Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр (2025.06.23) үдээс хойно болж, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэх, эсэх, Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ. Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг холбогдох байнгын хороодод хуваарилсан талаар танилцууллаа. Засгийн газраас энэ сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг Төрийн байгуулалтын байнгын хороонд хуваарилсан байна. Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд хэлэлцсэн Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар танилцуулсан юм. Засгийн газрын үйл ажиллагаа тогтвортой байдал, залгамж чанар, шуурхай, тасралтгүй байх зарчимд үндэслэн бодлогын тогтвортой байдал, залгамж чанарыг хадгалах зорилгоор өмнөх Засгийн газрын бүтцийг зарчмын хувьд хэвээр үлдээж, бүрэлдэхүүнийг Ерөнхий сайд, Засгийн газрын 19 гишүүнтэй ажиллах нь зүйтэй гэж үзсэн тухай тэрбээр онцолж, 2024 оны долдугаар сарын 10-ны өдөр баталсан Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга гэсэн 6, 7, 8 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгохоор хуулийн төсөлд тусгасныг дурдлаа. Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахтай холбогдуулан Үндэсний баялгийн сан болон төрийн үйл ажиллагааны ил тод байдал, бүтээмж, нээлттэй засаглалын түншлэл, хөгжлийн бодлого, төлөвлөлт, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хянах асуудлуудыг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтэд хяналт тавих асуудлыг Монгол Улсын сайд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын, хилийн бүс дэх тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээг хөгжүүлэх, хилийн боомтын хөгжлийн бодлого, төлөвлөлт, хилийн боомтын болон стратегийн орд газрыг холбосон дэд бүтцийн бүтээн байгуулалт, шинэчлэлийн асуудлыг Сангийн сайдын, хотын хэт төвлөрлийг сааруулах, нийгмийн үйлчилгээг 20 минутын дотор авах хүнд ээлтэй шинэ орчин, нөхцөлийг бүрдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах асуудлыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын эрхлэх асуудалд тус тус хамааруулахаар тогтсон байна. Хууль тогтоолын төслүүдийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулав. Тус Байнгын хорооны хуралдаанаар хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Э.Одбаяр төсөл нь өмнөх Засгийн газрын бодлогын уламжлалыг хадгалж байгаа эсэх, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяанд ажиллуулах талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж тус газрыг Эдийн засаг, хөгжлийн сайдад шилжүүлсэн талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа төрийн албаны удирдах албан тушаалтнуудын тоог цөөлөх, төрийн албаны реформ, ажиллах хүчний дутагдалтай салбарын талаар, мөн 14 мега төсөл үргэлжлэх, эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир буруу бүтэц, давхардсан чиг үүргийн улмаас улсад учирсан хохирол, хариуцлагын талаар асуулт асууж, хариулт авсан байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар төрийн албан хаагчдыг 9.0 хувиар бууруулах үндэслэл, шаардлагыг тодорхой болгох, эгэл жирийн төрийн албан хаагчид руу бус давхардсан чиг үүрэг бүхий удирдах албан тушаалтанд чиглүүлэх талаар саналаа илэрхийлжээ.
Хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх, эсэх талаар санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Монгол Улсын Ерөнхий сайдын илтгэл болон Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, М.Нарантуяа-Нара, О.Цогтгэрэл, М.Ганхүлэг, Г.Ганбаатар, М.Бадамсүрэн, Ц.Мөнхтуяа, Ж.Золжаргал, Н.Батсүмбэрэл, Ж.Алдаржавхлан, П.Сайнзориг, Э.Одбаяр нар асуулт асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнтэй холбоотой асуудал бол төсвийн тодотголтой уялдах учир энэ талаар иргэд, олон нийтээр хэлэлцүүлж, Хууль тогтомжийн тухай хуулийн шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлээд, тэтгэврийн зээлийн өр, орлогын харьцаатай холбоотой асуудлаар Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөлөөс олон нийтэд мэдээлэл өгөхийг шаардав. Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара бүхий л салбарт 20.0 хувь хүртэл орон тооны цомхотгол хийхээр тооцсон нь ямар үндэслэлтэйг асууж, өмнө ажиллаж байсан сайд нарын ажилд өгч буй Ерөнхnй сайдын үнэлэлт, дүгнэлтийг тодруулж, хариулт авав. Мөн Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай асуудал Үндсэн хуулийн зөрчил байгаа эсэхийг Ерөнхий сайдаас асууж тодруулж, үндэсний хороодыг татан буулгаснаар салбар дундын асуудлууд орхигдож, эзэнгүйдэх, ач холбогдол нь буурах нөхцөл үүсэхгэхгүй байхад анхаарахыг сануулсан бол Улсын Их Хурлын гишүүн Г.Ганбаатар цахим худалдааг хөгжүүлэх ямар бодлого хэрэгжүүлэхийг асууж, хэлэлцэж буй энэхүү хуулийн төслийг холбогдох хуульд нийцүүлэхийг зөвлөв. Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн эдийн засгийн хөгжлийг талаар ямар стратеги баримталж ажиллахыг Эдийн засаг, хөгжлийн сайдаас, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа элсэлтийн ерөнхий шалгалт хуудуутай болсон, эсэх болон Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулах эсэх талаар Ерөнхий сайдаас, Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал Засгийн газрын бүтцийн тухай хуулийг шинэчилж, сургалт, судалгаа, шинжлэх ухаан болон инновацийн бодлогын нэгдмэл байдлыг хангах тухай асуудлыг хөндөв. Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл Боловсролын сайд П.Наранбаярыг огцрох болзлоо хангасан гэдгийг баримт дуран өгүүлээд тэтгэврийн зээлтэй холбоотой асуудлыг тайлбар авлаа. Улсын Их Хурлын гишүүн Газрын харилцаа, геодези, зураг зүйн агентлагийг хэрхэн болон дэд сайд нарын орон тоог хэвээр хадгалах эсэхийг, Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг олон яамдад тарсан газрын харилцааг нэгтгэн цэгцлэх, үндэсний хороо, зөвлөлүүдийг татан буулгахдаа Боомтын сэргэлтийн Үндэсний хороог Сангийн яам хавсарга болгож тарамдуулахгүй байхад анхаарал тавихыг зөвлөсөн юм. Улсын Их Хурлын гишүүн Э.Одбаяр хуулийн төслийг дэмжихгүй байгаагаа илэрхийлж, олон тооны төрийн албан хаагчдыг цомхотгож, нөхөн төлбөр өгөх нь хэмнэлтийн зарчимд нийцэхгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Засгийн газарт Улсын Их Хуралд суудалтай намуудыг урихдаа ижил тэгш байх зарчмыг баримтлан ИЗНН-ын дарга Б.Батбаатарыг Шадар сайдаар томилох ёстой гэсэн байр суурь илэрхийлж, дэд сайдын орон тоог цомхотгох ёстой гэлээ. Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж хариулт авсны дараа дэмжих, дэмжихгүй байр сууриа илэрхийлж үг хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, шинжлэх ухааны асуудал ЭЗХЯ-ны эрхлэх асуудлын хүрээнд байсан нь үр дүнгүй байсныг онцлоод, цахимжуулалт нэмэгдэж байгаа хэрнээ төрийн алба томроод байгаад болон өмнөх Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх шаардлагатайг сануулсан юм. Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн нийт 36 салбарт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн 99 компанийг өөрчлөн шинэчилж, засагалалыг сайжруулж, тэдгээр компаниуд болон зах зээлийг чөлөөлөх ажлыг 100 хоногийн дотор шийдвэрлэхийг Ерөнхий сайдад захьсан бол Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар төрийн албаны удирдах ажилтнуудын тоо тоймоо алдсаныг онцолж, Улсын Их Хурлын гишүүдийн тоог 100-гийн дотор болгож цөөлөх хуулийн төсөл боловсруулахаа илэрхийлэв.
Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийн дагуу үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх талаар санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Иймд хууль, тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын болон Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлж дууссанаар Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн зарлагын хяналтын дэд хороо болон бусад Байнгын хороонд шилжүүлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Сэтгэгдэл бичих