Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална


6-р сарын 13
17 цаг 07 минут

       УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

“Монгол Улсын ард иргэд ээ,

Монгол Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ,

Өндөр үүрэг хариуцлага, итгэл хүлээлгэж Монгол Улсын Ерөнхий сайдаар тохоон томилсон Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. 

Засгийн газрын тэргүүний өндөр хариуцлагатай албан тушаалд нэрийг минь дэвшүүлсэн Монгол Ардын Нам, журмын нөхдөдөө, Намын шийдвэрийг дэмжиж, намайг Ерөнхий сайдаар томилуулах саналаа Улсын Их Хуралд өргөн барьсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Танд энэ талархлыг хамтатган дэвшүүлье. 

Шударга ёс, баялгийн тэгш хуваарилалт, мега төслүүд, бүсчилсэн хөгжил, Шинэ сэргэлт зэрэг томоохон бодлого, зорилт дэвшүүлж, зохих үр дүнд хүргэсэн Монгол Улсын 32, 33 дахь Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ болон түүний тэргүүлсэн Засгийн газрын танхимын гишүүдэд хүндэтгэл илэрхийлж буйг минь хүлээн авна уу.

Шинээр байгуулагдах Засгийн газар Монгол Ардын Нам, Ардчилсан нам, ХҮН намын 2024 оны Улсын Их Хурлын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн зорилтуудыг тусгасан, хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, амжилт ололтыг улам бататгаж ажиллах болно.       

Эрхэм гишүүд ээ,

Дэлхий дахинд геополитик, гео-стратегийн хурцадмал нөхцөл байдал үргэлжилж, худалдаа, тарифын дайн нүүрлэсэн нэн эгзэгтэй цаг үеийг улс орнууд, түүний дотор Монгол Улс туулж байна. 

Түүхий эдийн үнийн уналтаас шалтгаалж уул уурхайн цөөн тооны бараа бүтээгдэхүүнээс хэт их хамааралтай манай эдийн засаг хүндхэн сорилттой нүүр туллаа.

Тухайлбал, манай улсын эдийн засаг сүүлийн дөрвөн жилд дунджаар таван хувиар өсөж байсан бол 2025 оны эхний улиралд эдийн засгийн өсөлт хоёр дахин буурлаа. 

Нүүрсний экспорт зогсонги байдалд орж, төсвийн орлого тасалдаж, гадаад валютын нөөц, монгол төгрөгийн ханшид сөрөг дарамт учирч, инфляц нэмэгдэж байна. 

Урьдчилсан тооцооллоор жилийн эцэст төлбөрийн тэнцлийн алдагдал нэг тэрбум ам.долларт хүрч магадгүй боллоо. 

Мөн эрчим хүчний системийн найдвартай, тасралтгүй үйл ажиллагаанд гэнэтийн эрсдэл үүслээ. 

Тиймээс эдийн засгаа тогтворжуулж, иргэдийнхээ орлого, амьжиргааг тамиржуулах, эрчим хүчний гэнэтийн доголдол зэрэг тулгамдсан асуудлуудыг нэн яаралтай шийдвэрлэх шаардлага үүслээ.

Эрсдэл, сорилтыг даван туулах, ҮНДЭСНИЙ СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХЫГ бүх түвшинд төлөвшүүлэх нь шинэ Засгийн газрын нэн тэргүүний зорилт байх болно. Монголчууд бид гадаад, дотоод таагүй нөхцөлөөс хохирч биш, хожиж гарах ёстой. 

Үүний тулд Засгийн газар Үндэсний аюулгүй байдал, монгол хүний эрх ашигт заналхийлж, итгэлийг нь үгүй хийж, мөрөөдлийг нь сүүдэртүүлж байгаа асуудлуудыг эрэмбэ, шат дараатай шийдвэрлэхийг эрхэм зорилгоо болгоно.

Улсын эдийн засаг хүнд байгааг шулуухан хэлье. Зардлаа багасгаж, орлогоо хэмнэхээс өөр сонголт бидэнд алга. 

Гэхдээ эрсдэлийг даван туулах арга хэмжээг хэрэгжүүлэхдээ ард түмэн, аж ахуйн нэгжийнхээ нуруунд үүрүүлж, халаас хэтэвчийг нь тэмтрэх байдлаар биш, төрийн үрэлгэн зардлаа багасгаж, ТӨР ӨӨРӨӨ БҮСЭЭ ЧАНГАЛАХ зарчмыг барих ёстой гэж үзэж байна.

Тиймээс Монгол Улсын 2025 оны төсөвт нэн яаралтай ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ хийж, төсвийн сахилга бат, ил тод, нээлттэй, нэгдмэл байдлыг чанд сахиж, хариуцлагын тогтолцоог эрс чангатгана. 

