Монгол Улс, НҮБ-ын хүний эрхийн хяналтын байгууллагууд, Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг болов


6-р сарын 23
23 цаг 10 минут

Монгол Улсын Их Хурлаас Олон улсын парламентын холбоо (ОУПХ)-той хамтран зохион байгуулж буй Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын хүний эрхийн механизмуудад парламентын оролцоог бэхжүүлэх асуудлаарх өнөөдрийн (2025.06.23) уулзалт-хэлэлцүүлэг Төрийн ордонд үргэлжилж байна. Уулзалт-хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг ажиллаж байгаа бөгөөд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар нар арга хэмжээг нээж үг хэлсэн бол Олон улсын парламентын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Мартин Чунгон мэндчилгээ дэвшүүлсэн.

Хоёр өдөр үргэлжлэх уулзалт-хэлэлцүүлгийн эхний өдөр нийт таван сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Нээлтийн арга хэмжээний дараа Монгол Улс, НҮБ-ын хүний эрхийн хяналтын байгууллагууд, Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг болов. Эхлээд НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын хорооны ерөнхийлөгч болон гишүүн асан; ОУПХ-ны Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын асуудлаарх шинжээч; Бүгд Найрамдах Гана Улсын Хуулийн хүрээлэнгийн ректор Хилари Гбедемах НҮБ-ын хүний эрхийн гэрээ, механизмуудын талаар илтгэл танилцуулав. Энэ удаагийн уулзалт-хэлэлцүүлгийн сэдэв, зорилгын талаар болон хүний эрхийн суурь баримт бичгүүдийн талаар ерөнхий мэдээлэл танилцуулсан. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл, ялангуяа Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг (UPR), болон Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг  устгах хорооны (CEDAW хороо) үйл ажиллагаан дахь парламентын ойлголт мэдлэг, оролцоог нэмэгдүүлэх нь чухал болохыг тэрбээр тэмдэглэв.

Хүний эрхийн баримт бичгүүдийн суурь болох НҮБ-ын Дүрэм нь 1945 онд зургаан хэлээр батлагдсан хэмээгээд “Эдийн засаг, нийгэм, соёл болон хүмүүнлэгийн шинж чанартай олон улсын асуудлыг шийдвэрлэх, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэгээр үл ялган хүний эрх, хэн бүхний үндсэн эрх чөлөөг хүндэтгэх явдлыг хөхиүлэн дэмжиж, хөгжүүлэх талаар олон улсын хамтын ажиллагааг хэрэгжүүлэх” гэсэн нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийг хатагтай Хилари Гбедемах онцлон эшлэв. Түүнчлэн 1948 онд батлагдсан Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал нь чухал суурь баримт бичиг хэмээгээд “Хүн бүр төрөхөөсөө эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байна. Тэдэнд оюун ухаан, өрлөг сэтгэл заяасан бөгөөд өөр хоорондоо ахан дүүгийн ёсоор харилцах ёстой” гэсэн нэгдүгээр зүйлийг онцоллоо. Жендэрийн тэгш байдлыг хангах агуулгаар энэ зүйлд  “…эгч дүүсийн харилцаа …” гэсэн тодотгол хийх саналаа дурдав. Энэхүү зарчимд тулгуурласан дээрх суурь баримт бичгүүд нь хүний эрхтэй холбоотой олон улсын бусад бүх баримт бичиг, хууль, журмын үндэс гэдгийг дурдсан. Илтгэгч хүний эрхийн талаар ерөнхий мэдээллийг танилцуулаад хүний үндсэн эрх болон нийгмийн нийтлэг эрхийг олон улсын гэрээ, конвенц, улс бүр Үндсэн хуульдаа баталгаажуулсан байдгийг хэллээ. Олон улсын холбогдох гэрээ, конвенцуудыг соёрхон баталсан гишүүн орнууд тэдгээрийн зохицуулалтыг хууль тогтоомж лугаа дагаж мөрдөх үүрэг хүлээсэн байдгийг тодотгов. Хүний эрх нь нийгмийн бүх талбарт хэрэгжих байх ёстой бөгөөд Иргэний болон улс төрийн эрх; Эдийн засаг, нийгэм, соёлын эрх болон нийгмийн нийтлэг эрхүүд (коллектив эрх)-ийг онцолсон. Хүний эрх нь хүн нэг бүрд хамааралтай түгээмэл, хуваагдашгүй, салшгүй бөгөөд харилцан хамааралтай ойлголт учраас аль нэгийг орхигдуулж, аль нэгийг онцлох боломжгүй байдаг гэв. Хүний эрхийн аливаа нэг зөрчил нь харилцан хамаарлаараа өөр нэг эрхийн зөрчил үүсгэж байдаг уялдааг тайлбарлаж байв. UPR-ийн гол зорилго нь хүн бүр эрх тэгш байх заяагдмал эрхийг хангахын чухал бөгөөд энэ удаагийн уулзалт-хэлэлцүүлгээрээ эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах асуудлыг онцолж, “бууруулна, багасгана” гээгүй, “устгана” гэсэн байгаад нийтээрээ анхаарахыг хүсэв. Хүний эрхийн хангах хүрээнд тэгш, ялгаварлалгүй гэдэг нь онцлогтой болохыг хатагтай Хилари Гбедемах тайлбарлаж байв. Тусгай хэрэгцээт, тухайлсан онцлог бүрд тохирсон байдлаар эрхийг нь хангах асуудлыг анхаарах ёстой хэмээгээд Монгол Улс үүн дээр анхаарах нь зүйтэй гэдэг санал дурдаж байв. Ингэхдээ байнгын арга хэмжээ авч хэрэгжүүлэх боломжтойн зэрэгцээ түр хугацааны, эсвэл онцгой арга хэмжээг тохируулан авч хэрэгжүүлэх шаардлагатай байдгийг хэлсэн. Хүний эрхийн чиглэлээрх үүрэг хүлээгч нь дараах үүргийг хүлээдэг байна.

