ХЭДХ: Гадаад улсад зорчиж буй, ажиллаж, амьдарч байгаа иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр шийдвэр гаргав


6-р сарын 25
14 цаг 51 минут

Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны өнөөдрийн (2025.06.25) хуралдаан 10 цаг 14 минутад гишүүдийн 60 хувийн ирцтэйгээр эхэлж “Гадаад улс дахь Монгол Улсын иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Дэд хорооны тогтоолын төслийг хэлэлцэн батлав.

Тогтоолын төслийн талаар Дэд хорооны дарга С.Эрдэнэболд танилцууллаа. Монгол Улсын иргэд Бүгд Найрамдах Солонгос Улсын хил дээрээс буцаагдсан хэдэн зуун тохиолдол гарсан. Уг нөхцөл байдалтай холбогдуулан иргэд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст хандаж, Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо мэдээлэл авсан байна. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ Дэд хороонд албан хүсэлт хүргүүлсний дагуу 5 дугаар сарын 14-31-ний өдрүүдэд холбогдох судалгаа, мэдээллийг цуглуулж, Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо нь Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хүний эрхийн Үндэсний Комисс болон төрийн бус байгууллагуудын төлөөллийг хүлээж авч уулзсан хэмээв. Дээрх арга хэмжээнүүдийн хүрээнд Дэд хорооны тогтоолын төслийг санаачлан, боловсруулж, хэлэлцэж байгаа гэв.

Дээрх танилцуулга болон төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, мэдээлэл авлаа. Тухайлбал, Ц.Сандаг-Очир гишүүн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, найруулгын санал хэлэхийн хамт Бүгд Найрамдах Солонгос Улсад зорчих Монгол Улсын иргэд болон тэдний асран хамгаалагчийг 30 хүртэл хоногийн хугацаанд визийн шаардлагаас чөлөөлөх асуудлыг судалж, шийдвэрлэх гэсэн заалт хэрэгжих боломжтой эсэхийг тодрууллаа. Харилцан адил байх зарчмын хүрээнд сүүлийн 4-5 жил дээрх асуудлаар манай талаас бүх түвшиндээ БНСУ-ын талд хүсэлт тавьж ирсэн. 2024-2025 онд тус улсын иргэд аялал жуулчлалын зорилгоор Монгол Улсад визгүй нэвтэрч байгаа бол БНСУ өнөөдрийг хүртэл шийдээгүй байгаа гэдэг хариултыг Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Б.Болд өгөв. Монгол Улсын 55 мянга орчим иргэн БНСУ-д байгаагийн 18 мянга орчим буюу 34.5 хувь нь хууль бусаар оршин сууж байгаа аж. Энэ нөхцөл нь тус улс руу зорчих Монгол Улсын иргэдийн нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр шийдвэр гаргахад хүндрэл, бэрхшээлийг үүсгэж байгаа гэдэг тайлбарыг БНСУ-ын талаас өгдөг байна. Улсын Их Хурал дахь Монгол-Солонгосын бүлгийн гишүүний хувиар асуудалд анхаарал хандуулж буйгаа Б.Бат-Эрдэнэ гишүүн тодотгоод, Ц.Сандаг-Очир гишүүний асуулттай холбогдуулан тайлбар өгсөн.  Гишүүний гаргасан найруулгын саналтай холбогдуулан Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх Г.Золжаргал тайлбар хийв. Тогтоолын төслийн зохицуулалт нь БНСУ руу зорчиж байгаа болон тус улсад ажиллаж, амьдарч байгаа иргэдийн асуудлаас гадна хилийн чанадад ажиллаж, амьдарч, суралцаж, зорчиж байгаа нийт монголчуудын эрхийг хангах, хамгаалах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд гэдгийг тодотгож байлаа. Б.Бат-Эрдэнэ гишүүн хэлэлцэж буй асуудлын суурь нөхцөлтэй холбогдуулан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнгийн талаар тодруулахад тус Комиссын гишүүн Б.Энхболд мэдээлэл өгөв. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2025 оны 6 дугаар сарын 19-20-ны өдрүүдэд “Ахмадад ээлтэй нийгмийг бүтээх нь” Ази Номхон далайн бүсийн форумыг зохион байгуулсан. Энэ форумын үеэр тусгайлан БНСУ-ын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргыг урьсны дагуу 4 хүний бүрэлдэхүүнтэй оролцжээ. Энэ үеэр БНСУ-д ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар, хоёр улсын хүний эрхийн нөхцөл байдлыг үнэлэх, харилцан мэдээлэл солилцох зорилгоор санамж бичгийг байгуулсан байна. Санамж бичгийн хүрээнд өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж буй БНСУ дахь монголчуудын эрхийн асуудлын талаар тусгай төлөвлөгөө гаргаж ажиллахаар урьдчилан тохироод байгаа, тодорхой ахиц дэвшил гарна хэмээн найдаж байгаа гэв. Хүчин төгөлдөр визтэй Монгол Улсын иргэдийг БНСУ-ын хилээр нэвтрүүлэлгүй буцааж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар М.Нарантуяа-Нара гишүүн тодруулж, иргэдэд холбогдох мэдээллийг тодорхой хүргүүлж ажиллах шаардлагатайг хэлж байв.

