Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, ажлын хэсэг байгуулав


6-р сарын 27
22 цаг 02 минут

Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо өнөөдөр (2025.06.27) хуралдаж Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх, эсэх асуудлыг хэлэлцэн, эдгээр хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байгууллаа. Хууль санаачлагчийн илтгэлийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа. Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Төсвийн тодотгол батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай”, ““Алт-3” аяны хүрээнд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг боловсруулсан талаар тэрбээр дурдаж, төслүүдэд тусгагдсан гол асуулгыг тайлбарласан юм. Хууль, тогтоолын төслүүдэд Боловсролын салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, тэдний идэвх оролцоог нэмэгдүүлэх, дэмжлэг үзүүлэх зорилгоор цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн зориулалтаар барилга байгууламж шинээр барьсан бүх аж ахуйн нэгж, байгууллагад татварын хөнгөлөлт олгох, төрийн албан хаагчийн цалин хөлс, нэг удаагийн буцалтгүй тусламжтай холбоотой зарим зохицуулалтыг цэгцлэх, төсвийн хуулиар баталсан төвлөрүүлэх орлогыг дайчлах, төсвийн сахилга батыг чангатгах болон төсвийн зардлын хэмнэлт, үр нөлөөтэй санхүүжилтийн үндэс суурийг тавихад чиглэсэн цогц арга хэмжээ, алтны геологийн судалгаа, эрэл хайгуул, олборлолтын үйл ажиллагааг идэвхжүүлж, гадаад валютын нөөцийг богино хугацаанд нэмэгдүүлэх, Үндэсний баялгийн сангийн хуримтлалыг нэмэгдүүлэхтэй холбоотой арга хэмжээг тус тус тусгасан байна. Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдаваа, Н.Алтанхуяг нар 14 000 төрийн албан хаагчийг цомхотгох тооцоо болон хуулийн үндэслэлийн тухай, халаа сэлгээнээс өмнө бүтцийн өөрчлөлт хийх бодлого боловсруулж байгаа эсэхийг асууж, хариулт авсан юм. Улсын Их Хурлын гишүүдийн асуултад Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат хариулахдаа Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөг Улсын Их Хурлаас батлахдаа төрийн албан хаагчдын тоог 9.0 хувиар цомхотгохоор тусгасныг дурдаад, үүнд багш, эмч нар хамаарахгүй гэдгийг онцолсон юм. Багш, эмч нараас бусад төрийн албаны сул орон тоог тооцож үзэхэд 6000 гэсэн тоо гарсан байна. Цомхотголыг эдгээр сул орон тоонд тулгуурласан тухай тэрбээр дурдаж, одоо ажлаа хийж байгаа төрийн албан хаагчдыг цомхотголд оруулахгүйгээр сул орон тоо, ажлын байрны давхардал, нягтралтай уялдуулж, сул орон тооноос хэмнэж цалингийн санг гаргахыг Засгийн газраас чиглэл болгосон байна. Энэ чиглэлийн дагуу тооцоо хийгээд улсын хэмжээнд 12800 орон тоог сул орон тоонд хамруулах бололцоотой гэж Сангийн яам үзжээ. Хууль, тогтоолын төслүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдаваа, Б.Түвшин, Ж.Батжаргал, Б.Мөнхсоёл, Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн нар үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүд төсөв ихээхэн тэлснийг шүүмжилж, уул уурхайгаас хамааралтай эдийн засгийг зөв удирдаж, урсгал зардлыг бууруулан, эрсдлээс хамгаалах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, төсвийн төвлөрлийг задлахад чиглэсэн бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэх, төрийн албаны шинэчлэлийг эрчимжүүлэх, цалин, урамшууллын системийг тэгшитгэх, хөрөнгийн удирдлагыг сайжруулах шаардлагатайг дурдсан юм. Мөн төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоод, хувийн хэвшилд шилжүүлэх, хөрөнгө оруулалтыг эрэмбэлж, гүйцэтгэл, үр дүнд чиглүүлэх, хүний амьдралын чухал асуудал учир цомхотголыг сайтар судалж, тооцож хийхийг зөвлөж, төсвийн гүйцэтгэлд тавих Улсын Их Хурлын хяналтыг чангаруулах хэрэгцээ шаардлага байгааг тэмдэглэж байлаа. Санал хураалт явуулахад Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Төсвийн тодотгол батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай”, ““Алт-3” аяны хүрээнд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хороны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн учир Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг Байнгын хорооны болон Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолыг хэлэлцэн баталлаа. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Г.Ганбаатар, Б.Заяабал, Б.Мөнхсоёл, Д.Пүрэвдаваа, Дав.Цогтбаатар, Г.Тэмүүлэн нар ажиллахаар болов. Дараа нь Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа нарын 16 гишүүний санаачлан, өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу зүйл бүрээр явуулсан юм. Улсын Их Хурлаар төсөв хэлэлцэхтэй холбоотой Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эхний заалтыг хасах тухай Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргалын гаргасан зарчмын зөрүүтэй саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Мөн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан Улсын Их Хурлын Тамгын газрын Төсвийн хяналт, шинжилгээний хэлтсийг Төсвийн тогтвортой байдлын зөвлөл рүү шилжүүлэх тухай зохицуулалтын талаар Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг асуулт асууж, хариулт авав. Бусад зүйл, заалтуудын талаар Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, зарчмын зөрүүтэй санал гаргасангүй гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа6 сар 27. 22:14Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхлаа6 сар 27. 22:09Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон улсын сагсанбөмбөгийн холбооны тэргүүнийг хүлээн авч уулзлаа6 сар 27. 22:06Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, ажлын хэсэг байгуулав6 сар 27. 22:02Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа6 сар 27. 21:56“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв6 сар 27. 21:45Эсватини, Барбадос, Тринидад ба Тобаго, Ботсвана Улстай дипломат харилцаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ6 сар 27. 21:42Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв6 сар 27. 21:39“Нээлттэй парламент: Эксперт” хөтөлбөрт оролцох зөвлөхүүдэд мэдээлэл өглөө6 сар 27. 21:37ТББХ: Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ6 сар 27. 21:31Нарны гүүрний баруун урд ус зайлуулах шугам хоолойг өргөтгөн шинэчлэх ажил 70 орчим хувьтай байна6 сар 27. 21:26МБШТ- Гандантэгчэнлин хийдийн 320 хүүхдийн суудалтай сургуулийг ирэх 9 дүгээр сард ашиглалтад оруулна6 сар 27. 21:24Хот, нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэлтийн хүрээнд тав дахь ээлжийн 66 тусгай зориулалтын машин механизмыг хүлээн авлаа6 сар 27. 21:21И.Зандангарав: Дулааны шугамын ажилд зохих журмыг мөрдөөгүйн улмаас эвдрэл үүссэн зөрчлийг арилгуулж байна6 сар 27. 21:19“Дүнжингарав” худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж шинэчилнэ6 сар 27. 21:16Энэ оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ6 сар 26. 14:46Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ6 сар 26. 14:43Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв6 сар 26. 14:38УИХ-ын Тамгын газрын албан хаагчдад зориулсан Ёс зүйн сургалт боллоо6 сар 26. 14:36"ТЭЦ-III"-ын арын уулзварыг хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна6 сар 26. 14:32Нийслэлийн хэмжээнд эхний ээлжийн 40 байршилд их багтаамжийн зогсоол барина6 сар 26. 14:30“Хүрээ цам-Даншиг наадам 2025" энэ амралтын өдрүүдэд Хүй долоон худагт болно6 сар 26. 14:27Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ6 сар 25. 21:5410 дугаар хороолол орчимд 370 авто машины ил зогсоол барина6 сар 25. 19:29Хотын дарга Х.Нямбаатар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа6 сар 25. 19:26Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ6 сар 25. 19:23ТБХ: Ө.Гэрэлт-Одыг СЗХ-ны орон тооны бус гишүүнээр томилохыг дэмжлээ6 сар 25. 19:18Б.Жавхлан сайд аа, юун дэлхийн III дайн бэ6 сар 25. 18:48Г.Занданшатар ДАРГА АНГИ-тай дайн зарлав6 сар 25. 18:14Узбекистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө6 сар 25. 16:52
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.