Эр зоригийн дууль Монгол Улсын баатар Дашийн Данзанваанчиг


9-р сарын 3
12 цаг 33 минут

         Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ой энэ онд тохиож байна. Сайншандын төвд байрлаж байсан 7 дугаар хуягт бригадын нэгдүгээр батальоны миномёт салаанд хуваарилагдан 50 мм миномёт бууны туслахаар суралцаж улмаар Жанчхүүгийн даваа хүртэл тулалдаж, гавьяа  байгуулж байсан нэгэн дайчин бол Дорнын говь нутгаас төрсөн Монгол Улсын баатар Дашийн Данзанваанчиг юм. Түүний тухай нийтлэлийг хүргэж байна.

Тулалдаанд зөвхөн шонхрууд л ялдаг. Харин шонхрууд гэж хэнийг хэлдэг вэ?

Алаг морьт баатар Дандар, агаарын зоригт баатар Дэмбэрэл, Японы ар талд нэвтэрч их бууны яндан дуранг амьд хэлтэй нь олзолсон баатар Олзвой, Байтагбогдын Осваны 500 гаруй дайсны бүслэлтийг сэт цохиход нөхдийн хамт гарамгай гавьяа байгуулсан баатар Нэхийт, хилчин баатар Лхагвадорж, Даваадорж  гээд зоригтнуудын уртаас урт дараалал хөвөрч, шонхруудын үйл хэрэг үдшийн тэнгэрт гялалзсан од мэт мөнхөд бадарна.

Ийм нэгэн тэнхээт далавчтай хүчирхэг шонхор Дорноговийн хэтийн цэнхэр чулууд дундаас цойлон ниссэн юм. Данзанваанчигийн миномётийн галыг устгахын тулд дайсан улайран хамаг сумаа хайр найргүй цацаж байсан боловч үнэн хэргийн төлөө мохошгүй зориг, өндөр ухамсраар жигүүрлэсэн манай дайчдын сөрөг давшилтыг саатуулан барьж дийлсэнгүй... дурдатгал ийн хөвөрнө.

Энэ тулалдаанд Данзанваанчигийн ууц, баруун гар нь тус бүр хоёр удаа, зүүн хөл нь нэг удаа шархдаж хөдлөх аргагүй болсон хэдий ч шархаа боож биеийг нь тэнхрүүлж байсан өөрийн туслах Цэрэндоржид “Чи намайг сахисны хэрэггүй, нөхөдтэйгөө түргэн явж асгаруулсан цусны минь өшөөг ав, миномётоо аваад зөвхөн урагшаа давш” гэж нөхрийг зоригжуулж байлаа.

Дайны талбарт шарх нь хүндрэн тэсэхэд бэрх болж үхэл амьдрал өрсөлдөж байсан тэр үед Данзанваанчиг эрс хатуу тэвчээртэй байж, өөрийг нь барихаар довтолсон дайсны галын цэг, амьд хүч олныг устган таван удаа хүнд шархадсан боловч тулалдааны замаас гаралгүй дайсны өөдөөс сөрөн довтлох үүргээ биелүүлжээ.

“Манай анги Жанчхүүгийн даваанд Чуулалт хаалган орох замыг хааж техникийн сүүлийн үеийн ололтыг ашиглаж барьсан бүхэл бүтэн барилга байгууламж бүхий районыг /35 км өргөн, 10 км гүн/ эзлэн авах байлдааны чухал үүргийг хүлээсэн юм” хэмээн өөрийн дурсамждаа даруу бичиж үлдээсэн түүхт баатрын тухай олон зохиолч, яруу найрагч утга найргийн алтан суварга үлдээсэн байна.

Улаан гал шүрших сумыг сөрөн зогсож Монгол орныхоо тусгаар тогтнол ирээдүйн сайн сайхны төлөө баатарлаг гавьяа байгуулсан чин зоригт шонхруудын нэг улсын баатар Дашийн Данзанваанчиг Дорноговь аймгийн Дэлгэрхэт сумын I багийн нутаг Эрдэнэцогт гэдэг газар 1918 онд Дашийн арав дахь хүү болон  мэндэлжээ.

