Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл, 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны тогтоолуудыг баталлаа


7-р сарын 1
23 цаг 27 минут

Монгол Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо өнөөдөр (2025.07.01)-ийн хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Д.Жаргалсайхан даргалан явуулж, Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны тогтоолуудыг баталлаа.

Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх танилцуулгыг Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал хийлээ. Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 2024 онд 29 670.8 тэрбум төгрөг, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 30 591,1 тэрбум төгрөг болж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2 451.0 тэрбум төгрөгөөр сайжирч, 920.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан болон сүүлийн гурван жил дараалан төсвийн алдагдлыг үе шаттайгаар бууруулсан тухай тэрбээр танилцуулгадаа онцлов. Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах Аж үйлдвэр, эрдэс баялгийн болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд нарын багцын нийт 94 байгууллагын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланд нэгтгэснийг Тэргүүн шадар сайд танилцуулж, эдгээр сайд нарын нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 744.8 тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй, үүнээс урсгал зардалд 550.7 тэрбум төгрөг хөрөнгийн зардалд 144.9 тэрбум төгрөг зарцуулсан байгааг мэдээллээ. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд 81 төсөл арга хэмжээг 105.2 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн нь төлөвлөсөн хөрөнгө оруулалтын 87.4 хувь болсон байна. Тус байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагч нар буюу Аж үйлдвэр, эрдэс баялгийн, Зам тээврийн хөгжлийн, Хот байгулалт, барилга, орон сууцжуулалтын, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн болон Эрчим хүчний сайд нарын 2024 оны төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцуулав. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд харьяа 28 байгууллагын тайланг нэгтгэснээс 19 байгууллагад дүгнэлт гаргаж, есөн байгууллагыг түүвэрт хамруулсан байна. Төсвийн ерөнхийлөн захирагч буюу сайдын тайланг “хязгаарлалттай” гэж дүгнэсэн бол, харьяа таван байгууллагад “өөрчлөлтгүй”, 13 байгууллагад “хязгаарлалттай”, нэг байгууллагад “сөрөг” дүгнэлт өгчээ. Аудитаар нийт 316.0 тэрбум төгрөгийн 198 зөрчил илэрснээс 0.2 тэрбум төгрөгийн зөрчилд 22 төлбөрийн акт тогтоож, 254.5 тэрбум төгрөгийн зөрчлийг таслан зогсоох 89 албан шаардлага хүргүүлж, 53.2 тэрбум төгрөгийн зөрчлийг давтан гаргахгүй байх 80 зөвлөмж өгч, 2.3 тэрбум төгрөгийн зөрчилд хариуцлага тооцуулах зургаан албан шаардлага хүргүүлж, хууль хяналтын байгууллагад 5.8 тэрбум төгрөгийн нэг асуудлыг шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Нягтлан бодох бүртгэл, тайлагналтай холбоотой нийт 79.6 тэрбум төгрөгийн 64 алдаа илэрснээс 78.3 тэрбум төгрөгийн 52 алдааг аудитын явцад залруулж, 1.3 тэрбум төгрөгийн алдааг залруулах 12 зөвлөмж өгсний дээр нийцлийн асуудлаар нийт 1 222.0 тэрбум төгрөгийн 72 зөрчил илэрснээс 2.8 сая төгрөгийн зөрчилд нэг төлбөрийн акт, 282.7 тэрбум төгрөгийн зөрчлийг таслан зогсоох 24 шаардлага, 908.2 тэрбум төгрөгийн зөрчлийг давтан гаргахгүй байх 42 зөвлөмж өгч, 31.1 тэрбум төгрөгийн зөрчилд хариуцлага тооцуулах таван албан шаардлага хүргүүлжээ. Түүнчлэн аудитын байгууллагаас өмнөх онд өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг бүрэн хангуулах үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэх, авлага, өр төлбөр үүсгэсэн, тооцоо нийлж баталгаажуулаагүй, хугацаа хэтэрсэн болон олон жилийн насжилттай, эрсдэлтэй авлагыг барагдуулах, төрийн өмчийн 51.0-ээс дээш хувийн оролцоотой гурван компанийн санхүүгийн тайланг төсвийн ерөнхийлөн захирагчийн тайланд нэгтгэх шаардлагатайг Монгол Улсын ерөнхий аудитор С.Магнайсүрэн анхааруулав.

