Цаг агаарын намрын урьдчилсан төлөв
Цаг уурын байгууллагаас гаргасан 2025 оны намрын улирлын (есдүгээр сараас арваннэгдүгээр сар хүртэлх) урьдчилсан төлвөөр, агаарын температур болон хур тунадасны хэмжээ бүс нутгуудаар харилцан адилгүй байх төлөвтэй байна.
Есдүгээр сард ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаар байх боловч дараах бүс нутгуудад дулаан байх төлөвтэй. Үүнд Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнод, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Хэнтийн зүүн хэсэг орно.
Хур тунадасны хувьд Өмнөговь, Дорноговийн ихэнх, Дундговийн зүүн өмнөд, Сүхбаатарын өмнөд хэсгээр дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй. Бусад нутгаар дундаж хур тунадастай байна.
Аравдугаар сард баруун бүс нутгаар агаарын температур олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй. Үүнд Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтайн хойд хэсэг, Завхан, Баянхонгорын баруун хойд хэсэг багтаж байна. Харин дараах нутгуудад дулаан байх төлөвтэй. Үүнд Өмнөговийн зүүн хэсэг, Дорноговийн өмнөд хэсэг орно.
Хур тунадасны хувьд Өмнөговийн зүүн, Дорноговь, Сүхбаатарын ихэнх, Дорнодын өмнөд хэсгээр дунджаас ахиу хур тунадас орно. Бусад нутгаар дундаж хур тунадастай байх төлөвтэй байна.
Арваннэгдүгээр сард зүүн бүсийн нутгаар хүйтэрч болзошгүй байна. Тухайлбал Дорнод, Сүхбаатар, Хэнтийн өмнөд, Дорноговийн хойд хэсгээр агаарын температур олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй. Бусад нутгаар дундаж байна. Хур тунадасны хувьд нийт нутгаар олон жилийн дунджаар байх төлөвтэй байна.
Эх сурвалж: itoim.mn
Сэтгэгдэл бичих