Ч.Очбаяр: Хөрсний бохирдлын улмаас ямар ч жижиг хэмжээний зулгарал шарх нь идээт халдвар авах өндөр эрсдэлтэй


8-р сарын 11
11 цаг 51 минут
        Тээврийн прокурорын газраас гаргасан судалгаагаар энэ оны долоодугаар сарын 30-ны өдрийн байдлаар Нийслэлийн хэмжээнд зам тээврийн ослын улмаас нийт 370 осол бүртгэгдэж, үүний улмаас 420 хүүхэд хохирсон байна. Эдгээр хүүхдүүдийн 82 нь унадаг дугуй болон цахилгаан дугуй унаж замын хөдөлгөөнд оролцож байхдаа осолд өртжээ. Зарим тохиолдолд ослын улмаас авсан бэртэл, ил шархыг цаг тухайд нь ариутгаж эмчлэхгүй орхисноос халдвар авч, улмаар мөчөө тайруулах хэмжээнд хүрсэн талаар эмнэлгийн байгууллагууд мэдээлсэн. Иргэд осолд орж бэртсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах шаардлагатай болон шарх нь халдвар авахаас сэргийлэхийн тулд юуг анхаарах хэрэгтэй талаар Улсын хоёрдугаар төв эмнэлгийн гар, сарвуу нөхөн сэргээх, мэс заслын их эмч Ч.Очбаяртай ярилцлаа.
-Осол гэмтэл нь бие махбод болон сэтгэл зүйд нь ч нөлөөлдөг. Энэ тал дээр ямар арга хэмжээ авах шаардлагатай вэ?
-Манай улсад дулааны улирал буюу хавар, зун, намрын үеэр хоёр дугуйт тээврийн хэрэгслийн хэрэглээ эрс нэмэгддэг. Үүнд унадаг дугуй, цахилгаан дугуй буюу суррон, мотоцикл, скүүтер зэрэг нь багтдаг. Ялангуяа энэ төрлийн тээврийн хэрэгсэл нь залуучуудын дунд өргөн хэрэглээ нь болжээ. Гэвч энэ төрлийн тээврийн хэрэгслийн хэрэглээ нэмэгдэхийн хэрээр осол, гэмтлийн тоо өмнөх жилүүдтэй харьцуулахад мэдэгдэхүйц өссөн юм.
Осол гэмтлийн өсөлтийн нэг гол шалтгаан нь зохицуулалтын дутмаг байдал гэж хэлж болно. Насанд хүрээгүй хүүхдүүд замын хөдөлгөөний дүрмээ мэдэхгүйгээр замын хөдөлгөөнд оролцож ингэснээр өөрсдөө бэртэж гэмтэх, мөн явган зорчигчийг мөргөх тохиолдлууд гарч байна. Мөн зориулалтын зам, тусгай хөдөлгөөний нөхцөл бүрдээгүйгээс дүрэм мөрдөх боломж хязгаарлагдаж, зарим жолооч хариуцлагагүйгээр тээврийн хэрэгслээ жолоодох нь осол нэмэгдэхэд нөлөөлж байгаа юм. Үүний үр дүнд зөвхөн бэртэл гэмтэл авах төдийгүй эмнэлгийн тусламж авч чадалгүй газар дээрээ амиа алдах, хөдөлмөрийн чадвараа алдах, мөч тайруулах, саа саажилттай болох зэрэг ноцтой эрүүл мэндийн хохирол учирч байна.
Манай улсын нас баралтын тэргүүлэх гурван шалтгаанд харвалт, зүрхний шигдээс болон осол гэмтэл багтдаг. Харвалт, шигдээсийн эрсдэлийг олон хүн мэддэг ч гэмтлийн хувьд хүмүүс урьдчилан тооцоолдоггүй. Хэн ч өглөө гэрээсээ гарахдаа би өнөөдөр осолд орно гэж боддоггүй. Тиймээс гэнэтийн осол нь зөвхөн бие махбодод төдийгүй сэтгэл зүйд хүчтэй цохилт өгдөг. Энэ нь тухайн хүнийг нийгэмд идэвхтэй оролцох, биеэ авч явах чадамжгүй болгох эрсдэлтэй.
