Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Хүчирхэг Монгол Улсыг цогцлоон байгуулахын төлөө монгол хүн бүр хүчин зүтгэх учиртай


7-р сарын 11
13 цаг 26 минут

      Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх үг хэллээ.

Үндэсний их баяр наадмын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийж буй Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар хүндэт зочноор оролцож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх:

“Манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ,

Элэг нэгт монгол ахан дүүс ээ,

Их Монгол Улсын гал голомт манай сайхан оронд айлчлан ирсэн Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатан болон хүндэт зочид, гийчид ээ,

Эрхэм хүндэт наадамчид аа,

Мөнх тэнгэр хураа хайрлаж, эх дэлхий шимээ хүртээж, хүж дэлхий өнгөө засаж, хүн ардын сэтгэл тэнийсэн дэлгэр зуны энэ сайхан өдөр эртний түүхт, эвийн хүчит монгол түмний их баяр цэнгэл–Үндэсний их баяр наадам ийнхүү ёслол төгөлдөр эхлэхэд бэлэн боллоо.

Хүннү гүрнээс эхтэй монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, монгол түмний эв нэгдэл, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл, монгол үндэстний оюун санааны дархлаа, манай ард түмний их баяр цэнгэл, монгол төрийн сүр жавхлант баяр ёслол юм.

Дэлхийд хосгүй монгол наадмаа сэтгэл догдлон хүлээн суугаа наадамчин олон түмэн, эрхэм хүндэт зочдодоо Тулгар төр байгуулагдсаны түүхт 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Өнө эртний түүхт, эртний нүүдэлчдийн төрт ёсны гал голомт, мөнх тэнгэрийн орон манай сайхан улсад зочлон ирсэн Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нарт Монголын ард түмний нэрийн өмнөөс баяр хүргэж, монгол наадмын мэндийг өргөн дэвшүүлье.

Манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ,

Тэнгэр заяат монголчууд бидний өвөг дээдэс тэртээ 2,000 гаруй жилийн өмнөөс Төв Азийн цээжинд төрт улсаа байгуулан, тулгар төрөө мандуулж, түүх, соёлоо бүтээж, даян дэлхийд суу алдраа дуурьсгаж ирсэн бахдам сайхан түүхтэй билээ.

Эртний түүхт Хүннү гүрний баатарлаг түүхийг Их эзэн Чингис хаан залгамжлан Их Монгол Улсыг байгуулж, өрнө дорныг төвшитгөн, Монголын их амар амгаланг тогтоож, хүн төрөлхтний хөгжил дэвшилд үнэлж баршгүй хувь нэмэр, гавьяа зүтгэлийг оруулсан юм.

Тиймээс өвөг дээдсийнхээ бахдам түүх, баатарлаг гавьяа, соёл, өв уламжлал, зан заншлыг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлж, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах, эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах, монгол үндэстний бахархал морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх, Монголын түүхийн иж бүрэн 30 боть номыг шинээр бүтээх зарлигийг тус тус гаргасан бөгөөд Их хааныхаа музейг байгуулан ард түмнийхээ хүртээл болгосон билээ.

Тэгвэл энэ жил Их эзэн Чингис хааны Алтан шүтээн, Их цагаан туг, Төрийн хасбуу тамгыг урлан бүтээж, “Чингис хаан” үндэсний музейд ёслол төгөлдөр хүндэтгэн залж, монгол түмнийхээ их шүтээн болголоо.

Мөн Монголын эртний төрт улсуудын ариун гал голомт болсон Орхоны хөндийд монгол төрийн алтан соёмбот Төрийн далбааг өнө мөнхөд сүр жавхлантай мандуулж, Хархорум хотын бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүллээ.

“Монгол хүн, монгол морь амь нэгтэй” гэж манай ард түмэн ярьдаг.

Монголчууд бид төрт улсынхаа сүлдэнд хүлэг морио дээдлэн залж, аргамаг хурдан хүлгийнхээ дэл, сүүлээр Төрийн тугаа нандигнан урлаж, морин хуурынхаа аялгуугаар хорвоо ертөнцийг уяраадаг хосгүй өв соёлтой билээ.

Тиймээс адууны өв соёл, уламжлалыг хадгалан хамгаалах, хүн төрөлхтний ахуй амьдралд гүйцэтгэж буй үүрэг, ач холбогдлыг нь сурталчлан таниулах зорилгоор Монгол Улс “Дэлхийн адууны өдөр”-ийг санаачилсныг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей хэлэлцээд, жил бүрийн долоодугаар сарын 11-ний өдөр буюу Монголын Үндэсний их баяр наадмаар “Дэлхийн адууны өдөр”-ийг дэлхий нийтээрээ тэмдэглэж байхаар шийдвэрлэснийг баяр наадмын энэ өдөр наадамчин олон түмэндээ сонордуулан хэлэхэд нэн таатай байна.