Мөн Зам, тээврийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2024 оны тайланд харьяа 36 байгууллагын санхүүгийн тайланг нэгтгэснээс 30 байгууллагад дүгнэлт гаргаж, зургаан байгууллагыг түүвэрт хамруулсан бөгөөд төсвийн ерөнхийлөн захирагч буюу сайдын тайланд “хязгаарлалттай”, харьяа 16 байгууллагад “өөрчлөлтгүй”, 12 байгууллагад “хязгаарлалттай”, хоёр байгууллагад “Сөрөг” гэсэн дүгнэлт өгсөн байна. Санхүүгийн тайлангийн аудитаар 407.8 тэрбум төгрөгийн 271 зөрчил илэрснээс 0.1 тэрбум төгрөгийн зөрчилд 35 төлбөрийн акт тогтоож, 313.1 тэрбум төгрөгийн зөрчлийг таслан зогсоох 101 албан шаардлага, 94.6 тэрбум төгрөгийн зөрчилд 134 зөвлөмж өгч, хариуцлага тооцуулах нэг албан шаардлага хүргүүлсэн байна. Нягтлан бодох бүртгэл, тайлагналтай холбоотой нийт 416.0 тэрбум төгрөгийн 41 алдаа илэрснээс аудитын явцад 40 алдааг залруулж, нэг алдааг залруулах зөвлөмж өгч, нийцлийн асуудлаар 120.0 тэрбум төгрөгийн 84 зөрчил илэрснээс 3.0 сая төгрөгийн зөрчилд хоёр төлбөрийн акт тогтоож, 68.6 тэрбум төгрөгийн зөрчлийг таслан зогсоох 21 албан шаардлага хүргүүлж, 51.4 тэрбум төгрөгийн зөрчлийг давтан гаргахгүй байх 61 зөвлөмж өгчээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 2.9 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй, 2024 онд 737.1 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 125 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталснаас 85 төсөл, арга хэмжээг шинээр төлөвлөж хэрэгжүүлсэн бөгөөд нийт 176.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 17 барилга байгууламж, их засварын ажлыг байнгын ашиглалтад оруулсан байна. Төсөл, арга хэмжээний санхүүжилт 65.6 хувьтай байна. Мөн дотоод хяналтыг сайжруулах, алдаа, зөрчлийг 20-оос доошгүй хувиар бууруулах тухай өмнөх онд өгсөн аудитын албан шаардлагын хэрэгжилт хангалтгүй байна гэсэн дүгнэлтийг ерөнхий аудитор танилцуулав.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын тайланд харьяа 64 байгууллагын санхүүгийн тайланг нэгтгэснээс 52 байгууллагад дүгнэлт гаргаж, 12 байгууллагыг түүвэрт хамруулсан байна. Аудитаар төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд “хязгаарлалттай”, харьяа 38 байгууллагад “өөрчлөлтгүй”, 12 байгууллагад “хязгаарлалттай”, хоёр байгууллагад “сөрөг” дүгнэлт өгсөн бөгөөд нийт 253.1 тэрбум төгрөгийн 229 зөрчил илэрснээс, 0.2 тэрбум төгрөгийн зөрчилд 38 төлбөрийн акт тогтоож, 230.8 тэрбум төгрөгийн зөрчлийг таслан зогсоох 92 албан шаардлага, 22.1 тэрбум төгрөгийн зөрчлийг давтан гаргахгүй байх 98 зөвлөмж өгч, хариуцлага тооцуулах нэг албан шаардлага хүргүүлжээ. Нягтлан бодох бүртгэл, тайлагналтай холбоотой нийт 147.6 тэрбум төгрөгийн 68 алдаа илэрснээс аудитын явцад 64 алдааг залруулж, дөрвөн алдааг залруулах зөвлөмж өгсөн бол нийцлийн асуудлаар нийт 10.1 тэрбум төгрөгийн 50 зөрчил илэрснээс, 1.5 сая төгрөгийн нэг төлбөрийн акт, 6.0 тэрбум төгрөгийн зөрчлийг таслан зогсоох 17 албан шаардлага, 4.1 тэрбум төгрөгийн зөрчлийг давтан гаргахгүй байх 31 зөвлөмж өгч, хариуцлага тооцуулах нэг албан шаардлагыг хүргүүлээд байгаа юм байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 231.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 2024 онд 120.5 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 80 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталснаас 54 төсөл, арга хэмжээг шинээр хэрэгжүүлж, 49.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 38 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авч, тоног төхөөрөмж нийлүүлсэн байна.  Нийт төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийг хянаж, 73.7 хувийн санхүүжилтийг олгожээ. Мөн харьяа байгууллагуудын санхүүгийн тайланд бүртгээгүй 4.5 тэрбум төгрөгийн өр төлбөрийн үлдэгдлийг тооцоо нийлж, баталгаажуулан  санхүүгийн тайланд бүртгэх тухай өмнөх онд өгсөн аудитын зөвлөмжийн хэрэгжилт хангалтгүй байжээ.

Эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 33 тайлан нэгтгэснээс 29 байгууллагын тайланд дүгнэлт гаргаж, дөрвийг түүвэрт хамруулсан байна. Аудитаар төсвийн ерөнхийлөн захирагч буюу сайдын тайланд “хязгаарлалттай”, харьяа 25 байгууллагад “өөрчлөлтгүй”, дөрвөн байгууллагад “хязгаарлалттай” дүгнэлт өгчээ. Аудитаар нийт 145.4 тэрбум төгрөгийн 209 зөрчил илэрснээс 0.2 тэрбум төгрөгийн зөрчилд 45 төлбөрийн акт тогтоож, 74.5 тэрбум төгрөгийн зөрчлийг таслан зогсоох 88 албан шаардлага, 70.7 тэрбум төгрөгийн зөрчлийг давтан гаргахгүй байх 76 зөвлөмж хүргүүлэн, нягтлан бодох бүртгэл, тайлагналтай холбоотой 123.5 тэрбум төгрөгийн 73 алдааг аудитын явцад залруулсан байна. Санхүүгийн нийцлийн асуудлаар нийт 91.4 тэрбум төгрөгийн зөрчил илэрснээс 27.2 сая төгрөгийн 1 зөрчилд төлбөрийн акт тогтоож,  18.8 тэрбум төгрөгийн зөрчлийг таслан зогсоох 21 албан шаардлага хүргүүлж, 72.6 тэрбум төгрөгийн зөрчлийг давтан гаргахгүй байх 36 зөвлөмж өгсөн ажээ. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар оруулалтаар нийт 627.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 226.0 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 56 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээс 36 төсөл, арга хэмжээг 2024 онд шинээр  баталсан бол 150.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 13 барилга байгууламж, их засварын ажлыг ашиглалтад хүлээн авч, тоног төхөөрөмж нийлүүлэгдсэн байна. Нийт төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийг хянаж, 86.3 хувийн санхүүжилтийг олгожээ. Өмнөх оны аудитаар өгсөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн 92.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 63 төсөл, арга хэмжээг улсын комиссын актаар хүлээн авсан боловч ашиглагч байгууллагуудад шилжүүлээгүй 36.3 тэрбум төгрөгийн хөрөнгийн бүртгэл, өмчлөлийн асуудлыг шийдвэрлүүлэх зөвлөмжийн хэрэгжилт хангагдаагүй байна.

