Ч.Отгочулуу: Төгрөгийн ханш сул, инфляци өндөр байгаа нь ажилгүйдэл, ядуурал, нийгмийн бухимдлын үндэс


8-р сарын 11
14 цаг 54 минут

      Эдийн засгийн ухааны доктор Ч.Отгочулуутай бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт болон төгрөгийн ханшийн талаар ярилцлаа.

-Сүүлийн дөрвөн жилд зарим гол нэрийн барааны үнэ хоёр дахин өссөн үзүүлэлттэй байна. Яагаад бүтээгдэхүүний үнэ өсөх болсон вэ?

-Эдийн засгийн онолд эрэлт нь нийлүүлэлтээсээ давсан тохиолдолд үнэ өсдөг гэж үздэг. Өөрөөр хэлбэл, иргэдийн гар дээр их хэмжээний мөнгө очиж байгаа ч үүнтэй зэрэгцэх хэмжээний хүнс барааны хангамж зах зээлд нийлүүлэгдэхгүй бол үнэ өснө. Монголын статистикийг харахаар хүнс,бараа үйлдвэрлэл, ачаа тээврийн барааны тоо хэмжээ хэвээрээ байна. Гэтэл нөгөө талд мөнгөний нийлүүлэлт эрс өсөөд байгаа юм. Өөрөөр хэлбэл, үнээр тооцсон өсөлт юм. Гэтэл бүтээгдэхүүний тоо хэмжээ өсч өгөхгүй байна. Тиймээс манайд эрэлтийн гаралтай инфляци байх магадлал их. Мэдээж, нийлүүлэлтийн хүндрэл бий. Энэ асуудлын хамгийн том шалтгаан нь төрийн бодлого. Ард иргэд хэзээ ч төгрөг үйлдвэрлэж чадахгүй. Төгрөг үйлдвэрлэх эрх Төв банканд бий. Үнэндээ иргэд баяжаад, хэрэглээ нь өсөөд байгаа зүйл байхгүй. Гэтэл Улсын төсвөөр маш их хөрөнгө оруулалт хийж байна. Ялангуяа сонгуулийн жилүүдэд. Улсын төсвийн хувьд 2-3 жил тутам хоёр дахин өссөн үзүүлэлттэй байна. Энэ нь өөрөө эдийн засагт их хэмжээний эрэлт үүсгэдэг юм. Гэтэл манай хувийн хэвшил хөрөнгө оруулалт хийж чадахгүй. Бүр эсрэгээрээ ажлын байрны цомхотгол хийж байх жишээтэй. Ер нь зээлийн хүртээмж их, хүү бага байх үед хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалт хийх нөхцөл бүрддэг. Гэтэл өнөөдөр нөхцөл байдал ямар байгаа билээ. Зээл авахад хүү нь маш өндөр. Тэгэхээр инфляцын үндсэн шалтгаан бол төсвийн буруу бодлого. Төсвийн хэт тэлэлт юм.

-Тэгвэл хэт тэлсэн улсын төсвийг юунд зарцуулж байна вэ?

-Сонгуулийн жилүүдэд цөөн хэдэн улс төрч ялахын тулд их хэмжээний амлалт өгдөг. Тойруу замаар төсвийн хязгаарыг хуурч гарахын тулд янз бүрийн хөтөлбөр санаачилна. Хамгийн тод жишээ бол “Шинэ хоршоо” гээд анх 600 тэрбумаар эхэлж байсан хөтөлбөр байна. Одоо бол 800 тэрбум төгрөгт хүрсэн гээд байгаа. Зөвхөн нэг л хөтөлбөр ийм байна. Үүнийг дагаад хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, техник хангамж өссөн үү гэхээр үгүй.

Харин үүний оронд суудлын автомашин буюу приусны импорт хоёр дахин өссөн. Энэ нь бид нөгөө жаахан олсон доллароо гадагшаа гаргаад төгрөгийн ханшаа улам сулруулсан гэсэн үг. Инфляци өсөөд ирэхээр тэтгэвэр эсвэл орлого багатай эмзэг бүлгийнхэн маш их хохирдог. Яагаад гэвэл тэд 10 талх авдаг байсан бол одоо есөн талх авахаас өөр аргагүй болж амьдралынх нь чанар муудсан. Ядуурч байна гэсэн үг.

