Төрийн жолоог ДАЛААД ОН-ыхонд атгуулъя, Ерөнхийлөгч өө


6-р сарын 5
16 цаг 04 минут

                     Шинэ Ерөнхий сайд аль хэдийнэ тодорчихсон. Л.Оюун-Эрдэнийг огцруулахаас өмнө шүү дээ. Д.Амарбаясгалан, Г.Занданшатар, Б.Жавхлан, Н.Учрал, Я.Содбаатар, С.Бямбацогт, Ж.Энхбаяр... “АН-ыг явуулбал би ч бас өгнө” гэх Л.Оюун-Эрдэнийн мэдэгдэл МАН-ын Бага хурлын хаалттай хаалганы цаанаас олон нийтийн сонорт хүрэхтэй зэрэгцэн ТЭД-нийг дараагийн Ерөнхий сайдаар бараг л томилчихлоо. Сэтгүүлчдийн таамаг, сошиал мэдээллийн давалгаа үүнийг илтгэнэ. Гэвч Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд бодох цаг! Хашир улстөрчийн хувьд тэрбээр өнгөрснийг эргэцүүлж, “Л.Оюун-Эрдэнэ гэдэг наяад оны төлөөлөлд Монгол Улсын хувь заяаг даатгасан нь алдаа байсан уу, аль эсвэл…” гэж сая сэхээрмэгцээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр байр сууриа илэрхийлээгүй нь лавтай. Тэр тусмаа “У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэж байна. Монголд нэг хүний дарангуйлал тогтох гэж байна” гэх дуулиан эрчийг авч, АН-ын Х.Тэмүүжин УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн үед шүү дээ. Гэхдээ У.Хүрэлсүх галыг өөртөө авлаа. Л.Оюун-Эрдэнэд “Ажлаа өг” гэчихсэн. Л.Оюун-Эрдэнэ түүнтэй уулзсаныхаа дараа МАН-ын Бага хурал дээр “Хэрэв хамтарсан Засгийн газраас АН-ыг гаргавал хариуцлага хүлээхэд бэлэн” гэдгээ мэдэгдчихсэн. “Ам алдвал барьж болдоггүй” гэдэгчлэн Л.Оюун-Эрдэнэ энэ үгээрээ өөрийгөө нуман тулгуурт хийчихсэн. Нийгэмд “Л.Оюун-Эрдэнэ хэзээ огцрох гэж байна вэ” гэдэг хүлээлтийг тэр өөрөө бий болгосон. Гэвч цагаа тулахад Ерөнхий сайдаас огцрох өргөдлөө өгөх зориг түүнд дутсан. Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тухай тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцүүлэх үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулган дээр маш тайвнаар байр сууриа илэрхийлж Л.Оюун-Эрдэнийн зориггүй, шийдвэргүй, цүнхний хэрүүлд намаа ч, хамтарсан Засгийн газраа ч, УИХ-ыг ч чирсэн болхи улс төрд цэг хатгасан. Улс төр дэх наяад оны төлөөлөл болсон Л.Оюун-Эрдэнэ ийнхүү “Морин дээрээс дэлхийг дайлах амархан. Мориноосоо буугаад төрийг төвхнүүлэх хэцүү” гэдгийг тод жишээ болов. Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн улс төр Л.Оюун-Эрдэнийн эрх мэдэл дээр дөрөөлж улам хүчирхэгжсэн Х.Баттулгынхны албан бус засаглалд хүчтэй цохилт өглөө. Л.Оюун-Эрдэнэ гэдэг улстөрч Монгол Улсын Ерөнхий сайдаар ажилласан таван жил ийнхүү төгсгөл болов. Улс төр, нийгмийн хүлээлт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх рүү чиглэв. Учир нь 01-ийн халаасанд шинэ Ерөнхий сайдын нэр, Засгийн газрын зураглал бий.

