Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.06.25) хуралдаанд Улсын Их Хурлын 15 гишүүн хүрэлцэн ирснээр 60 хувийн ирцтэйгээр 11 цаг 04 минутад эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэхээр товлов.
“Ажлын хэсгийн удирдамж батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Байнгын хорооны дарга Р.Сэддорж төслийн талаар танилцуулсан. Монголбанкны 2024 оны санхүүгийн тайланг сонссонтой холбогдуулан Монголбанкан дахь Үндэсний баялгийн төрөлжсөн сангуудын хөрөнгийн зарцуулалт үр дүнгийн талаар хяналт шалгалт хийж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий хяналт шалгалтын ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамжийг батлахаар тусгажээ. Ажлын хэсгийн санал дүгнэлтийг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт заасны дагуу бэлтгэж хэлэлцүүлэх, тогтоолын биелэлтийг 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Эдийн засгийн байнгын хороонд танилцуулгыг ажлын хэсэгт үүрэг болгохоор тусгажээ.
Төслийн танилцуулгатай холбогдуулан хуралдаанд оролцсон гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул батлах санал хураалт явууллаа. Санал хураалтад оролцсон Улсын Их Хурлын 15 гишүүний 60 хувь нь дэмжсэнээр Байнгын хорооны тогтоолын төсөл батлагдав.
Дараа нь Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хянан шалгах үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамж батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Төслийн талаар Р.Сэддорж дарга танилцууллаа. Монголбанкны хэрэгжүүлж байгаа орон сууцын ипотекийн зээлийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хянан шалгаж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий хяналт шалгалтын ажлын хэсгийн үйл ажиллагааны удирдамжийг тогтоолын төслийн хавсралтаар батлахаар тусгажээ. Мөн тус ажлын хэсэг 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд санал, дүгнэлтээ танилцуулахыг үүрэг болгож байгаа аж.
Байнгын хорооны төслийн талаарх дээрх танилцуулгатай холбогдуулан асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 15 гишүүний 10 нь дэмжиж, “Ажлын хэсгийн удирдамж батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа.
Энэ өдрийн хуралдаанаар “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” Улсын Их Хурлын 2020 оны 21 дүгээр тогтоолын хэрэгжилт, үр дүнтэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэхээр товлосон. Улсын Их Хурлын гишүүн, тус ажлын хэсгийн ахлагч Л.Соронзонболд санал, дүгнэлтээ танилцуулахдаа Байнгын хорооны өмнөх хуралдаанд ажлын хэсгийн үйл ажиллагааны явцын талаар танилцуулснаа тэрбээр дурдав. “Зээлийн хүүг бууруулах стратеги”-д тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлснээр зээлийн хүүг 2019 оны суурь түвшнээс 4 нэгж хувиар бууруулж, 2023 оны жилийн эцэст сарын 1 хувьд хүргэх зорилтыг тодорхойлсон бөгөөд 2023 оны байдлаар арилжааны банкны зээлийн жигнэсэн дундаж хүү 17,25 хувь, ББСБ-ын зээлийн жигнэсэн дундаж хүү 39,6 хувь, 2024 оны байдлаар арилжааны банкны зээлийн жигнэсэн дундаж хүү 16,61 хувь, ББСБ-ын зээлийн жигнэсэн дундаж хүү 42 хувь, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчийн зээлийн хүүгийн дээд хязгаар нь 54 хувьтай байна. Иймд стратегийн хэрэгжилт зорилтод түвшинд хүрээгүй гэж дүгнэжээ. Ажлын хэсгийн үйл ажиллагааг дуусгаж, зээлийн хүүг бууруулах хүрээнд дараах хэд хэдэн арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзсэн байна.
Эх үүсвэрийн өртгийг бууруулах зорилгоор банкны системийн тухайн хугацааны дундаж хүүгээс өндөр хүүтэй татсан хугацаатай хадгаламжийн заавал байлгах нөөцийн хэмжээг өсгөх, зохистой харьцааг тогтоох асуудлыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос судлан, шаардлагатай зохицуулалт хийх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Банк болон банк бус санхүүгийн байгууллагын гадаад зах зээлээс татсан валютын эх үүсвэрийг хугацаанаас нь хамаарч үндэсний мөнгөн тэмдэгтэд хөрвүүлэх зардлыг бууруулах; Бизнесийн зээлд ашигласан эх үүсвэрт ногдох заавал байлгах нөөцийг бууруулж, ялгаатай тогтоох; Арилжааны банкнууд эрсдэл багатай зээлдэгчид (харилцагчид) олгох зээлийн хүүгийн түвшин тогтоож, тогтмол хугацаанд нийтэд мэдээлэх; Монгол Улсад гадаадын банк үйл ажиллагаа эрхлэх харилцааг зохицуулсан эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох хүрээнд гадаадын банкны салбар байгуулах, үйл ажиллагаа эрхлэх нөхцөлийн шалгуурыг шинэчлэх, боловсронгуй болгох арга хэмжээг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж санал, дүгнэлтдээ дурдсан байна. Мөн банк болон банк бус санхүүгийн байгууллагууд хөрөнгийн зах зээлээр дамжуулан эх үүсвэр татахад дэд бүтцийн байгууллагатай холбогдох зардал, хугацааг бууруулах; Банк бус санхүүгийн байгууллагын дүрмийн сангийн доод хэмжээг тогтоохтой холбоотой шаардлага, шалгуур нь эх үүсвэрийн зардлыг нэмэгдүүлж буй байдлыг судалж, төв болон орон нутгийн нөхцөл байдалд нийцүүлэн ялгамжтай тогтоох; Зээлийн хүүгийн дээд хязгаарыг бизнесийн, хэрэглээний болон бусад зээлийн бүтээгдэхүүн тус бүрээр төрөлжүүлэн судлах шаардлагатай бөгөөд Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо холбогдох арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэжээ. Мөн хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагын талаар ажлын хэсгийн гишүүд судалж, хэд хэдэн хуулийн төслийг санаачлан боловсруулж, өргөн мэдүүлэх шаардлагатай гэж үзсэн байна. Тухайлбал, зээлийн эрсдэлийн зардлыг бууруулж, хэрэг маргааныг зардал багатайгаар шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд холбогдох нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж дүгнэсэн байна. Харилцах болон хугацаагүй хадгаламжийн дансанд хүү, түүнтэй адилтгах төлбөр тооцохгүй байх, урт хугацаатай хадгаламжийн хүүгийн орлогын албан татвар бууруулах, гадаад валютын хадгаламжийг даатгалд хамруулахгүй байх зохицуулалтыг Банкан дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд тусгах; Эх үүсвэр татах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор шаардах эрхийн худалдаагаар олгосон санхүүжилтийг татвараас чөлөөлөх зохицуулалтыг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд тусгах шаардлагатай гэж үзсэн байна.