-Ядуурч байна гэснээс хотын зах гэр хорооллын иргэд талхаа зээлээр авч байна гэсэн. Энэ нь инфляцаас үүдэлтэй юу?

-Инфляци өсөхөөрөө гэр хорооллын айл өрхүүдийн амьдралд хэд хэдэн сувгаар дамжин сөрөг нөлөө үзүүлж байгаа юм. Эхний суваг нь бараа бүтээгдэхүүний үнэ өсөх юм. Тэгээд хотын захын найман нэрийн барааны дэлгүүрүүдэд орлого байхгүй болсон. Инфляци өсөхийн хамгийн аюултай зүйл нь Төв банк бодлогын хүүгээ өсгөөд зээл олгох боломжийг хумьдаг. Зээл олголтыг хумихаар бизнесийнхэн хөрөнгө оруулалт, иргэд худалдан авалт хийж чадахгүй болно. Ингээд хэрэглээ хумигддаг. Нөгөө талд бизнесийнхэн тэсэж үлдэхийн тулд хамгийн түрүүнд ажлын байрны цомхотгол хийдэг шүү дээ. Үүний улмаас гэр хороололд байгаа хүмүүс ажилгүйдэлд нэрвэгдэх магадлал өндөр болж байгаа юм. Иргэд давхар, давхар нэрвэгддэг. Нэг талаас ажилгүйдэл, нөгөө талаас талхны үнэ нь хэд дахин өсчихсөн. Ихэнх айл өрхүүд тэтгэврийн мөнгөөр л амьдарч байгаа. Даанч тэтгэврийн мөнгө нь хаанаа ч хүрэхгүй. Саяхан ахмадууд тэтгэврийн зээлийн хязгаарлалтыг шаардсаар байгаад тавиуллаа. Энэ чинь амьдрал хэцүү байгаагийн шинж. Тэтгэврийн зээлийг тултал авхуулж байна гэхээр амьдрал ямар хүнд байна вэ. Үүнийг би ганцаараа хэлээд байгаа юм биш. Уаррен Баффет гээд дэлхийд маш алдартай хөрөнгө оруулагч байдаг юм. Саяхан хэвлэлийн бага хурал хийгээд хүмүүс асуулт асуулаа. Манайхаас нэг залуу босоод “Яагаад монголд хөрөнгө оруулалт хийдэггүй юм бэ?” гэж асуусан. Тэгтэл тэр хүн “Танай улсын төгрөг маш сул” гэж хариулсан юм. Энэ үнэн. Гадныхан манайд хөрөнгө оруулалт хийлээ гэж бодъё. Заавал төгрөгөөр арилжаа хийнэ. Ингээд тэд жаахан ашиг олоо дүүнийгээ доллар руу шилжүүлэх гэхээр ханшны зөрүүндээ ашиг нь байхгүй болчихдог. Тиймээс төгрөгийн ханш сул, инфляци өндөртэй байна гэдэг өөрөө бүх муу муухай юмны үндэс. Ажилгүйдэл, ядуурал, үнийн өсөлт, хөрөнгө оруулалтгүй байхын үндэс суурь нь юм.

-Тэгвэл инфляцыг хэн өдөөж байна вэ?

