Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.06.27) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсож, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Дараа нь Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар хуулийн төслүүдийн талаар танилцуулсан. (бүрэн эхийг эндээс)
Нүүрсний үнийн огцом уналтаас голлон шалтгаалж төсвийн орлого 3.2 их наяд төгрөгөөр тасалдах бодит нөхцөл байдал үүссэн хэмээгээд энэ нөхцөл байдал цаашид даамжирч болзошгүй байгааг дурдсан. Засгийн газар “төр өөрөө бүсээ чангалах” хувилбарыг сонгож байгааг тэмдэглээд, төрийн бүтцийг тооноос чанарт шилжүүлэхдээ төсвийн зарлагыг механикаар хасаж тайрах биш, дунд хугацааны төсвийн тогтвортой байдалд чиглүүлэх бодлогыг баримтална гэв. Энэ нь төрийн бүтээмж, үр ашгийг сайжруулах томоохон шинэчлэлийн эхлэл болно гэдгийг Ерөнхий сайд онцлон тэмдэглэж байв.
Энэхүү шинэчлэлийг дараах хоёр үндсэн хэлбэрээр хэрэгжүүлнэ гэлээ. Нэгдүгээрт, хэмнэлтийн тодотголоор цомхон, чадварлаг, бүтээмжтэй төрийн алба бий болох шинэчлэлийг эхлүүлнэ. Хоёрдугаарт, эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах, хувийн хэвшилд суурилсан, тогтвортой, хүртээмжтэй, дархлаатай эдийн засгийг хөгжүүлэх бодлогын шинэчлэл эхлүүлэх юм байна.
Төсвийн энэхүү тодотгол нь төсөв, мөнгөний бодлогын уялдааг сайжруулж, төлбөрийн тэнцэлд учирч болзошгүй сөрөг дарамтыг 400 орчим сая ам.доллароор бууруулж, монгол төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг тогтворжуулах, үнийн өсөлтийг сааруулах, эдийн засгийн тогтвортой байдал, ард иргэдийн амьжиргаа, баялаг бүтээгчдийн хэвийн үйл ажиллагаанд зохих үр нөлөө үзүүлнэ гэж үзжээ. Улмаар эдийн засгийг тогтворжуулж, дунд хугацаанд эдийн засаг тогтвортой өсөх суурийг тэлэхийн зэрэгцээ гадаад орчинд манай улсын нэр хүнд, зээлжих зэрэглэлийг хамгаалах, баталгаажуулахад давхар чиглэж байгааг онцлон тэмдэглэж байв.
Ийнхүү 2025 оны төсөвт тодотгол хийснээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг гурван их наяд 260 тэрбум төгрөгөөр бууруулж, 30 их наяд 209.9 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээг нэг их наяд 856.5 тэрбум төгрөгөөр бууруулж, 31 их наяд 575.1 тэрбум төгрөгт хүргэж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нэг их наяд 365.2 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 1.5 хувийн алдагдалтай болох юм байна.
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл төсөл Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 23.1-д заасан шаардлагыг хангасан эсэх талаарх төрийн аудитын төв байгууллагын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцуулав.
Төсвийн тодотголын төсөл нь улсын хөгжлийн бодлого, санхүүгийн аюулгүй байдлын бодлогын зохистой харьцаанд нийцэж байгаа гэж дүгнэлээ. Мөн төсөв тодотгох суурь үзүүлэлтүүд нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн тусгай шаардлагуудыг хангаж байгааг аудитын дүгнэлтэд тусгажээ. Түүнчлэн төсвийн төсөл нь “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, Монгол Улсын 2025 оны хөгжлийн төлөвлөгөө, баримтлах бодлогын тэргүүлэх чиглэлүүдтэй нийцэж байна гэж үзсэн байна.
Үргэлжлүүлэн тэрбээр төсвийн тодотголын төслийг Улмаар Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэхдээ анхаарах, Засгийн газарт чиглэл өгөх саналуудыг танилцууллаа.
