Б.Жавхлан: Монгол Улс бүс нутагтаа жендерийн эрх тэгш оролцоог хангах чиглэлд манлайлж байна


8-р сарын 11
11 цаг 36 минут

        Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор "Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт" Монгол Улсад энэ сарын 25-26-нд болно.

Энэхүү уулзалт нь Ерөнхийлөгчийн эмэгтэйчүүдийг дэмжсэн томоохон арга хэмжээний дөрөв дэх үйл ажиллагаа бөгөөд “урам зориг өгөх-нөлөөлөл үзүүлэх, хөрөнгө оруулалт хийх”  (Inspire-Impact-Invest)  уриан дор дэлхийн 25 орны 216 бизнес эрхлэгч эмэгтэйчүүд чуулах аж. Тус чуулга уулзалтын өмнө Ерөнхийлөгчийн Төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлантай ярилцлаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх жендерийн эрх тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг нэмэх чиглэлд ихээхэн анхаарч ажилладаг. Энэ чиглэлээр Ерөнхийлөгчийн санаачилгаар хийсэн гол ажлууд, хууль эрх зүйн шинэчлэлийн талаар ярилцлагаа эхлэх үү?

-Монголчууд аугаа түүх, өвөрмөц нүүдэлчин соёл үнэт  зүйлээрээ бахархдаг ард түмэн. Бид эрт үеэсээ эхийг дээдлэн хүндэтгэж, эмэгтэйчүүдээ эрхэмлэн хайрлаж, үг сургаал, үйл хэргийг нь хүндэтгэн ирсэн гүн соёлтой. Энэ нь зөвхөн уламжлал төдийгүй өнөө цагт ч нийгмийн үнэт зүйл, бодлогын суурь үзэл хэвээр байна. Монгол Улсад эмэгтэйчүүдийн эрхийг маш эртнээс хангаж, аль ч төр, засгийн үед эмэгтэйчүүдийг дээдэлсээр ирсэн.  Манай улс жендерийн тэгш байдлыг хангах чиглэлээр бүс нутгийнхаа улс орнуудтай харьцуулахад бодитой ахиц, баялаг туршлага хуримтлуулсан, хуваалцах ололт амжилт их бий. Монгол Улс 1924 онд баталсаг анхдугаар Үндсэн хуулиараа эрэгтэй, эмэгтэй хүний тэгш эрхийг хүлээн зөвшөөрч, эмэгтэйчүүдэд сонгох, сонгогдох эрхийг олгосон. Энэ нь Ази тивдээ анхдагч болсон түүхэн үйл явдал юм. Бид түүхэн 100 жилийн ойгоо өнгөрсөн онд тэмдэглэж, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах зорилго бүхий анхны ТББ болох “Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо”-ны ойг ч давхар угтсан. Манай улс түүхэн ололт амжилтаараа бахархах ёстой ч улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо хангалттай түвшинд хүрээгүйг судалгаа харуулдаг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар өргөн барьсан “Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга”, “УИХ-ын сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт”-ийг өнгөрсөн онд баталсан. Ингэснээр сүүлийн 8 удаагийн УИХ-ын сонгуулиар сонгогдсон 608 гишүүнээс ердөө 60 нь буюу 10 хувь нь эмэгтэйчүүд байсан бол 2024 оны ээлжит сонгуулиар 32 эмэгтэй гишүүн сонгогдон, нийт төлөөллийн 25 хувийг бүрдүүлсэн. Ингэснээр Ази тивдээ парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог тэргүүлэх хэмжээнд хүргэсэн орон болсон юм. Дээр дурдсан хуульд намууд нэр дэвшигчийнхээ 40-өөс доошгүй хувийг 2028 оноос эхлэн нэг хүйсийн төлөөлөл байхаар хуульчилсан. Үүнийг хангаж чадвал 2030 он гэхэд “Тогтвортой хөгжлийн зорилт-5” буюу жендерийн тэгш байдлыг хангах зорилтыг бүрэн хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.

