Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Дашчойлин” хийдийн баруун хойно байрлах хуучнаар эмийн үйлдвэрийн барилга байрлаж байсан 3150 ам.метр газрын газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг тавдугаар сарын 21-нд зохион байгуулж, "Эхлэл брэнд" ХХК тус газрыг 9.3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан. Өнөөдөр “Эхлэл брэнд” ХХК-д албан ёсоор газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг гардууллаа.
Энэ үеэр НЗДТГ-ын дарга Д.Амгалан “Нийслэл Улаанбаатар хот алдагдсан өмч буюу бусдын хууль бус эзэмшил, ашиглалтад байсан өмч хөрөнгүүдээ эргүүлэн олж авах ажлуудыг зохион байгуулж байгаа. Үүний нэг нь НЗД-ын дэргэдэх Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвийн харьяа эмийн үйлдвэрийн барилга байсан. Тухайн барилга ашиглалтад ороод 73 жил болсон ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан учир өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-нд албадан чөлөөлж, нураасан. Тавдугаар сарын 21-ний өдөр нээлттэй дуудлага худалдааг тэгш, хүртээмжтэй, шударга өрсөлдөөний зарчмаар зарласан. Манай үндэсний компани "Эхлэл брэнд" ХХК 9.3 тэрбум төгрөгөөр газрыг худалдан авсан. Тус компани газрын төлбөрийг төлсөн. Нийслэлийн Засаг даргын зургаадугаар сарын 27-ны өдрийн 910 тоот захирамжаар “Эхлэл брэнд” ХХК-д дээрх газрыг үйлчилгээтэй орон сууц зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, улсын бүртгэлд бүртгэсэн гэрчилгээг гардууллаа. Энэхүү дуудлага худалдаанаас олсон орлогыг Улаанбаатар хотод зогссон, санхүүжилт нь шийдэгдэхгүй байгаа сургууль, цэцэрлэгийг барихад зарцуулна. Мөн нийслэлээс энэ төрлийн алдагдаж, эзэнгүйдсэн барилгуудаа өмчдөө эргүүлэн авах ажлыг үе шаттай зохион байгуулж байна” гэлээ.
"Эхлэл брэнд" ХХК-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Ч.Батзаяа “Нийслэлийн зүгээс олон нийтэд жишиг болсон нээлттэй дуудлага худалдааг зарласан. Энэхүү дуудлага худалдаагаар худалдаж авсан 3150 ам.метр газар дээр өвөрмөц дизайнтай орчин үеийн шийдэл бүхий барилга байгууламж сүндэрлүүлнэ. Үүнтэй адил олон нийтэд нээлттэй дуудлага худалдаа цаашид ч жишиг болоосой гэж хүсэж байна. Монгол Улсын хөгжилд төр, хувийн хэвшил хамтран жишиг болсон ажил гүйцэтгэхийг зорьж байгаа” гэсэн юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл бичих