 
Биеийн эмгэгүүд нь засраад сайжирч болох ч сэтгэл зүйн асуудлын хувьд тухайн гэмтлийн үеийн айдас нь урт хугацаанд хадгалагдах нь бий. Энэ нь даамжирч сэтгэцийн эмгэг болж хүндрэх тохиолдлууд байдаг.
 
-Гэмтлийн дараах сэтгэл зүйн дарамт, айдас удаан хугацаанд үргэлжилж байвал ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?
-Осол гэмтэл зөвхөн тухайн хүний амьдралд төдийгүй гэр бүлийнх нь сэтгэл санаанд хүнд цохилт өгдөг. Өглөөний цайгаа хамт уугаад ажил, сургуульдаа явсан хүн нь удалгүй бэртэж гэмтсэн тухай мэдээг эмнэлгийн байгууллагаас сонсоно гэдэг гэр бүлийнхэнд маш том цочрол болдог. Ийм үед зөвхөн бие махбодын эмчилгээ бус, сэтгэл зүйн дэмжлэг зайлшгүй шаардлагатай байдаг.
Гэмтлийн дараах сэтгэлзүйн асуудлыг шийдвэрлэхэд мэргэшсэн сэтгэл зүйч, сэтгэл засалч нар ажиллах нь чухал. Эмч, мэргэжилтнүүд ч осолд орсон хүмүүс болон тэдний гэр бүлийнхэнд сэтгэлзүйн тусламж авахыг зөвлөдөг. Гэвч бодит байдал дээр ийм үйлчилгээ авах боломж хязгаарлагдмал эсвэл өртөг өндөр байдаг. Улсын зарим байгууллагууд сэтгэлзүйн зөвлөгөө өгдөг ч оочер дараалал ихтэй байдаг.
-Нийслэлийн хэмжээнд зам тээврийн ослоос үүдэж бэртэж гэмтсэн хүмүүсийн тоо сүүлийн үед хэр их байна вэ?
-Манай улсад осол гэмтлийн шалтгаан нь зөвхөн тээврийн хэрэгсэлтэй холбоотой биш бөгөөд ахуйн болон үйлдвэрлэлийн ослууд ч түүнээс дутахааргүй их байна. Харин зөвхөн хоёр дугуйт тээврийн хэрэгслийн ослыг авч үзвэл, 2023 оны статистикаар жилд дунджаар 400–600 хүн амь насаа алдаж, 18–19 мянган хүн бэртэж гэмтсэн. Энэ тоо аль хэдийн өндөр үзүүлэлт боловч сүүлийн үед нөхцөл байдал улам дордож, осол гэмтлийн тоо өссөн байх вий гэсэн айдас байна.
-Сүүлийн үед таны хүлээн авсан өвчтөнүүдээс ямар шалтгаанаар хүнд бэртэлтэй хүмүүс хамгийн их ирж байна вэ?
-Осол гэмтлийн дараа өөрийгөө харьцангуй хөнгөн бэртлээ гэж бодоод эмнэлэгт хандахгүй орхих тохиолдол олон байдаг. Жишээлбэл, саяхан гарсан нэг тохиолдолд хүн унаж, гарны шуу болон сарвуу бүхэлдээ зулгарсан ч тухайн үедээ ямар ч арга хэмжээ аваагүй, ариутгаагүй байна. Үүний улмаас шарх нь идээт халдвар авч, хүндэрснээр гар нь тайрагдах нөхцөлд хүрсэн.
Манай улсад агаарын болон хөрсний бохирдол их тул ямар ч жижиг хэмжээний зулгарал, шарх ч гэсэн халдвар авах өндөр эрсдэлтэй байдаг. Иймээс ямар ч тохиолдолд шархаа ариутгах, эсвэл шууд эмнэлгийн тусламж авах нь зайлшгүй хэрэгтэй. Хэрэв бэртсэн хэсэг нь нэгээс хоёр хоногийн дотор улайж, хавдаж, өвдөж эхэлбэл эмнэлэгт яаралтай хандах шаардлагатай юм. Энд иргэдийн хариуцлагатай байдал маш чухал. Заавал шарх хүндэрч, мөч тайруулах хэмжээнд хүрсний дараа эмнэлэгт очих нь буруу зүйл. Удалгүй зүгээр болчих байлгүй гэж тоохгүй явах нь эрүүл мэндээ эрсдэлд оруулж байгаа хэрэг юм.
