Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт нар 2025 оны наймдугаар сарын 19-нд “Эрдэнэс Монгол” нэгдэл болон бүрэлдэхүүн компаниудын удирдлагуудтай уулзаж Ерөнхий сайдын албан даалгавраар хугацаатай өгсөн үүрэг даалгаврын биелэлттэй танилцлаа.
Энэ үеэр “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нэгдлийн өөрчлөлт шинэчлэл, өнөөгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон орлого, үр ашгийг нэмэгдүүлэх, зардал, хөрөнгө оруулалтыг бууруулах төлөвлөгөөгөө танилцууллаа.
"Эрдэнэс Монгол” нэгдэл борлуулалтын орлогоо нэмэгдүүлэх, зардлаа бууруулж, хөрөнгө оруулалтыг хойшлуулах арга хэмжээнүүдийг үе шаттай хэрэгжүүлснээр Монгол Улсын нэгдсэн төсөвт 4.6 их наяд төгрөгийн бодитой дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байна. Мөн ажил үүргийн давхардлыг бууруулах, ажлын ачааллыг нягтруулах, захиргааны ажилтнуудын орон тоог багасгах замаар нэгдлийн бүтэц, орон тоонд тодорхой өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Түүнчлэн, “Эрдэнэт үйлдвэр” 208 тэрбум, бусад компани нийт 95 тэрбум төгрөгөөр борлуулалтын орлогоо давуулан биелүүлэхийг зорьж байна.
“Шивээ-Овоо”, “Багануур” зэрэг компанийн борлуулалт 32 тэрбум төгрөгөөр буурсан. “Эрдэнэс Тавантолгой” 199, “Эрдэнэт үйлдвэр” 320, бусад компани 36 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг тус тус хойшлуулсан байна. Мөн “Эрдэнэс Тавантолгой” үйл ажиллагааны зардлаа 1,3 их наяд, бусад компани 45 тэрбум төгрөгөөр хэмнэх тооцоо гаргажээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Монгол” нэгдэл ирэх жилд экспортын хэмжээ, улсын төсөвт оруулах татвар, хураамжаа нэмэгдүүлж Үндэсний баялгийн санг арвижуулах учиртай төдийгүй нэгдлийн хэмжээнд боловсруулах үйлдвэр болон худалдан авах ажиллагааны нэгдсэн төлөвлөлт, удирдлагатай байхыг онцоллоо.
Сэтгэгдэл бичих