Монголын улс төр Л.Оюун-Эрдэнэ гэдэг ганцхан сэдэвтэй мэт өдрүүд үргэлжилж байна. Сошиалаас эхэлсэн цүнхний хэрүүл төв талбайд үргэлжлэхтэй зэрэгцэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн ордонд аврал эрж Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өрөө хүртэл явсан. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс “Өөрөө өргөдлөө өг” гэдэг хатуухан хариу сонссон тэрбээр УИХ-ын гишүүн асан Г.Баярсайхан тэр жил У.Хүрэлсүхэд эрхий хуруугаараа эсэргүүцэл үзүүлдэг шиг халаасандаа нударга зангидан гарч ирсэн нь тодорхой. Уурандаа МАН-ын даргын хувьд намын Бага хурлаа зарлан хуралдуулсан. Тусгаар тогтнолын ордон тийш бэрийнхээ цүнхийг “сугавчлан” орсон Л.Оюун-Эрдэнэ хаалттай хаалганы цаана “Барбарос” төлөвлөгөөгөө хэрэгжүүлсэн нь АН-ыг хамтарсан Засгийн газраас гаргах тухай шийдвэр гаргуулсан явдал юм. МАН дахь “Хоёрдугаар ээлжнийхэн” энэхүү шийдвэрийг ярсхийтэл гар өргөн дэмжсэн. Тэргүүн шадар сайдаас Хууль зүй, дотоод хэргийн сайд хүртэл найман суудал Л.Оюун-Эрдэнийн танхимд гарч, яамд, агентлагууд, төрийн өмчит компаниудад АН-аас томилогдсон хүмүүсийн орон гарна. Тэдний суудлыг эрх баригч хүчин дэх “Хоёрдугаар ээлжнийхэн” эзэлнэ. МАН-ын Бага хурлын гишүүд ийм романтик төсөөлөлтэйгөөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гэнэтийн сюрпризийг хүлээн авсан нь тодорхой. Бага хурлын VI хуралдаан ч өндөрлөв. “Хамтарсан Засгийн газраас АН-ыг гаргавал хариуцлага хүлээнэ” гэж нулимстай үгээ хэлсэн Л.Оюун-Эрдэнэ алга болов. “Бага хурал дахин хуралдаж магадгүй” гэсэн хүлээлттэй байсан хөдөөгийн гишүүд нийслэлд долоо хоног ажлаа алдав. Олон нийт “Л.Оюун-Эрдэнэ хаачив” гэж сураглав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр (2025.05.28) гарч ирэв. Засгийн газраа хуралдуулав. МАН-ын Бага хурлын шийдвэрээр Засгийн газраас хөөсөн АН болон ХҮН, МАН-ын сайд нарынхаа үгийг удтал сонссоны эцэст тэрбээр Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барихаар болов. Өөрөөр хэлбэл, МАН-ын Бага хурлын шийдвэрийг хамтарсан Засгийн газрын хуралдаан дээр огцом өөрчилсөн нь энэ. Бага хурлын гишүүдээ хуурчихсан байгаа биз. Тэрхүү тогтоол нь хэвлэлүүдэд ил боллоо. Яг юу гэж бичсэнийг уншицгаая.
“УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан хамтарсан Засгийн газар нь 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Үндэсний баялгийн сан, хөгжлийн 14 мега төсөл, эрчим хүчний салбарын реформ, бүсчилсэн хөгжил зэрэг томоохон зорилтуудыг “Хурдтай хөгжлийн төлөөх Зориг” уриан дор хэрэгжүүлж, эхний бодит үр дүнг гарган ажиллаж байгаа боловч үүссэн улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан цаашид сонгодог парламентын тогтолцоог төгөлдөршүүлэх, дэвшүүлсэн бодлого, зорилтоо тогтвортой, тууштай хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг шаардлагатай байна. Иймд Монгол Улсын Ерөнхий сайд миний бие хамтын хариуцлагын зарчим, улс төрийн соёлын хувьд УИХ-ын бүрэн эрхийг хүндэтгэн итгэл хүлээлгэх эсэх асуудлыг ард түмний төлөөллийн төв байгууллагаар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ”. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс Д.Амарбаясгалангийн “ангийхан”-аас аврал хүссэн албан бичигт ийнхүү дурджээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тогтоолын төсөл нь цаасан дээр 14 мега төсөл тэргүүтнийг хэрэгжүүлэхэд УИХ-аас бодлогын дэмжлэг хүссэн агуулгатай аж. Улс төрийн гол тайзнаа орших уу, эс оршихуй дээрээ яваа Л.Оюун-Эрдэнэ эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд суурин дээрээ ийнхүү хэд эргэв. МАН-ын Бага хурлын гишүүдээ хуурч АН-ыг засгаас гаргах тухай шийдвэр гаргуулснаа Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тухай УИХ-ын тогтоолын төсөл болгон зүсийг нь хувиргав. Одоо УИХ-ыг яаж хуурах бол...? Үнэн хэрэгтээ УИХ хамтарсан Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслүүдийн эхний ээлж болох Гашуунсухайт-Ганц мод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн соёрхон баталсан. Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж буй Засгийн газар, “Орано майнинг” компани хооронд Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан. Өөрөөр хэлбэл, УИХ хамтарсан Засгийн газарт бодлогын дэмжлэг үзүүлсэн баримт бичгүүдийн бэх нь хатаад удаагүй байгаа. Ийм атал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хамтын хариуцлагын зарчим, улс төрийн соёл” гэх мэт уран гоё үгээр халхавчилсан тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан нь цаг хожих гэсэн хууран мэхлэлт үү гэмээр харагдана. Бүр цаашилбал УИХ, Үндсэн хуулийн Цэц хооронд дажин үүсгэж, Д.Амарбаясгаланг “Ц.Нямдорждох” мэх хэрэглэхээр зэхэв үү гэх хардлага ч төрнө. Ц.Нямдоржийг УИХ-ын дарга байхад АН-ын гишүүн Р.Бурмаа Үндсэн хуулийн Цэцэд өгч байсан. Хэдэр ёдор Ц.Нямдорж “Орондоо ч, онгоцонд ч хууль засна” гэж онгирч байгаад УИХ-ын даргаас огцорч байсан түүх бий. Ямартай ч Л.Оюун-Эрдэнэ гоё үгтэй “захиа”-аа Д.Амарбаясгаланд атгууллаа. Цүнхний хэрүүл УИХ-ын хэрүүл болох нь тодорхой боллоо. “Амарбаясгалангүй Оюун-Эрдэнэ, Оюун-Эрдэнэгүй Амарбаясгалан гэж үгүй” хэмээн өнгөрсөн сонгуулиар сонгогчдыг уяраасан Л.Оюун-Эрдэнэ энэ удаад найзыгаа л бүү тонгороосой. Яг одоо тэр Ерөнхий сайд хэвээр үлдэхийн тулд АН-ыг ХҮН намтай тонгорч, МАН-ын Бага хурлын гишүүдээ хуурч, хамтарсан Засгийн газар дээрээ харин өөр юм ярьж байгаад өөрийгөө аврах тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлж дөнгөлөө.
УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тухай хүсэлтийг УИХ 10 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэнэ” гэлээ. 126 гишүүнтэй анхны парламентад том сорилт. Л.Оюун-Эрдэнэ МАН-ын даргын хувьд УИХ-ын 2024 оны сонгуулиар УИХ-ын гишүүн болоход нь дэмжсэн гишүүдээсээ одоо л өрөө нэхдэг цаг. МАН бол дарга нь юу гэнэ, ярсхийтэл гар өргөдөг гишүүдтэй улс төрийн хүчин. Тэгэхээр УИХ-д олонхи болсон МАН-ын гишүүд намын даргадаа итгэл үзүүлж кноп дарахгүй гээд хаачих вэ. Санал хураалт ил болохын гол аюул энэ шүү дээ. Б.Энхбаяр тэргүүтэй цөөнх өнгөрсөн долоо хоногт хаалттай хуралдсан бүлгийн хуралдаан дээр “Танай бэрийн цүнхний хэрүүл УИХ-ын асуудал биш шүү” гэж эсэргүүцсэн ч цөөнх бол цөөнх. Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэж кноп дарлаа гэхэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн харцнаас хэрхэн далдирах вэ. Хүсвэл Ерөнхийлөгч Төрийн ордны гурван давхраас МАН төдийгүй АН, ХҮН намынханд ч команд өгч чадна. УИХ-ын чуулганы танхимд ирэх өдрүүдэд ийм улс төр өрнөнө. Товчхондоо, МАН-ын гишүүд У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёрын хэнд нь үнэнч вэ гэдгээ батлах кнопны уралдаан болно. Харин тэдний хэд нь Ерөнхий сайдад итгэл үзүүлэх олонхи болох бол гэдэг тун эгзэгтэй.
УИХ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлснээр “Огцрох амархан” улс төр төгсгөл болох уу. Үгүй. УИХ-ын шийдвэр Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүсгэх магадлалтай. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хориг тавьж ч мэднэ. Хэрэв Ерөнхий сайдад итгэл үзүүлсэн тухай шийдвэр Цэц дээр маргаан үүсгэвэл Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1-д зааснаар маргаан үүсгэснээс хойш 90 хоногийн дотор маргааныг хянан шийдвэрлэнэ. Маргаан ээдрээ, төвөгтэй гэж бүрэлдэхүүн үзвэл энэ хугацааг 90 хүртэл хоногоор нэг удаа сунгаж болох аж. Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд улс оронд үүсээд буй улс төрийн хямралт байдалд дүгнэлт хийж, бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавьж болзошгүй. МАН-ын Бага хурал хуралдахаас өмнө У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнэд “Ажлаа өг” гэчихсэн шүү дээ. Харин Л.Оюун-Эрдэнийн хувьд, цаг хожих гэсэн биш унах нүхээ улам томруулаад байна уу гэмээр дүр зураг харагдана. Учир нь УИХ дахь кнопчид нь түүнийг аварч үлдээлээ гэхэд нийгмийн эсэргүүцлийг яах билээ. Бас нөгөө “Ялаанууд” нь ч зүгээр байхгүй дээ. “Огцрох амархан” хаврын улс төр энэ янзаараа намрын халуун өдрүүдээр үргэлжилж мэдэхээр байна. УИХ Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэхээ шийдэх гэж 10 хононо, шийдвэр Цэц дээр маргаан үүсвэл 90 хоног, бүр төвөгтэй нөхцөл байдал гэж дүгнэвэл дахиад 90 хоног... Хуульд заасан энэ хугацааг харвал намар хүртэл сунжрах дүр зураг харагдана.
С.Тулга
Сэтгэгдэл бичих