У.Хүрэлсүхийн үнсэлт ба Л.Оюун-Эрдэнийн ард томорсон Х.Баттулгын сүүдэр


6-р сарын 3
8 цаг 07 минут

                 Л.Оюун-Эрдэнэ огцорлоо. Монголын залуус “Л.Оюун-Эрдэнэ ээ, орлогоо нотол. Огцрох амархан” гэдэг шаардлагынхаа хариуг нэхсэн 21 өдөр ийнхүү ард хоцорлоо. Тэд ямар ч үймээн дэгдээсэнгүй. Төрийн ордон руу өндөг шидсэнгүй. Чингисийн хөшөө тийш дайрч, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өрөө рүү орох гэсэнгүй. Тэд төв талбайд анархист үйлдэл гаргасангүй. Хот, хөдөө, гэр хороолол, Зайсангаас Сүхбаатарын талбайг зорин ирж, дуу хоолойгоо нэгтгэлээ. Дуу дуулж, бүжиглэж, комедиан хийж, хөгжилдөж, “Хонхны дуу”-г эгшиглүүлж, домогт Queen хамтлагийн “We will rock you” дууны хэмнэлд гар гараасаа барилцан ардчилсан Монгол Улсын эрх чөлөөт залуус гэдгээ харуулж байлаа. Шударга нийгмийг хүсэмжилсэн залуусын дүр зураг ийм байхад “эсрэг талынхан”-ы илгээсэн хөлсний арми ямар үлгэр дуурайлалгүй, хоцрогдсон мунхаг, харанхуй бүдүүлэг байсныг олон нийт энэ өдрүүдэд харж дүгнэлт хийсэн байх. Харин Төрийн ордонд улс төр хэрхэн өрнөв...

            Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн бэр Chanel брэндийн цүнх, luxury brand shopping хийж буйгаа сторидсон нь сошиал ертөнцийн сэдэв болов. Найз бүсгүйдээ үнэтэй бөгж бэлэглэж, тансаг амралтын газарт сүй тавьж байгаа нь олны анхаарлыг татав. “Хорин гуравхан настай залуу хаанаас ийм их мөнгөтэй болов. Ямар мөнгөөр тансаглаад байна вэ” гэдэг хардлага нийгэмд үүсэв. Хариуг нь Ерөнхий сайд ааваас нь шаардав. “Орлогоо нотол. Огцрох амархан” гэж жагсав. Нийгмийн уур бухимдал өөр рүү нь чиглэсэнд Л.Оюун-Эрдэнэ цочирдож бултав. “Орлогоо нотол” гэдэг үгнээс тэр айдаст автав. Айсандаа сүүдрээсээ ч айв. Бултах, зугтах аргагүй болж буланд шахагдсан Л.Оюун-Эрдэнэ “Ялаанууд чадахгүй шүү” гэчихсэн. Яг энэ үед түүн рүү чиглэсэн улс төрийн далд цохилтууд хүчээ авч эхэлсэн. Цүнхний хэрүүлийг МАН-ын Бага хурал руу чирж ороод хамтарсан Засгийн газраас АН-ыг хөөх шийдвэр гаргуулчихсан. Бага хурал өндөрлөмөгц яг долоо хоног нуувчинд орсноо Засгийн газраа хуралдуулж, Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төсөл гаргуулчихсан. Гээд цүнхний хэрүүлийг УИХ руу марш! Л.Оюун-Эрдэнийн айдаст автсан, сандарч мунгинасан, хүний, өөрийн намынхны урвалт шарвалт, худал зусардлаар дүүрэн өдрүүд урьд шөнө (2025.06.03) өндөрлөлөө. Монгол Улсын Ерөнхий сайдаар таван жил ажилласан Л.Оюун-Эрдэнийн эрин үе ийнхүү төгсгөл болов. Хамтарсан Засгийн газраас хөөгдсөн АН-ын 42 гишүүн санал хураалтад оролцохоос татгалзаж, нууц санал хураалтад оролцсон 82 гишүүнээс 38 нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэхийг дэмжсэнгүй.  