Хүний эрхийн арга хэрэгслүүд нь олон улсын түвшиндээ хуульчлагдсан, зайлшгүй дагаж мөрдөх гэрээ; конвенц; пакт; протокол байдаг бол зарчим; дүрэм; стандарт; тунхаглал зэрэг хуульчлагдаагүй, зөвлөмж хэлбэртэй байдаг аж. Харин улс орны түвшинд нэн тэргүүнд Үндсэн хуульдаа тусгах, хууль тогтоомждоо бодлогод тусгах, шүүхийн шийдвэр, дүүрэг (хороо) журам, дүрмүүдээ тусгасан байдаг. Монгол Улс нь Үндсэн хууль болон дотоодын хууль тогтоомждоо бүрэн агуулгаар хэдийн тусгаж, хэрэгжүүлж байгааг тэрбээр илтгэлдээ тэмдэглэн хэлж байв. Үүний зэрэгцээ хүний эрхийн асуудал нь бүх түвшинд буюу олон улсын, бүс нутгийн болон үндэсний тогтолцооны уялдаа холбоогоор бэхжиж хэрэгждэг болохыг дурдсан. Үргэлжлүүлэн НҮБ-ын хүний эрхийн гэрээ, механизмуудын талаар илтгэлдээ хатагтай Хилари Гбедемах хүний эрхийн тогтолцооны талаар дэлгэрэнгүй танилцуулаад, Монгол Улсын  соёрхон баталсан НҮБ-ын хүний эрхийн үндсэн гэрээнүүд болон Монгол Улсын  соёрхон баталсан нэмэлт протоколуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл танилцуулав.

Илтгэгч НҮБ-ын Хүний эрхийн гэрээний тогтолцооны талаар, НҮБ-ын хүний эрхийг хамгаалах болон хяналтын механизмын талаар дэлгэрэнгүй танилцуулсан. Гэрээнд нэгдэн, үүрэг хүлээсэн улс орнууд үүрэг амлалтын хэрэгжилтээ тухай бүр тайлагнаж, энэ хүрээндээ олон талт хамтын ажиллагаа өрнүүлдэг болохыг дурдаж байв. Монгол Улс нь 1979 онд батлагдсан Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг  устгах (CEDAW) олон улсын гэрээнд 1981 онд нэгдэн орсон бөгөөд ээлжит тайлангийнхаа дүгнэлтийг 2022 онд хүлээн авсан байна.