-Сүүлийн жилүүдэд буюу 2022 оноос хойш  Ерөнхийлөгчийн ивээл дор Энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт, Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт, Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулганыг эх орондоо зохион байгуулсан. Энэ жил 4 дэх цуврал арга хэмжээ буюу Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг зохион байгуулах гэж байна. Өмнөх чуулга уулзалтуудын онцлог, ач холбогдол, үр дүнг Та хэрхэн дүгнэж байна вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлыг хангах, ялангуяа шийдвэр гаргах түвшин дэх оролцоог нэмэхэд манлайлал хэрэгтэй гэж үзэж буй юм. Энэ хүрээнд өөрийнхөө ивээл дор олон үйл ажиллагааг жил болгон хэрэгжүүлж байна.  Монгол Улс  хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг, эмэгтэйчүүдийн эрхийг өндөрт тавьж, дээрээс нь хүйсийн тэгш байдлыг хангахын төлөө олон улсад маш том санаачилга гаргаж, хувь нэмрээ оруулж байна гэж НҮБ-ын гишүүн орнууд өндрөөр үнэлж байгаа. Ерөнхийлөгч феминист гадаад бодлогыг тууштай баримталж энэ чиглэлийн үзэл баримтлалаа олон улсын тавцанд тогтвортой илэрхийлж, эмэгтэйчүүдийн эрх, оролцоог дэмжих бодлогыг гадаад харилцаанд нэвтрүүлэн хэрэгжүүлж байна. Феминист гадаад бодлого гэдэг нь хүйсийн тэгш байдлыг хангаж, эмэгтэйчүүдийн оролцоог нэмснээр илүү энэрэнгүй, байгаль орчинд ээлтэй, боловсролыг дэмжиж гэр бүлийг хүндэтгэсэн. Мөн нийгмийн асуудлуудыг илүү тод илэрхийлсэн бодлогыг хэлж буй юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй дээрх уулзалтууд нь манай улс бүс нутагтаа болон дэлхийн тавцанд жендерийн тэгш байдлыг хангахын тулд хувь нэмрээ оруулж байгааг илтгэж буй төдийгүй дэмжигч улс болохыг бататгаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Олон улсын энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн бага хурал”-ыг 2022 оны зохион байгуулсан. Монгол Улс дэлхийн энхийг сахиулагчдын үйл ажиллагаанд маш том хувь нэмэр оруулдаг. Манай улсын 20 мянга гаруй цэрэг өнгөрсөн 20 жилийн хугацаанд энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсон. Тэд чадвартай, авьяастай, нэр хүндтэй, тэсвэр тэвчээртэйгээрээ гайхагдсан. Манай улсын хувьд эмэгтэй энхийг сахиулагчдын тоогоороо 120 гаруй орноос эхний 18-д эрэмбэлэгддэг. Энэ нь энх тайван, аюулгүй байдлын төлөө дэлхийн хамтын нийгэмлэгтэй мөр зэрэгцэн алхаж, эмэгтэйчүүдийн оролцоог баталгаажуулахад бодитой хувь нэмэр оруулж буйг харуулж байна.

Харин 2023 онд болсон “Дэлхийн эмэгтэй гадаад хэргийн сайд нарын уулзалт”-нь Монголд төдийгүй Ази тивдээ анх удаагаа болсноороо онцлог. Сүүлийн жилүүдэд жендерийн эрх тэгш байдлыг хангах үүднээс эмэгтэй гадаад хэргийн сайд нарын тоо жилээс жилд нэмэгдэж байна. НҮБ-ын гишүүн орны гадаад хэргийн эмэгтэй сайд нар 10 орчим жилийн өмнө 20 орчим байсан бол одоо 40 гаруй болж нэмэгдсэн. Дэлхий даяар олон улсын харилцаанд маш их өөрчлөлт өрнөж, шинэ дэг журам тогтож улс орон бүр ижил асуудалтай тулгарч байна. Ийм нөхцөлд эмэгтэй сайд нар ямар хувь нэмэр оруулж чадах вэ гэсэн маш чухал асуудлуудыг энэ хурлаар хэлэлцсэн.

НҮБ-тай хамтран анх удаагаа “Дэлхийн эмэгтэйчүүдийн форум” олон улсын өндөр дээд түвшний үйл ажиллагааг  Улаанбаатар хотноо өнгөрсөн  онд зохион байгуулсан. Тус чуулганд Төр засгийн тэргүүн, парламентын тэргүүн, Их хурлын дарга, сайд нар, олон улсын байгууллагуудын тэргүүн, НҮБ, ТББ-ын тэргүүн, урлаг, соёл спорт, бизнесийн төлөөлөгч зэрэг 47 орны 200 гаруй гадаадын төлөөлөгчид оролцсон юм.