Шаардлагатай бүх мэдээллийг иргэдэд хүргэхийн тулд БНСУ-ын виз мэдүүлгийн төвүүдтэй Гадаад харилцааны яамнаас хамтран ажилладаг болохыг Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Б.Болд хэллээ. Үүний зэрэгцээ БНСУ-ын тал, Элчин сайдын яаманд нь хандан энэ чиглэлээр нарийвчлан судалж, нөхцөл шалтгааныг бууруулах чиглэлээр санал хүргүүлсээр байгаа гэв. Тус улс Монгол Улсаас жилдээ 3000 ажилтан авах квоттой нь ихэнхдээ хүнд үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт байдаг бол хууль бусаар хөдөлмөр эрхэлдэг иргэдийн ихэнх нь үйлчилгээний салбарт ажиллах нь түгээмэл байдаг байна. Иймд нөхцөл байдалтай уялдуулан үүсээд буй асуудлуудыг шийдвэрлэх санал хүсэлтээ Монгол Улсын зүгээс БНСУ-ын талд тогтмол тавьж, хандаж ирсэн гэдгийг ажлын хэсгээс өгөв. М.Нарантуяа-Нара гишүүн хуралдаанаар хэлэлцэж буй асуудлын хүрээнд хүүхдийн эрхийн ноцтой зөрчил үүссэн хэд хэдэн тохиолдлыг дурдаад, холбогдох тодруулга хийж, хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг төслийн агуулгын талаар байр сууриа илэрхийлж, асуудлыг Монгол Улсын гадаад бодлогын “нэг цонхны” хүрээнд авч үзэх нь зүйтэй гэв.

Ийнхүү гишүүд Дэд хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Б.Бат-Эрдэнэ, М.Нарантуяа-Нара, П.Сайнзориг, Г.Уянгахишиг, С.Эрдэнэболд, Х.Тэмүүжин нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Гадаад улсад зорчиж буй, ажиллаж амьдарч буй Монгол Улсын иргэдийн эрхийг хангах, хамгаалах чилэлээр Монголын төр бүх түвшиндээ нягт, хариуцлагатай ажиллах шаардлагатай гэдэг саналыг гишүүд хэлж байв. Түүнчлэн Монгол Улсын иргэд хамгийн ихээр зорчдог, гэмт гэмт хэрэгт холбогддог, хүний эрхийн асуудал нь хөндөгддөг улсуудад Монгол Улсын зүгээс хууль зүйн атташе томилох асуудлыг судалж, шийдвэрлэхийг үүрэг болгох, гадаадад зорчиж буй, амьдарч буй иргэдэд шаардлагатай мэдээллийг боломжит бүх сувгаар түгээж, мэдээлэлжүүлж байх, бусад улс оронд Монгол Улсыг төлөөлж суугаа Элчин сайдын яам, Монгол Улсыг төлөөлж байгаа албаны хүмүүс иргэдийнхээ эрхийг хангах, хамгаалах чиглэлээрх үйл ажиллагааг идэвхжүүлэх, Хүний эрхийн Үндэсний Комисс олон улсын түвшинд, механизмуудаараа дамжуулан үйл ажиллагаагаа өргөжүүлэх гэх зэрэг саналыг хэлж байсан. Тогтоолын төсөлд Бүгд Найрамдах Солонгос Улсад зорчиж буй болон тус улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн зарим эрхийн хэрэгжилтийн талаар авах арга хэмжээнээс гадна хилийн чанад дахь Монгол Улсын иргэдийн зорчих, хууль ёсны оршин суух, хөдөлмөр эрхлэлт, ялгаварлан гадуурхалтын асуудлаар гарч байгаа хүний эрхийн зөрчлийн гомдол, мэдээлэл болон тэдгээрийн шийдвэрлэлтийн талаарх мэдээллийн нэгдсэн цахим сан байгуулах; Дипломат төлөөлөгчийн газар, консулын албаны хариуцлагыг нэмэгдүүлж, иргэдэд хүний эрх, виз, хөдөлмөр эрхлэлт, оршин суух нөхцөл, тухайн улс орны хууль тогтоомжийн талаар сургалт зохион байгуулах, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулж гарын авлага, шаардлагатай мэдээллийг тогтмол түгээх зэрэг арга хэмжээ авч ажиллах; гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэдийн тоо, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхол, нийгмийн хамгаалал, төрийн үйлчилгээний хүртээмжийг харгалзан Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрын бүтэц, хүний нөөц, зардал, орон тоог оновчтой зохион байгуулах, шинэчлэх талаар судалгаа хийж, шийдвэрийн төсөл боловсруулан Улсын Их Хуралд танилцуулах зэрэг олон чиглэлийг холбогдох талуудад өгч байгаа гэдгийг С.Эрдэнэболд дарга тайлбарлаж байлаа.