Төсвийн зардал, ачааллыг нэмэгдүүлж байгаа төрийн нүсэр бүтцийг эмхлэн цэгцэлж, “ТООНООС ЧАНАРТ” шилжиж, цомхон, чадварлаг, бүтээмжтэй төрийн албыг бий болгох чиглэлд бодит алхмууд хийнэ. 

Төрийн өмчит аж ахуйн нэгж, чиг үүрэг давхардсан үндэсний хороод болон үр ашиг муутай төрийн сангуудыг цэгцэлнэ.

Төрийн өмчит компаниудын тоог цөөлж, хувьчлалыг эрчимжүүлэн, засаглалыг сайжруулж, олон нийтийн хяналттай, цомхон, чадварлаг, үр өгөөжтэй байхуйц бүтцийн өөрчлөлтийг хийж, мэргэшсэн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх нь зайлшгүй шаардлага мөн.

Манай Засгийн газар хөдөлмөрлөж байгаа хүн бүрийг, ажил олгогч - баялаг бүтээгч нараа бүх талаар дэмжиж ажиллах болно.

Тиймээс татвар, нийгмийн даатгалын сангийн цогц реформ хийж, иргэн, аж ахуйн нэгжийн татварын дарамтыг бууруулж, шаталсан, шударга татварын тогтолцоог бэхжүүлж, татварын бааз суурийг өргөтгөх арга хэмжээ авна.

Түүнчлэн хувийн хэвшлийн хийх боломжтой ажлыг төр хийхгүй байх зарчим баримтална. Төрийн зарим үйлчилгээний чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлж, эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх чиг баримтална.

Мөн жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, инновац, бүтээмжийг дэмжсэн эрх зүйн шинэчлэл хийж, бизнесийн орчны хүндрэл, чирэгдлийг арилгаж, хувийн хэвшлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ.

Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно.

Шинэ Засгийн газар монгол хүний хөгжлийг бодлогынхоо цөмд нь, иргэдийнхээ эрхийг шийдлийнхээ голд нь тавьж асуудалд ханддаг, АРД ТҮМНИЙ төлөө ЗАСГИЙН ГАЗАР байхыг эрхэм зорилгоо болгож ажиллана. 

Чадварлаг, бүтээмжтэй, эрүүл саруул, дэлхийд өрсөлдөх чадамжтай монгол хүний хөгжилд чиглэж, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын цогц реформыг эрчимжүүлнэ.

Бүтээмж, гүйцэтгэл, үр дүнд суурилсан цалин хөлсний бодлогыг салбар бүрд нэвтрүүлнэ.

Халамжийн тогтолцоонд шинэчлэл хийж, ХАМГИЙН САЙН ХАЛАМЖ БОЛ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ байх зарчмыг удирдлага болгоно.

Тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулж, удирдлага менежментийг шударга, ил тод, мэргэжлийн хөрөнгийн удирдлагын тогтолцоонд шилжүүлнэ.

         Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлж, “БАЯЛАГТАА ЭЗЭН МОНГОЛ” зорилтыг тууштай хэрэгжүүлнэ. Монгол хүн баялагтаа эзэн байх ёстой. Эзэн байхын учир нь өмчийнхөө зарцуулалтад хяналт тавих, үр өгөөжийг нь тэгш хүртэх учиртай байхад чиглэгдэнэ. 

Энэ зарчмын үүднээс стратегийн ач холбогдол бүхий орд эзэмшигч аж ахуйн нэгжүүдтэй хийж буй хэлэлцээрүүдийг үргэлжлүүлэн, бодит үр дүнд хүргэнэ.

         Эрхэм гишүүд ээ,

Монголчууд бид Ардчилсан Үндсэн хуулиа батлаад 30 гаруй жилийг туулжээ.

Миний бие өнгөрсөн хугацаанд ард түмэн, төр засгийн дэмжлэгээр парламент, гүйцэтгэх засаглал, гадаад харилцаа, төрийн бодлогын түвшинд ажиллахдаа олон сорилт, бэрхшээлийг туулж, ардчиллын засаглалыг бэхжүүлэх, төлөөллийн ардчиллыг зөвлөлдөх ардчилалтай хослуулан, төрийн тогтвортой байдлыг хангахын төлөө тууштай зүтгэж ирсэн. 

Миний бие УИХ-ын даргаар ажиллаж байхдаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлуулж, газрын хэвлийн баялагтаа ард түмэн эзэн байх суурь зарчмыг Үндэсний баялгийн сангийн хуулиар батлуулж чадсан. 

