Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ


5-р сарын 27
15 цаг 22 минут

       Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Арилжааны тухай, Төлбөрийн чадваргүйдлийн тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдлын  тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг өнөөдөр /2025.05.27/ өргөн мэдүүллээ.

Арилжааны тухай хуулийн төслийн талаар: Монгол Улсад арилжаа эрхлэгчдийн арилжааны үйл ажиллагаатай холбоотой харилцааг цогц байдлаар, бусад субъект хоорондын харилцаанаас онцлон зохицуулсан хууль тогтоомж батлагдаагүй байна. Иймд арилжааны эрх зүйн онцлог, нарийвчилсан бусад зохицуулалтуудыг судлан тодорхойлох хэрэгцээ, шаардлага үүссэн. Арилжааны хуулийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах судалгаагаар бие даасан арилжааны хууль батлах нь зүйтэй хэмээн зөвлөсөн бөгөөд хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг 2019 онд Хууль зүй, дотоод хэргийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкны төлөөлөл, хувийн эрх зүйн судлаач, шүүгч, өмгөөлөгч зэрэг гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна. Хуулийн төслийг боловсруулахтай холбоотойгоор ажлын хэсгийн гишүүдийг сургалтад хамруулсан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яамны захиалгаар холбогдох судалгаануудыг хийлгэсэн болохыг О.Алтангэрэл сайд танилцуулсан.

Арилжааны тухай хуулийн төсөл нь анхдагч хуулийн төсөл бөгөөд 22 бүлэгтэй, 137 зүйлтэй юм байна. Төсөлд арилжааны эрх зүйн зарчим, арилжааны хууль тогтоомжийг хэрэглэх журам, арилжааны эрх зүйн харилцаан оролцогч буюу арилжааны үйл ажиллагаа эрхэлдэг арилжаа эрхлэгч, насанд хүрээгүй буюу 14-18 хүртэлх насны хувь хүн арилжааны үйл ажиллагаа эрхлэх, арилжааны бүртгэлд сайн дурын үндсэн дээр бүртгүүлснээр арилжаа эрхлэгч болох этгээдүүд, жижиг арилжаа эрхлэгч зэрэг ойлголтын талаарх зохицуулалтуудыг тусгажээ Мөн арилжааны бүртгэлийн ойлголт, тогтолцоо, хувиараа арилжаа эрхлэгчийн бүртгэл буюу төрөлжсөн бүртгэлийн талаар, арилжааны бүртгэлийн үр дагавар (позитив болон негатив), арилжааны нэр, шударга бусаар бусдын арилжааны нэрийг ашиглахыг хориглосон зохицуулах нь зүйтэй хэмээн үзэж, төсөл санаачлагч төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан гэв. Үүний зэрэгцээ эрх нь зөрчигдсөн этгээдүүдийн эрх, арилжааны нэрийг бусдад ашиглуулах, шилжүүлэх, өв залгамжлуулах тохиолдол, арилжааны үйл ажиллагаанд төлөөлөх бүрэн эрх, түүний хязгаарлалт, арилжааны төлөөлөгч, арилжааны зуучлагч, арилжааны хэлцлийн нийтлэг зохицуулалт болон бусад гэрээний тусгайлсан зохицуулалтыг тусгасан байна.

Төсөл дэх зохицуулалтууд нь одоо мөрдөгдөж буй Иргэний хуулиар зохицуулагддаг тул энэ хүрээнд Иргэний хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулах шаардлага үүссэн гээд дэлгэрэнгүй мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн сайд өглөө.

Хуулийн төслийг Хууль тогтоомжийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу багцлан боловсруулсан бөгөөд төслийг олон нийтэд танилцуулахаар эрдэмтэн, судлаачид, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулан хэд хэдэн хэлэлцүүлгийг зохион байгуулжээ. Мөн Хууль зүй, дотоод хэргийн яамны www.mojha.gov.mn албан ёсны цахим хуудаст хуулийн төсөл, танилцуулга, англи хэлээрх хувилбар болон холбогдох бусад судалгааг байршуулан иргэд, олон нийт судалж, танилцан, санал өгөх боломжоор хангаж ажилласан байна.

Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн төслийн талаар: Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 181 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2028 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн 38-д хуулийн этгээдийн төлбөрийн чадвартай эсэхийг тогтоох, төлбөрийн чадваргүйдлийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх, төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх, нэхэмжлэлийн шаардлага гаргах, түүнийг хангах, хэрэг гүйцэтгэгчийн эрх хэмжээ, түүнийг  томилох, чөлөөлөхтэй холбоотой зохицуулалт, үүрэг гүйцэтгүүлэгчдийн хурал, түүний эрх хэмжээ, төлбөрийн чадваргүй хуулийн этгээдийг дахин зохион байгуулах, татан буулгахтай холбогдсон харилцааны зохицуулалтыг боловсронгуй болгох зорилтын хүрээнд Дампуурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тусгасан.

