Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр (2025.06.25) маш ноцтой мэдээлэл хийв шүү. Тэрбээр Ойрхи дорнодын хямралд ихээхэн сэтгэл зовинож, дэлхийн III дайн болохоос айж суугаа бололтой. Мэдээж хэрэг, дайн байлдаанаас хэн ч айна л даа. Гэхдээ Б.Жавхлан сайд бүр ч илүү айж байгаа нь түүний харц, үг, биеийн хэлэмжээс харагдав. УИХ-ын гишүүд сүүлийн үед бараг үг хэлэх болгондоо геополитик гэлцэх болсон. Тэгвэл Б.Жавхлан сайд “Геополитик битгий хэл дэлхийн III дайн эхэлж болзошгүй хүлээлттэй боллоо” гэж сүр бадруулав. Түүний хэлж буйгаар, дэлхийн III дайн хэзээ мөдгүй эхэлж, Монгол Улсын Сангийн сайд дайны мэдээг чих тавин хүлээж суугаа бололтой. Ц.Элбэгдоржийн хэлсэнчлэн юун дэлхийн III дайн бэ, Б.Жавхлан сайд аа гэмээр байлаа. Хүмүүсийн дунд “Вангадах” гэдэг үг моданд ороод удсан. Арай мань сайд Ойрхи дорнодын хямралаас үүдэж, хэн нэгэнтэй мөрий тавьсан юм биш байгаа. “Дэлхийн III дайн эхлэхгүй бол мөрийгөө алдана” гэх айдастай яваа ч байж мэднэ. Б.Жавхлан сайдын өнөөдрийн мэдэгдэл тэр чигтээ айдас хүйдэс. “Нүүрсний үнэ оны эхнээс тавдугаар сарын 14 хүртэл 100 юаниар унасан бол тавдугаар сарын 15-наас хойш 120-130 юаниар уналаа” л гэнэ, “Жилийн эцэст 3.3 их наяд төгрөг дутах нь” л гэнэ. Түүнээс гадна ДЦС-3-т гарсан осол, дулааны тарифийн өөрчлөлтийг хойшлуулснаас болж тотаци нэмэгдсэн. Эрчим хүчний яамнаас 122 тэрбум төгрөг буцааж тавих хүсэлт гаргасныг зөвшилцөж, 78 тэрбум төгрөгт багтаахаар болсон л гэнэ. Монгол Улсын сангийн авдрыг 2022 оноос хойш хариуцаж яваа Б.Жавхлан тэрбум, их наядаар хэмжигдэх том тоо бодохын зэрэгцээ дэлхийн III дайны талаар зөгнөж, Ванга эмээ, зөнч Мухаммедийн дүрд тоглож яваа бололтойдог оо. Арай энэ Б.Жавхлан сайд АН-ын сайд асан “Фортуна” Н.Батбаяртай хуурай ах дүүс бололцсон юм биш биз дээ. “Фортуна” Н.Батбаяр тэр жил сүмо бөхийн 68 дахь их аварга тодрохыг телевизээр үзээд гэнэтийн ашгийн 68 хувийн татварын автор болсон түүх бий. Улстөрч хүн зөн билэг, тооны учир бэлгэдэлд хэт автаж, ажил хэрэгтээ тусгал болгоод эхлэхээрээ л биш болдог шүү, Б.Жавхлан сайд аа. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг албандаа үлдэхэд шооч хүмүүс “Яамны хувилгаан. Үл огцрогч” гэж шоглосон бол Сангийн сайд Б.Жавхланг “Фортуна” Н.Батбаярын хуурай дүү болчихож” гэж элэглэхвий дээ.
Ж.Болд
Сэтгэгдэл бичих