Даатгал, үнэт цаас, худалдаа арилжааны гэрээ хэлцлийн үр дүнд үүссэн зээлтэй холбоотой авлага, өглөг зэрэг бүх төрлийн мэдээллийг хамруулах зохицуулалтыг холбогдох хуульд тусгах; төрийн тусгай сангуудыг дотоодын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах боломжтой болгох, Зээлийн батлан даалтын сангийн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх зохицуулалтыг холбогдох хуульд тусгах; үл хөдлөх хөрөнгөөс гадна бусад хөрөнгө, гэрээний үүргийн биелэлттэй холбоотой мэдээллийг Зээлийн мэдээллийн санд тусгах төслүүдийг боловсруулж, өргөн мэдүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Ажлын хэсгийн зүгээс дээрх санал, дүгнэлттэйгээ холбогдуулан Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан болохоо Л.Соронзонболд гишүүн танилцууллаа. Ажлын хэсгийн энэхүү санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар үг хэлэв. Бизнесийн салбарыг идэвхжүүлэхийн тулд зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэдгийг тайлбарлаад төслийг дэмжиж байгаагаа тэрбээр илэрхийлсэн.
Ийнхүү гишүүд үг хэлсний дараа Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсэгт заасныг үндэслэн боловсруулсан “Зээлийн хүүг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8 дахь хэсэгт заасныг үндэслэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Санал хураалт оролцсон гишүүдийн 61.1 хувь нь дэмжсэнээр ажлын хэсэг дээрх төслөө эцэслэн боловсруулж, Байнгын хорооны дараагийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болов.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны эзэмшлийн болон “Хөдөө аж ахуйн корпорац” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанид бүртгэлтэй хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах бэлтгэл ажлын явц, хөрөнгийн үнэлгээний талаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын мэдээллийг Байнгын хорооны өнөөдрийн хуралдааны төгсгөлд сонсохоор товлосон юм. Энэ талаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга, Төрийн өмчийн эд хөрөнгийг худалдах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Ц.Баяр-Эрдэнэ танилцуулсан. Холбогдох бодлогын баримт бичиг, шийдвэрүүдэд үндэслэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг холбогдох харьяа байгууллагуудын хамт Дархан-Уул аймаг руу үе шаттайгаар нүүлгэн шилжүүлж байгаа гэв. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд байрлах Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны эзэмшлийн болон “Хөдөө аж ахуйн корпорац” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанид бүртгэлтэй “Алтан Дорнод Монгол” ХХК-аас улсын төсвийн татварын өрөнд хураан авсан, ашиглагдахгүй байгаа хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдах ажлыг 2024 онд багтаан шуурхай зохион байгуулахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгасан байна. Энэ дагуу холбогдох ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа гэлээ. Ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд дуудлага худалдаагаар худалдах нийт хөрөнгөд хяналтын тооллого хийж, холбогдох хууль, тогтоомжийн дагуу арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн байна.
Тухайлбал, “Хөдөө аж ахуйн корпорац” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн эзэмшлийн газар дээр 2024 онд Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн санхүүжилтээр баригдсан дэвшилтэт технологийн өвлийн шилэн хүлэмжийг үндсэн хөрөнгөд нэмж бүртгэсэн байна. “Хөдөө аж ахуйн корпорац” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй лабораторийн барилгыг дагалдах тоног төхөөрөмжийн хамт Стандартчилал хэмжил зүйн газарт балансаас баланст шилжүүлэх ажлыг эрчимжүүлсэн гэв. Мөн хөрөнгүүдийн бүртгэлтэй холбоотой асуудлуудыг цэгцэлж, дуудлага худалдаа зохион байгуулах бэлтгэлийг хангаж ажилласан байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг орон нутаг руу шилжүүлж буйтай холбоотой асуудлыг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны шийдвэрээр зохион байгуулах үүргийн дагуу танилцуулга хийсэн юм.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, М.Бадамсүрэн нар асуулт асууж, Байнгын хорооны дарга болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар авсан. Дараа нь хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Ж.Ганбаатар, М.Бадамсүрэн нар байр сууриа илэрхийлсэн юм. Гишүүд дээрх мэдээлэлтэй холбогдуулан үг хэлсний дараа Байнгын хорооны дарга Р.Сэддорж хуралдааны үеэр гишүүдийн гаргасан саналуудыг анхаарч, ажлын хэсэг хууль тогтоомжийнхоо хүрээнд холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг чиглэл болгов. Үүгээр өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Сэтгэгдэл бичих