            Төрийн ордонд эрх мэдлийн төлөөх тулаан ид үргэлжилж байна. “МАН-д У.Хүрэлсүхийн 35, Л.Оюун-Эрдэнийн 33” гэдэг хуваагдал үүссэн тухай сошиал мэдээ хөврөх болов. АН-аас Б.Пүрэвдорж тэргүүтэй гишүүд шинэ Засгийн газарт орж ажиллах амбицтай байгаа гэх мэдээлэл бий. Ерөнхий сайд, сайдын суудал мөрөөдөгсөд УИХ-ын чуулганы танхимд ч тогтож чадахгүй ийш, тийшээ гүйлдээд байгаа талаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан шоолж ярьсан. Тэр ч атугай УИХ-ын гишүүд байнгын хорооны хуралдаанд суухаа больж, хуулийн төслүүдийг гацааж, УИХ-ын чуулганы үйл ажиллагаа тасалдах эрсдэлд орсон тухай ноцтой байр суурийг спикер өнөөдөр (2025.06.05) илэрхийллээ. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын сайд нар дараагийн Засгийн газарт орох гээд нойргүй шахам хонож байгаа бол МАН-ын Бага хурлын гишүүд “Шинээр байгуулагдах Засгийн газарт хуучин сайд нарыг оруулаад хэрэггүй” гэсэн байр суурьтай байгаа аж. Нам, төр ийнхүү үймж байгаа үед Ерөнхийлөгч У.Хүрэлсүх засгийн жолоог хэнд атгуулах бол... Наяад оныхонд уу, аль эсвэл далаад оныхонд уу...

            Х.Тэмүүжин Ц.Нямдоржтой тэрсэлдэхдээ “Ирж яваа цагийнхны дууг харьж яваа үеийнхэн дуулдаггүй юм” гэж хэлж байсан удаатай. Энэ үгийг “Ах нар”-ынхаа орон зайг эзэгнэх өнө эртний хүсэлтэй наяад оныхон овжин ашигласан. “Бүүмэрүүд, лүүзэрүүдийн цаг дууссан. Одоо бидний ээлж. Наяад оныхон энэ улс оронд шинэчлэл хийж чадна” гэх суртал ухуулгыг хийж эхэлсэн нь 2016 оны үеэс... Суртал ухуулга ч үр дүнгээ өгч цагтаа эрх баригч МАН-ын тэргүүн эгнээг эзэлдэг байсан М.Энхболд, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Ө.Энхтүвшин нарын суудлыг наяад оны залуус эзэлцгээсэн. Төрийг бэлэн мөнгөний машин гэж хардаг цүнхчдийн арми тэдний фронтод нэгдсэн. Л.Оюун-Эрдэнэ “Улс төрд үеийн шилжилт хийнэ” гэж мэдэгдээд 80-90-ээд оныхонд эрх мэдэл олгосон. Л.Оюун-Эрдэнэ дээр л гол фокус таарсан болохоос биш орлогоо ч нотолж чадахгүй, мөнгөний тоог мэдэхээ больтлоо огцом хөлжсөн намчид, цүнхчид АТГ-ын хар дансанд орсон нь бий. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар ажилласан таван жилд дарга, сайд нарын туслах, цүнхчинээс албан тушаалын “лифт”-ээр өгссөн наян оны залуус эрх мэдэл, мөнгөний үнэрт мансуурч энэ улс орныг Улаанбаатар хоттой яаж дампууруулсныг өнөөдөр хар. УИХ-ын гишүүн Б.Жаргалан өнгөрсөн дөрөвдүгээр сард чуулганы нэгдсэн хуралдаан дээр “Цаана чинь нийслэл галзуурч байна. 5-6 их наядын төсөв баталчихсан. Туулын хурдны зам гэж 1.9 их наядын тендер зарласан ч “Энэ мөнгө хүрэхгүй байна. Дахиад 300-400 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, нийт хоёр их наяд төгрөгөөр зам барина” гээд сууж байна. Нийслэл дээр чинь вант улс бий болчихоод байна” гэж мэдэгдсэн. Нийслэлийн жилийн төсөл 5-6 их наяд... “Аймаар” том тоо байгаа биз. Гэтэл утаа, түгжрэлийг яагаад бууруулж чадахгүй байна вэ. Д.Сумъяабазар хотын мэр байхад жил бүр түгжрэлийг бууруулахад 460 тэрбум төгрөг тусгаж байсан. Тэр мөнгийг юунд зарцуулав гэдэг ч асуулт, хариуцлага нэхэх ёстой...

