Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан ууртай байна. Хятад дахь албан томилолтоо дуусгаад ирсэн тэрбээр өнөөдөр (2025.07.09) болсон Засгийн газрын хуралдаан дээр “Чайна энержи” группийнхний гомдлыг уламжилж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргалд хатуухан үг хэлжээ. Сайдын бухимдал, “Чайна энержи”-ийнхний гомдол Ерөнхий сайд Г.Занданшатарын танхимынхны хувьд онцгой анхаарах сэдэв болж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 14 хоног онцгой дэглэм тогтоохоор боллоо. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 2022 онд тус компанид зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгч томилж байсан бол Г.Занданшатарын Засгийн газар Сангийн яам, Зам, тээврийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг, хөгжлийн яамны төлөөллүүдээс бүрдсэн БЭТ-ийн баг томилохоор шийдвэрлэв. Б.Дэлгэрсайхан сайд Хятадад “Чайна энержи” группийн удирдлагуудтай уулзаж ирмэгцээ Засгийн газрын хуралдаан дээр бухимдлаа илэрхийлж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргалыг дуудан ирүүлж, хаалттай хаалганы цаана халуухан яриа өрнөсний дараа энэ компанид онцгой дэглэм тогтоохоор шийдвэрлэсэн нь анхаарал татна.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт 21 жил гацсаны эцэст бодит ажил болсон. Энэхүү бүтээн байгуулалтыг 700 хоногт багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Гашуунсухайт-Ганцмод боомтын Монгол, Хятадын хилийн зурваст өнгөрсөн тавдугаар сарын 14-нд нэгэн онцлох үйл явдал тохиосон нь “Монголын төмөр зам” ТӨХК “Чайна энержи коксжих нүүрс (Тяньжин)” компанитай Нүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээг хэрэгжүүлэхээр гарын үсэг зурсан юм. Энэхүү гэрээний дагуу “Монголын төмөр зам” ТӨХК 2025 онд таван сая тонн ачаа тээвэрлэх үүрэг хүлээсэн. Тиймээс сар бүр 800 мянга гаруй тонн ачаа тээвэрлэх шаардлагатай байгаа аж. Монгол, Хятадын тал гэрээнд гарын үсэг зурсан учир ажил ч эхэлсэн. Гэвч “Чайна энержи”-ийн тал сайд Б.Дэлгэрсайханыг сая Хятадад очиход яагаад гомдлын үгс чулуудах болов. Зарим эх сурвалжийн хэлж буйгаар, энэ нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зарим удирдлагатай холбоотой бололтой. Шуудхан хэлэхэд, “Чайна энержи”-ийнхний аргыг барж, Б.Дэлгэрсайхан сайдад “Хэрэв Монголын тал байгуулсан гэрээгээ биелүүлэхэд хүнд суртал гаргасаар байвал бид танай улсаас нүүрс импортлохгүй ч байж болно шүү дээ” гэж хэлэхэд хүргэжээ. Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Чайна энержи” группийн төв байранд зочилж, удирдах албан тушаалтнуудтай нь уулзсан тухай албан мэдээнээс харвал, Цахим худалдааны компанийн ТУЗ-ийн дарга Жан Яншан “Бид Тавантолгой өртөөн дээр одоогоор нийт 30 мянган тонн нүүрс хүлээж аваад байна. Ажил дөнгөж эхэлж буй учир хоёр талаас шийдвэрлэх ёстой тулгамдсан асуудлууд байсаар байна. Тухайлбал, нүүрсний ачаа тээвэр 1-2 хоногоор саатах, уурхайн ам руу автомашин нэвтэрч орох боломжгүй байгаагаас үүдэн нүүрс тээвэрлэлтийн ажил явц дундаа хүлээх, саатах тохиолдол гарч байна. Үүнээс болж нүүрс тээвэрлэлт төлөвлөсөн хугацаанд амжихгүй байх магадлалтай байна” гэжээ. Харин “Чайна энержи интернэшнл” компанийн ТУЗ-ийн дарга Ву Чуань “Бид энэ онд багтаж ажиллах хүчний 30 хувийг илгээх саналтай байна. Мөн энэ сард багтаан Монголд компани байгуулах шаардлагатай” гэсэн аж. Б.