-Энэ жил Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын онцлог, ач холбогдлыг Та хэрхэн үзэж байна вэ. Чуулга уулзалтаас ямар үр дүн хүлээж байна вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй энэхүү чуулга уулзалт нь эмэгтэйчүүдийг дэмжсэн томоохон хэмжээний дөрөв дэх арга хэмжээ  гэдгээрээ онцлогтой. Тус форум нь “урам зориг өгөх-нөлөөлөл үзүүлэх, хөрөнгө оруулалт хийх”  (Inspire-Impact-Invest)  уриан дор энэ сарын 25-26-нд болно. Одоогоор Турк, Вьетнам, Польш, БНСУ, БНХАУ, Казахстан, Лаос, Япон, АНУ, Бельги, Беларусь, Чех, Хорват, Туркменистан, Израил, Исланд, Бутан, Непал зэрэг дэлхийн 25 орны 216 төлөөлөгч чуулганд оролцохоо баталгаажуулаад байна. Хурлын хүрээнд эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог нэмэх, эмэгтэйчүүдийн манлайллыг төлөвшүүлэх, эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүү, хөрөнгө оруулалтын хүртээмж, дижитал өөрчлөлт ба инновац, ногоон хүртээмжтэй эдийн засгийг цогцлооход бизнес эрхлэгчдийн үүрэг оролцоо, дижитал эдийн засаг дахь эмэгтэй экспортлогчдыг дэмжих сан зэрэг үндсэн зургаан салбар хурал болно.

Мөн монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бараа, үйлчилгээг олон улсад сурталчлах, хөрөнгө оруулалт татах зорилготой үзэсгэлэн худалдааг энэ сарын 24-26-ны хооронд зохион байгуулна.

Мөн B2B буюу нүүр тулсан уулзалтуудыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Хуралд оролцох бизнес эрхлэгчдийн мэдээллийг тус бүрд нь явуулсан бөгөөд судалж үзээд сонирхсон хүнтэйгээ цагаа тохироод уулзах боломжтой. Түүнчлэн бодлого боловсруулагчдад эдгээр хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжүүдийг хүргүүлнэ.  Мөн старт-ап эмэгтэй бизнес эрхлэгчдийн олон улсын тэтгэлгүүдийг зарлана. Энэхүү чуулга уулзалт Монгол Улсыг бүс нутгийн жендерийн манлайлал, эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог дэмжигч улс орон гэдгийг дахин бататгаж, дэлхийн олон орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд урам зориг, боломж, хамтын ирээдүйг бүтээх платформ болж өгнө гэдэгт итгэлтэй байна. Хурлаар бодлогын түвшинд жендерт суурилсан эдийн засгийн дэмжлэг, хамтын ажиллагаа бэхжиж, хил дамнасан түншлэл хөрөнгө оруулалтын шинэ гарцуудыг нээнэ. Мөн эмэгтэйчүүдийн бизнес ур чадвар, манлайлал, стратегийн чадамж улам бүр нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна.

-Ер нь дэлхий дахинд болон Монгол Улсад бизнес эрхлэгчдийн дунд эзлэх эмэгтэйчүүдийн хувь ямар түвшинд байгаа вэ. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн байдлаар бизнес эрхлэгчдийн оролцоо дэлхий дахинд болон манай улсад ямар хувьтай байна вэ?

-Дэлхийн хэмжээнд бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 34 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлдэг бол Монгол Улсад энэ тоо 71.3 хувь хүрч, бүс нутгийн хэмжээнд өндөр үзүүлэлтэд тооцогдож байна. Ялангуяа цахим худалдаанд оролцох бизнес эрхлэгчдийн тоо сүүлийн таван жилийн хугацаанд 5 дахин өсөж, нийт худалдааны 24 хувийг эзлэх болсон. Эмэгтэй бизнес эрхлэгчид дижитал платформ ашиглан шинэ зах зээлд нэвтрэх болсон нь тэднийг цахим шилжилтийн гол түлхүүр болгож байна. Гэхдээ ажиллах хүчний оролцооны түвшин ихээхэн зөрүүтэй.

Тухайлбал, 2024 оны 3 дугаар сарын байдлаар эрэгтэйчүүдийн оролцоо 72 орчим хувь байгаа бол эмэгтэйчүүдийнх 54.8 хувь, буюу 17.2 пунктээр бага байна.

Азийн хөгжлийн банкны судалгаагаар Монгол Улс энэхүү ажиллах хүчний оролцооны зөрүүг арилгаж чадвал эдийн засгаа 30 жилийн дотор 16 хувиар тэлэх боломжтой гэсэн дүгнэлт гарсан нь жендерийн тэгш байдлыг хангах нь зөвхөн хүний эрхийн асуудал бус, эдийн засгийн чухал асуудал болохыг харуулж байна.