Мөн хүний эрхийг хамгаалагчийн тухай хууль, төрийн хүнд суртлыг бууруулах зөвшөөрлийн хууль, авлигагүй нээлттэй засаглалыг бэхжүүлэх цахим хөгжлийн багц хууль, хүний хөгжлийг дэмжих боловсролын багц хууль зэрэг олон чухал суурь хуулиудыг батлуулсан.

Хууль батлагдах бол нэг хэрэг. Тиймээс шинэ Засгийн газар хууль хэрэгжүүлэх, хуулийн үйлчлэлийг тэгш байлгах, шударга ёс, тэгш эрхийг хангахад бүхий л анхаарлаа хандуулна. 

Мөн төрд ёс зүйг сахиулах нь Засгийн газрын эн тэргүүний зорилт байх болно.

Хууль дээдлэх, ёс зүй, хариуцлагыг эрхэмлэх зарчим дээрээсээ эхэлж, ард иргэд, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн хамтарсан хяналт, оролцоо, ил тод байдал дээр тулгуурлах учиртай. 

Ард түмэнтэйгээ хамгийн ойр, тэдний үгийг сонсдог, шаардлагыг анхаардаг, үйл ажиллагаа, шийдвэр нь ил тод байдаг төр, засаг л иргэдийнхээ төрд итгэх итгэлийг нэмэгдүүлнэ. 

Тиймээс авлигаас ангид, ард түмнээсээ зугтаадаггүй, эрх мэдлийн ард нуугддаггүй, ҮНЭНЭЭ ХЭЛДЭГ ЗАСАГ байх болно. 

Манай Засгийн газар ХАРИУЦЛАГА НЬ ЭЗЭНТЭЙ ЗАСГИЙН ГАЗАР байх учиртай.

Алга ташуулахад эзэн олон, алдаа дутагдалд хариуцагч байхгүй байх нь наад зах нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. 

Тиймээс алдаа, бурууд цаг тухайд нь хариуцлага тооцдог байх зарчмыг мөрдлөг болгоно. Алдсанаа хүлээдэг, буруудсанаа засдаг, буруутанд хариуцлага оноодог байх нь ардчилсан засаглалын зарчим мөн чанарт нийцнэ.

Бид асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, УЛСТӨРЖИЛТ ТАЛЦАЛГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР байна. 

Түүнчлэн богино зайны дуулиан шуугианд хөтлөгдөхгүйгээр улирлын чанартай бэрхшээлүүдийг оновчтой шийдвэрлэж, урт хугацааны ултай суурьтай шийдэлд төвлөрнө.   

Шинэ Засгийн газар төрийн бодлогын залгамж чанарыг хэлбэрэлтгүй сахина. Өмнөх засгийнхаа сайн бодлогыг тууштай үргэлжлүүлж, улс орны язгуур ашиг сонирхолд нийцсэн мега төслүүдийг ач холбогдлоор нь эрэмбэлж, цаг алдалгүй хэрэгжүүлэхийг зорино.

Түүнчлэн нийслэл Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдол зэрэг бугшмал асуудлуудыг шийдвэрлэх нийслэлийн бодлого, үйл ажиллагааг бүхий л талаар дэмжин ажиллах болно.

Дэлхийн хамтын нийгэмлэг, бүс нутгийн түвшинд гадаад харилцаанд ололтоо ахиулж, амжилтаа бататгана. 

Гадаадын хөрөнгө оруулалтыг тууштай дэмжиж, Монгол Улсын язгуур ашиг сонирхлыг цорын ганц хэмжүүр, шалгуур болгоно. Монгол Улс бол сайн хөрш, найдвартай түнш, итгэл даах хамтрагч гэдэг дүр төрхийг баталгаажуулахыг эрмэлзэнэ. 

Товчилж хэлбэл, ОЛОН УЛСАД МОНГОЛ УЛСЫНХАА ӨСӨН НЭМЭГДЭЖ БУЙ НЭР ХҮНДИЙГ БАТАТГАН БЭХЖҮҮЛЭГЧ ЗАСГИЙН ГАЗАР байхыг эрмэлзэнэ.

Түүнчлэн “Digital first” гэсэн уриа дор “ЦАХИМ ШИЛЖИЛТИЙГ ЭРХЭМЛЭГЧ” ЗАСГИЙН ГАЗАР байна. Их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт бидний зорилт байх болно. 

Төрийн ажил, үйлчилгээг цахимд шилжүүлэх эрмэлзэл бүрийг, хөдөлмөр хөнгөвчлөх, бүтээмж нэмэгдүүлэх, инновац, шинэ технологи нэвтрүүлэх шийдэл болгоныг манай Засгийн газар ямагт урамшуулан дэмжих болно. 