Эдгээр сайд нарын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланд хийсэн аудитын дүн, дүгнэлтээс үндэслэн анхаарах шаардлагатай асуудлуудыг Монгол Улсын ерөнхий аудитор дурдав. Тухайлбал, эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудад хэрэгжүүлэх дотоод хяналтыг сайжруулах, төрийн аудитын байгууллагаас өгсөн зөвлөмжийг бүрэн хангуулж ажиллах, төсвийн ерөнхийлөн захирагчдын хэрэгжүүлсэн хөтөлбөр, хөтөлбөрийн үр дүн, чанар, тоо хэмжээг төсвийн гүйцэтгэлтэй уялдуулан хяналт шинжилгээ, үнэлгээ хийж баталгаажуулах, худалдан авах ажиллагааг хууль, тогтоомжид нийцүүлэн зохион байгуулах, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах, төсөв, хөрөнгийг зохистой удирдаагүйгээс авлага, өр төлбөр үүсгэсэн, тооцоо нийлж баталгаажуулаагүй, хугацаа хэтэрсэн болон олон жилийн насжилттай, эзэн холбогдогчгүй болж найдваргүй болох эрсдэлтэй авлагыг барагдуулах, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдээр нийгмийн шинж чанартай төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхийг таслан зогсоох, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эрх зүйн болон засаглалын орчныг сайжруулж, үйл ажиллагааны хараат бус, ил тод байдлыг хангах, харьяа байгууллагуудын төлөвлөлт, гүйцэтгэлийг хянаж нэгтгэх, үр дүнг үнэлэх, зохих арга хэмжээг тухай бүр авч ажиллах шаардлагатайг зөвлөлөө. Тэргүүн дэд сайдын хийсэн танилцуулга болон аудитын дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Батбаяр, Л.Лувсанжамц, Г.Очирбат, Д.Пүрэвдаваа нар асуулт асууж, үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүд гадаад улс, олон улсын банк, санхүүгийн байгууллагын гэрээ, хэлэлцээрийн хүрээнд авсан боловч ашиглагдаагүй үлдсэн зээл, тэдгээрт тооцогдож буй хүүгийн хэмжээ, малын гоц халдварт, архаг өвчнөөс сэргийлэх, эрүүлжүүлэх ажлуудын үр дүн, хөнгөн үйлдвэрийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрүүдийн хүрээнд хийсэн ажил, гарсан үр дүнгийн талаар, мөн үрж дууссан мөнгийг бус үр дүнг тайлагнаж, Улсын Их Хурлаар тэрхүү үр дүнг хэлэлцэх тухай, төсвийн ерөнхийлөн захирагчдын хөтөлбөрт тавигдсан 412 шалгуур үзүүлэлтийн биелэлт, хүрсэн түвшин, аудитаар илэрсэн зөрчил, дутагдлууд, тэдгээрийг хэрхэн арилгах, хариуцлага тооцох, төсвийн орлогыг урьдчилан болон тусгайлан хуваарилах хандлага бий болж байгааг хэрхэн засаж, залруулах, энэ талаарх эрх зүйн орчныг бүрдүүлэх ажлыг ажлыг яаравчлах болон татварын байгууллагаас татварын бүрдүүлэлт ноогдуулалттай холбоотой зөрчил, гэрээ, бараа, ажил үйлчилгээ, мөнгө угаасан байж болзошгүй нийт 7 319.0 тэрбум төгрөгийн гэмт хэргийн шинжтэй асуудлыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн нь татварын нийт орлогын 26,7 хувьтай тэнцэж байгаа зэрэг тодорхой асуудлуудыг хөндөн тавьж байлаа. Мөн хугацаа хэтэрсэн, насжилт өндөртэй 1.1 их наяд төгрөгийн, нийт 3.9 их наяд төгрөгийн татварын өрийн үлдэгдлийн талаар асууж, тодруулга авсан юм. Улсын Их Хурлын гишүүн Д.Пүрэвдаваа эдийн засаг өсөлтгүй байхад төсвийг ихээхэн хэмжээгээр тэлсэн, 7.3 их наяд төгрөгийн гэмт хэргийн шинжтэй зөрчил үүсгэсэн асуудалд хуулийн хариуцлага тооцох ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Ингээд Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан тухай санал, дүгнэлтийг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр боллоо. Үүний дараа Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулав.

