Улсын Их Хурлын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны өнөөдрийн (2025.07.02) хуралдаан 10 цаг 02 минутад гишүүдийн 58.3 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэв. Эхлээд Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Сангийн сайд Б.Жавхлан төсвийн төслийн талаар хуралдаанд танилцуулав.
Дэлхий дахинд үүсээд буй сорилт, бэрхшээлийн Монгол Улсын эдийн засаг, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, мөн Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2, 34.1.4 дэх заалтын дагуу Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслийг боловсруулж, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн билээ.
Эдийн засгийн сорилт, хүндрэлийг даван туулахад төсвийн сахилга бат, үр ашигтай зарцуулалт онцгой чухал үүрэгтэй. Тиймээс хэмнэлтийн гэх тодотголын төсөлд бүх шатны төрийн байгууллагуудын тэвчиж болох зардлыг хэмнэхдээ дараах зарчмыг баримталсан гэв.
Нэгдүгээрт, оновчтой бүтэцтэй, цомхон, чадварлаг төрийн албыг бий болгоно. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлтийн хүрээнд Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, Хяналт үнэлгээний Үндэсний хороо, 20 минутын хот Үндэсний хороодыг татан буулгаж, холбогдох чиг үүргийг шилжүүлсэн бөгөөд, “Хилийн боомтын захиргаа”-г Сангийн сайдын багц руу, “Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар”-ыг Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын багц руу, “20 минутын хот хөгжлийн төв”-ийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын багц руу тус тус шилжүүлжээ. Тус арга хэмжээний хүрээнд 48 орон тоо, 8.4 тэрбум төгрөгийн үйл ажиллагааны зардлыг хэмнэх аж.
Мөн салбарын хуулиар тусгайлан зохицуулаагүй, чиг үүргийн давхардалтай хороо, зөвлөл, комисс болон тэдгээрийн ажлын албыг татан буулгах бодлогын хүрээнд Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа, мэдээллийн Үндэсний хороо, Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо, Хархорум хотын бүтээн байгуулалтын Үндэсний хороо, Аж үйлдвэржилтийн Үндэсний хороо, Алсын хараа-2050 салбар дундын уялдааг хангах Үндэсний хороо, Эрчим хүчний реформын уялдааг хангах Үндэсний хороо, Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хороо, Эдийн засгийн бодлогын зөвлөлийн ажлын алба, Өмнийн говийн бүсийн хөгжлийн зөвлөл, Сансрын бодлогын үндэсний зөвлөлийг тус тус татан буулгаж 40 орон тоо, 11.2 тэрбум төгрөгийг хэмнэхээр тус тус тооцсон байна.
Төрийн албаны бүтэц зохион байгуулалтыг сайжруулж, чиг үүргийн давхардлыг бууруулж чадварлаг, цомхон, бүтээмжид суурилсан төрийн албыг бэхжүүлэх зорилтын хүрээнд багш, эмчээс бусад төрийн албан хаагчдын тоог 9 хувиар бууруулахаар тооцож 14.4 мянган орон тоо, цалин хөлсний зардал 261.0 тэрбум төгрөгийг хэмнэхээр тооцсон хэмээн Дэд хорооны хуралдаанд Б.Жавхлан сайд танилцуулсан. Хоёрдугаарт, төрийн ажил үйлчилгээг цахимд шилжүүлэх, бүтээмжийг дээшлүүлэх инновацыг салбар бүрийн онцлогт нийцүүлэн нэвтрүүлэх замаар иргэдэд хүрэх төрийн үйлчилгээний чанарыг бууруулалгүй бүх шатны төрийн байгууллагуудын тэвчиж болох зардлыг хэмнэх юм байна. Энэ хүрээнд бүх шатны төрийн байгууллагуудын зайлшгүй, нэн тэргүүний шаардлагатайгаас бусад тэвчиж болох зардлыг хэмнэж, хэрэгжиж байгаа хөтөлбөр, арга хэмжээний зардлыг хэмнэлтийн горимоор үргэлжлүүлэх, харин хэрэгжиж эхлээгүй хөтөлбөр, арга хэмжээг бүрэн хэмнэхээр тооцжээ. Тодруулбал, Засгийн газрын шийдвэрээр төрөөс иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байгаа бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг 2025 оны төсвийн жилийг дуустал нэмэгдүүлэхийг хориглосонтой холбоотойгоор төсөвт байгууллагуудын түлш халаалтын тарифыг нэмэгдүүлэхээр тооцож 2025 оны төсөвт тусгасан байсан халаалтын зардлыг хэмнэлтээр тооцож 121.9 тэрбум төгрөгөөр хэмнэхээр тооцожээ. Төрийн тусгай байгууллагуудаас бусад бүх шатны төсвийн байгууллагын тээвэр шатахуун, дотоод албан томилолт, хичээл үйлдвэрлэлийн зардлыг хэмнэхээр тооцож 28.9 тэрбум төгрөгийн хэмнэлт хийнэ хэмээн тооцсон байна. Төрийн өндөр дээд айлчлалын болон гаднын өндөр түвшний зочин төлөөлөгч хүлээн авахаас бусад гадаад албан томилолт, зочин төлөөлөгч хүлээн авах зардлыг хэмнэхээр тооцож холбогдох зардлыг 4.5 тэрбум төгрөгөөр буурах аж. Бүх шатны төсвийн байгууллагын тавилга, эд хогшил худалдан авах, урсгал засвар хийх болон багаж техникийн зардлыг тэвчиж, зардлыг 104.4 тэрбум төгрөгөөр хэмнэх аж. Төсвөөс төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад олгодог татаасын зардлыг 76.8 тэрбум төгрөгөөр; Байгууллагаас олгох нэг удаагийн болон бусад төрлийн тэтгэмж урамшууллыг хэмнэж, зардлыг 30.2 тэрбум төгрөгөөр хэмнэхээр холбогдох өөрчлөлтийг тодотголын төсөлд тусгажээ. Мөн бүх шатны төсвийн байгууллагуудын хэрэгжүүлдэг хөтөлбөр, арга хэмжээний зардлыг хэмнэх хүрээнд 617.3 тэрбум төгрөгийг тус тус хэмнэхээр тооцож холбогдох өөрчлөлтийг тодотголын төсөлд тусгасан байна. Дээрх арга хэмжээний хүрээнд “Хэмнэлтийн тодотгол”-оор төсвийн зардлыг 1 их наяд 508.4 тэрбум төгрөгөөр бууруулахаар тооцоолсон гэв. Үүн дээр Төрийн хэмнэлтийн тухай хуульд заасны дагуу 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор худалдан авах ажиллагааг бүрэн дуусгах, гэрээ байгуулаагүй төслүүдийн санхүүжилтийг хэмнэлтэд тооцох, зарцуулахгүй байх зохицуулалтын хүрээнд Засгийн газрын 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар батлагдсан “Төсвийн хэмнэлтэд тооцох тухай” тогтоолд туссан 535.9 тэрбум төгрөгийг нэмж тооцвол нийт 2 их наяд 44.2 тэрбум төгрөгөөр зарлага буурахаар байгааг Б.Жавхлан сайд танилцуулсан.
