Төрийн наадмын нээлт, хаалтад орохоор бэлтгэгдэж байсан морьт харвааны 18 морь хулгайлагдсаныг эрлээр хайж байсан ч эзэд нь харамсалтай мэдээ дуулгалаа.
Хэргийг 18-29 насны зургаан залуу үйлдсэн байж болзошгүй байгаа бөгөөд морьдыг бүгдийг нь төхөөрчээ. Морьт харваанд унагдаж байсан 18 тооны морьд 2025 оны зургаадугаар сарын 7-нд Жаргалантын амнаас алга болжээ.
Эрүүгийн цагдаагийн албаны малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, ХУД-ийн цагдаагийн хэлтэс болон Налайх дүүргийн цагдаагийн мөрдөгчид хамтран гурав хоног эрэн сурвалжилж өнгөрсөн шөнө (2025.06.13) сэжигтнүүдийг дайчлан баривчилжээ.
Тусгайлан сургасан морьдыг олон улсын тэмцээнд бэлтгэж, Улаанбаатар хотоос 20 кмын зайд орших Жаргалантын аманд зусаж байсан аж.
Энэ талаар "Харамсалтай мэдээ та бүхэндээ хүргэж байна. Ийм сайхан хүлгүүдийг минь бүгдийг нь алаад махалжээ. Долоон жил хөдөлмөрлөж хайрлаж хамгаалж үнэнч андаа болгосон байсан юмсан . Олон ээж аавын хүүхдүүдийг Монгол өв соёлд сургаж морь унаж эдлэх соёлд дурлуулж , олон морьт харвааны тамирчидыг төрүүлэн гаргаж байсан хайран сайхан хүлгүүд минь. Монголоо дэлхий дахинд сурталчлах таниулах Монгол гэх омогшил төрүүлдэг хүлгүүд минь байсан юмсан" хэмээн морьдын эзэд олон нийтийн сүлжээнд мэдээлээд байна.
Сэтгэгдэл бичих