Дэлгэрсайхан сайдын Хятадад хийсэн энэхүү уулзалтад “Чайна энержи” группийн туслах ерөнхий захирал Кан Фэнвэй, тус группийн Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Жун Рүёо, “Чайна энержи интернэшнл” компанийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга, орчуулагч Жин Гэ зэрэг арав гаруй хүн оролцжээ. Тиймээс “Чайна энержи”-ийн нөлөө бүхий удирдлагуудын зүгээс Монголын талд уламжилсан үгс Г.Занданшатарын Засгийн газрын түргэн авахад хүргэж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д 14 хоног онцгой дэглэм тогтооход хүргэсэн болов уу. Энэхүү шийдвэртэй холбогдуулан зарим хэвлэлд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д авлига, хулгай, хүнд суртал нүүрлэсэн нь нүүрсний экспортод сөргөөр нөлөөлж буй тул Засгийн газраас онцгой дэглэм тогтоохоос өөр аргагүй болсон” хэмээн мэдээлсэн нь ч анхаарал татах өнцөг. Үүнээс гадна Тэргүүн Шадар сайд Н.Учрал “Монгол Улсын нүүрсний экспортын орлого 13-30 хувиар буурах урьдчилсан тооцоо бий” гэж мэдэгдсэн нь энэ салбарт аль хэдийнэ “Шар гэрэл” ассаныг гэрчилнэ. Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж байсан хамтарсан Засгийн газрын үед “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Х.Мөнхжаргалыг томилсон бол Х.Баттулгын хүн гэгддэг Н.Пунцагийг хяналтын менежер болгосон. Түүгээр ч зогсохгүй тус компанид АТГ-ын гурван комиссарыг газрын даргаар томилсон нь “Албан тушаал наймаалцсан авлигын хэрэг юм биш биз” гэх хардлагыг олон нийтэд төрүүлсэн. Г.Занданшатарын Засгийн газраас томилох БЭТ-үүдийн баг “Эрдэнэс Тавантолгой” ХК дахь албан томилолтоо энэ сэжүүрээс эхлүүлж, Х.Мөнхжаргал гэдэг хүн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч болмогцоо “Чайна энержи”-ийн удирдлагуудын дургүйг хүргэтэл хэр хүнд суртал гаргаж, нүүрсний экспортод ямар учраас саад гацаа үүсгэж байсныг шалгаж тогтоох биз ээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлага арай Хятадын талынхнаас авлига нэхэж суудаг юм биш байгаа!? Б.Дэлгэрсайхан сайдын уурлаж хэлсэн үгсийн цаана их л ноцтой асуудал үүссэн бололтой. Угтаа “Эрдэнэс Тавантолгой” ХК өдөрт хоёр удаа 50 вагонд 100 чингэлэг нүүрс ачна. Гэрээнд заасны дагуу Монголын тал 16 жилийн хугацаанд нийт 247 сая тонн нүүрс тээвэрлэх төлөвлөгөөтэй. Хар алтаа ийнхүү экспортолсноор зөвхөн төмөр замын тээврээс 3.7 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлж, Монгол Улсын эдийн засагт хувь нэмэр оруулах учиртай. Гэвч “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зарим удирдлагаас болж, “Чайна энержи”-ийн тал “Бид танайхаас нүүрс авахгүй байж болно шүү” гэх эхний сануулгаа Б.Дэлгэрсайхан сайдаар дамжуулж өгсөн бололтой. Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын дарга байхдаа захирамж гаргаж, нүүрсний сонсгол хийлгэж байсан. Тэгвэл түүний тэргүүлж буй танхимын зүгээс “Засгийн газар 100 хоногт нэн тэргүүнд ямар ажил хийх ёстой вэ” гэдэг саналыг ард иргэдээс цахимаар авч эхэлсэн энэ үед Г.Занданшатарын Засгийн газар нүүрсний салбар дахь авлига, хулгайн мөрөөр мөшгихөөр боллоо. “Жоомнууд гэрэл асаахаар бужигналдана” гэдэг шиг л юм болохвий…
С.Тулга
Сэтгэгдэл бичих