Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2025.07.01) хуралдаан 16 цаг 52 минутад гишүүдийн 63.6 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр тогтов. Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулга хийлээ.
Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 2024 онд 29 их наяд 670 тэрбум төгрөг, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 30 их наяд 591 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2 их наяд 451 тэрбум төгрөгөөр сайжирч, 920 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан ба сүүлийн 3 жил дараалан төсвийн алдагдлыг үе шаттайгаар бууруулж ажилласан гэв.
Mонгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд тус Байнгын хороонд харьяалагдах Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын багцын нийт 51 байгууллагын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэн гаргасан байна.
Улсын төсвийн гүйцэтгэлээр тус Байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага болон цэвэр зээлийн дүн 211 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарч, үүнээс урсгал зардалд 148.7 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 62.5 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд тус Байнгын хороонд харьяалагдах 2 төсвийн ерөнхийлөн захирагчийн 17 төсөл, арга хэмжээнд 122.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгож, гүйцэтгэл 53.3 хувьтай гарсан гэв. Үргэлжлүүлэн Байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэл болон улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр дүнд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцуулав.
Инновац, цахим бодлогын байнгын хороонд харьяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын талаар тоймлон танилцуулав.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 14 тайлан нэгтгэгдсэнээс 10 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 3 байгууллагыг түүвэрт хамруулжээ. Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан тайлант онд гүйцэтгэл гараагүй байна. Аудитаар төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд ‘’Хязгаарлалттай‘’, харьяа 5 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 5 байгууллагад ‘’Хязгаарлалттай‘’ дүгнэлт өгчээ.
Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2024 оны санхүүгийн тайланд 36 тайлан нэгтгэснээс 16 байгууллагын санхүүгийн тайланд дүгнэлт гаргаж, 19 байгууллагыг түүвэрт хамрууллаа. “Хөгжлийн банк” ХХК-д төрийн аудит дүгнэлт гаргаагүй гэв. Аудитаар төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн тайлан нэгтгэсэн тайланд ‘’Хязгаарлалттай‘’, харьяа 13 байгууллагад “Өөрчлөлтгүй”, 3 байгууллагад ‘’Хязгаарлалттай‘’ дүгнэлт өгсөн байна. Дээр дурдсан аудитын дүгнэлтээс үндэслэн анхаарал хандуулах дараах асуудлуудыг Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцууллаа.
Төрийн үйлчилгээний e-mongolia цахим үйлчилгээний нэгдсэн порталыг санхүүгийн тайланд бүртгэх, цаашид хөгжүүлэлтийн зардлыг капиталжуулах асуудлыг шийдвэрлэх; Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангаас олгосон санхүүжилт нь татаасны хэлбэрт шилжиж байгаад анхаарч тус сангийн үйл ажиллагаа, хөрөнгийн зарцуулалтад дүн шинжилгээ хийж, сангийн эх үүсвэрийг дэд бүтэц бүтээн байгуулалтад чиглүүлж, улсын төсвийн хөрөнгө оруулалтын ачааллыг бууруулах асуудлыг анхаарахыг танилцууллаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалт болон Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгөөр бэлтгэсэн бусад эргэлтийн хөрөнгө дансанд бүртгэлтэй хөрөнгийг ашиглагч байгууллагад шилжүүлэх талаар үе шаттай арга хэмжээ авч ажиллах; Худалдан авах ажиллагаа болон Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг бүрэн хангах болон төсвийн ерөнхийлөн захирагчдын хэрэгжүүлсэн хөтөлбөр, хөтөлбөрийн үр дүн, чанар, тоон хэмжээг төсвийн гүйцэтгэлтэй уялдуулан хяналт шинжилгээ, үнэлгээ хийж баталгаажуулах шаардлагатай гэв. Төсвийн ерөнхийлөн захирагчдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудад хэрэгжүүлэх дотоод хяналтыг сайжруулах, төрийн аудитын байгууллагаас хүргүүлсэн шийдвэрийн хэрэгжилтийг бүрэн хангуулах үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэй байгааг Ерөнхий аудитор хуралдаанд танилцуулсан. Сангийн сайдын илтгэл, аудитын дээрх дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тус төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, холбогдох санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв.
Дараа нь Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан төслүүдийн талаар танилцуулсан.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын багцын 2025 оны батлагдсан нийт төсөв 118.4 тэрбум төгрөгөөс 79.6 тэрбум төгрөг болж хөрөнгийн зардлаас 12.4 тэрбум төгрөг, урсгал зардлаас 26.5 тэрбум төгрөг нийт 38.9 тэрбум төгрөг буюу 32.8 хувь буурсан байна. Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд туссан төрийн албаны реформын шинэчлэлийн хүрээнд багш, эмчээс бусад төрийн албан хаагчдын орон тоог 9 хувиар бууруулахаар төлөвлөсний дагуу салбарын хэмжээнд нийт 540 орон тоо батлагдсанаас 50 орон тоог бууруулахаар төлөвлөсөн гэлээ. Дараа нь Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж дүгнэсэн талаарх аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцуулсан. Хуулийн төсөлд тус Байнгын хороонд хамаарах төсвийн хоёр ерөнхийлөн захирагчийн төсөвт төвлөрүүлэх орлогыг өмнөх төсвөөс өөрчлөлтгүй, зарлагыг 53.9 тэрбум төгрөгөөр бууруулахаар төлөвлөжээ. Байнгын хорооны хуралдаанаар энэхүү төслийг хэлэлцэн шийдвэрлэхдээ дараах асуудалд анхаарал хандуулахыг Ерөнхий аудитор С.Магнайсүрэн санал болгов.