-Түргэн тусламж ирэх хүртэл иргэд ямар анхан шатны тусламж үзүүлэх нь хамгийн үр дүнтэй вэ?
-Амь тэнсэн үе гэж нэрлэдэг, хүний амь нас шууд эрсдэлд орсон нөхцөл байдалд аврах арга хэмжээ авах шаардлагатай мөчүүд байдаг. Саяхан цахим орчинд ийм тохиолдлын бичлэг түгэж, олон хүн энэ үед яах вэ гэж асуусан байсан. Өндөр хөгжсөн орнуудад иргэдийг бага наснаас нь эхлэн амилуулах суурь тусламж буюу амь насыг аврах анхны арга хэмжээг зааж сургадаг. Энэ мэдлэг, чадвар нь эмнэлгийн байгууллага эсвэл түргэн тусламж ирэхээс өмнө, хайртай дотны хүн нь ч бай, эсвэл огт танихгүй хүн ч бай, хэн нэгэнд хэрэг болох мөчид амийг нь аврах боломж олгодог юм.
Манай улсад сүүлийн жилүүдэд албан байгууллага, сургууль, олон нийтийг хамарсан амилуулах суурь тусламжийн сургалтууд зохион байгуулагдаж эхэлсэн. Гэхдээ эдгээр сургалтад хүмүүс чин сэтгэлээсээ, хариуцлагатай хандаж энэ нь надад ч тохиолдож мэднэ гэдгийг ухамсарлан хамрагдах нь чухал байна. Манай орны зарим алслагдсан бүсэд эмнэлгийн яаралтай тусламж цаг тухайд нь очих боломжгүй нөхцөл бий. Иймээс иргэн бүр амилуулах суурь тусламжийг мэддэг, хэрэгжүүлж чаддаг байх нь хүний амийг аварч чадах хамгийн чухал чадваруудын нэг юм.
-Тээврийн хэрэгсэлтэй холбоотой гэмтлийн дараа ямар төрлийн гэмтэл, осол хамгийн түгээмэл тохиолддог вэ?
-Манай улсад үйлдвэрлэлийн болон ахуйн осол гэмтлийн тоо өндөр байдаг. Үүнд хөдөлмөрийн аюулгүй байдлын хангалтгүй байдал чухал нөлөө үзүүлдэг. Мөн улирлын онцлогоос шалтгаалсан гэмтэл осол олон тохиолддог юм. Жишээ нь, өвлийн улиралд халтиргаа гулгаанаас болж унан яс хугалах тохиолдол элбэг. Харин зуны улиралд нимгэн хувцастай явах тул унах, мөргөлдөх зэрэг үед шалбарах, зулгарах нь ихэсдэг. Ийм төрлийн бэртэл шарх нь анхандаа жижиг мэт санагдавч халдвар авч хүндэрч болзошгүй юм.
Шалбарсан, зулгарсан тохиолдолд нэн даруй богино хугацаанд савантай усаар сайтар угааж, шаардлагатай бол эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй. Халдвар орсон тохиолдолд тухайн хэсэг улайж, хавдаж, халуун оргих шинж илэрнэ. Хүндэрвэл халуурах, хоолны дуршил буурах, бүр хордлогын шинж тэмдэг илэрч болно.