Уг тогтоолын хүрээнд Эрүүл мэндийн сайдын багцаас 69.9 тэрбум төгрөг, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын багцаас 57.7 тэрбум төгрөг, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын багцаас 36.6 тэрбум төгрөг, Боловсролын сайдын багцаас 33.7 тэрбум төгрөг, Зам, тээврийн сайдын багцаас 33.4 тэрбум төгрөг, Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын багцаас 19.7 тэрбум төгрөг, Монгол Улсын тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын багцаас 17.4 тэрбум төгрөг, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдын багцаас 12.4 тэрбум төгрөг, бусад төсвийн ерөнхийлөн захирагч нарын багцаас 255.4 тэрбум төгрөг, нийт 535.9 тэрбум төгрөгийг төсвийн хэмнэлтэд тооцсон аж. Нөгөөтээгүүр, Монгол Улсын олон улсад хүлээсэн үүрэг болон эрчим хүчний найдвартай байдлыг хангах, гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд зайлшгүй шаардлагатай гэх үндэслэлээр гурван зардлыг төсвийн тодотголд нэмж тусгасан байна. Монгол Улсын Засгийн газар болон Нэгдсэн Үндэстний байгууллагын конвенцын Байнгын Нарийн бичгийн дарга нарын газар хооронд 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан хэлэлцээрийн хүрээнд COP-17 дугаар Бага хурлыг 2026 оны 8 дугаар сард Монгол Улсад зохион байгуулахтай холбогдуулан хурлын бэлтгэл ажилд шаардагдах хөрөнгө оруулалтыг нэмж тусгажээ. “ДЦС-3” ТӨХК-ийн өндөр даралтын турбин цехийн барилга байгууламжид гэнэтийн аваар осол, гал гарч томоохон эрсдэл үүссэнтэй холбогдуулан гамшиг ослын хохирол, хор уршгийг бууруулах, өвлийн их ачаалалд дулаанжуулалтын тоноглолын бэлэн байдлыг хангах зайлшгүй шаардлагын хүрээнд гарах зардал болон Дулааны станцууд, эрчим хүчний компаниудын найдвартай ажиллагааг хангах, эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтийн хугацааг уртасгасантай холбоотой гарах зардалыг мөн нэмэхээр тооцсон байна. Зуны үер ус, намрын тариалалт болон өвөлжилтийн бэлтгэл хангахтай холбогдуулан урьдчилан тооцож төлөвлөн тусгах боломжгүй, цаг үеийн шинжтэй арга хэмжээг санхүүжүүлэх нөхцөл үүсэж болзошгүйг харгалзан үзэж Засгийн газрын нөөц сангийн хөрөнгийг нэмэгдүүлэн тусгажээ.
Ийнхүү 2025 оны төсөвт тодотгол хийснээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 3 их наяд 260 тэрбум төгрөгөөр бууруулж, 30 их наяд 209.9 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээг 1 их наяд 856.5 тэрбум төгрөгөөр бууруулж, 31 их наяд 575.1 тэрбум төгрөгт хүргэж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1 их наяд 365.2 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 1.5 хувийн алдагдалтай болжээ.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаарх илтгэл болон аудитын дүгнэлттэй холбогдуулан Дэд хорооны хуралдаанд оролцож буй Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, Ж.Батжаргал, Дав.Цогтбаатар, Д.Пүрэвдагва, Б.Бейсен, Д.Батбаяр нар асуулт асууж, Засгийн газрын гишүүд, төсвийн ерөнхийлөн захирагч нараас хариулт авлаа. Дэд хорооны дарга Д.Батбаяр бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний зардлын ангилалтай холбоотой санал хэлэхийн зэрэгцээ хэлэлцэж буй асуудлуудын талаарх мэдээллийг илүү хялбар болгох тал дээр анхаарч технологийн дэвшил ашиглан ажиллах санал хэлсэн. Ингээд төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх Дэд хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Сэтгэгдэл бичих