Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд нийслэлийн Хүүхдийн сэргээн засах төвийн 80 ортой шинэ эмнэлгийн барилгыг хугацаанаас нь жилийн өмнө буюу ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахыг зорьж байна. Барилгын ажлыг түргэвчлүүлэх чиглэлээр нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр хяналт тавин ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр байршил дээр нь ажиллалаа.
Уг шинэ эмнэлгийн барилгын ажлыг 2024 оны зургаадугаар сард эхлүүлсэн. Одоогоор барилга угсралт 70 гаруй хувьтай гадна шугам сүлжээний ажил дууссан. Дотор заслын ажлыг гүйцэтгэж байна. Эмнэлгийн барилга гаднаа 30 машины зогсоолтой, ногоон байгууламжтай хийгдэнэ. Бүх ажил зураг төслийн дагуу график төлөвлөгөөнөөс урьтаж хийгдэж дуусахаар байгааг гүйцэтгэгч “Элбэггүн" ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Чинзориг хэллээ.
Нийслэлийн Хүүхдийн сэргээн засах төвд жилд 600 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлдэг. Шинээр ашиглалтад орох 80 ортой барилга ашиглалтад ороход жилд 3200 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлэх боломжтой болох юм.
Эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулахдаа эмнэлгийн тоног төхөөрөмж, нөхөн сэргээлтийн эд хогшлыг мөн хамтад нь бэлтгэж, иж бүрнээр нь улсын комисст хүлээлгэн өгөхөөр нийслэлээс төсвийг шийдсэн талаар нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр онцоллоо. Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй болон хөдөлгөөний чадвараа алдсан хүүхдүүдэд нөхөн сэргээлтийн эмнэлэг ихээхэн хэрэгцээтэй байгаа. Түрээсийн байруудад энэ төрлийн эмнэлэг үйл ажиллагаа явуулахад үйлчлүүлж байгаа иргэд, хүүхдүүддээ ч хэцүү байсан. Үйлчлүүлж байгаа хүүхдүүд маань ихэвчлэн урт хугацаанд нөхөн сэргээлт хийлгэдэг учраас нэгдсэн тогтмол байршилтай эмнэлэгтэй байх нь их чухал. Уг хүүхдийн эмнэлгийн барилгыг ашиглалтад хүлээлгэн өгөх хугацаа 2026 оны арваннэгдүгээр сар байсан. Эмнэлгийн эрэлт хэрэгцээг үндэслээд нэг жилийн өмнө ажлыг шахаж, ирэх намар ашиглалтад оруулах гэж байна. Орон сууцны хороолол дунд баригдаж байгаа барилга учраас эмнэлгийн гадна орчны зохион байгуулалт, тохижилтод илүү анхаарч ажиллаасай гэж хүсэж байна” гэв.
Нийслэлийн хүүхдийн сэргээн засах "Эрүүл үрс" төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Л.Эрдэнэбулаг нийслэлийн Хүүхдийн сэргээн засах төвийн 80 хүүхдийн ортой шинэ барилгад тоног төхөөрөмж зэргийг худалдан авах ажил барилгын ажилтай зэрэгцээд хийгдэж байгааг хэллээ. Тэрбээр “Нийт шаардлагатай есөн багц тоног төхөөрөмжийг худалдан авахаас дөрвөн багцыг нь хүлээж авсан. Хоёр багц нь шалгарсан. Гурван багцын тендер өнөөдөр зарлагдаж байгаа. Нийслэлийн төсвөөс тоног төхөөрөмжийг шийдэж өгсөн. Манай эмнэлгэг одоо 2017 онд ашиглалтад орсон хойд өргөтгөлийн барилгад өдрийн эмчилгээ болон хэвтэн эмчлүүлэх 18 ортойгоор түр үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар 14 хүүхэд өдрийн эмчилгээнд хамрагдаж байгаа. Жилд 600 орчим хүүхэд хэвтэн эмчлүүлдэг. Сэргээн засах эмчилгээ урт хугацаанд явагддаг. Урт хугацаандаа илүү сайн үр дүн гардаг боловч ерөнхийгөөр нь авч үзвэл 70-80 хувьтай биеийн байдал сайжирдаг. Сэргээн засах эмчилгээ маш үр дүнтэй байдаг. Тиймээс энэ төрлийн хүүхдийн эмнэлэг зайлшгүй шаардлагатай” гэсэн юм.
Сэтгэгдэл бичих