            У.Хүрэлсүх! Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд тэрбээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож байр сууриа илэрхийллээ. Ширээн дээрх балаа байн байн нааш, цааш болгож, сэтгэл зүйн байдал тогтворгүй байгаагаа илтгэх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хатуу ширүүн үг хэлсэнгүй. Харин “Энэ 20 хоногт юу болов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд би ард түмнийхээ хүсэл шаардлагыг гүйцэлдүүлэхийн төлөө явна. Би ганцхан зүйлээс л айдаг. Ард түмнийхээ итгэлийг алдахаас... МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Шадар сайд, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайдын албыг би өгч байсан” гэв. Л.Оюун-Эрдэнэд Монгол Улсын Ерөнхий сайдын тамгаа шилжүүлж байсан У.Хүрэлсүх “Огцрох амархан” жагсаалын дүйвээнээр ордны хуйвалдаан найруулсан Х.Баттулгынхан тийш сануулга өглөө. “Би парламентын засаглалыг дэмждэг. Ерөнхийлөгчийн сонгуульд дахиж нэр дэвшихгүй. Намайг хэн Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшүүлээд байгаа юм бэ. Ерөнхийлөгчийн суудлыг би хэнд ч худалдаагүй. Солонгосчуудад 50 сая воноор зараагүй. Би таван нам дамжаагүй. Эхнэрээ, намаа, журмын нөхдөө солиогүй”. Энэ бол У.Хүрэлсүхийн зүгээс Х.Баттулга ба түүний бригадынханд хандсан үг байлаа. “Огцрох амархан” жагсаалтай давхцуулан Төрийн ордонд “Ерөнхийлөгчийг дахин нэр дэвшүүлэхгүй байя” гэдэг албан бичиг дээр УИХ-ын гишүүдийн гарын үсгийг зуруулж эхэлсэн Х.Тэмүүжингийн ард Х.Баттулга, “Пээ, энэ У.Хүрэлсүх ямар муухай хүн бэ. Дахиад Ерөнхийлөгч болж дарангуйлал тогтоох гэж байна шүү дээ” гэх явган суртал ухуулга хийсэн С.Ганбаатарын цаана мөн л Х.Баттулга байгаа гэдгийг хашир улстөрч У.Хүрэлсүх мэдэлгүй яах вэ.

            “Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд болгосон нь У.Хүрэлсүхийн алдаа...”. Ажиглагчдын дунд ийм яриа бий. Үнэхээр өнгөрсөн таван жилд Л.Оюун-Эрдэнэ У.Хүрэлсүхийн “холгосон өсгий” мэт байлаа. Л.Оюун-Эрдэнэ рүү чиглэсэн олны уур бухимдал, “Л.Оюун-Эрдэнэ бол Монгол Улсын түүхэн дэх хамгийн муу Ерөнхий сайд” гэх дүгнэлт У.Хүрэлсүхэд ч хатуу сонсогдож байсан биз. Учир нь тэрбээр Л.Оюун-Эрдэнийн улс төрийн гол инкубатор нь. Хэнтийн Бэрхээс их улс төрд хөл тавихад нь дэмжиж гаргаж ирсэн лидер. Монгол Улсын Ерөнхий сайд болтол нь дэмжсэн нь ч үнэн. Тиймээс Л.Оюун-Эрдэнэ рүү чиглэсэн цохилт бүр У.Хүрэлсүхэд ч мэдрэгдэж байсан биз ээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын чуулган дээр бас нэг зүйлийг онцолсон нь “Би бүх эрх мэдлээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өгсөн” гэдэг үг. Шүүгч нарыг томилох эрхээ ШЕЗ, парламентад, АТГ-ын даргыг томилох эрхээ Ерөнхий сайдад шилжүүлснээ хэллээ. Үнэхээр ч 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Л.Оюун-Эрдэнэ үнэмлэхүй эрх мэдэлтэй Ерөнхий сайд болсон. Сайд нараа томилох, чөлөөлөх эсэх нь Ерөнхий сайдын бүрэн эрх, АТГ, цагдаа, ТЕГ-ын даргаар хэнийг томилохыг Л.Оюун-Эрдэнэ л шийднэ. Л.Оюун-Эрдэнэ зөвхөн Ерөнхий сайд биш, эрх баригч МАН-ын дарга. Өөрөөр хэлбэл, нам, засгийг хослон баригч байв. УИХ-ын 2024 оны сонгуулийн дараа ялсан намын даргын хувьд АН, ХҮН намтай хамтарсан Засгийн газар байгуулсан. МАН-аас гадна АН-ыг ч, ХҮН намыг ч сайдын суудлаар аргамжиж чадсан. АН, ХҮН намынхныг танхимдаа багтаагаад зогсохгүй “Хамтарсан Засгийн газраа огцруулахгүй” гэсэн тактик боловсруулж, хүний, өөрийн намынханд албан тушаалыг харамгүй бэлэглэсэн. Яамгүй сайд нараас эхлээд төрийн өмчит компаниудад Бүтээмж, хяналт хариуцсан менежерүүдийн шинэ орон тоог гаргасан. Л.Оюун-Эрдэнийн “Дон Корлеоне” гэгддэг Х.Баттулгынхан “Эрдэнэт үйлдвэр”, “Улаанбаатар төмөр зам”-д бүтээмж хяналт хариуцсан менежерүүдийн суудалд заларцгаав...

            Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэж, Үндсэн хуулиар үнэмлэхүй эрх мэдэлтэй болоход нь улс төрийн дэмжлэг үзүүлсэн. Гэвч Л.Оюун-Эрдэнийн эрх мэдлийн ард Х.Баттулгын сүүдэр улам томорч байлаа. Үндсэн хуульд “Төрийн эрх ард түмний гарт” гэсэн заалт байдаг бол Төрийн ордон дахь эрх мэдэл Х.Баттулга дээр төвлөрөх болов. Нэрэн дээрээ үнэмлэхүй эрх мэдэлтэй Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулгын өмнөөс дайснуудтай нь дайн зарладаг болсон. Тэр хэрээр Л.Оюун-Эрдэнэ олон дайсантай болсон. Найруулагч ах Б.Баатар нь дүүгийнхээ эрх мэдэлд дулдуйдаж, хамтлаг, дуучдын клип хийдгээсээ халиад улс төр найруулах гэж монголчуудыг хагаралдуулав. Монголын оюун санааг туйлдуулах агуулга бүхий гэмт хэргийн цувралуудыг Л.Оюун-Эрдэнийн эрх мэдлийг хадгалж, Х.Баттулгын хүч нөлөөг нэмэх хэрэгсэл болгов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, экс Ерөнхийлөгч Х.Баттулга нарын эрх мэдлийн ид шидээр найруулагч Б.Баатар тэргүүтэй алдарт “15 давхрынхан” Монгол төрийн хэрэгт оролцдог болов. Сайд, дарга нарыг дуудаж, албан тушаалын томилгоог “15 давхар”-т шийддэг болсныг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин хэлсэн. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар “Хэро энтертайнмент”-ын нэг студи шиг болсныг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр шүүмжилсэн. Л.Оюун-Эрдэнэ, Б.Баатар гэдэг ах, дүү хоёрын улс төр, энтертайнментийг холбосон энэ сүлжээн дээр Х.Баттулга амжилттай тоглосон. Үнэн хэрэгтээ тэрбээр “15 давхар”-ын хамгийн том найруулагч нь. Өнгөрсөн долоо хоногт “Гадаадад томилолттой яваа” гэгдсэн ч Х.Баттулга өчигдөр (2025.06.02) Төрийн ордонд морилж, АН-ын дарга Л.Гантөмөрийн өрөөнд АН-ын гишүүдийг дуудаж уулзав. Хаалттай хаалганы цаана болсон Х.Баттулгын тулгалтыг ойлгож ядах зүйлгүй. “Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэ”! АН-ын гишүүдэд тэр ингэж хэлсэн байж таарна. Л.Оюун-Эрдэнэ огцорвол Х.Баттулга, Б.Баатар тэргүүтэй “15 давхрынхан”, тэдэнтэй эрх ашиг нийлсэн улстөрчид, бизнесийн бүлэглэлийнхэн давхар цохилтод орох учраас тэр ийнхүү түргэн авах нь тодорхой байсан... Гэвч Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнээр дамжуулж Х.Баттулгад хатуу цохилт өглөө. У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд УИХ-ын чуулган дээр байр сууриа илэрхийлсэн бол Х.Баттулга Төрийн ордонд сэтгүүлчид ярилцлага өгөхөөс зугтлаа. У.Хүрэлсүх ил гарч ирсэн бол Х.Баттулга хөшигний ард нуугдлаа. Х.Баттулга бол Л.Оюун-Эрдэнийн эрх мэдлийн ард томорсон сүүдэр байсан юм. Харин Н.Энхбаяр, М.Энхболдын хаанчлалыг эцэс болгож байсан У.Хүрэлсүх энэ удаад ордны хуйвалдааны эзэн Х.Баттулгыг байранд нь тавилаа. Гэвч Л.Оюун-Эрдэнэ огцорсон ч У.Хүрэлсүх, Х.Баттулга нарын тулаан дуусаагүй. Х.Баттулга ирэх өдрүүдэд У.Хүрэлсүхийн эсрэг ямар хорлон сүйтгэх ажиллагаа явуулахыг харах л үлдлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг УИХ-ын чуулган дээр байр сууриа илэрхийлсний дараа Л.Мөнхбаясгалан “У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд УИХ-ыг заналхийллээ. Ерөнхийлөгчийг импичмент хийх хуулийн төсөл өргөн барина” гэж мэдэгдэв. Энэ бол Х.Баттулгынхны зүгээс У.Хүрэлсүхэд үзүүлж буй эхний сүрдүүлэг... Харин Ерөнхий сайдаас огцорсон Л.Оюун-Эрдэнэ МАН-ын даргын суудлаа тавьж өгөх нь тодорхой. Х.Баттулгын зүгээс МАН, АН-д үзүүлдэг эффект ийнхүү бүдгэрч эхэллээ. Улс төр дэх У.Хүрэлсүхийн үнсэлт цагаа тулбал “Үхлийн цохилт” болдог гэмтэй. У.Хүрэлсүхэд үнсүүлж буй нь гэрэл зургийн хальснаа үлдсэн Д.Хаянхярваа тэргүүтэн яалаа!

