АН 2027 он угтсан улс төр: Л.Гантөмөр, Б.Пүрэвдорж, Ж.Баярмаа нар Ерөнхийлөгчийн сонгуулийн марафоноос хасагдлаа


9-р сарын 1
16 цаг 59 минут

       Х.Баттулгагүй, С.Баярцогттой АН хуралдаж, О.Цогтгэрэлийг намын даргаар сонгов. Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу үндсэн дүрмээ шинэчлэв. “Эв нэгдэл” гэх их хөөсрөл дунд шинэ даргатай болсон тус нам ирэх арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө ҮБХ-ныхоо бүрэлдэхүүнийг шинэчлэх учиртай. АН-д хүчний хуваарилалт өөрчлөгдөж, дахин задарна гэсэн үг. АН-ын ҮБХ 363 гишүүнтэй. Нам доторхи фракциудын аль нь хүчтэйг ҮБХ-д эзэлсэн суудлаар нь хэмждэг. Л.Гантөмөрөөс тамгаа гардаж авсан О.Цогтгэрэлийг Х.Баттулгын МоАХ, С.Эрдэнийн “Шонхор” фракцийн хүч, нөлөө саринасан АН алга ташилт, тэврэлт, үнсэлттэй угтаж авлаа. Монголын улс төр дэх хамгийн том олигархиудын нэг Х.Баттулгын фракциас Ө.Шижир “200 сая төгрөгийн дэнчин өгч чадахгүй” хэмээн шалтаг зааж, сунгаанаас хасагдсан. Харин О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж, Ж.Баярмаа, Б.Отгонбат нар дэнчингийн 200 сая төгрөгөө намдаа тушааж, АН-ын даргын сунгаанд өрсөлдсөн юм. “ТЭСО” корпорациар овоглодог О.Цогтгэрэл 200 сая төгрөг дээр хотойхгүй бэл бэнчинтэй. Б.Пүрэвдорж, Ж.Баярмаа, Б.Отгонбат нарын тухайд, энэ мөнгийг ямар эх үүсвэрээс гаргаж өгснөө тайлагнаагүй. Монголын улс төрийн хоёр дахь том намын даргын суудлыг хяналтдаа оруулах гэсэн бүлэглэлүүд АТМ нь болов уу. 200 саяын дэнчингийн ард авлига нуугдав уу гэдэг ч бас асуулт.

О.Цогтгэрэл АН-ын даргад нэр дэвшигчдийн мэтгэлцээний үеэр “Манай нам өнгөрсөн хугацаанд систем бүтээж чадаагүй. Олон лидер төрүүлсэн. Гэхдээ толгодын оройгоос тулаанд манлайлах жанжин байхгүй. Харин би систем бүтээсэн. Ялж үзээгүй тойрогт АН-ыг ялуулсан” гэж хэлсэн. Хорин таван жилийн түүхэндээ ганцхан удаа буюу 2012 оны сонгуульд ялж байсан намынхан болон олон нийтийн өмнө тэрбээр “Дараалсан, давхар ялалтуудыг авчрах болно” хэмээн ам гарлаа. Дараалсан ялалт гэдгээ “УИХ-ын 2028, 2032 оны сонгууль” гэж тодотгосон бол Ерөнхийлөгчийн болон орон нутгийн сонгуулийг “Давхар” гэж онцолсон. Л.Оюун-Эрдэнийн байгуулсан хамтарсан Засгийн газраас МАН-ын Бага хурлын шийдвэрээр хөөгдсөн АН-ынхан ийнхүү 2027, 2028 оны сонгууль угтсан улс төрөө эхэллээ. Түүнээс өмнө ҮБХ-оо шинэчилж, фракциудын хүчний харьцаа өөрчлөгдөнө. Х.Баттулгын МоАХ, С.Эрдэнийн “Шонхор” фракци тарсан энэ үед О.Цогтгэрэлийг тойрсон фракциудын нэгдэл хүчтэй байгаа.

   АН УИХ-ын 2028 оны сонгуульд ялбал намын дарга О.Цогтгэрэл Ерөнхий сайд болно. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд тус намаас хэн нэр дэвших вэ... Энэ асуултын хариултын төлөөх улс төр яг одоо АН төдийгүй МАН-д ч өрнөж эхэлсэн. Өнгөрсөн өдрүүдэд болсон АН-ын ҮБХ, их хурал нь 2027 он угтсан үйл явдал байсан гэдгийг намын гишүүд нь ч хүлээн зөвшөөрч байна. Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд нэр дэвших боломжтой кандидатуудын нэрс дунд УИХ-ын гишүүн Л.Гантөмөр, Б.Пүрэвдорж, Ж.Баярмаа нар багтсан байв. Гэвч Л.Гантөмөрийн хувьд, наанаа аядуу зөөлөн, эв нэгдэлтэй мэт харагдсан ч “Намын даргаа өгөхгүй бол нанчилдана шүү. Гэрийн чинь гадаа очиж жагсана шүү” гэх нударга зангидалт дор АН-ын даргын тамгаа О.Цогтгэрэлд гардууллаа. Намын даргын албан тушаалаас буухынхаа өмнөхөн тэрбээр “АН-ын рейтинг МАН-ынхаас өндөр байгаа” гэж хээвнэг худлаа ярьж зогссон. Судалгааны багийнханд төлбөр төлөөд “Рейтингийн судалгаа” нэртэй гоё постер харуулж болох ч бодит байдал дээр “УИХ-ын 2024 оны сонгуульд намаа ялуулахын төлөө ажиллаагүй. Л.Оюун-Эрдэнэтэй хуйвалдаж намаа зарсан. Сайдын суудалд шунаж, МАН-ын хатавчинд суусан” хэмээн хүний, өөрийн намынхан Л.Гантөмөрийн алдааг тоолж суугаа. Тиймээс Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд нэр дэвших магадлалтай кандидатуудын тооноос Л.Гантөмөр хамгийн түрүүнд хасагдав. Түүний араас УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж АН-ын дарга болох гэсэн амбицаасаа болж бүдэрлээ. АН-ын даргын сонгуульд О.Цогтгэрэл ҮБХ-ны 314 гишүүнээс 196-ийнх нь саналыг авсан бол Б.Пүрэвдорж 82 санал авч ялагдсан. Харин Ж.Баярмаа...

