Монгол Улсын Засгийн газар өнөөдөр (2025.07.09) хуралдаж, “Алсын хараа-2050” салбар дундын уялдааг хангах үндэсний хороо, Боомтын сэргэлтийн үндэсний хороо, 20 минутын хот үндэсний хороо, Төрийн хэмнэлт, бүтээмжийн зөвлөл зэрэг 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа. Ерөнхий сайд Г.Занданшатарын танхим ийнхүү төрийн данхгар бүтцийг цомхотгож, давхардлыг арилган зардлыг бууруулснаар 41.6 тэрбум төгрөг хэмнэх тухайгаа ч мэдээллээ. Татан буугдсан үндэсний хороод, зөвлөлүүдээс олон нийтийн сонирхлыг татаж буй нь Сансрын бодлогын үндэсний зөвлөл юм. Тус зөвлөлийг Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн шийдвэрээр байгуулсан аж. Тодруулбал, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ 2021 оны гуравдугаар сард сансрын нисгэгч Ж.Гүррагчааг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлэх үеэрээ сансрын технологийг хөгжүүлэх зорилгоор Үндэсний зөвлөл ажиллуулж, бодлогын баримт бичиг, төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэснээ мэдэгдэж байжээ. Тэрбээр сансрын технологийн цогцолбор төвийн зураг төсөл боловсруулах, хиймэл дагуул бүтээх болон хамтарсан төслүүдийг дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлж байсан юм байна. Хуучнаар ЗХУ-ын сансрын нисгэгч В.А.Жанибеков, БНМАУ-ын сансрын нисгэгч Ж.Гүррагчаа нар “Союз-39” хөлгөөр 1981 оны гуравдугаар сарын 22-нд сансарт ниссэн. Экипажийнхан дэлхийг найман өдөрт 124 удаа тойрч, гуравдугаар сарын 30-нд эх дэлхийдээ газардаж байсан түүхтэй. Монгол хүн ийнхүү сансарт ниссэнээр манай улс сансарт техникээ туршсан дэлхийн тав дахь, судалгааны төхөөрөмжөө ашигласан 20 дахь, иргэнээ нисгэсэн арав дахь орон болж байжээ. Ямартай ч экс Ерөнхий сайдын шийдвэрээр байгуулсан Сансрын бодлогын үндэсний зөвлөлийг татан буулгалаа. Гэхдээ МУИС, ШУА, Монголын сансрын технологийн холбооныхны хамтран боловсруулсан сансрын технологийг хөгжүүлэх төсөлд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар санхүүгийн ямар дэмжлэг үзүүлж байсан нь сонирхол татна. Энэхүү төслийг 2020-2049 он хүртэл эзэмших, өрсөлдөх, тэргүүлэх гэсэн гурван үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байжээ.
Д.Сувд
Сэтгэгдэл бичих