Хууль, тогтоолын төслүүдийн талаарх танилцуулгыг Сангийн сайд Б.Жавхлан хийлээ. Сайд танилцуулгадаа эдийн засгийн сорилт, хүндрэлийг даван туулахад төсвийн сахилга бат, үр ашигтай зарцуулалт онцгой чухал болохыг тэмдэглэж, бүх шатын төрийн байгууллагуудын тэвчиж болох зардлыг хэмнэх зарчим баримталсныг онцлов. Цомхон бүтээмжтэй төртэй байхын тулд төрийн албаны орон тоог 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд нийцүүлэн 9.0 хувиар бууруулахаар тооцсон байна. Төсвийн байгууллагын тээвэр шатахуун, дотоод албан томилолт, хичээл, үйлдвэрлэлийн зардал, төрийн өндөр дээд айлчлал болон өндөр түвшний зочин төлөөлөгчид хүлээн авахаас бусад гадаад том албан томилолт, зочин төлөөлөгч хүлээн авах зардал, тавилга эд хогшил худалдан авах урсгал засвар хийх болон багаж техникийн зардал төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад олгодог татаасны зардал байгууллагаас олгох нэг удаагийн болон бусад төрлийн тэтгэмж, урамшуулал, хөтөлбөр, арга хэмжээний зардал зэргийг үнэ хэмнэхээр тооцож холбогдох өөрчлөлтийг тодотголын төсөлд тусгажээ.

Үүний хүрээнд Зам, тээврийн сайдын багцын төсөв 2025 оны батлагдсан төсвөөс урсгал зардал 1.5 тэрбум төгрөгөөр, хөрөнгийн зардал 76.0 тэрбум төгрөгөөр, нийт  77.5 тэрбум төгрөгөөр бууруулахаар төлөвлөж, салбарын төрийн албан хаагчийн тоог 9.0 хувиар буюу 26 орон тоогоор бууруулан, 256 орон тоотой байхаар тооцсон байна. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын багцын төсөв 2025 оны батлагдсан төсвөөс урсгал зардал 2.2 тэрбум төгрөгөөр, хөрөнгийн зардал 21.1 тэрбум төгрөгөөр, нийт 23.3 тэрбум төгрөгөөр бууруулахаар, салбарын төрийн албан хаагчийн тоог есөн орон тоогоор бууруулж, 122 байхаар, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын багцын төсвийг батлагдсанаас урсгал зардлыг 1.7 тэрбум, хөрөнгийн зардлыг 0.2 тэрбум, нийт 1.9 тэрбум төгрөгөөр бууруулж, орон тоог 33-аар бууруулан, 332 болгохоор, Хөдөө аж ахуйн салбарын батлагдсан нийт төсөв 723.0 тэрбум төгрөгийг 676.7 тэрбум төгрөг болгож, хөрөнгийн зардлаас 2.3 тэрбум, урсгал зардлаас 44.0 тэрбум төгрөг хасан, нийт 46.3 тэрбум төгрөгөөр буюу 7.0 хувиар бууруулахаар, салбарын хэмжээнд нийт 2117 орон тоо батлагдсанаас 187 орон тоог цомхотгохоор Эрчим хүчний сайдын багцаас хэмнэлтийн бодлогын хүрээнд 739.6 сая төгрөгөөр буурахаар, төрийн албан хаагчдын тоог 10-аар бууруулж, 100 орон тоотой байхаар тус тус тооцсон байна.