-Ерөөсөө л УИХ, улс төрчид өдөөгөөд байгаа юм. Заавал бүх нийтийг хохироож байж, тойргийн цөөн хэдэн аймгаа дөвийлгөхөөсөө ичих хэрэгтэй. Уг нь цөөн хэдэн улс төрчийг ялуулахын оронд бизнесийн эрх чөлөөг жигдхэн тавьж өгөх ёстой. Одоо бол бизнесийн эрх чөлөө монголд бараг байхгүй. Зээл нь олдохгүй. Ямар нэгэн зүйл хийх гэхээр бүх зах зээлийг нь томчууд эзлээд авчихсан. Бизнеес эрхлээд явж байгаа хувийн хэвшлүүд нь цалингаа тавьсныхаа төлөө НДШ-ийн өрөнд ордог. Нэмээд худалдаа гүйлгээ хийснийхээ төлөө НӨАТ баримтын өрөнд ороод ямар ч ашиггүй болж байгаа юм. Ерөөсөө л хувийн, өрхийн бизнесүүдэд эрх чөлөөг нь өгмөөр байна. Гэтэл манайхан даргын тойргийн цөөн хэдэн сонгогч нарт хөнгөлттөй зээл олгодог. Түүнийх нь хүүг бүх нийтээрээ төлдөг шүү дээ. Хамгийн гол нь тухайн мөнгөөрөө үйлдвэрлэлийн зориулалттай бүтээгдэхүүн ерөөсөө авахгүй. Уг нь бид энэ мөнгөөрөө үйлдвэрлэл, бизнесийн ажлын байр бий болгодог үйл ажиллагааг санхүүжүүлэх ёстой. Гэтэл төгрөгийг үнэгүйдүүлээд, хэрэглээний соёлыг санхүүжүүлээд байгаа юм. Яагаад гэвэл энэ нь сонгуульд ашигтай учраас.

-Бараа бүтээгдэхүүнүүд дундаас мах 51, сүү 68, будаа 30, талх 100, төмс 280 хувиар тус тус өссөн нь ямар шалтгаантай вэ?

-Хоёр талтай асуудал л даа. Урт хугацааны хүчин зүйлс бий. Манай Улсын хүн амын тоо өсөж байна. Энэ нь хүнс хэрэглэдэг ходоодны тоо өссөн гэсэн үг. Мөн зун болохоор жуулчид их ирдэг. Тэгээд жаахан хүнсний бүтээгдэхүүнээ зочид буудал, жуулчны бааз, рестронууд руу явуулдаг. Яагаад гэвэл тэндээс илүү ашиг олно. Ингэж л эрэлт өсөөд байгаа юм. нөгөө талд нийлүүлэлт буурсан. Жишээлбэл, гурилын импортын татварыг тэглэсэн. Үүнээс үүдэн монголчууд дотооддоо буудай тариалахаа больсон. Дотоодын гурилын үйлдвэрүүд гадаадын хямд гурилын үйлдвэрүүдтэй өрсөлдөж чадахгүй байна. Ингээд дотоодын хүнсний үйлдвэрлэл буурсан. Сүүний үнийн өсөлт дээр малын тоо толгой өсөөд байгаа боловч малчдад сүүгээ саагаад зарах дэд бүтэц нь байхгүй. Сүү бол маш хурдан гашилдаг түүхий эд. Төмсний хувьд энэ жил жаахан ган гачигтай байна. Дээр нь татварын, зээлийн дарамтаас болоод манай дотоодын үйлдвэрлэл импортын хүнсний бүтээгдэхүүнтэй өрсөлдөж чадахгүй байгаа. Иймэрхүү олон хүчин зүйлс нөлөөлсөн. Түүнээс биш ганцхан үүнээс болсон гэж нэг шалтгаан хэлэх боломжгүй.

-Яавал бидний гар дээр ирж байгаа төгрөг үнэ цэнэтэй болж, бараа бүтээгдэхүүний үнэ буурах вэ?