Дэлхий дахинд үүсээд байгаа хурцадмал нөхцөл байдал, Монголыг чиглэсэн гаднын ашиг сонирхол цөөхөн монголчууд биднийг эвтэй байхыг шаардаж байна. 

Энэ шаардлага хэзээ хэзээнээс илүү үнэ цэнтэй болсныг монгол хүн бүр мэдэрч, санаж явах ёстой учиртай. Үзэл бодол ондоо, байр суурь тусдаа, намын харьяалал өөр байж болно. Гэхдээ бид Улс Монголоо гэсэн сэтгэл нэг л байх ёстой. 

Тиймээс бид ЭВИЙГ ЭРХЭМЛЭДЭГ ЗАСГИЙН ГАЗАР байна.

“Ойрын нөхөд хэрэлдэхэд холын дайсан баярладаг” гэсэн үг бий. Үүн дээр нэмээд “Гадаа хүйтэрч байхад гэр дотор дулаан байх ёстой” гэж нэмж хэлье. 

Эвийг хичээж, эеийг эрхэмлэж, зөвшилцөл ойлголцлыг эн тэргүүнд эрэмбэлж, Монголынхоо төлөө, ард түмнийхээ төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр хамтран зүтгэхийг Монгол Улсын Их Хурлын гишүүдээсээ эрхэмлэн хүсье.  

Монгол Улсын Засгийн газрын тэргүүний хувьд би Хүнийг төвд нь тавьсан хөгжил, Шударга ёсыг эрхэмлэсэн төр, “Нэг бодлого-Нэг зүтгэл” уриаг үйл хэрэгтээ хэрэгжүүлж, эв нэгдэл, итгэл дээр суурилан ажиллах болно гэдгээ илэрхийлье.

Нэг монгол, нэг гэр бүл, нэг ард түмэн гэдгээ гүнээ ухамсарлаж, хүсэл зорилго, үнэт зүйлээрээ нэгдэн нийлж, Сэргэн мандсан Хүчирхэг Монголын төлөө хамтран зүтгэцгээе.

Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ж.Дамдинсүрэн: Баяр, амралтын өдрүүдэд усны ослоор 17 хүн амь насаа алдсан мэдээлэл бүртгэгдсэн7 цаг 53 минутын өмнөГадаадын улс орнуудын төрийн тэргүүн нар наадмын мэндчилгээ ирүүлсээр байна7 цаг 58 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүхэд Италийн Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүллээ8 цагийн өмнөУнгар Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ8 цаг 2 минутын өмнөСэлэнгэ аймгийн Түшиг, Ерөө, Хүдэр суманд гарсан 6 түймрийг унтраахаар ажиллаж байна8 цаг 6 минутын өмнөСловенийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ8 цаг 8 минутын өмнөДулааны 11 Г, Д үндсэн шугам угсрах ажлыг наадмын амралтын өдрүүдээр гүйцэтгэж, авто замыг хучиж байна8 цаг 11 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ8 цаг 13 минутын өмнөЭнэ онд нийслэлийн хэмжээнд 36 байршилд авто замыг засаж, шинэчилнэ7 сар 18. 10:13Ховор автомашинуудын үзэсгэлэн Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ7 сар 18. 10:10НОЁН УУЛАА ХӨНДӨХГҮЙ7 сар 17. 19:55Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсад төрийн айлчлал хийнэ7 сар 17. 12:25Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад төрийн айлчлал хийнэ7 сар 17. 12:21Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн гишүүн орнуудын тэргүүн нар мэндчилгээ ирүүллээ7 сар 17. 12:19НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга мэндчилгээ ирүүллээ7 сар 17. 12:17Наадмын өдрүүдэд наршилтаас сэргийлээрэй7 сар 16. 18:32Бөхийн өргөөний уулзвараас Натурын зам хүртэлх хааж, шинэчилнэ7 сар 16. 14:28Ерөнхий сайд Г.Занданшатар ДЦС 3-ын нөхцөл байдалтай танилцлаа7 сар 16. 14:26Энэ онд хот, нийтийн аж ахуйн салбарт 301 тусгай зориулалтын машин механизмаар парк шинэчлэлт хийнэ7 сар 16. 9:23Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан7 сар 16. 9:21Латвийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 9:14Тонга Улсын хаан наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 9:13Азербайжан Улсын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 9:12Беларусийн Ерөнхийлөгч мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 9:11Ирландын Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 9:10Эстонийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 9:09Испанийн хаан баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 9:08Сан Марино Улсын төрийн тэргүүд наадмын мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 9:07Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ7 сар 16. 9:06Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ7 сар 16. 9:04
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.