Ийнхүү хэлэлцүүлгийн явцад гишүүдийн гаргасан саналуудыг Дэд хорооны тогтоолын төсөлд тусгаад, батлахыг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Санал хураалтад оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх буюу 60 хувийн саналаар дэмжснээр “Гадаад улс дахь Монгол Улсын иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Дэд хорооны тогтоолын төсөл батлагдлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

10 дугаар хороолол орчимд 370 авто машины ил зогсоол барина1 цаг 42 минутын өмнөХотын дарга Х.Нямбаатар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа1 цаг 45 минутын өмнөЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ1 цаг 48 минутын өмнөТБХ: Ө.Гэрэлт-Одыг СЗХ-ны орон тооны бус гишүүнээр томилохыг дэмжлээ1 цаг 53 минутын өмнөБ.Жавхлан сайд аа, юун дэлхийн III дайн бэ2 цаг 23 минутын өмнөГ.Занданшатар ДАРГА АНГИ-тай дайн зарлав2 цаг 57 минутын өмнөУзбекистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө4 цаг 18 минутын өмнөМаршалын гүүрнээс Цэнтрал тауэрын уулзвар хүртэлх явган хүний зам засвар, шинэчлэлтийн ажил наймдугаар сард дуусна4 цаг 23 минутын өмнөМАН дахь наяад оныхон П.Наранбаярыг онилж, Г.Занданшатарын танхим руу ээлжит довтолгоогоо хийж эхлэв4 цаг 34 минутын өмнөЭЗБХ: “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” УИХ-ын тогтоолын хэрэгжилтийн талаар ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонслоо5 цаг 34 минутын өмнөСанхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа5 цаг 39 минутын өмнөХ.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нар УИХ-ын чуулганд өнгөрсөн сард огт суугаагүй5 цаг 54 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар дурсгалын мод тарилаа6 цаг 14 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх, Шавкат Мирзиёев нар Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоосноо зарлалаа6 цаг 16 минутын өмнөХЭДХ: Гадаад улсад зорчиж буй, ажиллаж, амьдарч байгаа иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр шийдвэр гаргав6 цаг 19 минутын өмнө"Жендэрийн тэгш байдал” сэдвээр гурван талт хэлэлцүүлгийг зохион байгууллаа6 цаг 23 минутын өмнө“Хүрээ цам-Даншиг наадам 2025”-аар Улаанбаатар–Давааны–Улаанбаатар чиглэлд галт тэрэг аялна6 цаг 29 минутын өмнөТ.Даваадалай: Сэлбэ хот төслийн 3, 4 дүгээр багц тендерийг үндэсний компаниудын хүсэлтэд нийцүүлэн тав хувааж зарлана6 цаг 32 минутын өмнө"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна6 цаг 36 минутын өмнөМонгол, Узбекистан Улс харилцааны түвшнийг ахиулж, “Иж бүрэн түншлэл”-д хүргэлээ6 сар 24. 23:11Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ш.Мирзиёев нар албан ёсны хэлэлцээ хийлээ6 сар 24. 23:07Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ6 сар 24. 23:02БОХХААБХ: Хаврын тариалалтын урьдчилсан мэдээллийг сонсож, ажлын хэсгүүдийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ6 сар 24. 22:59УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Олон улсын парламентын холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа6 сар 24. 22:51БОХХААБХ, АҮББХ: “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагааны талаарх ажлын хэсгийн санал, дүгнэлтийг сонсов6 сар 24. 22:48УИХ-ын эмэгтэй гишүүд ОУПХ-ны ажлын хэсгийн төлөөллийг хүлээн авч уулзав6 сар 24. 22:44ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гурван хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ6 сар 24. 22:39ТББХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв6 сар 24. 22:34“НҮБ-ын хүний эрхийн механизм дахь парламентын оролцоог бэхжүүлэх нь” сэдэвт олон улсын уулзалт-хэлэлцүүлэг өндөрлөлөө6 сар 24. 22:28Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв6 сар 24. 22:22
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.