Дараа нь Олон Улсын Парламентын Холбооны Хүний эрхийн асуудал эрхэлсэн шинжээч Бутайна Ламхарзи Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлгийн механизмын тухай танилцуулж, Хүний эрхийн төлөв байдлын үндэсний илтгэлийг хэлэлцүүлэх болон хяналт тавих үйл ажиллагааны талаар илтгэл тавив. Хүний эрхийн төлөв байдлын илтгэл (UPR) нь НҮБ-ын  гишүүн 193 орны хүний эрхийн төлөв байдлыг 4 жил тутам дүгнэн хэлэлцэх цоо шинэ механизм болохыг тайлбарлаад НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2006 онд Хүний эрхийн Комиссыг Хүний эрхийн зөвлөл болгон өөрчлөн байгуулж, “гишүүн бүх улсынхаа хүний эрхийн үүрэг, амлалтынх нь биелэлтийн талаар үнэн бодит мэдээлэлд үндэслэн, тэдэнд шударга бөгөөд бүхий л хүрээний асуудлыг хамруулан дүгнэлт хэлэлцүүлэг хийх” эрхийг олгосон байна. Гишүүн орон бүр Хүний эрхийн төлөв байдлын илтгэлээ нийт гишүүддээ танилцуулж, нийтээрээ хэлэлцдэг хамтын механизм. Хүний эрхийн төлөв байдлын илтгэл (UPR)-ийн дөрөв дэх мөчлөг 2027 он хүртэл үргэлжлэх бөгөөд гишүүн орнууд 100 хувь оролцож байгаа тоо баримтыг танилцуулав. Энэ хугацаанд зөвлөмжийн тоо 287 хувиар нэмэгдсэн нь улс орнуудын оролцоо идэвхийн илэрхийлэл, нийт зөвлөмжийн 76 хувийг хүлээн авсан байгаа нь механизмын үр дүн, ач холбогдлын илэрхийлэл гэв. Үргэлжлүүлэн Хүний эрхийн төлөв байдлын илтгэл (UPR)-ийн үе шат, бүтэц, Монгол Улсын 2025 оны Хүний эрхийн төлөв байдлын илтгэл (UPR)-ийн цаглаврыг танилцуулсан. Парламент энэхүү үйл явцад үндэсний илтгэл боловсруулахад оролцох, үндэсний төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд парламентын гишүүдийг оролцуулах, мөн зөвлөмжийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэргээр оролцох боломжтой аж. Баримт судалгаанаас үзэхэд улс орны хэрэгжүүлэх зөвлөмжийн 70 хувьд парламентын оролцоо шаардлагатай байдаг ба энэ нь эрх зүйн орчныг бүрдүүлэхээс эхэлдэгтэй холбоотой гэв.

Зөвлөмжийг хүлээн авахаас эхлээд бүх үе шатад парламентын үүрэг, оролцоо чухал бөгөөд Хүний эрхийн асуудлаар парламентын тусгай хороо(д) байгуулах; Хүний эрхийн гэрээ, хэлэлцээрийг батлах; Хүний эрхийг дээдэлсэн хууль тогтоомж батлах; Засгийн газар амлалт үүргээ биелүүлж буй эсэхэд хяналт тавих; Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө батлах явдлыг дэмжих; Хүний эрхийн асуудалд төсөв санхүү хуваарилах; Олон нийтийн үзэл бодлыг идэвхжүүлэх; Бусад улс орны хүний эрхийн оролцогч талуудтай хамтын ажиллагааг дэмжих зэргийг дурдсан.

Парламентын хяналтын механизм нь хэрэгжилтийн явц, идэвхжүүлэх, эрчимжүүлэхэд чухал түлхэц болдог байна. Хүний эрхийн төлөв байдлын илтгэл (UPR)-ийн дагуух зөвлөмж нь тасралтгүй үргэлжлэх үйл явц гэдгийг илтгэгч онцлон тэмдэглэсэн. НҮБ-ын хүний эрхийн механизм дахь үндэсний төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд парламентын гишүүдийн оролцооны талаарх тоо баримтыг хатагтай Бутайна Ламхарзи танилцуулав. 2020 оноос хойш уг үзүүлэлт өндөр өсөлтэй байгаа аж.

