 2024” хөтөлбөрийн дарга Л.Эрхэмбаяр, Хан-Уул дүүргийн “Бритиш” сургуулийн 12-р ангийн сурагч, “Өсвөрийн парламент 2024” хөтөлбөрийн дэд дарга С.Сономдулам  нар багаараа хамтран бичсэн “Миний мөрөөдлийн сургууль” эсээг танилцуулсан юм.

Өсвөрийн парламентч хүүхдүүд эхний мөрөөдлөө “Номын сан ба, чөлөөт цагийн танхим” хэмээн тодорхойлжээ. Хүүхдүүд өнөөгийн номын сангийн нөхцөл байдлаа бичээд, гадны орнуудын туршлага, стандартыг нэвтрүүлэхийг санал болгожээ.

Дараагийн мөрөөдлөө “Аюулгүй сургууль” хэмээгээд, стандарт хангасан хяналтын камерыг оновчтой байршуулж, хувийн нууцлалыг хүндлэн, тодорхой бодлого, журмын хүрээнд хэрэгжүүлбэл сургууль дахь аюулгүй байдлыг нэмэгдүүлэх үр дүнтэй шийдэл болно гэж үзсэн байна.

Түүнчлэн эрүүл шим тэжээлтэй амттай хоол, хүртээмжтэй боловсрол, эерэг, эелдэг харилцаа, цэвэрхэн, тухтай ариун цэврийн өрөө хэмээн мөрөөдлөө жагсаажээ.

Хүүхдүүд “Мөрөөдлийн сургууль” төслийг нутаг орондоо дэмжин ажиллахыг хүсч байгаагаа мөн уламжилсан юм.

“Миний мөрөөдлийн сургууль” эсээ бичлэгийн уралдаанд түрүүлсэн Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургуулийн сурагч, “Өсвөрийн парламент 2024” хөтөлбөрийн гишүүн М.Агиймаа эсээгээ танилцуулсан.

Ингээд чуулга уулзалт салбар хуралдаануудаар үргэлжилсэн.

“Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдлийг тэлэх нь” салбар хуралдаан “Эдийн засаг ба хөдөлмөр эрхлэлт” сэдвээр өрнөсөн бөгөөд УИХ-ын гишүүн Б.Жаргалан удирдан чиглүүлсэн юм.

УИХ-ын гишүүн П.Батчимэг, Эмэгтэйчүүдийн “хөлсгүй” хөдөлмөр эрхлэлтийн асуудал, эмэгтэйчүүдийн орлого, өмч хөрөнгийн зөрүү, санхүүгийн дэмжлэг авахад тулгамдаж буй асуудал, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн талаар хүйсээр ангилсан тоон мэдээлэл дутмаг байгаа асуудлын талаар танилцуулсан.

Тэрбээр эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, оновчтой үйл ажиллагаануудыг санаачилж, холбогдох таатай орчныг бүрдүүлэхэд анхаарч, дорвитой өөрчлөлт хийхгүй шаардлагатайг тодотгосон.

2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнгээр 32 эмэгтэй УИХ-ын гишүүнээр сонгогдож парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл 25,4 хувь болсон нь Ази тивдээ парламент дахь эмэгтэй гишүүдийн оролцооны түвшнээрээ тэргүүлж эхэлсэн. Иймд эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд УИХ-ын эмэгтэй гишүүд маань манлайлж ажиллана гэдэгт итгэлтэй байна хэмээсэн.

Мөн Гэр бүлийг дэмжих бодлогын салбар хуралдааныг УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, Эрүүл мэндийг дэмжих бодлогын салбар хуралдааныг УИХ-ын гишүүн Д.Ганмаа, Боловсролыг дэмжих бодлогын салбар хуралдааныг УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ч.Ундрам удирдан явуулж иргэдийн төлөөлөгчидтэй санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэн АТГ-т мэдүүлэг өгчээ32 минут 12 секундын өмнө“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн өдөр дараах байршилд 06:00-18:00 цаг хүртэл зам хаана3 цаг 58 минутын өмнө“Улаанбаатар марафон 2025”-д 30.000 орчим хүн гүйнэ4 цаг 11 минутын өмнөМонгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэндчилгээ дэвшүүлэв4 цаг 16 минутын өмнөАН-ынхан МАН-д шаардлага хүргүүлэв4 цаг 21 минутын өмнө32-ын тойргоос “Сод Монгол” ШТС хүртэлх туслах замыг шинэчлэх ажил 60 хувьтай үргэлжилж байна5 цаг 41 минутын өмнө“Иргэний нисэхийн үндэсний төв”-ийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа5 цаг 49 минутын өмнөНийслэлийн нутаг дэвсгэрт 13 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг цахимаар зохион байгуулна5 цаг 55 минутын өмнөЦахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн 3,745 буюу 85,5 хувийг залилах гэмт хэрэг эзэлж байна9 цаг 57 минутын өмнөЗайсангийн аманд байрлах “Богд уул” сувиллыг засварлаж, төрсний дараах эх, нярайн сэргээн засах төв болгоно5 сар 23. 11:04Нийтийн тээврийн нийт зорчилтын орлого 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар өмнөх оны мөн үеэс 14 тэрбум төгрөгөөр өслөө5 сар 23. 11:00Гал түймрийн аюулаас хоёр хүүхдийн амь насыг авран хамгаалжээ5 сар 23. 10:57Эрчим хүчний гудамжны авто замыг шөнийн цагаар хааж, өргөтгөл, их засварын ажил хийнэ5 сар 23. 10:53Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах зар5 сар 23. 10:51Дуудлага худалдааны орлогоор царцсан сургууль, цэцэрлэгийн барилгуудыг ашиглалтад оруулна5 сар 23. 8:20Цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл шатны сургалт зохион байгуулж байна5 сар 23. 8:16“Бид эмэгтэйчүүд” чуулга уулзалтад Японы нийгмийн хөгжлийг дэмжих сангийн тэргүүн Абэ Акиэ оролцлоо5 сар 23. 8:13УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 23. 8:10Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан5 сар 23. 8:07П.Батчулуун эмчийн хэрэгт ажилласан гадаадын экспертүүдийн дүгнэлт гарчээ5 сар 22. 19:32Ерөнхий сайд агсан Абэ Шинзогийн гэргийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хүлээн авч уулзлаа5 сар 22. 19:12Хуурамч валют солиулахыг завдсан хэрэг бүртгэгдлээ5 сар 22. 15:40СХД-ийн 43 дугаар хорооны шинэ цэцэрлэгийн барилгын ажил 85 хувьтай үргэлжилж байна5 сар 22. 15:32Цусны донорын тухай болон Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ5 сар 22. 15:22Нийслэлийн таван дүүргийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна5 сар 22. 12:45УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 05 дугаар сарын 22-ны өдрийн ирцийн мэдээ5 сар 22. 11:27Авто замын хашлага мөргөж, эвдсэн ачааны тээврийн хэрэгслийн жолоочийг шалгаж байна5 сар 22. 11:24Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа5 сар 22. 11:21Энхтайваны өргөн чөлөөнөөс Сэлбэ голын баруун эрэг дагуу Их тойруу хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 22. 10:09Цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах хуулийн төслийн хэлэлцүүлэг болно5 сар 22. 10:04
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.