Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор зохион байгуулж буй “Улаанбаатар биенналь 2025” олон талт соёл, урлагийн нэгдсэн үйл ажиллагаанд нийт дэлхийн 29 орны 300 орчим гадаад оролцогчид, 22 багц үйл ажиллагааг 06 сарын 06-20-ний өдрүүдэд буюу 15 хоногийн турш зохион байгуулж буй.
Энэ хүрээнд 06 дугаар сарын 09-ний өдөр “Монгол кино өдөрлөг”-ийг Төв талбайд зохион байгууллаа. Өдөрлөгт Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны СУБХЗГ-ын дарга Б.Сэргэлэн, “Монгол кино нэгтгэл” ТӨҮГ-ын захирал Б.Түмэн-Өлзий, нийслэлийн Соёл, урлагийн газрын Соёлын үйлдвэрлэл, урлагийн хэлтсийн дарга, кино телевизийн найруулагч Ч.Батчимэг нар оролцож, үг хэллээ.
“Монгол кино нэгтгэл”-ийн ахмад уран бүтээлчид оролцсон эл өдөрлөгөөр “Монгол кино бүтсэн түүхүүд”-ийг дэлгэцнээ толилуулж, “Яруу арт” продакшны артист Марлаа, дуучин Б.Нарандулам нарын уран бүтээлчид уран бүтээлээсээ хүргэв.
“Монгол кино өдөрлөг”-өөр Монгол Улсад кино урлаг үүсэж хөгжсөн түүх, “Түүхэн хүрд” цувралын онцгой дугаарууд болон “Монгол кино нэгтгэл”-ийн сан хөмрөг дэх түүхэн хувцас, жижиг хэрэглэл, зарим уран сайхны киноны эх зохиол, хөгжмийн нотны партитур зэргийг дэлгэсэн үзэсгэлэнг үзэж сонирхох боломжтой.
Мөн орчин цагийн уран бүтээлчид, кино компаниудын танилцуулга, Монгол киноны 90 жилийн ойд зориулан гаргасан мерчиндайз бүтээгдэхүүнүүдийг сонирхох боломжтой юм. “Монгол кино өдөрлөг” 06 дугаар сарын 14-нийг дуустал жанжин Д.Сүхбаатарын талбайд үргэлжилнэ.
Сэтгэгдэл бичих