            Шинэ Ерөнхий сайдын марафонтой зэрэгцэн УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо Монголбанкны 2024 оны санхүүгийн тайланг хэлэлцлээ. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн гишүүдийн асуултад “Монголбанкны баланс дээр байгаа хасах 4.8 их наяд төгрөгийн 3.6 их наяд нь Засгийн газрын бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үүссэн алдагдал юм” гэжээ. Ноцтой байгаа биз. Ковидийн үед Х.Баттулгын хийсэн популизм ямар гай дагуулсан нь энэ үеэр тодорхой болжээ. Тодруулбал, Х.Баттулга 2020 онд ахмад настнуудын зургаан сая хүртэлх тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэр гаргаж байсан. Салхитын ордод түшиглэн “Эрдэнэс силвер ресурс” компани бонд босгож, тэтгэврийн зээл тэглэх санхүүжилтийг шийдвэрлэхээр болсон. Гэвч өнгөрсөн хугацаанд нэг их наяд 141 тэрбум төгрөгийн бондын хугацаа дуусаж, “Эрдэнэс силвер ресурс” компани өрөө бүрэн төлж чадахгүйд хүрсэн. “850 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг төлөх боломжгүй” гээд Монголбанкны балансад шилжүүлсэн аж. Хэн яаж төлөх нь тодорхойгүй болсон энэ мөнгөн дүн өнөөдөр Монголбанкны алдагдал болчихсон байна. Б.Лхагвасүрэн Х.Баттулгыг Ерөнхийлөгч байхад Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилогдсон. Үүнээс гадна ам.долларын ханш 3575 төгрөгтэй тэнцэж, “Үнийн өсөлт, татварын дарамтаа яаж бууруулах вэ” гэдэг асуулт нийгэмд үүсээд байна. Улс төрд улаан хэрүүл, эдийн засагт улаан гэрэл ассан энэ үед улс орны төрийн жолоог хэнд атгуулах вэ гэдэг том шалгуур олон нийтийн дунд бий. Тиймээс Ерөнхийлөгч өө, хагарсан МАН-ыг цэгцэлж, бутарсан засгаа цэгцрэх хөдөлгөөнд оруулах далаад оныхонд төрийн жолоог атгуулбал ямар вэ. Ерөөс “Ирж яваа цагийнхны дууг харьж яваа үеийнхэн аялахгүй” гэдэг далаад оныхонд хаяглах үг яавч биш. Ид насны, ажил, амьдралын туршлагатай, хал үзсэн, хашир суусан, алдаа, оноогоо дэнсэлж чаддаг үеийнхэн шүү дээ, далаад оныхон. Тэр дундаа Г.Занданшатар яагаад болохгүй гэж... Үймсэн нам, засагт зөөлөн хүчний бодлого баримталж, цэгцрэх хөдөлгөөнд оруулж, МАН, АН-ыг ч эвэнд нь оруулж, баланс барьж чадах лидер бол Г.Занданшатар. УИХ-ын дарга байхдаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, улс төр дэх зөвшилцөх урлагийн автор болж, нийгэмд дуулиан үүсгэсэн нүүрсний хулгай, Хөгжлийн банк зэрэг сэдвээр нээлттэй сонсгол хийж, “D-Parliament” цахим системийг нэвтрүүлж, парламентын ардчиллыг бэхжүүлэх реформыг эхлүүлсэн. Г.Занданшатар гэдэг спикерийн үед УИХ хүний эрхийн асуудлаар өөрийн үнэлгээг хийсэн дэлхийн анхны парламент болсон түүхтэй. Нийгмийн хагарал талцал дээд цэгтээ хүрсэн энэ үед засаг, төрийн жолоог Г.Занданшатарт атгуулж, УИХ-ын дарга байхдаа дэвшүүлдэг байсан “Хагархай цонхны онол”-ыг хэрэгжүүлэх боломжийг өгвөл яасан юм бэ... Монголын улс төр, нийгмийн ороо бусгаа энэ цаг үед “Хагархай цонхны онол”-ыг хэрэгжүүлж, эцэс төгсгөлгүй хагарал, үл ойлголцлыг цэгцрэх хөдөлгөөнд оруулах цаг болжээ. Ерөнхий сайдын марафонд жагсаж яваа кандидатуудаас олон нийтийн хүлээлтэд тэнцэх лидер нь Г.Занданшатар л байна. Ирж яваа цагийнхны дуунд Трамп бүжиглэж, Путин, Ши Жиньпин дэлхийн хувь заяаг тодорхойлж “Харих цаг болоогүй” гэдгээ тунхаглаж байна шүү дээ. Дэлхийн улс төрийн зургийг тэд ийнхүү зурж байхад Монголд далаад оны лидерүүдээсээ Ерөнхий сайдыг тодруулж яагаад болохгүй гэж. Наяад оныхонд дутагдаж буй хүмүүжил, боловсрол, төлөвшил, иргэдийн амьдралд тулгамдаж буй асуудлуудыг шийдэх хашир цөлх ухаан, улс орны бодлогыг урагшлуулах том нүүдэл тэднээс гарах болов уу. Төрийн ажил залгамж чанартай. Хамтарсан Засгийн газрын үед хөдөлгөж эхэлсэн 14 мега төслүүд ч хэрэгжих ёстой. Гэхдээ том төслүүдийг хөдөлгөхөд “Том толгой” хэрэгтэй шүү дээ.