Харин “Дулааны цахилгаан станц III” ТӨХК-ийн өндөр даралтын турбин цехийн барилга байгууламжид гарсан гэнэтийн аваар осол, гал гарч томоохон эрсдэл үүссэнтэй холбогдуулан гамшиг ослын хохирол, хор уршгийг бууруулах, өвлийн их ачаалалд дулаанжуулалтын тоноглолын бэлэн байдлыг хангах зайлшгүй шаардлагын хүрээнд 35.5 тэрбум төгрөг, Дулааны станцууд болон эрчим хүчний компаниудын найдвартай ажиллагааг хангах зорилгоор 9.1 тэрбум төгрөгийг, эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтийн хугацааг уртасгасантай холбоотой 26.0 тэрбум төгрөгийг тус тус нэмж тусгажээ. Ингэж 2025 оны төсөвт тодотгол хийснээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 3 260 тэрбум төгрөгөөр бууруулж, 30 209.9 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээг 1 856.5 тэрбум төгрөгөөр бууруулж, 31 575.1 тэрбум төгрөгт хүргэж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1 365.2 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 1.5 хувийн алдагдалтай болж байна.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцуулсан юм. Төсвийн тодотголд тус байнгын хороонд хамаарах таван төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөвт төвлөрүүлэх орлогыг нийт 98,5 тэрбум төгрөгөөр, зарлагыг 77.0 тэрбум төгрөгөөр тус тус бууруулахаар төлөвлөснийг тэрбээр хүснэгтээр танилцуулсан юм. Байнгын хороо хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэхдээ уул уурхайн салбарын орлого тодорхой бус, эрсдэлтэй байгаа учир бусад салбарын орлогын боломжит эх үүсвэрийг бүрэн дайчилж, татварын хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулан, татвар хураалт, үйлчилгээг сайжруулах, төрийн албан хаагчдын тоог чиг үүргийн давхардал, ажлын байрны ачаалалд дүн шинжилгээ хийлгүй жигд 9.0 хувиар бууруулахаар тооцсон нь төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг бууруулж болзошгүй тул төсвийн ерөнхийлөн захирагч нар хариуцсан салбартаа чиг үүргийн шинжилгээ, ажлын байрны ба бүтээмжийн үнэлгээг хийж, ажлын ачааллыг оновчтой хуваарилах үүднээс харьяа байгууллагуудын орон тоонд зохицуулалт хийх боломжийг олгох асуудлыг судалж үзэх, 2025, 2026 оны төсвийн жилд өндөр насны тэтгэвэр тогтоолгох, мөн хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдсөн орон тоонд нөхөн томилгоо хийхгүй байх, шинээр ажлын чиг үүрэг, албан тушаалын орон тоо бий болгохгүй байх, ажлын байрны ачааллыг нягтруулах зэргээр цалин хөлсний зардлыг хэмнэхээр заасан нь судалгаанд үндэслэн ажлын ачааллыг нягтруулж, орон тоогоо зорилтот түвшинд хүртэл нэгэнт бууруулсан байгууллагад сул орон тоонд нөхөн томилгоо хийх боломжгүй нөхцөл үүсгэж тухайн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж чадахгүй болох эрсдэл үүсгэж болзошгүй байгааг анхаарах, цомхотголд орж буй албан хаагчдад төрийн албаны хуулийн 62.1.4-д заасны дагуу ажлаас чөлөөлөгдсөний гурван сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийн зардал шаардагдах учир төсвийн тодотголд хамтад нь шийдвэрлэх шаардлагатайг анхаарахыг Байнгын хороонд зөвлөв. Мөн улсын төсөвт тодотгол хийх нөхцөл үүссэн тохиолдолд төрийн аудитын байгууллага стандартын дагуу хянаж, аудитын дүгнэлт гаргахад цаг хугацааны хязгаарлагдмал байдал гарч байгааг анхаарч, дүгнэлт гаргах, Улсын Их Хуралд хүргүүлэх зохистой хугацааг Төсвийн тухай хуульд тусгаж өгөх нь зүйтэйг санал болгов. Сангийн сайдын танилцуулга болгон аудитын дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат төрийн албан хаагчдын ажил, албан тушаалын чиг үүргийн 20 орчим хувийн давхцал байгаа талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал танилцуулсныг дурдаж, төрийн ажил, үйлчилгээг цахимжуулах асуудлыг төрийн аудитын байгууллага цашид шахаж, шаардаж ажиллах нь зүйтэй гэсэн юм. Мөн Улсын Их Хурлыг гишүүн Х.Жангабыл газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр нэмэгдэж байгаатай холбогдуулан нефть бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх зардлыг төсвийн тодотголд тусгасан эсэхийг асууж хариулт авсан юм. Үүнд Сангийн сайд Б.Жавхлан шатахууны нөөц бүрдүүлэх талаар хариуцсан яамнаас санал ирээгүй тул тусгаагүй гэсэн хариулт өглөө.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.

Дараа нь Байнгын хорооны 2024 оны 2 дугаар тогтоолоор байгуулагдсан “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагааны талаар шалган судлах, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий хянан шалгах ажлын хэсгийн санал дүгнэлтэд үндэслэн боловсруулсан “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төсөлд, “Тавантолгой түлш” ХХК-ийн “Сайжруулсан шахмал түлш”-ний хүчин төгөлдөр мөрдөж байгаа MNS 5679:2022 стандарт нь ахуйн хэрэглээний шахмал түлшний олон улсын нийтлэг жишгийг хангахгүй байгаа тул “Ахуйн хэрэглээний шахмал түлш” техникийн шаардлага нэршлээр шинэ стандартыг боловсруулж батлан, хэрэглээнд нэвтрүүлж, аж ахуйн нэгжүүд энэхүү стандартын дагуу зах зээлийн зарчмаар чөлөөтэй өрсөлдөх боломж бүрдүүлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгох, “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас эргэн төлөгдөх нөхцөлтэй, зээлээр санхүүжүүлсэн 1.5 их наяд төгрөгийг эргүүлэн төлж, тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хохирол, алдагдлыг барагдуулах арга хэмжээ авахыг “Тавантолгой түлш” ХХК-д үүрэг болгох, мөн 2024 оны жилийн эцсийн байдлаар 905.8 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай “Тавантолгой түлш” ХХК-ийн өмчлөл, бүтэц, менежментийн оновчтой хувилбарыг судалж, бүтцийг сайжруулах, санхүүжилтийг оновчтой болгох санал боловсруулж, танилцуулах, улс, орон нутгийн төсөв, төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд тус компанийн үйл ажиллагаатай холбоотой санхүүжилтийн зарцуулалтад хуульд заасан шаардлагатай арга хэмжээг авч, хэрэгжилтийн явцыг танилцуулахыг Засгийн газарт чиглэл болгохоор тусгасан байна. Мөн “Тавантолгой түлш” ХХК-ийн бизнес төлөвлөгөөг боловсруулж, танилцуулах, үйлдвэрийн худалдан авах ажиллагааг эрх зүйн хувьд төрийн нууцаас гаргах боломжийг судалж, танилцуулах, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд үр дагаврын үнэлгээ хийж, үр дүнг тайлагнахыг үүрэг болгожээ.

Тогтоолын төсөлтэй холбоогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг асуулт асууж, тогтоолын төслийн заалт хоорондын зөрчил буюу шахмал түлшний болон компанийн асуудлуудыг зааглах шаардлагатай эсэх, мөн нийслэлийн өмчийн асуудлаар шийдвэр гаргах нь эрх зүйн зөрчил үүсгэх эсэх талаар тайлбар авав. Түүний дэвшүүлсэн асуудлыг тогтоолын төсөлд тусгаснаар баталъя гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувь нь дэмжиж баталлаа.