Дампуурлын тухай хууль 1997 онд батлагдсан бөгөөд зарчмын шинжтэй бие даасан өөрчлөлт ороогүй 28 дахь жилдээ хэрэгжиж байгаа аж.

Уг хуулийг хэрэглэх, хэрэгжүүлэх явцад практикт зарим хүндрэл гарч байгаа бөгөөд хуулийг төлбөрийн чадваргүйдлийн харилцааны олон улсын чиг хандлагад нийцүүлэн шинэчлэн сайжруулах шаардлагатай талаар дотоод, гадаадын судалгааны байгууллагуудын дүгнэлт, олон улсын байгууллагын санал зөвлөмжүүдэд дурдсан бөгөөд үүний дагуу Дампуурлын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийж, уг хуулийг шинэчлэн найруулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гарсан байна. 

Эдгээр шаардлагыг үндэслэн Дампуурлын тухай хуулийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн өнөөгийн аргачлал, стандарт, зарчмын дагуу шинэчлэн боловсруулан, зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг тусгажээ.

Хуулийн төслөөр хуулийн этгээдийн төлбөрийн чадвартай эсэхийг тогтоох, төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх, төлбөрийн чадваргүй хуулийн этгээдийг дахин хөрөнгөжүүлэх, татан буулгах, төлбөрийн чадвартай боловч санхүүгийн хүндрэлд орж, төлбөрийн үүргээ зогсоосон хуулийн этгээдэд төлбөрийн чадваргүйдлээс урьдчилан сэргийлэх бүтцийн өөрчлөлт хийхтэй холбоотой харилцааг зохицуулах аж.

Банкны системийн онцлогоос шалтгаалан банкны дампуурлын асуудлыг банкны хуулиар зохицуулахаар, салбарын онцлогоос шалтгаалан даатгал, банк бус санхүүгийн байгууллага зэрэг санхүүгийн байгууллагын хувьд тэдгээрийн төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой нарийвчилсан харилцааг тус тусын хуулиар, нийтлэг харилцааг энэ хуулиар зохицуулахаар тусгажээ. 

Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Дампуурлын тухай хуулийн дагуу төлбөрийн чадваргүйд тооцох үндэслэлийг хуулийн этгээдийн өөрийн хөрөнгөтэй холбож тодорхойлсныг олон улсын жишигт нийцүүлэн өөрчилж төлбөрийн чадваргүйд тооцох үндэслэлийг бэлэн мөнгөний урсгал болон балансын аргын хосолсон аргачлалаар тооцохоор төсөлд тусгасан байна.

Дампуурлын тухай хуулиар нэхэмжлэлийн шаардлагыг баталгаажуулах ажиллагааны талаар нарийвчлан зохицуулаагүйгээс нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэлгүйгээр нэмэгдүүлэх сөрөг практик үүссэн бөгөөд үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор нэхэмжлэлийн шаардлага гаргах, түүнийг  баталгаажуулах, шаардлагыг хангуулахтай холбоотой ажиллагааны талаарх зохицуулалтыг бүрэн шинэчилжээ.   

Мөн төлбөрийн чадваргүй болсон хуулийн этгээдээс авлагатай нэхэмжлэгчдийн эрхийг тэгш хангах,  аль болох олон нэхэмжлэгчдийг ажиллагаанд хамруулах зорилгоор нэхэмжлэгч нарт мэдээлэл хүргэх хуулийн зохицуулалтыг өргөн хүрээнд авч үзсэн байна.   

Мөн дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гол оролцогч болох хэрэг гүйцэтгэгчид тавигдах шаардлага, түүний эрх, үүрэг, урамшуулал олгох, томилохтой холбоотой зохицуулалтыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, хэрэг гүйцэтгэгчийн эрх зүйн байдлыг тодорхой болгосон байна.  

Уг хуулийн төсөл нь төлбөрийн чадваргүй болсон хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоож, татан буулгахаас гадна түүнийг дахин зохион байгуулж, үйл ажиллагааг нь сэргээх, түүнчлэн төлбөрийн чадваргүйдлээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад чиглэсэн тул хуулийн нэрийг олон улсын жишгийн дагуу Төлбөрийн чадваргүйдлийн тухай хууль гэж өөрчилсөн гэдгийг сайд О.Алтангэрэл тодотгосон юм.