-Уг нь төгрөг ард түмний мэдэлд байх ёстой. Гэтэл хэдхэн улс төрчдийн гарт орчихсон. Төгрөгийн худалдан авах чадварыг хуулиараа Монголбанк хариуцдаг. Гэтэл Монголбанкны бодлого, бас улсын нэгдсэн төсвийн хуулийг УИХ баталдаг. Энэ хоёр хоорондоо уялдах ёстой. Гэтэл зөвхөн нэг талдаа хэт тэлсэн төсөв баталдаг. Улсын төсөв жилд 30 хувиар нэмэгдсэн шүү дээ. Нөгөө талд эмнэлгийн үйлчилгээ 30 хувиар сайжирсан уу. Багш нарын цалин 30 хувиар нэмэгдсэн үү. Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ 30 хувиар нэмэгдэж чадсан уу гэвэл үгүй. Тэгээд инфляци өсөхөөр Төв банк бодлогынхоо хүүг өсгөдөг. Уг нь бодлогын үр дүнд хүнсний бүтээгдэхүүн нэмэгдэх ёстой шүү дээ. Хүнсний бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэхийн тулд хувийн хэвшил хямд зээл авч хөрөнгө оруулалт хийх ёстой. Гэтэл энэ нь байхгүй болчихсон. Ямар ч бизнес ургамалтай адилхан. Бороо орж байж л ургана. Тэгэхээр ямар ч бизнес зээл авч эсвэл хувьцаа гаргаж байж л урагшилдаг. Гэтэл манай хөрөнгийн бирж ажиллахгүй. Хөрөнгийн биржээр дамжуулаад хувьцаа гаргаад санхүүжилт татах боломжгүй. Банкууд дээр очихоор хүү нь хэт өндөр. Улс төр нь тогтворгүй хөрөнгө оруулалт хийх гэхээр хөөдөг ийм улсад гадныхан орж ирэхгүй. Бусад улс бол гаднаас хөрөнгө оруулалт татаад үйлдвэрлэл, нийлүүлэлтээ өсгөдөг юм.

-Бараа бүтээгдэхүүний тоо хэмжээгээ ихэсгэж, үнээ бууруулахын тулд уу?

-Тийм. Учир нь бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ ихсээд ирэхээр компаниуд үнээ бууруулсан цагт тухайн зах зээлдээ тэсэж үлдэнэ. Үнээ бууруулахын тулд компаниуд бүтээмжээ сайжруулж, инновац хийж, олноор үйлдвэрлэх гэх мэт бизнесийн овсгоо гаргана. Гэтэл энэ боломж нь манайд байхгүй. Гаднаас бүтээгдэхүүн авах гэхээр төмөр зам дээр баахан ачаа зогсчихсон. Гааль дээр асар их удна. Манайх чинь жижиглэн худалдааг аль болох хязгаарлаад сүлжээ супермаркетууд бүгдийг нь оруулж ирдэг болсон. Тэгээд тэд үнээ өсгөдөг. Яагаад гэвэл олон хүн ажиллуулдаг, зардал өндөр учраас. Тиймээс зах зээлд өрсөлдөөнийг бий болгохын тулд нийлүүлэлт өндөр байх ёстой. Маш олон үйлдвэрүүд зах зээлийг ханган нийлүүлдэг байх хэрэгтэй. Гэтэл манайд яг үйл ажиллагаа явуулж байгаа хэдхэн том компани бий. Эдгээр компани нь нүүрс юм уу зэсийг БНХАУ руу экспортлоод эдийн засгийг том юм шиг харагдуулаад байгаа юм. Зэс, нүүрс, алтыг эдийн засгаас хасаад үзвэл цаана нь үлдсэн дотоодын үйлдвэрлэл, зах зээл маш жижигхэн. Хамгийн их ажлын байр олгодог барилгын салбар өдрөөс өдөрт багасаж байна. Инфляцаас болоод худалдаа, үйлчилгээний салбарууд өсөөд байгаа юм шиг харагддаг. Жишээ нь, гэр хорооллын дэлгүүрийн орлогыг аваад үзвэл өссөн. Яагаад гэвэл барааны үнэ бараг гурав дахин өссөн шүү дээ. Гэтэл бодит байдал дээр тухайн дэлгүүрийг хэдэн ширхэг бараа зарсныг нь тооцоод үзвэл буурсан үзүүлэлттэй байгаа. Өөрөөр хэлбэл, манай төгрөгийн ханш сул байгаа учраас эдийн засгийн бодит байдлыг илэрхийлж чадахгүй байна. Бидэнд хуурмаг дохио өгөөд байгаа юм. Тиймээс урт хугацаандаа зах зээлийг чөлөөлөөд өрсөлдөөнийг сайн дэмжих хэрэгтэй. Өөр гарц байхгүй.