                                                                                                                                   С.Тулга  



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Барилгын түр хашааны стандартыг хангуулах хяналт шалгалтын ажлыг эхлүүллээ8 цаг 39 минутын өмнөБүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгын ёслол боллоо8 цаг 47 минутын өмнөНийслэлийн таван дүүргийн 20 байршилд 15 нэр зүйлийн 321 мянган цэцэг суулгана8 цаг 52 минутын өмнө58 дугаар бага сургуулиас Дамбадаржаагийн зам хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ8 цаг 55 минутын өмнөУлсын дээд шүүхээс П.Батчулуун эмчийг цагаатгалаа6 сар 4. 13:33Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэмжин баталлаа6 сар 4. 12:27СЭМҮТ-ийн баруун уулзвараас хойш Шар хадны эцэс хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ6 сар 4. 10:52“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно6 сар 4. 10:48Баянгол дүүргийн 41 цэцэрлэгт STEAM буюу хиймэл оюунд суурилсан сургалтын хэрэглэгдэхүүн гардуулж өглөө6 сар 4. 10:45Өмнөд Солонгосын шинэ ерөнхийлөгчөөр И Жэ Мён сонгогдлоо6 сар 4. 9:22УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь6 сар 4. 9:13Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан6 сар 4. 9:11“Зорчигч тээвэр нэгтгэл” ОНӨААТҮГ-ын II баазын их засварын ажил дууслаа6 сар 3. 17:32Леди Гагагийн тоглолт Гиннесийн номд бичигджээ6 сар 3. 17:27ТҮЦ эрхлэгчдийн холбоодтой зөвшилцөх ажлыг үргэлжлүүлж байна6 сар 3. 14:25Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн ажиллаж байна6 сар 3. 14:20Нийслэлийн хэмжээнд 40 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна6 сар 3. 14:15Багануур дүүрэг дэх эрчим хүч хуримтлуурын станц “Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ”-г үзэглэлээ6 сар 3. 10:55Х.Баттулгын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-д хүргүүлэх үү6 сар 3. 10:00“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоол батлахыг дэмжсэнгүй6 сар 3. 8:59УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь6 сар 3. 8:48Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан6 сар 3. 8:46Л.Оюун-Эрдэнэ: Ордонд хүч мөхөстөж байгаа ч олон нийтийн хүсэл эрмэлзэл огт өөр байгааг би мэднэ6 сар 3. 8:25У.Хүрэлсүхийн үнсэлт ба Л.Оюун-Эрдэнийн ард томорсон Х.Баттулгын сүүдэр6 сар 3. 8:07Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө6 сар 2. 23:57Х.Баттулга Д.Амарбаясгалантай уулзаж байна6 сар 2. 23:53Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын чуулган дээр байр сууриа илэрхийлнэ6 сар 2. 23:38Иргэд, жолооч нарт замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаарх мэдээллийг нь зургаар баталгаажуулж, холбоосоор илгээдэг боллоо6 сар 2. 21:01УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 06 дугаар сарын 02-ны өдрийн ирцийн мэдээ6 сар 2. 20:59Х.Баттулга Төрийн ордонд Л.Гантөмөрийн өрөөнд АН-ын гишүүдийг дуудаж уулзаж байна6 сар 2. 20:50
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.