Хуулийн төсөл батлагдсанаар зах зээлийн эдийн засгийн нэг үзэгдэл болох төлбөрийн чадваргүйдлийн асуудлыг зохицуулсан олон улсын жишигт нийцсэн үр дүнтэй эрх зүйн орчин бүрдэж, санхүү, зах зээлийн харилцааны ил тод байдал, хариуцлага сайжрах, эдийн засгийг цэвэршүүлэхэд чухал ач холбогдолтой гэлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдлын  тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийн талаар: Иргэний шийдвэр гүйцэтгэх албаны тогтолцоо, иргэний шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдлыг олон улсын жишигт нийцүүлэх үүднээс уг хуулийн төслийг боловсруулах үндэслэл бүрдсэн хэмээн сайд О.Алтангэрэл танилцуулав.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг дараах зарчмын шинжтэй өөрчлөлтийн хүрээнд боловсруулсан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Засгийн газрын агентлаг хэвээрээ байхаар, ингэхдээ эрүү, зөрчлийн хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь төрийн цэргийн алба хаагчдаас бүрдэхээр, харин иргэний болон захиргааны хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлэгч байгууллага нь тус байгууллагын харьяа алба байхаар, гэсэн хэдий ч төрийн цэргийн алба хаагчийн статусгүй зөвхөн төрийн албан хаагчийн цалин хөлс авах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны урамшуулал авахаар тусгажээ. Ингэснээр төсөвт үүсэх зардлыг хэмнэнэ гэж тооцсон байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, тэр дундаа иргэний шийдвэр гүйцэтгэх албыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны онцлог, олон улсын жишигт нийцүүлж, цэргийн албаны хууль тогтоомж хамаарахгүй, урамшуулалд суурилсан шуурхай, үр дүнтэй тогтолцоог ялгамжтай байдлаар бий болгосон зохицуулалтыг тусгажээ.

Хуулийн төсөлд санал авахаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 1/2075 тоот албан бичиг хүргүүлж, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагаас санал авч, холбогдох саналыг тусгасан байна.

Мөн хуулийн төслийн хэлэлцүүлгийг 4 удаа зохион байгуулж, хэлэлцүүлэгт оролцогчдын санал, хүсэлтийг хуулийн төсөлд харгалзан үзэж тусгасан гэдгийг тодотголоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь32 минут 41 секундын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан35 минут 2 секундын өмнө2026 онд Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөлд санал авч байна5 сар 27. 19:11Австри Улсын Ерөнхийлөгч гэргийн хамт дурсгалын мод тарилаа5 сар 27. 19:07Барилгын материалын логистикийн үйл ажиллагаа явуулж буй ААНБ, холбоодын төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо5 сар 27. 15:25Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ5 сар 27. 15:22Шатахуун импортлогч, худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж байна5 сар 27. 15:1521 аймаг, есөн дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд харилцан туршлага солилцож байна5 сар 27. 15:00Б.Одбаяр: Гол гудамж, замыг шинэчлэхдээ полимер битум материалыг ашигласнаар дахин дугуйн мөрний ховил үүсэхгүй5 сар 27. 14:58Аж ахуйн нэгжүүдийг харилцан ашигтай хамтран ажиллахыг уриаллаа5 сар 27. 14:51“Хүүхдийн төлөө-миний сонголт” 30 хоногийн аян эхлүүллээ5 сар 27. 10:22Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "итгэл хүлээлгэх" тогтоолын төслийг УИХ-д оруулах бололтой5 сар 27. 10:19БЗД-ийн 19 дүгээр хорооны цэцэрлэгийн барилгын ажил 85 хувьтай үргэлжилж байна5 сар 27. 10:14Орон нутгийн сургуулиудын гал тогооноос гэдэсний савханцар үүсгэгч нян, бактер илэрчээ5 сар 27. 10:11Австри Улсын Ерөнхийлөгч гэргийн хамт Чингис Хаан Үндэсний музейд зочиллоо5 сар 27. 10:04“Бүтээмж ба Инновац-UB2025” харилцан суралцах арга зүйн форум эхэллээ5 сар 27. 9:59Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг батлав5 сар 27. 9:17УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь5 сар 27. 9:13Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан5 сар 27. 9:10Сэлбэ голын үерийн хамгаалалтын далангийн ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна5 сар 26. 23:10УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНАУ-ын Ерөнхийлөгч Александр Ван дер Белленд бараалхав5 сар 26. 23:0811 дүгээр сургуулийн уулзвараас Цэцэг төвийн уулзвар хүртэлх замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ5 сар 26. 23:05ХБНГУ-ын Эссен хоттой эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ5 сар 26. 23:05Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен нар мэдээлэл хийлээ5 сар 26. 23:03“ТЭЦ-5” дулааны цахилгаан станцын төсөлд хувийн хэвшлийн түншлэгч сонгон шалгаруулна5 сар 26. 23:01“УИХ-ЫН ЦОМ 2025” спортын тэмцээн эхэллээ5 сар 26. 23:00Монгол, Австри Улс Хамтарсан тунхаглал гаргалаа5 сар 26. 22:50СХД-ийн 18 дугаар хорооны гудамж талбайн тохижилтын ажил 85 хувьтай үргэлжилж байна5 сар 26. 13:56Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 8 объектод нэгжлэгийн ажиллагаа хийв5 сар 26. 12:54Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно5 сар 26. 12:42
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.