-Төрийн бодлогын хэмжээнд яах ёстой вэ?

-Төрийн бодлогын хэмжээнд манайх шиг дотоод, гадаад ханшаа хоёуланг нь хариуцдаг Төв банк дэлхий дээр байхгүй. Үүнийг монголд ойлгодог хүн бараг байхгүй юм. Хуульдаа Төвбанк төгрөгийн ханшийг тогтвортой хадгална гэсэн ганцхан үүрэгтэй. Аль ч улсын валютын ханш гадаад, дотоод гэсэн хоёр төрөлтэй. Дотоод ханш гэдэг бол худалдан авах чадвар, хэрэглээний үнийн индекс, инфляци. Харин доллар, юаньтай төгрөгийн гадаад ханш харьцдаг. Энэ хоёр бол тусдаа ханш. Манайх нэгтгээд хаячихсан. Гэтэл Хятадын Төв банк зөвхөн гадаад ханшаа хариуцдаг байх жишээтэй. Хялбаршуулсан байдлаар хэлбэл зөвхөн америк доллартой л ханшаа тодорхойлно гэсэн үг. Учир нь хөрөнгө оруулагч нарт энэ нь ашигтай. Дотоодын үнэ өсөөд байвал зах зээлээ чөлөөлчихнө. Тэгэхээр зах зээлийнхээ зарчмаар юмны үнэ өснө гэсэн үг. Үүнээс ашиг олох боломжтой учраас маш олон нийлүүлэгч орж ирээд эргээд бараа бүтээгдэхүүний үнэ буурдаг. Тиймээс манайх хамгийн түрүүнд ханшийн бодлогоо эрс шинэчлэх ёстой. Төвбанк дотоод ханшаа барьж байгаа бол гадаад ханшийг Засгийн газар барих ёстой. Хэрэв Засгийн газарт гадаад ханшийг хариуцуулбал нэг л арга бий. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах юм. Манайхан нэг буруу ойлголттой. Экспорт өсөөд байхад яагаад төгрөгийн ханш унаад байгаа юм бэ. Учир нь экспортын орлого орж ирээд л буцаад гараад явчихдаг. Нэгдүгээрт, бензин болдог. Хоёрт, үйлчилгээний импорт бий. Бид нүүрсээ хятадуудаар зөөлгөж, тогоо хүртэл Орос, Хятадаас авч байх жишээтэй. Гуравт, боловсрол ба эрүүл мэндийн зорилгоор гадагшаа аялдаг. Ингээд л орж ирсэн мөнгө гараад явчихдаг юм. Яаж гадны валютыг монголд тогтвортой шингээж, төгрөгийн ханшийг дэмжих вэ гэвэл шууд хөрөнгө оруулалт юм. Яагаад гэвэл гадныхан орж ирээд оффис худалдаж авна эсвэл түрээсэлнэ. Мөн хүмүүсийг цалинжуулна. Тэгэхээр энэ мөнгө монголд шингэж үлдэнэ гэсэн үг. Харин гадаадын хөрөнгө оруулалтыг Засгийн газар хариуцах ёстой. Гэтэл Засгийн газар иргэдэд таалагдахын тулд сонгууль дөхөөд ирэхээр гадны хөрөнгө оруулалтыг хөөж гаргаад байдаг. Ийм Засгийн газар монголын эдийн засгийг хорлоод байгаа юм. Гэтэл бусад улс орон хөрөнгө оруулалтын төлөө зүтгэж байна.Трамп яагаад өндөр тариф тавиад байгаа юм. Америкт хөрөнгө оруулалт хийвэл татварын хөнгөлөлт үзүүлнэ. Энэ нь “манайд хөрөнгө оруулаад ажлын байр бий болгоод өг” гэсэн үг. Харин Америкийн гадна үйлдвэрлээд, оруулж ирвэл өндөр татвар төлнө. Гэтэл дэлхий дээр манай Засгийн газар л гадаадын хөрөнгө оруулалтыг хөөж байна шүү дээ. Энэ нь төгрөгийн ханш сул байгаагийн хамгийн том шалтгаан. Тиймээс Засгийн газарт төгрөгийн гадаад ханшийг хуулиар хариуцуулах ёстой. Эхэндээ бол жаахан хүнд байна. Харин 3-5 жилийн дараа гэхдээ жигдрээд ирнэ.