Мөн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны бас нэг тогтоолы төслийг хэлэлцлээ. Тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа хүлэмжийн хийн ялгаруулалты багасгах нь дэлхий дахины шаардлага болоод байгааг дурдаж, Монгол Улсад эрчим хүч, аж үйлдвэр, эдийн засаг бүхэлдээ нүүрсэнд тулгуурласан хэвээр байгаатай холбогдуулж, урт, дунд, богино хугацааны хөгжлийн хөтөлбөр, бодлогын зорилтуудыг хангах, үндэсний аж үйлдвэржилтээ хөгжүүлэх, нүүрсхүчлийн хийн ялгаралыг багатай байдлаар төлөвлөх үүднээс “Нүүрс химийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө” боловсруулж хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгох нь зүйтэй гэж үзсэн талаар дурдав.

Мөн тогтоолоор, уг стратеги төлөвлөгөөний хүрээнд шатахуун үйлдвэрлэж импортын хамаарлыг бууруулах, кокс, нийлэг материал, нүүрс химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх эрх зүйн орчныг сайжруулах, нүүрс химийн үйлдвэрлэлийг эрчим хүч, хаягдал усны ашиглалт, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнтэй уялдуулах, үйлдвэрээс ялгарах нүүрсхүчлийн хийг газрын тосны олборлолтод ашиглах болон бусад шаардлагатай арга хэмжээг тодорхойлон төлөвлөх, хэрэгжилтийг хангах, “Нүүрс химийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө”-г хэрэгжүүлж, түүний биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Засгийн газарт даалгахаар заажээ. Тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Х.Жангабыл асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн С.Замира үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн С.Замира тогтоолын төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж, олон жил үнэгүйдүүлж ирсэн нүүрсээ боловсруулж, төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд гаргах боломж бүрдүүлэхэд чиглэснийг сайшаав. Мөн Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг найруулгын санал хэлсний дараа санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувь нь дэмжиж, тогтоолыг баталлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

 