-Жендерийн эрх тэгш байдлыг хангах нь улсын эдийн засагт бодит үр өгөөж авч ирдэг болохыг олон улсын судалгаанууд харуулдаг. Энэ чиглэлд манай улс хэрхэн анхаарч, ямар бодлого, арга хэмжээ хэрэгжүүлж байна вэ?

-Дэлхий нийтээрээ жендерийн эрх тэгш байдлын зорилгод бүрэн хүрэхэд хангалттай ахиц дэвшил хараахан гарч чадаагүй хэвээр байна. Ялангуяа  Тогтвортой хөгжлийн бодлогын хугацааны талаас илүү хувь нь өнгөрөөд байхад, жендерийн эрх тэгш байдлыг хангах буюу 5-р зорилтын хэрэгжилт хангалтгүй байгааг олон улсын байгууллагууд анхааруулсаар байна. Манай улсын хувьд энэ оны байдлаар Дэлхийн жендерийн тэгш байдлын индексээр 148 орноос 65-д эрэмбэлэгдэж, өмнөх жилийнхээс 20 байраар дэвшсэн. Гэхдээ эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог хязгаарласан хууль, эрх зүйн зохицуулалтууд байсаар байгаа төдийгүй шийдвэр гаргах түвшинд ч эмэгтэйчүүдийн эзлэх хувь эрэгтэйчүүдээс бага хэвээр байна.  Тухайлбал, эмэгтэйчүүд албан бус болон цалин хөлсгүй хөдөлмөр эрхлэлтийн ихэнх хувийг эзэлдэг бөгөөд эрэгтэйчүүдтэй харьцуулахад дунджаар 12 орчим хувиар бага цалин авч байна. Хэрэв улс орнууд жендерийн эрх тэгш байдлыг бүрэн хангаж чадвал дэлхийн эдийн засаг 23 хувиар тэлэх боломжтой болохыг Олон улсын валютын сангийн судалгаанд дурдсан байдаг. Иймээс энэхүү чуулга уулзалтыг зохион байгуулах нь зөвхөн феминист гадаад бодлогоо баталгаажуулаад зогсохгүй дэлхийн эдийн засагт хувь нэмрээ оруулж байна гэж хэлж болох юм.

Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу төрөөс жендерийн тэгш оролцоог бодлогоор дэмжиж, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, хөрөнгө оруулалт татах, инновацыг дэмжих чиглэлээр бодит, шинэлэг алхмуудыг хэрэгжүүлж байна.

Энэ оны долоодугаар сард дотоодын хөрөнгийн биржид анхны жендер бондыг амжилттай гаргалаа. Энэхүү бонд нь эмэгтэй бизнес эрхлэгчдийн эдийн засаг дахь оролцоо, манлайллыг дэмжих, ажлын байр бий болгох зорилготой санхүүжилтийг олгоход чиглэж байна. Энэ нь эмэгтэй Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн санхүүжилтэд зориулсан бөгөөд Тогтвортой хөгжлийн зорилтуудтай (SDG) уялдсан цоо шинэ санаачилга юм. Жендерийн мэдрэмжтэй бонд гэхээр зөвхөн эмэгтэйчүүдийг дэмжих бус харин хүйсийн тэнцвэртэй байдал, тэгш оролцоог хангахад чиглэдэг.

Манай улс анх удаа дэлхийн 26 оронд хэрэгжүүлдэг  “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрийг энэ онд нэвтрүүлээд байна.

Олон улсын санхүүгийн корпорацын (IFC) судалгаагаар Монгол Улсад эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн хүртээмжийн зөрүү 1.2 тэрбум ам.долларт хүрсэн нь жендерийн тэгш бус байдлыг улам гүнзгийрүүлж буйг онцолсон. Түүнчлэн 2024 оны 12 дугаар сарын байдлаарх жижиг, дунд бизнес эрхлэгчдийн банкны зээлийн харьцуулсан судалгаанд дурдсанаар эмэгтэй удирдлагатай ЖДҮ‑үүд дунджаар 66.4 сая төгрөгийн зээл авч байгаа нь, эрэгтэй удирдлагатай ААН-үүдээс 45.6 хувиар бага, мөн эмэгтэйчүүдийн авсан зээлийн жилийн дундаж хүү нь 0.8 пунктээр илүү байгаа нь ил тод хандлагын ялгааг харуулж байна. ”Санхүүгийн код” хөтөлбөрийг нэвтрүүлснээр эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн боловсрол дээшилж, экспортын чадавх, шинэ зах зээлд нэвтрэх боломж өргөжнө. Мөн цахим худалдаа дахь эмэгтэйчүүдийн оролцоо өснө. Тиймээс энэ хөтөлбөр нь зөвхөн зээлийн хүртээмжийг нэмэх бус, санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудад жендерт суурилсан шинжилгээ хийх, шийдвэр гаргалтад жендерийн мэдрэмж шингээх шинэ стандарт тогтоож байгаа нь маш чухал юм.