Төрийн албан хаагчдын тоог чиг үүргийн давхардал, ажлын байрны ачаалалд бүрэн шинжилгээ хийлгүйгээр нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан бүх ТЕЗ нарын орон тоог жигд 9 хувиар бууруулахаар тооцсон нь төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг бууруулж болзошгүй. Иймд ТЕЗ-д өөрийн хариуцсан салбартаа чиг үүргийн шинжилгээ, ажлын байрны ба бүтээмжийн үнэлгээг хийсний үндсэн дээр ажлын ачааллыг оновчтой хуваарилах зорилгоор харьяа байгууллагуудын орон тоонд зохицуулалт хийх эрхийг олгохыг анхаарахыг хүсэв.
Төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төсөлд “2025, 2026 оны төсвийн жилд өндөр насны тэтгэвэр тогтоолгох болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдсөн орон тоонд нөхөн томилгоо хийхгүй байх, шинээр ажлын чиг үүрэг, албан тушаалын орон тоо бий болгохгүй байх, ажлын байрны ачааллыг нягтруулах зэргээр цалин хөлсний зардлыг хэмнэх” гэж заажээ. Энэ нь чиг үүргийн судалгааг хийсний үндсэн дээр ажлын ачааллыг нягтруулж орон тоогоо зорилтот түвшин хүртэл нэгэнт бууруулсан байгууллагад сул орон тоонд нөхөн томилгоо хийхгүй байх нь тухайн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсгэх эрсдэл байгааг анхаарч үзэхийг дүгнэлтээр санал болгожээ.
Төсвийн ерөнхийлөн захирагч нар сул орон тооноос бусад цомхотголд орж буй албан хаагчдад Төрийн албаны тухай хуулийн 62.1.4-т заасны дагуу ажлаас чөлөөлөгдсөний 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийн зардал шаардагдахаар байгааг энэ хуулийн төслийн хэлцүүлгийн явцад гарц шийдэл олох хэрэгтэйг мөн дурдсан.
Дээрх саналуудаас гадна төсөвт тодотгол хийх нөхцөл үүссэн тохиолдолд төрийн аудитын байгууллагаас аудитын үйл ажиллагааны үе шатны стандартын дагуу хянаж, дүгнэлт гаргахад цаг хугацааны хувьд хязгаарлагдмал байх тохиолдол байнга гарч байгааг анхааралдаа авч, дүгнэлт гарган Улсын Их Хуралд хүргүүлэх зохистой хугацааг Төсвийн тухай хуульд тусгаж өгөх шаардлагатай байгааг хэллээ.
Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Ч.Номин, Ж.Золжаргал, Т.Мөнхсайхан нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, тайлбар, мэдээлэл авав. Дараа нь Байнгын хорооны гишүүд төсвийн тодотголтой холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй хэмээн үзсэн тул холбогдох төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо.
Нийслэлийн цахим шилжилтийн төслүүдийн талаарх мэдээллийг нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай танилцуулсан юм. Улаанбаатар хотод 2025 оны байдлаар цахим шилжилтийн нийт 8 төсөл арга хэмжээ хэрэгжиж байгаа аж.
Улаанбаатар хотын теле камерын нэгдсэн төв байгуулах, авто замыг бүрэн камержуулах төсөл хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн хэмжээнд шинээр байгуулагдсан нэгдсэн төв болон 9 дүүрэгт теле камерын хяналтын дэд төвүүдийг байгуулж, өндөр хурдны интернэтээр холбожээ. Төвийн 6 дүүрэг нь 40 гегабайт, алсын 3 дүүрэг 100 мегабайтын урсгалаар холбогдсон. Төслийн гүйцэтгэл 97 хувьтай байгаа гэв. Нийслэл дэх автозамын 176 уулзварын 150 дээр төсөл хэрэгжсэнээс 145 нь хэвийн ажиллаж байгаа юм байна. Харин цахилгааны болон шилэн кабелийн гэмтлийн улмаас 5 уулзвар дээр ажил үргэлжилж байгаа гэв. Камержуулсан 150 уулзвар дээр замын хөдөлгөөний 10 төрлийн зөрчлийг илрүүлдэг талаар танилцууллаа.
Хоёр дахь төсөл буюу нийтийн тээврийн цахим шилжилтийн талаар мэдээлэл хийлээ. Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн тээврийн салбарын томоохон цахим шилжилтийг хийж байгаа хэмээн тодотгоод нийтийн тээвэрт зөвхөн картаар зорчих бус, олон улсын болон дотоодын бүхий л банкны картаар зорчих боломжтой болгожээ. Мөн аппликэйшн ашиглаж төлбөр төлөхөөс гадна шаардлагатай мэдээллээ авах боломжийг бүрдүүлсэн гэв. Нийтийн тээврийн парк шинэчлэлтйг хүрээнд хүн тоологч камер, зорчигч, жолоочийн хяналтын камер, жолоочийн зөрчлийн хянах, дотор хяналтын камерууд, бодит цаг хугацаагаар тухайн автобуснуудыг хянах урд, арын хяналтын камер гэх зэрэг 10-12 хяналтын төхөөрөмжөөр тоногложээ. Үргэлжлүүлэн нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай Улаанбаатар дата центр төслийг танилцуулах үеэр төслүүдийн төсөвт өртөг, хугацаа, зардлын тооцоо гэх зэргийг тодруулах шаардлагын хүрээнд мэдээллийг хойшлууллаа. Үүгээр өнөөдрийн хуралдаан өндөрлөсөн юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Сэтгэгдэл бичих