Эх сурвалж: А.ДАВААДУЛАМ DNN.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Аргаа барахдаа аавыгаа барьж өгөв19 минут 32 секундын өмнөНӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 27-ноос олгоно26 минут 10 секундын өмнөАюулт үзэгдэл, ослын 158 удаагийн дуудлага бүртгэгджээ1 цаг 38 минутын өмнөТөв талбайд "Эрүүл мэндийн дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг" болно1 цаг 42 минутын өмнөУИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган: Хэлэлцэх асуудал, тов, дараалал 2026.04.20-04.242 цаг 38 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь2 цаг 42 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан2 цаг 44 минутын өмнө"UB food festival” олон улсын хоолны өдөрлөгт 30 аж ахуйн нэгж 18 үндэстний хоол, зуушаар үйлчилж байна4 сар 18. 14:14Дүүжин замын тээврийн барилгын ажил 70 орчим хувьтай байна4 сар 18. 9:12“Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө4 сар 18. 9:07Ерөнхий Сайд Н.Учрал: Өвөлдөө өнөөдрөөс бэлдье4 сар 18. 8:42“Auto service - Open day” арга хэмжээ ирэх сарын 8-10-ны өдрүүдэд болно4 сар 17. 18:05Төрийн ордонд 937 иргэн зочилж, УИХ-ын үйл ажиллагаатай танилцлаа4 сар 17. 18:03“Төрийн албан хаагчийн орчин үеийн чадамжийг хөгжүүлэх” 40 цагийн сургалтыг зохион байгуулж байна4 сар 17. 17:44Хүнсний улаанбуудай, хүнсний ногооны урамшуулалд хэрхэн хамрагдах вэ?4 сар 17. 17:41Барилгын гадна фасад, гэрлэн дохиог тусгай төхөөрөмж ашиглан угааж байна4 сар 17. 17:36Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт тус бүр 2 жилийн хорих ял оноолоо4 сар 17. 17:34Зөвшөөрөл олгох мэдээлэл, арга зүйгээр хангах сургалтыг зохион байгууллаа4 сар 17. 17:27Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч төрийн захиргааны албан хаагч байж болно4 сар 17. 17:24"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ4 сар 17. 16:47“Төрийн албан хаагчийн орчин үеийн чадамжийг хөгжүүлэх” 40 цагийн сургалтыг зохион байгуулж байна4 сар 17. 16:47Цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна4 сар 17. 16:44“Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө4 сар 17. 13:51УИХ-ын дарга С.Бямбацогт УИХ-ын Тамгын газрын ажилтнууд, албан хаагчидтай уулзлаа4 сар 17. 13:47721 хүнийг нас барснаас хойш 2,6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгогдсоныг илрүүлжээ4 сар 17. 13:43Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Казахстан улсад төрийн айлчлал хийнэ4 сар 17. 12:59“Эрдэнэс Алт Ресурс” ХХК 2025 онд уулын ажлын төлөвлөгөөгөө давуулан биелүүлж 33 хувийн ашигтай ажиллалаа4 сар 17. 11:12640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна4 сар 17. 11:10"Төрийн болон орон нутгийн өмчийг ашиглуулах, шилжүүлэх зохицуулалт ба Өмч хувьчлал" сэдэвт хуулийн төслийн хэлэлцүүлэгт урьж байна4 сар 17. 11:08Хаврын тариалалтад 46 мянган тонн улаанбуудайн үр нөөцөлжээ4 сар 17. 11:05
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.