 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Төсвийн гүйцэтгэл болон Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ5 цаг 11 минутын өмнө2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон 2025 оны төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2025.07.01) хуралдаан 16 цаг 52 минутад гишүүдийн 63.6 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр тогтов. Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулга хийлээ. Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 2024 онд 29 их наяд 670 тэрбум төгрөг, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 30 их наяд 591 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2 их наяд 451 тэрбум төгрөгөөр сайжирч, 920 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан ба сүүлийн 3 жил дараалан төсвийн алдагдлыг үе шаттайгаар бууруулж ажилласан гэв. Mонгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд тус Байнгын хороонд харьяалагдах Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын багцын нийт 51 байгууллагын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэн гаргасан байна. Улсын төсвийн гүйцэтгэлээр тус Байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага болон цэвэр зээлийн дүн 211 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарч, үүнээс урсгал зардалд 148.7 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 62.5 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд тус Байнгын хороонд харьяалагдах 2 төсвийн ерөнхийлөн захирагчийн 17 төсөл, арга хэмжээнд 122.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгож, гүйцэтгэл 53.3 хувьтай гарсан гэв. Үргэлжлүүлэн Байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэл болон улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр дүнд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцуулав. Инновац, цахим бодлогын байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын талаар тоймлон танилцуулав. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 14 тайлан нэгтгэгдсэнээс 10 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 3 байгууллагыг түүвэрт хамруулжээ. Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан тайлант онд гүйцэтгэл гараагүй байна. Аудитаар төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд ‘’Хязгаарлалттай‘’, харьяа 5 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 5 байгууллагад ‘’Хязгаарлалттай‘’ дүгнэлт өгчээ. Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2024 оны санхүүгийн тайланд 36 тайлан нэгтгэснээс 16 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 19 байгууллагыг түүвэрт хамрууллаа. “Хөгжлийн банк” ХХК-д төрийн аудит дүгнэлт гаргаагүй гэв. Аудитаар төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн тайлан нэгтгэсэн тайланд ‘’Хязгаарлалттай‘’, харьяа 13 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 3 байгууллагад ‘’Хязгаарлалттай‘’ дүгнэлт өгсөн байна. Дээр дурдсан аудитын дүгнэлтээс үндэслэн анхаарал хандуулах дараах асуудлуудыг Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцууллаа. Төрийн үйлчилгээний e-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталыг санхүүгийн тайланд бүртгэх, цаашид хөгжүүлэлтийн зардлыг капиталжуулах асуудлыг шийдвэрлэх; Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангаас олгосон санхүүжилт нь татаасны хэлбэрт шилжиж байгаад анхаарч тус сангийн үйл ажиллагаа, хөрөнгийн зарцуулалтад дүн шинжилгээ хийж, сангийн эх үүсвэрийг дэд бүтэц бүтээн байгуулалтад чиглүүлж, улсын төсвийн хөрөнгө оруулалтын ачааллыг бууруулах асуудлыг анхаарахыг танилцууллаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалт болон Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгөөр бэлтгэсэн бусад эргэлтийн хөрөнгө дансанд бүртгэлтэй хөрөнгийг ашиглагч байгууллагад шилжүүлэх талаар үе шаттай арга хэмжээ авч ажиллах; Худалдан авах ажиллагаа болон Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангах болон төсвийн ерөнхийлөн захирагчдын хэрэгжүүлсэн хөтөлбөр, хөтөлбөрийн үр дүн, чанар, тоон хэмжээг төсвийн гүйцэтгэлтэй уялдуулан хяналт шинжилгээ, үнэлгээ хийж баталгаажуулах шаардлагатай гэв. Төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудад хэрэгжүүлэх дотоод хяналтыг сайжруулах, төрийн аудитын байгууллагаас хүргүүлсэн шийдвэрийн хэрэгжилтийг бүрэн хангуулах үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэй байгааг Ерөнхий аудитор хуралдаанд танилцуулсан. Сангийн сайдын илтгэл, аудитын дээрх дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тус төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, холбогдох санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв. Дараа нь Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан төслүүдийн талаар танилцуулсан. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын багцын 2025 оны батлагдсан нийт төсөв 118.4 тэрбум төгрөгөөс 79.6 тэрбум төгрөг болж хөрөнгийн зардлаас 12.4 тэрбум төгрөг, урсгал зардлаас 26.5 тэрбум төгрөг нийт 38.9 тэрбум төгрөг буюу 32.8 хувь буурсан байна. Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд туссан төрийн албаны реформын шинэчлэлийн хүрээнд багш, эмчээс бусад төрийн албан хаагчдын орон тоог 9 хувиар бууруулахаар төлөвлөсний дагуу салбарын хэмжээнд нийт 540 орон тоо батлагдсанаас 50 орон тоог бууруулахаар төлөвлөсөн гэлээ. Дараа нь Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж дүгнэсэн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцуулсан. Хуулийн төсөлд тус Байнгын хороонд хамаарах төсвийн хоёр ерөнхийлөн захирагчийн төсөвт төвлөрүүлэх орлогыг өмнөх төсвөөс өөрчлөлтгүй, зарлагыг 53.9 тэрбум төгрөгөөр бууруулахаар төлөвлөжээ. Байнгын хорооны хуралдаанаар энэхүү төслийг хэлэлцэн шийдвэрлэхдээ дараах асуудалд анхаарал хандуулахыг Ерөнхий аудитор С.