Засгийн газар үүрэг амлалтаа биелүүлж буй эсэхэд парламент бүх талаар хяналт тавих боломжтойн зэрэгцээ гишүүд хууль санаачлах эрхийнхээ хүрээнд зөвлөмжийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, асуулт, асуулга тавих, сонсгол зохион байгуулах, Түр хороо байгуулах, хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцооны талаар дүгнэлт гаргах зэрэг олон хэлбэрээр оролцоотой байх, үүрэг хүлээж ажиллах боломж байдаг гэв. Монгол Улсын парламент нь үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах; хүний эрхийг хамгаалахад төсөв санхүү хуваарилах; хүний эрхийн гэрээ хэлэлцээрүүдийг батлах; олон нийтийн үзэл бодлыг идэвхжүүлэх чиглэлд идэвхтэй дэмжин, өндөр оролцоотой ажилладаг гэж дүгнэж буйгаа хатагтай Бутайна Ламхарзи хэлсэн. Илтгэлийнхээ төгсгөлд тэрбээр НҮБ-ын Хүний эрхийн механизм дахь парламентын оролцооны сайн жишээ болох Узбекстан, Гүрж, мөн Хорват, Марокко, Бразил, Мексик, Канад зэрэг улс орнууд энэ удаагийн уулзалт-хэлэлцүүлгийн явцад сайн туршлагуудаа дэлгэрэнгүй хуваалцах болно гэв. Уулзалт-хэлэлцүүлэг Эмэгтэйчүүдийг алагчилах бүх хэлбэрийг устгах тухай конвенц болон уг конвенцын Хорооны тухай сэдэвт хоёрдугаар хэсгээр үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

ТББХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ6 сар 23. 23:29Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ6 сар 23. 23:21ТБХ: Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив6 сар 23. 23:16Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ6 сар 23. 23:13Монгол Улс, НҮБ-ын хүний эрхийн хяналтын байгууллагууд, Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг болов6 сар 23. 23:10Мартин Чунгон: Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг, Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенц зэрэг НҮБ-ын хүний эрхийн механизмд парламентын оролцоо нэн чухал6 сар 23. 23:05Нийслэлийн “Теле камерын нэгдсэн төв”-ийг нээлээ6 сар 23. 22:58Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 3000 гаруй шонгийн гэрэлтүүлгийг солилоо6 сар 23. 22:56Улаанбаатар хотод 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ6 сар 23. 22:53НЕБ-ын сургууль, цэцэрлэгүүдэд индексийн урамшуулал, багш, ажилтанд түрээслээд өмчлөх орон сууцны эрх олголоо6 сар 23. 22:50Д.Батсүх: 1639 оноос хойш уламжлал болсон Даншиг наадмыг энэ жил зургаадугаар сарын 28-29-нд зохион байгуулна6 сар 23. 22:47БЗД-ийн 129 дүгээр цэцэрлэгийн 150 хүүхдийн ортой өргөтгөлийн барилга угсралтын ажил 60 хувьтай байна6 сар 23. 22:43Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо6 сар 23. 22:39Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд инженерийн хангамжийн 750 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ6 сар 23. 22:35Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг бүх шатандаа эрчимжүүлэх үүрэг өглөө6 сар 23. 22:33Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад төрийн айлчлал хийнэ6 сар 22. 19:03Нийслэлийн ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын ажил 75 хувьтай үргэлжилж байна6 сар 22. 19:00Х.Нямбаатар: The Mongolz, Vitality багийн цомын төлөөх тэмцээнийг “Happy park”-т шууд дамжуулан үзүүлэхээр бэлтгэж байна6 сар 22. 18:53Төрийн банк Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зохион байгууллаа6 сар 21. 21:01УИХ ирэх долоо хоногт ямар асуудал хэлэлцэх вэ6 сар 21. 20:54Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв6 сар 21. 20:46Олон улсын парламентын холбоотой хамтран НҮБ-ын хүний эрхийн механизм дахь парламентын оролцоог бэхжүүлэх нь сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна6 сар 21. 20:42Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах хууль тогтоомжийн төслийг өргөн барив6 сар 21. 20:39Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ6 сар 21. 20:37“Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Зээлийн хэлэлцээрийг соёрхон баталлаа6 сар 21. 20:34Хараат бус дүгнэлт гаргах судлаач, мэргэжилтнүүдийг урьж байна6 сар 21. 20:29Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв6 сар 21. 20:27Ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг баталлаа6 сар 21. 20:25“Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв6 сар 21. 20:20Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ6 сар 21. 20:18
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.