МАН-ын Удирдах зөвлөл маргааш (2025.06.06) 11 цагт хуралдахаар товложээ. Энэ хурлаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулж, МАН-ын Бага хурлын ээлжит хуралдааныг товлох тухай мэдээлэл бий. Гэхдээ эх сурвалжуудын мэдээлснээр, шинэ Ерөнхий сайдын асуудлыг маргааш эцэслэн шийдэхгүй бололтой. Өөрөөр хэлбэл, МАН дахь фракциуд Л.Оюун-Эрдэнийн оронд хэнийг Ерөнхий сайдаар томилохоо тохиролцож дуусаагүй, гүйцэтгэх засаглалын дараагийн тэргүүний нэр ирэх долоо хоногт албан ёсоор тодорно гэсэн хүлээлттэй байна. Ерөнхий сайдын марафонд нэр нь бичигдсэн улстөрчдөөс МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар “Надад Ерөнхий сайд болох амбиц байхгүй” гэж мэдэгдсэн бол ЗГХЭГ-ын дарга Н.Учралыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэмжээгүй, Б.Жавхлан, Ж.Энхбаяр, С.Бямбацогт нар Л.Оюун-Эрдэнийн танхимд сайдаар ажиллаж байсан учир МАН-ын Бага хурлын гишүүдийн дэмжлэгийг авахгүй байх магадлалтай. Харин УИХ-ын дарга асан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарын хувьд олон нийтээс дэмжлэг сайтай байна. Гэхдээ ирэх долоо хоног хүртэл Ерөнхийлөгч ба эрх баригч хүчнийхэн доторхи уур амьсгал хэрхэн өөрчлөгдөхийг таашгүй.
Г.Анар
Сэтгэгдэл бичих