Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06 дугаар сарын 05-07-ны өдрүүдэд Төрийн ордонд болно.
Чуулга уулзалт нь Монгол Улсад уур амьсгалын чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний уялдааг хангах, хөрөнгө оруулалт татах, олон талт оролцогчдын дунд хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинэлэг санаачилгыг дэмжих платформ болох юм.
Мөн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Монгол Улсын бодлого, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад чиглэсэн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой.
Чуулга уулзалтын үеэр төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, судалгаа шинжилгээний байгууллагууд болон орон нутгийн төлөөллөөс бүрдсэн оролцогчид:
- Монгол Улсын уур амьсгалын бодлого ба салбарын уялдаа
- “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, туршлага, сургамж
- Хүлэмжийн хийн тооллого, уур амьсгалын санхүүжилтийн хөшүүрэг
- Байгальд суурилсан шийдлүүд, орон нутгийн оролцоо
- Төр-хувийн хэвшлийн түншлэл, олон улсын хамтын ажиллагаа сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Гадаад харилцааны яам, БНСУ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, “Чингис хаан” одонт Бан Ги Мүний үүсгэн байгуулсан “Ирээдүйн сайн сайхны төлөө” сан, АНУ-ын Стэнфордын их сургуулийн Уолтер Х.Шоренштэйний “Ази-Номхон далайн судалгааны төв”, Монголын Тогтвортой санхүүжилтийн холбоо хамтран зохион байгуулна.
Мөн Нэгдсэн үндэстний байгууллага, Азийн хөгжлийн Банк, “Оюу Толгой” ХХК зэрэг байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд дэмжин оролцоно.
Сэтгэгдэл бичих