Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 06 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхийг дэмжиж, бие даасан хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгууллаа


7-р сарын 3
18 цаг 44 минут

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.07.03) хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Мөн Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны төсвийн төслийг хэлэлцсэн. Үргэлжлүүлэн Шүүхийн сахилгын хороо 2026 оны төсвийн төслийг хэлэлцэж, тус хорооны дарга Д.Ариунтуяа танилцуулга хийлээ. 2026 оны төсвийн төслийн саналд нийт зарлага 6.8 тэрбум төгрөгөөр тооцож тусгаад буй нь 2025 оны батлагдсан төсөвтэй харьцуулахад 11 хувиар нэмэгдэж байгаа гэлээ. Үүний 5.4 тэрбум төгрөг нь цалин хөлс, нийгмийн даатгалын зардал бол бараа, ажил үйлчилгээний зардлыг 1 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн байна. Ирэх оны төсөвт Шүүхийн сахилгын хороо хөрөнгө оруулалтын төсөв тусгаагүй гэдгийг тодотгов. Байр ашиглалттай холбоотой зардал, хангамж, бараа материалын зардал 319 сая төгрөг, норматив зардал 20 орчим сая төгрөг, тохижилт, урсгал засварын зардалд 250 орчим сая төгрөг, томилолтын зардалд 120 сая төгрөг, бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөр хураамж хураамжид 248.6 сая төгрөг, бараа, үйлчилгээний бусад зардалд 125 сая төгрөг, бусад урсгал шилжүүлэгт 258.9 сая төгрөг гээд нийтдээ төсвийн төслөө 6 тэрбум 848 сая төгрөгөөр төлөвлөжээ. Танилцуулгатай холбогдуулан Х.Баасанжаргал, Д.Ганбат нарын гишүүд асуулт асууж, тодруулсан бол үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзлээ. Иймд санал хураалт явуулахад гишүүдийн 66.7 хувь нь Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд  өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийг тусгасан хувилбарыг улсын төсөвт нэгтгүүлэхээр санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхээр хянасныг Шүүхийн сахилгын хорооны төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэхийг дэмжлээ.

Хүний эрхийн Үндэсний Комиссын 2026 оны төсвийн төслийг хэлэлцэж, тус Комиссын дарга Д.Сүнжид танилцуулга хийлээ. Ирэх оны хөрөнгийн зардлын төсөвт хөрөнгийн зардал болох 25.1 тэрбум төгрөг, урсгал зардал 13.4 тэрбум төгрөг, нийтдээ 38.5 тэрбум төгрөг байхаар тооцож төсвийн төслийн саналыг боловсруулжээ.  Ирэх оны төсвийн төсөл нь батлагдсан энэ оны төсвөөс хөрөнгийн зардал 22.4 тэрбум төгрөгөөр, урсгал зардал 1.4 тэрбум тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Урсгал зардлын нэмэгдлийн 76.8 хувь нь цалингийн сангийн нэмэгдэл, харин орон тоог өмнөхөөс нэмэгдүүлээгүй хэмээлээ.

Танилцуулгатай холбогдуулан П.Сайнзориг, С.Одонтуяа нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсны дараа Б.Энхбая гишүүн үг хэллээ. Дараа нь санал хураалт явуулахад гишүүдийн 73.3 хувь нь Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд  өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийг тусгасан хувилбарыг улсын төсөвт нэгтгүүлэхээр санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхээр хянасныг Хүний эрхийн Үндэсний Комиссын төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлэхийг дэмжсэн.

Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцсэн гурав дахь асуудал бол Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 06 дугаар дүгнэлт байв. Үндсэн хуулийн цэц 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа иргэдээс гаргасан мэдээллийн дагуу Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн байна. Цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал оролцжээ.

Цэц мэдээллийг хянан хэлэлцээд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт "Энэ хуулийн 9.1.5-д зааснаас бусад тохиолдолд энэ хуулийн 9.1.3, 9.1.4-т заасан үнийг хамгийн сүүлд бүртгэгдсэн үнээс бууруулж бүртгэхгүй." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.", Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад "... үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, ... өмчлөх ... эрхтэй. ..." гэснийг тус тус зөрчсөн байна хэмээн шийдвэрлэсэн байна.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.", Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино." гэснийг тус тус зөрчөөгүй байна хэмээн шийдвэрлэсэн.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 06 дугаар дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Г.Уянгахишиг, Д.Ганбат нар асуулт асууж, тус маргаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгчөөр оролцсон Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргалаас тодруулга авав. Мөн тус дүгнэлттэй холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулсан. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 06 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхийг дэмжсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсан хуралдаанд танилцуулахаар боллоо.

Энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн дөрөв дэх асуудал нь хуулийн төслийн зүйл, хэсэг, заалт нь өөр хоорондоо, эсхүл бусад хуультай зөрчилдсөн талаарх хууль зүйн дүгнэлт байв. Эл хууль зүйн дүгнэлтийг Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Ч.Ариунхур танилцуулсан.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслүүдийн зүйл, хэсэг, заалт нь өөр хоорондоо болон бусад хуультай зөрчилдсөн эсэх талаар хууль зүйн дүгнэлт гаргуулахаар Ажлын хэсгээс ирүүлсэн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн албан бичгийн дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.2.2 дахь заалтыг үндэслэн энэхүү дүгнэлтийг гаргажээ.

Төслийн 3 дугаар зүйлийн 3-т Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 69.1 дэх хэсгийг өөрчлөн найруулж, төсвийн төслийг хэлэлцэн батлах үе шат “дөрөв” байсныг “тав” болгож нэмэгдүүлэхээр тусгасан боловч мөн зүйлийн 69.2-т төсвийн төслийн талаар хяналтын сонсгол явуулах хугацааны талаарх зохицуулалтад өөрчлөлт оруулалгуй орхигдуулсан байгаа юм байна. Хуралдааны төгсгөлд “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталсан. Гүйцэтгэх ажилд тавих Монгол Улсын Их Хурлын хяналтын тухай бие даасан хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Г.Уянгахишиг нар ажиллана. Үүгээр Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

АЙЛЧЛАЛ: Монгол Улсын гадаад бодлогын тандем, 2021-2026 онд56 минут 30 секундын өмнөНийслэлийн соёл, урлагийн өвийг мөнхлөх зорилгоор "Улаанбаатар" пянзыг бүтээжээ1 цаг 16 минутын өмнөЕрөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа7 цаг 7 минутын өмнөУргац хураалт 88 хувьтай үргэлжилж байна7 цаг 19 минутын өмнөНотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ7 цаг 21 минутын өмнөНийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчиллээ7 цаг 24 минутын өмнөТөрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ7 цаг 26 минутын өмнөУИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо9 цаг 12 минутын өмнөЗасгийн газраас ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ9 цаг 22 минутын өмнөТайланд Улс аюулгүй байдлын ажилтнууддаа зорчигчийн тээшийг нээх эрхийг олгожээ9 цаг 40 минутын өмнөАрктикийн замаар бүтэн жилийн турш ачаа тээвэрлэнэ9 цаг 46 минутын өмнөТБХ: Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулав10 сар 28. 9:22Нөмрөгийн түймэрт өртсөн талбайн хэмжээний албан ёсны мэдээлэл10 сар 28. 9:16УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, С.Эрдэнэбат нар МҮЭХ-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа10 сар 28. 9:10Зудын урьдчилсан төлөв гарлаа10 сар 28. 8:58УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Иргэд халамжаас илүү хөдөлмөр эрхлэх тэгш боломж, хүртээмжтэй орчин хүсэж байна10 сар 28. 8:54Томуугаар өвдсөн хүүхэд өрхийн эрүүл мэндийн төвдөө шаардлагатай эмийн эмчилгээг даатгалаар үнэ төлбөргүй авна10 сар 28. 8:49Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан10 сар 28. 8:42Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл өргөн мэдүүлэв10 сар 27. 14:12Улаанбаатар хотын музейг олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлнэ10 сар 27. 12:51Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь10 сар 27. 12:43“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв10 сар 27. 12:37БНСУ-д суралцахаар төлөвлөж буй оюутан, эцэг эхчүүдийн анхааралд10 сар 27. 11:41“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа10 сар 27. 11:30Эрүүгийн 24 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлэв10 сар 27. 10:34УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Нээлттэй парламент” танхимд ажиллалаа10 сар 27. 10:29Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэний 65 жилийн ой тохиож байна10 сар 27. 10:24Беларусь-Монголын бизнес форумаар 50 сая ам.долларын үнийн дүн бүхий гэрээ, санамж бичгүүд байгууллаа10 сар 27. 10:21Хот хоорондын зорчигч тээврийн үнэ ирэх сарын 5-наас нэмэгдэнэ10 сар 27. 10:14ХЗБХ: УДШ-ийн шүүгчид З.Ганзоригийг нэр дэвшүүлснийг танилцууллаа10 сар 27. 10:06
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.