Уул уурхайн салбарын орлого гадаад зах зээлийн нөхцөл байдлаас хамаарч тодорхой бус, эрсдэлтэй байгаа учир уул уурхайн бус орлогын боломжит эх үүсвэрийг бүрэн дайчлах, татварын хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулах, хураалт, үйлчилгээг сайжруулах асуудлыг анхаарахыг хүссэн юм.
Улсын Их Хурлаас баталсан Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд заасан төрийн албан хаагчдын тоог 9 хувь бууруулахаар заасныг нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан энэ оны хоёрдугаар хагасаас хэрэгжүүлж эхлэхээр тооцсон. Энэ нь бодлогын хувьд зөв боловч ажлын байрны чиг үүргийн давхардал, ажлын ачаалалд бүрэн шинжилгээ хийлгүйгээр бүх төсвийн ерөнхийлөн захирагч нарын харьяа орон тоог жигд бууруулах нь төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг бууруулж болзошгүй. Иймд төсвийн ерөнхийлөн захирагчдад өөрийн хариуцсан салбартаа чиг үүргийн шинжилгээ, ажлын байрны ба бүтээмжийн үнэлгээг хийсний үндсэн дээр ажлын ачааллыг оновчтой хуваарилах зорилгоор харьяа байгууллагуудынхаа орон тоонд зохицуулалт хийх боломжийг олгох асуудлыг судалж үзэхийг анхааруулав.
Төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдлийг шууд бууруулах биш, ажлын бүтээмжээс хамаарсан нэмэгдэл урамшуулал болон хуульд заасан нэмэгдэл, үндсэн цалин гэсэн бүрэлдэхүүн хэсэгтэй болгох зэргээр бүтээмж, үр дүнд чиглэсэн цалин хөлсний тогтолцоог бий болгох чиглэлээр судалгаа тооцоолол хийж, зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгох нь зүйтэй хэмээн санал болгожээ.
“Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд “2025, 2026 оны төсвийн жилд өндөр насны тэтгэвэр тогтоолгох болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдсөн орон тоонд нөхөн томилгоо хийхгүй байх, шинээр ажлын чиг үүрэг, албан тушаалын орон тоо бий болгохгүй байх, ажлын байрны ачааллыг нягтруулах зэргээр цалин хөлсний зардлыг хэмнэх” гэж заажээ. Энэ нь чиг үүргийн судалгааг хийсний үндсэн дээр ажлын ачааллыг нягтруулж орон тоогоо зорилтот түвшин хүртэл нэгэнт бууруулсан байгууллагад сул орон тоонд нөхөн томилгоо хийхгүй байх нь тухайн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсгэх эрсдэлтэй байгааг анхаарах шаардлагатай гэлээ.
Төрийн нууцад хамаарах байгууллагууд болон орон нутгийн төсвийн байгууллагын орон тоог оруулахгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч нарын харьяа сул орон тооноос бусад цомхотголд орж буй албан хаагчдад Төрийн албаны тухай хуулийн 62.1.4-т заасны дагуу олгох 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийн дүнг дунджаар тооцоолж үзэхэд 26.8 тэрбум төгрөгийн зардал шаардагдахаар байгааг энэ хуулийн төслийн хэлэлцүүлэгийн үед шийдвэрлэх, гарц, шийдлийг олох шаардлагатай. Ингэснээр Улсын Их Хурлаас хууль батлагдаж, хэрэгжилтийг хангахад төсөв захирагч нарт тулгарах хүндрэлээс сэргийлж чадна хэмээн Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцуулсан юм. Эдгээр саналаас гадна төсөвт тодотгол хийх нөхцөл үүссэн тохиолдолд төрийн аудитын байгууллагаас аудитын үйл ажиллагааны үе шатны стандартын дагуу хянаж, дүгнэлт гаргахад цаг хугацааны хувьд хязгаарлагдмал байх тохиолдолууд гарч байгааг анхааралдаа авч, аудитын дүгнэлт гарган Улсын Их Хуралд хүргүүлэх зохистой хугацааг Төсвийн тухай хуульд тусгаж өгөхийг хүссэн.
Үргэлжлүүлэн хуулийн төслийн талаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс гаргасан дүгнэлтийг тус зөвлөлийн гишүүн А.Энхбат танилцуулав. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг эхлээд танилцуулсан.