                                                                                                                                   С.Тулга   



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар дурсгалын мод тарилаа9 цаг 8 минутын өмнөДүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил 30 хувьтай үргэлжилж байна9 цаг 17 минутын өмнөТатвар төлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах хуулийн зохицуулалт хэрэгжиж байна9 цаг 19 минутын өмнөУур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгэн зорилго, нэгдмэл хүсэл тэмүүллээр хамтран зүтгэхийг уриаллаа6 сар 6. 11:35Нарны гүүрний туслах замаас вокзалын хойд талын автобусны буудал хүртэлх авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ6 сар 6. 11:28Тогтвортой байдлын яриа хэлэлцээ I "Тэрбум мод” чуулга уулзалт эхэллээ6 сар 6. 11:22Чингэлтэй дүүргийн 24-р хороонд байрлах “Зуун мод” цэцэрлэгт хүрээлэнг тохижуулж, амралт чөлөөт цагийн бүс болгоно6 сар 6. 9:44УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь6 сар 6. 9:30Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан6 сар 6. 9:27МАН-ын УЗ: Шинэ Ерөнхий сайдыг ирэх долоо хоногт албан ёсоор тодруулна6 сар 5. 18:41Баянзүрх дүүрэгт 200 ортой "Ахмад настан, хүүхдийн эмнэлэг" ашиглалтад орууллаа6 сар 5. 16:16Төрийн жолоог ДАЛААД ОН-ыхонд атгуулъя, Ерөнхийлөгч өө6 сар 5. 16:04“Уб метро” төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийгдэж байна6 сар 5. 14:00Д.Мөнх-Эрдэнэ, Ж.Энхжаргалан нарыг ес хоног хорино6 сар 5. 13:55122 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил үргэлжилж байна6 сар 5. 12:48Үндэсний их баяр наадмаар найм хоног амарна6 сар 5. 12:45“Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг баталж, хууль тогтоолын эцсийн найруулгыг сонслоо6 сар 5. 12:39Г.Билгүүн: Явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулж байна6 сар 5. 11:05Монголын иргэд ОХУ-руу зорчихдоо шинэ журам мөрдөнө6 сар 5. 11:01Нийтийн тээврийн 20 чиглэлийн цагийн хуваарийг урагшлууллаа6 сар 5. 10:57Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ6 сар 5. 10:55Таван шарын нүхэн гарц орчимд дөрвөн хэсэгт ногоон байгууламж, тохижилтын ажил хийнэ6 сар 5. 10:49БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа6 сар 5. 10:46УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 06 дугаар сарын 05-ний өдрийн ирцийн мэдээ6 сар 5. 10:44СЭМҮТ-ийн баруун уулзвараас хойш Шар хадны эцэс хүртэлх авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээлээ6 сар 5. 10:41Дэлхийн байгаль орчны өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэндчилгээ дэвшүүллээ6 сар 5. 9:29УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь6 сар 5. 9:26Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан6 сар 5. 9:23Барилгын түр хашааны стандартыг хангуулах хяналт шалгалтын ажлыг эхлүүллээ6 сар 4. 17:37Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгын ёслол боллоо6 сар 4. 17:30
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.