Магнайсүрэн санал болгов. Төрийн албан хаагчдын тоог чиг үүргийн давхардал, ажлын байрны ачаалалд бүрэн шинжилгээ хийлгүйгээр нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан бүх ТЕЗ нарын орон тоог жигд 9 хувиар бууруулахаар тооцсон нь төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг бууруулж болзошгүй. Иймд ТЕЗ-д өөрийн хариуцсан салбартаа чиг үүргийн шинжилгээ, ажлын байрны ба бүтээмжийн үнэлгээг хийсний үндсэн дээр ажлын ачааллыг оновчтой хуваарилах зорилгоор харьяа байгууллагуудын орон тоонд зохицуулалт хийх эрхийг олгохыг анхаарахыг хүсэв. Төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төсөлд “2025, 2026 оны төсвийн жилд өндөр насны тэтгэвэр тогтоолгох болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдсөн орон тоонд нөхөн томилгоо хийхгүй байх, шинээр ажлын чиг үүрэг, албан тушаалын орон тоо бий болгохгүй байх, ажлын байрны ачааллыг нягтруулах зэргээр цалин хөлсний зардлыг хэмнэх” гэж заажээ. Энэ нь чиг үүргийн судалгааг хийсний үндсэн дээр ажлын ачааллыг нягтруулж орон тоогоо зорилтот түвшин хүртэл нэгэнт бууруулсан байгууллагад сул орон тоонд нөхөн томилгоо хийхгүй байх нь тухайн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсгэх эрсдэл байгааг анхаарч үзэхийг дүгнэлтээр санал болгожээ. Төсвийн ерөнхийлөн захирагч нар сул орон тооноос бусад цомхотголд орж буй албан хаагчдад Төрийн албаны тухай хуулийн 62.1.4-т заасны дагуу ажлаас чөлөөлөгдсөний 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийн зардал шаардагдахаар байгааг энэ хуулийн төслийн хэлцүүлгийн явцад гарц шийдэл олох хэрэгтэйг мөн дурдсан. Дээрх саналуудаас гадна төсөвт тодотгол хийх нөхцөл үүссэн тохиолдолд төрийн аудитын байгууллагаас аудитын үйл ажиллагааны үе шатны стандартын дагуу хянаж, дүгнэлт гаргахад цаг хугацааны хувьд хязгаарлагдмал байх тохиолдол байнга гарч байгааг анхааралдаа авч, дүгнэлт гарган Улсын Их Хуралд хүргүүлэх зохистой хугацааг Төсвийн тухай хуульд тусгаж өгөх шаардлагатай байгааг хэллээ. Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Ч.Номин, Ж.Золжаргал, Т.Мөнхсайхан нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, тайлбар, мэдээлэл авав. Дараа нь Байнгын хорооны гишүүд төсвийн тодотголтой холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй хэмээн үзсэн тул холбогдох төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо. Нийслэлийн цахим шилжилтийн төслүүдийн талаарх мэдээллийг нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай танилцуулсан юм. Улаанбаатар хотод 2025 оны байдлаар цахим шилжилтийн нийт 8 төсөл арга хэмжээ хэрэгжиж байгаа аж. Улаанбаатар хотын теле камерын нэгдсэн төв байгуулах, авто замыг бүрэн камержуулах төсөл хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн хэмжээнд шинээр байгуулагдсан нэгдсэн төв болон 9 дүүрэгт теле камерын хяналтын дэд төвүүдийг байгуулж, өндөр хурдны интернэтээр холбожээ. Төвийн 6 дүүрэг нь 40 гегабайт, алсын 3 дүүрэг 100 мегабайтын урсгалаар холбогдсон. Төслийн гүйцэтгэл 97 хувьтай байгаа гэв. Нийслэл дэх автозамын 176 уулзварын 150 дээр төсөл хэрэгжсэнээс 145 нь хэвийн ажиллаж байгаа юм байна. Харин цахилгааны болон шилэн кабелийн гэмтлийн улмаас 5 уулзвар дээр ажил үргэлжилж байгаа гэв. Камержуулсан 150 уулзвар дээр замын хөдөлгөөний 10 төрлийн зөрчлийг илрүүлдэг талаар танилцууллаа. Хоёр дахь төсөл буюу нийтийн тээврийн цахим шилжилтийн талаар мэдээлэл хийлээ. Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн тээврийн салбарын томоохон цахим шилжилтийг хийж байгаа хэмээн тодотгоод нийтийн тээвэрт зөвхөн картаар зорчих бус, олон улсын болон дотоодын бүхий л банкны картаар зорчих боломжтой болгожээ. Мөн аппликэйшн ашиглаж төлбөр төлөхөөс гадна шаардлагатай мэдээллээ авах боломжийг бүрдүүлсэн гэв. Нийтийн тээврийн парк шинэчлэлтйг хүрээнд хүн тоологч камер, зорчигч, жолоочийн хяналтын камер, жолоочийн зөрчлийн хянах, дотор хяналтын камерууд, бодит цаг хугацаагаар тухайн автобуснуудыг хянах урд, арын хяналтын камер гэх зэрэг 10-12 хяналтын төхөөрөмжөөр тоногложээ. Үргэлжлүүлэн нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай Улаанбаатар дата центр төслийг танилцуулах үеэр төслүүдийн төсөвт өртөг, хугацаа, зардлын тооцоо гэх зэргийг тодруулах шаардлагын хүрээнд мэдээллийг хойшлууллаа. Үүгээр өнөөдрийн хуралдаан өндөрлөсөн юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.5 цаг 16 минутын өмнөМонгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл, 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны тогтоолуудыг баталлаа5 цаг 22 минутын өмнөНийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ5 цаг 30 минутын өмнө“Нээлттэй парламент” дадлагажих хөтөлбөрт хамрагдсан оюутнууд батламжаа гардан авлаа5 цаг 35 минутын өмнөНийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсгол боллоо5 цаг 39 минутын өмнөМонгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж, Байнгын хорооны тогтоолын төслийг батлав5 цаг 44 минутын өмнө“Сэлбэ хотын бүтээн байгуулалтад олон улсаас босгосон 500 сая ам.долларыг үр ашиггүй хадгалсан” гэдэг үндэслэлгүй” гэв5 цаг 49 минутын өмнөҮндэсний их баяр наадмын бэлтгэл 80 хувьтай үргэлжилж байна5 цаг 53 минутын өмнөҮндэсний их баяр наадмын худалдаа, үйлчилгээний зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар авч эхэллээ5 цаг 56 минутын өмнө100 айлын уулзвараас Дарь-Эхийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 цаг 58 минутын өмнө“Мишээл Экспо” орчмын явган хүний замын засвар, шинэчлэлийн ажлыг Үндэсний их баяр наадмаас өмнө дуусгана6 цаг 1 минутын өмнөХ.Цогцэцэг: Багахангай дүүргийн нэгдүгээр хороонд үерийн байгууламж, цэцэрлэг хэрэгтэй6 сар 30. 22:35“Эхлэл брэнд” ХХК-д 3150 ам.метр газрыг үйлчилгээтэй орон сууц зориулалтаар эзэмшүүлэх гэрчилгээг гардууллаа6 сар 30. 22:32Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлнэ6 сар 30. 22:30Дүнжингарав худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ6 сар 30. 22:27Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ6 сар 30. 22:24Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл, 2025 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв6 сар 30. 22:20Төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ6 сар 30. 22:16Олон улсын парламентын өдөр өнөөдөр тохиож байна6 сар 30. 22:08Захиргааны хэм хэмжээний актаар хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан аливаа зохицуулалт тусгахгүй байхаар хуульчилжээ6 сар 30. 22:04Д.Амарбаясгалан: УИХ 2025 онд жендэрийн зөрүүтэй байдлын индексээр 20 байраар ахилаа6 сар 30. 22:01У.Хүрэлсүх: Манай охид дэлхийн дэд аварга болж гайхамшиг бүтээлээ6 сар 29. 21:53Нийслэлийн өдөр, даншиг наадмын үеэр 600 гаруй цагдаагийн алба хаагч ажиллаж байна6 сар 29. 21:38Нийслэлийн өдөр, даншиг наадмын үндэсний сурын харвааны эрхий мэргэнүүд тодорлоо6 сар 29. 21:36Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ц.Ганбаярын хээр даага түрүү магнай боллоо6 сар 29. 21:28Нийслэлийн өдөр, даншиг наадам хоёр дахь өдрөө их насны морьдын уралдаанаар үргэлжилж байна6 сар 29. 21:25“Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмаар Очирваань бурхныг тахих ёслол боллоо6 сар 29. 21:23Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ6 сар 29. 21:20Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа6 сар 27. 22:14
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.