Монголчууд бид аугаа их хааны үр сад, Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаагаа гүнээ ухамсарлан, Их эзэн Чингис хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, төрт ёсны үнэт зүйл, өв соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эв нэгдлээ сахин бататгаж, хүчирхэг Монгол Улсыг цогцлоон байгуулахын төлөө монгол хүн бүр хүчин зүтгэх учиртай.

Миний монголын ард иргэд ээ,

Монгол хэмээх нэгэн нэрийг ертөнцийн чихнээ дуурьсгадаг дэлхийд хосгүй монгол наадам төрт ёсны их шүтээн есөн хөлт цагаан тугаа мөнх хөх тэнгэртээ мандуулж, уяхан замбуу тивийн наранг уртын дуугаараа мялааж, хөрст алтан дэлхийг хуурын эгшгээрээ хөгжөөж, хүн ард, уул усаа баясган, өнгө төгөлдөр, цог жавхлан төгс ийнхүү эхэлж байна.

Хүчит бөхчүүдийн дэвээ шаваа хүй мандлаа дүүргэж, аргамаг хурдан хүлгүүдийн төвөргөөн тал нутгаа донсолгож, эрхий мэргэн харваачдын эрчит сум хөх тэнгэртээ исгэрч, саруул ухаант, өндөр заяат миний Монголын ард түмэн хотол олноороо дэнж хотойтол дэлгэр сайхан наадаарай.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.



 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Үндэсний их баяр наадмын нээлт ёслол төгөлдөр болж өндөрлөлөө7 сар 11. 13:38Фото: Үндэсний их баяр наадмын нээлт7 сар 11. 13:35Фото: Төрийн есөн хөлт Их цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд хүндэтгэн заллаа7 сар 11. 13:32Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Хүчирхэг Монгол Улсыг цогцлоон байгуулахын төлөө монгол хүн бүр хүчин зүтгэх учиртай7 сар 11. 13:26Үндэсний их баяр наадмын хөтөлбөр7 сар 11. 11:19Үндэсний их баяр наадам эхэллээ7 сар 11. 11:00Төрийн 9 хөлт Их цагаан тугийг цэнгүүллээ7 сар 10. 22:16Улаанбаатар хот дэд бүтцийн төслүүдэд ЕСБХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ7 сар 10. 22:11Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв7 сар 10. 22:06Шилдэг бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ7 сар 10. 22:02Сөүл хотын ИТХ-ын дарга Хо Жун Чой тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа7 сар 10. 21:57Томоохон голуудын усны түвшин нэмэгджээ7 сар 10. 21:54Дэслэгч генерал цолыг нэг, хошууч генерал цолыг хоёр, Бригадын генерал цолыг таван хүнд олгов7 сар 10. 21:49“Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт 2025” олон улсын хуралдааныг зохион байгууллаа7 сар 10. 21:44Дипломат цол хүртээлээ7 сар 10. 16:48Ц.Хуланд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уучлал үзүүллээ7 сар 10. 16:39Түймрийн голомтод 406 хүн гал унтраахаар ажиллаж байна7 сар 10. 12:39“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал боллоо7 сар 10. 12:37УИХ эрх зүйн орчны “ГУРВАН ТӨГӨЛДӨРШИЛ”-ийн бодлогыг 8 Байнгын хороотойгоор хэрэгжүүлнэ7 сар 10. 11:19Т.Даваадалай: Шинэ тойрог замын 1 км-ийн өртөг 37 сая ам.доллар байгаа нь Улаанбаатар хотод хэрэгжсэн ижил төслүүдтэй харьцуулахад бага7 сар 10. 11:16Улаанбаатар метро төслийн бараа, үйлчилгээг нийлүүлэх чиглэлд ИБУИНХУ-тай хамтран ажиллана7 сар 10. 11:09Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Нийслэлийн ерөнхий боловсролын 149 дүгээр сургуульд зочиллоо7 сар 10. 11:05Нэгдүгээр шинэ тойрог замын төслийг УИХ-д танилцууллаа7 сар 10. 9:55Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр /2025.07.10/7 сар 10. 9:52Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан7 сар 10. 9:47“Чайна энержи”-ийнхэн Монголын талд эхний сануулгаа өгч, Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэм тогтооход хүргэв үү7 сар 9. 22:09Сансрын бодлогын үндэсний зөвлөлийг Л.Оюун-Эрдэнийн шийдвэрээр байгуулж байжээ7 сар 9. 20:07Дипломатч Д.Цахилгаан Төрийн соёрхол хүртэж, зургаан эрхэмд генерал цол олгоно7 сар 9. 19:44Нийслэлийн Төр захиргааны авто баазын албан хаагчдад төрийн дээд одон медаль гардууллаа7 сар 9. 14:30Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо7 сар 9. 14:23
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.