УИХ-ын гишүүн Ж.Баярмааг АН-ын даргын сунгаанд С.Баярцогт, Б.Хурц нар дэмжсэн. Гэвч яах гэж! Ж.Баярмаагаар бамбай хийсэн энэхүү акцийнх нь цаана хэний ямар ашиг сонирхол байв гэдэг нь хачин. Ж.Баярмаагийн хувьд, УИХ-д анх удаа сонгогдсон. Цаас их нухдаг, тоо баримт дээр ач холбогдол өгөхийн сацуу сошиалд зориулсан тоглолт хийдэг нь харагддаг. Ерөөс манай яруу алдарт намчдын дунд сошиалаас оноо авах уралдаан өрнөдөг болчихсон цаг. Сошиалд шоглуулж, балбуулсныхаа эцэст гаргасан шийдвэрээ өөрчилдөг төр засагтай... Харин Ж.Баярмааг “Монголын Маргарет Тэтчер” хэмээн хөөргөсөн сошиал хийрхэл, олон дагагчтай магтан дуулагчдын улайрал, тэднийг даган баясагчдын худал зусардал ёстой л “Нис, нис” гэсээр байгаад унагалаа. АН-ын даргын сунгаанаас өмнө намынх нь хашир туршлагатай улстөрчид “Намын даргад битгий нэр дэвш. Улс төр, нийгэмд танигдаж буй энэ имижээ хадгалж чадвал 2027 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломж чамд байна. Магадгүй, Монгол Улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч болох ч юм билүү” гэж зөвлөсөн ч Ж.Баярмаа өөрийг нь хүрээлсэн хиймэл тойрогт автаж ялагдал хүлээлээ. “АН-аас 2027 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай” гэж улс төрийн хүрээнд фокус тааруулаад байсан Ж.Баярмаа ийнхүү жагсаалаас хасагдав. Өнгөн дээрээ өргөнөөр дэмжсэн нэртэй ч бодит байдал дээр түүнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн марафоноос дэгээдээд унагачихаж байгаа хэрэг. Энэ чухам хэний, аль бүлэглэлийн ашиг сонирхол бол... Улстөрчийн хувьд, ялагдал л бол ялагдал юм.  

С.Тулга

             

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

ШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 цаг болгон өөрчиллөө4 цаг 56 минутын өмнө"Хүний эрхэд суурилсан хандлагаар төсвөө боловсруулцгаая" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж байна5 цаг 46 минутын өмнөХХААХҮЯ: Буруутай этгээдээр мал устгалын нөхөн төлбөрийг гаргуулж, иргэдийн хохирлыг барагдуулах хууль зүйн үндэслэлтэй5 цаг 51 минутын өмнөАвлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ6 цагийн өмнөШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээ6 цаг 4 минутын өмнөХилийн боомтуудын 10 дугаар сард ажиллах цагийн хуваарь6 цаг 36 минутын өмнөХөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ9 цаг 26 минутын өмнөАлба хаагчид утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргажээ9 цаг 29 минутын өмнөГаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв10 сар 5. 10:18“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжилж байна10 сар 5. 10:15П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо10 сар 5. 9:58Олон улсын хөлбөмбөгийн холбоотой нягт хамтран ажиллана10 сар 5. 9:51Хөрс хөлдөх хугацааны урьдчилсан мэдээ10 сар 5. 9:48“Алтан намар-Мод тарих улирал” арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын албан хаагчид нэгдлээ10 сар 5. 9:40Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав10 сар 5. 9:36Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан10 сар 5. 9:00“Хатан мээж хайрхан” компани “Хүнсний хувьсгал”-ын дүнд хүчин чадлаа өргөтгөжээ10 сар 4. 12:13Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Булган аймгийн иргэдтэй уулзлаа10 сар 3. 14:10“Эрдэнэт хивс” ХХК дотоодын зах зээлийн 88 хувийг хангаж байна10 сар 3. 13:40Хүний эрхийн дэд хороо "Өсвөр насны хүнтэй холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шинэчлэл: Хуулиас хэрэгжилт рүү" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа10 сар 3. 13:40Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав10 сар 3. 13:37Зэвсэгт хүчний 186 дугаар анги 1.3 сая мод тарьж, ургуулжээ10 сар 3. 13:35“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 56 жил тогтвортой ажиллах нөөцөө баталгаажуулжээ10 сар 3. 13:32Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын 81, 129 дүгээр конвенц соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг баталж, Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ10 сар 3. 13:29Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамт олонд талархал илэрхийлэв10 сар 3. 13:23Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ10 сар 2. 13:04Нийслэлийн 13 байршилд гал түймрийн аюулыг эрт илрүүлэх өндрийн камер байршуулжээ10 сар 2. 12:59Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа10 сар 2. 12:44Г.Уянга: Найруулагч Б.Баатарыг тагнуулынхан гэрийнх нь гаднаас авч явжээ10 сар 2. 12:35Найруулагч Б.Баатарын шүүх хурлыг өнөөдөр 13:30 цагт товложээ10 сар 2. 11:33
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.