Түүнчлэн МҮХАҮТ-ын дэргэд олон улсын төвтэй хамтран байгуулсан “Эмэгтэйчүүдийн худалдааг дэмжих төв” ажиллаж байна. Мөн жендерийн тэгш байдлыг бодлогоор дэмжих зорилгоор жендер таксономи боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж эхлээд байна. 

 

Эх сурвалж: Р. Эрдэнэчимэг "Монцамэ" агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Шударга ёсыг бэхжүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Ерөнхий сайдын Захирамж гарлаа18 минут 56 секундын өмнөОюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаар хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдалыг сонголоо22 минут 52 секундын өмнөГ.Занданшатар: Татвар төлсөн нь хохирдог, төлөөгүй нь хождог тогтолцоог хална4 цаг 4 минутын өмнөИрэх оны төсвийн төсөлд иргэдийн саналыг авах хугацаа маргааш дуусна4 цаг 7 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь9 цаг 45 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан9 цаг 50 минутын өмнөС.Шаарийбуу: Шүүхээс 2.1 сая ам.долларын нөхөн төлбөр тогтоосон ч Малайзын Засгийн газар болон Абдул Разак Багинда давж заалдсан8 сар 12. 22:15Г.Занданшатар: Эх, хүүхдийн эрүүл мэндийг нэн тэргүүнд анхаарна8 сар 12. 18:30Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан хэргийг шүүхэд шилжүүлжээ8 сар 12. 11:22Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхэллээ8 сар 12. 10:05Бүгд өсөж ганцхан төгрөг буурав8 сар 12. 9:02Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан8 сар 12. 8:50УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг яллагдагчаар татах саналаа АТГ-аас прокурорт хүргүүлжээ8 сар 11. 17:32Зээлийн мэдээллийн сан тогтмол шинэчлэгдэж, зээлжих зэрэглэл тогтоосноор иргэдийн санхүүгийн төлөвлөлт сайжирна8 сар 11. 17:07Ч.Отгочулуу: Төгрөгийн ханш сул, инфляци өндөр байгаа нь ажилгүйдэл, ядуурал, нийгмийн бухимдлын үндэс8 сар 11. 14:54Ирэх оны төсвийн төсөлд “E-Mongolia”-аар дамжуулж саналаа өгсөн иргэдийн тоо 150.000 хүрлээ8 сар 11. 14:49Ч.Очбаяр: Хөрсний бохирдлын улмаас ямар ч жижиг хэмжээний зулгарал шарх нь идээт халдвар авах өндөр эрсдэлтэй8 сар 11. 11:51Гэмт хэргийн шинжтэй 68 гомдол, мэдээллийг шалгав8 сар 11. 11:45Б.Жавхлан: Монгол Улс бүс нутагтаа жендерийн эрх тэгш оролцоог хангах чиглэлд манлайлж байна8 сар 11. 11:36Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл маргааш эхэлнэ8 сар 11. 9:38Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт объектын гал түймрийн 21 дуудлага бүртгэгджээ8 сар 11. 9:28УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь8 сар 11. 8:36Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан8 сар 11. 8:33Трамп, Путин нар Аляскад ирэх долоо хоногт уулзана8 сар 9. 11:45Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ8 сар 9. 11:42СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Түрээсийн байртай холбоотой залилах гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна8 сар 9. 11:33Энэ намар баруун болон зүүн бүсийн нутгуудаар сэрүүхэн, олон жилийн дунджаас хүйтэн байна8 сар 9. 11:27С.Хулан: Нэгдүгээр ангид орж байгаа хүүхдэдээ “Сурагч боллоо, том болсон шүү” гэж хэлэх нь түгшүүр, айдас төрүүлдэг8 сар 8. 12:18Хичээлийн хэрэгсэл, сурагчийн дүрэмт хувцас худалдаалж байгаа байршлууд8 сар 8. 12:11Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Монгол Улсад төлбөрт таавар, бооцоот болон цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглов8 сар 8. 12:08
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.