Төсвийн бодлогын чиглэл бодит байдалд нийцэх хандлагатай болж байгааг тэмдэглээд 2025 оны эдийн засгийн өсөлтийг 5.5 хувь болгосон нь Зөвлөлийн энэ оны гуравдугаар сард гаргасан төсөөлөлтэй ойролцоо байгааг дурдав. Төсвийн орлогын өөдрөг төсөөллийн алдаанаас үүдэн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлүүдэд өөрчлөлт оруулах нөхцөл үүссэн ч голлох эрдсийн бүтээгдэхүүний тэнцвэржүүлсэн үнийн төсөөлөл нь зах зээлийн нөхцөл байдлыг үл харгалзан өндрөөр тооцсон хэвээр байгаа гэлээ. Дунд хугацаанд макро эдийн засгийн төсөөллийг “хазайхгүй, рационал, онодог байх” зарчмуудыг баримтлан боловсруулахгүй байна хэмээгээд холбогдох эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангах шаардлагын талаар дурджээ.
Төсвийн тодотголын төсөл Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс өгч байгаа дүгнэлтийг товч танилцуулав. Нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 2025 оны батлагдсан төсвөөс 5.4 хувиар бууруулж батлахаар орж ирсэн нь төсвийн орлогын бууралт болох 10.6 хувьтай харьцуулахад бага байгаа бөгөөд цаашид төсвийн нийт орлогын бууралтын хэмжээгээр зарлагын дүнг бууруулах зарчмыг баримталж орлогын тасалдлаас аль болох зайлсхийх бодлогыг тууштай баримтлах шаардлагатай гэв. Нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг батлагдсан төсвөөс 1.8 их наяд төгрөгөөр бууруулж байгаа нь хангалтгүй, зардлыг дахин 1,872.1 тэрбум төгрөгөөр бууруулах боломжийг эрэлхийлэх шаардлагатай гэж дүгнэжээ. Төсвийн нийт зардлыг цаашид дахин бууруулах, энэ оны төсвийн жилийн нөхцөл, онцлог байдлаас шалтгаалан төсвийн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг гэрээ байгуулсан эсэхээс үл шалтгаалан дахин 500 гаруй тэрбум төгрөгөөр хойшлуулах арга хэмжээ авахыг дүгнэлтэд дурдлаа. Төгсгөлд нь “Манай улс дунд хугацааны төсөвлөлтийн эхний үе шат болоx дунд хугацааны макро эдийн засгийн хүрээг нэвтрүүлсэн хэдий ч хүрээ нь төсвөө, төсөв нь тодотголоо даган өөрчлөгддөг байдал үргэлжилсээр байгаа нь эрсдэлийг мэдрэх гол арга хэрэгслийг үр дүнгүй болгож эмзэг байдлыг нэмэгдүүлэн үндэсний сөрөн тэсвэрлэх чадварт сөргөөр нөлөөлж байна” хэмээлээ.
Төсвийн тодотголын төслүүдийн талаарх Ерөнхий сайдын танилцуулга, Үндэсний аудитын газар, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг сонссоны дараа Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авав.
Иймд хуралдаан хуулийн төслүүдтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдийн асуулт, саналаар үргэлжлэв. Тухайлбал, Ж.Баярмаа гишүүн төсвийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодруулахад бүх боломжийг дайчлахаар төлөвлөсөн болохоо Б.Жавхлан сайд хэлээд “Ялангуяа төрийн өмчит компаниудын үр ашгийг нэмэгдүүлэх, нүүрснээс бусад үнэ өссөн уул уурхайн бүтээгдэхүүн болон уул уурхайн бус салбарын экспортын орлогыг нэмэгдүүлэхээр ажиллана” гэв. Мега төслүүдийг дэмжиж байгаа хэдий ч санхүүжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээг оновчгүй гэж үзэж буйгаа О.Цогтгэрэл гишүүн илэрхийлсэн бол Ш.Бямбасүрэн гишүүн төрийн албыг цомхон, чадварлаг болгох бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой санал хэлсэн хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл бичих