Шарх ариутгалын хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга бол савандаж, урсгал усанд угаах юм. Одоо үед нийтийн угаалгын өрөө, ариун цэврийн байгууламж илүү олширсон. Улаанбаатар хотод сүлжээ дэлгүүрүүд хаа сайгүй байгаа тул ариутгах боломж илүү сайжирсан. Багадаа таван салаа наагаад аяндаа зүгээр болчихдог байсан гэх хуучин ойлголтоор хандаж болохгүй, харин эрт арга хэмжээ авах нь чухал юм.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: Сандэлгэр ЗОЛЗАЯА itoim.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд ойн мэргэжлээр суралцагч оюутан залуусын солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж байна27 минут 6 секундын өмнөХөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв1 цаг 24 минутын өмнөАвлигыг мэдээлэх 110 дугаараар 83 дуудлага хүлээн авав1 цаг 28 минутын өмнөБ.Энхбаяр: Намайг УИХ-д танилцуулсны дараа улс төрийн мэдэгдэл хийнэ1 цаг 33 минутын өмнөБНСУ-ын “ Юхан” корпораци “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ3 цаг 4 минутын өмнөН.Номтойбаяр: Нүүрсний хулгай, Хөгжлийн банкны хулгай гэдэг хавтас үзүүлж улстөрчдөд нэр хоч наачихаад хаачихдаг байж болохгүй3 цаг 13 минутын өмнөМонголын баг тамирчид “Гоёл Кашмер”-ийн ёслолын хувцсаар “Милан–Кортина 2026” өвлийн олимпын нээлтэд алхана3 цаг 28 минутын өмнө"Өсвөрийн Парламент-2025" хөтөлбөрт оролцогчдын бүртгэл эхэллээ4 цаг 14 минутын өмнөО.Баасанхүү: Хууль зүйн шинэ сайдын нэр гарснаар нэлээд хэдэн хүн их эмзэг хүлээж авч байх шиг байна4 цаг 18 минутын өмнөУИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны 10 дугаар сарын 02-ны өдрийн ирцийн мэдээ4 цаг 35 минутын өмнөБ.Алтанчимэг холимог тулаанаар залуучуудын дэлхийн аварга боллоо5 цаг 14 минутын өмнөТБХ: Үл хөдлөх борлуулсны 2 хувийн татварын асуудлаар ажлын хэсэг байгуулав5 цаг 30 минутын өмнөУИХ-ын дарга Д.Амарбаясгаланд БНСВУ-ын Үндэсний Ассамблейн Тэргүүн дэд дарга Чан Куанг Фыөнг бараалхлаа6 цаг 3 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан6 цаг 11 минутын өмнөГ.Занданшатарыг МАН-аас хөөнө10 сар 2. 4:33Олон улсын шалгалтын үнэлгээг ЭЕШ-ийн үнэлгээтэй дүйцүүлэх цахим хүсэлт авч эхэллээ10 сар 1. 16:19III улирлын НӨАТ-ын баримтыг энэ сарын 8-ны дотор бүртгүүлээрэй10 сар 1. 15:24Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг хамтран хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг баталлаа10 сар 1. 14:20Хууль зүй, дотоод хэргийн сайдад томилохоор болсон Б.Энхбаярыг УИХ-д танилцуулна10 сар 1. 14:11УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ахмадын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ10 сар 1. 14:04Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусламж, хөнгөлөлт олгох журмыг шинэчлэв10 сар 1. 12:42БНСВУ-ын Үндэсний Ассамблейн Тэргүүн дэд дарга Чан Куанг Фыөнг Монгол Улсад айлчилж байна10 сар 1. 12:38Н.Тавинбэх: Гуравдугаар станцаас хамаарсан дулааны эрчим хүчний доголдол байхгүй болсон10 сар 1. 12:31Өсвөрийн шатарчид ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртлээ10 сар 1. 10:31УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар БНПУ-ын парламент дахь Польш-Монголын парламентын бүлгийн дарга, гишүүдтэй уулзлаа10 сар 1. 10:21Монгол Улсын хамгийн өндөр настан 107 настай10 сар 1. 10:04“Эрдэнэс Тавантолгой“ ХК 62 сая ам.долларын нүүрс худалдаалжээ10 сар 1. 9:28Төрөөс мөнгөний бодлогын талаарх 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг өргөн барилаа10 сар 1. 9:03Ц.Нямдорж “Админерал”-тай холбоотой хэргийн мөрдөн байцаалтын нууц задруулсан уу10 сар 1. 8:56Хятадуудаас цүнхтэй мөнгө авсан УИХ-ын гишүүд хэн бэ, Д.Энхтүвшин гишүүн ээ10 сар 1. 8:48
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.