Эцэг эхийн гар дээр бага насаа өнгөрөөж улмаар Ширийн чулуу гэдэг газар шавилан суусан боловч лам болох сонирхолгүй тул гэртээ харихын мөрөөс болсоор цагаан сараар харьж хийдэд дахин очоогүй гэдэг.

Арванхоёр настайдаа тухайн үеийн тэнхимд сууж суралцсан бөгөөд ардын цэргийн алба хаах хүртлээ ах эгч нарынхаа хамт гэрийн ажилд туслах, мал маллах ан гөрөө хийх, аян жин тээх зэргээр малч уламжлалаар хүмүүжсэн байна.

Цэрэгт мордохынхоо өмнө малч, хөдөлмөрч, нямбай гэж шагшигдсан нутгийн бүсгүй Бортоогийн Цэгмидтэй ханилан суужээ.1939 онд 21 настайдаа нас бие тэнцэн цэргийн албнд татагдаж Улаанбаатар хотноо Цэргийн их бууны төв складад жагсаалын цэрэг болов.

1941 онд хүнд өвчний улмаас чөлөөлөгдөж орон нутагтаа буцаж очоод мал маллах, мал эмнэлгийн санитар хийх зэргээр  ажиллаж байгаад 1944 онд дахин эх орны дуудлагаар цэргийн албанд татагдан Сайншандын төвд байрлаж байсан 7 дугаар хуягт бригадын нэгдүгээр батальоны миномёт салаанд хуваарилагдан 50 мм миномёт бууны туслахаар суралцав.

Өөрт буй зэвсгээ онц сайн эзэмшсэн учир 1945 онд жинхэнэ наводчикоор ажиллаж 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон байна. Дайнд оролцож явахдаа  ангидаа аюул учруулж байсан 10 гаруй цэг тоотыг устгаж таван удаа хүнд шархадсан гэдэг.

Ингээд салаан даргаасаа ар тийш гарах үүрэг аваад хэвтэж байх үед мөлхөж ирсэн дайсныг өөрт байсан ганц зэвсэг болох нагаан буугаар устгажээ.

Дайны талбарт оногдсон үүргээ гарамгай сайн биелүүлсэн гавьяаг нь төр засаг өндрөөр үнэлж 1945 оны есдүгээр сарын 26-ны өдөр БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор БНМАУ-ын баатар цолоор шагнаж, баатрын алтан таван хошуу медаль хүртээв.

Мөн “Сүхбаатарын одон”, “Бид ялав”, он удаан жил ажилласан учир “Байлдааны медаль”, “Алтан гадас” одон болон бусад ойн медалиуд, Зөвлөлт засгийн газраас “Улаан тугийн одон”,  “Октябрийн хувьсгалын одон” болон ойн медалиар шагнуулсан.

1946 онд Батлан хамгаалах яамны Сайдын тушаалаар офицерийн албанд дэвшин Цэргийн дээд сургуулийн салааны дарга нарыг бэлтгэх нэг жилийн курст суралцан бичээчийн Салаан дарга, армийн Төв складын даргын алба хашиж байгаад 1954 онд орон тоогоор  халагдаж нутагтаа буцсан байна.

1952-1962 он хүртэл Дорноговь аймгийнхаа Номын сангийн эрхлэгчээр ажиллав. 1962 онд Офицеруудын ордны Номын сангийн  эрхлэгч, 1967 оноос Армийн Музейн фондын эрхлэгчээр ажиллаж байгаад 1972 онд тусгай тэтгэвэрт гарчээ.

Монгол Улсын баатар Д. Данзанваанчигийн хөшөө. Дорноговь, Сайншанд.

Тэрээр 1936 онд МХЗЭ-ийн гишүүн, 1945 онд МАХН-ын гишүүнээр элсчээ. Улсын IX, МАХН-ын XI, XIV, МХЗЭ-ийн XVI хуралд төлөөлөгчөөр сонгогдон оролцож байлаа. Энэ хугацаанд Ардын Их хурлын депутатаар таван удаа сонгогдож байжээ.1948 онд Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж Москва хотноо, 1968 онд Армийн төлөөлөгчдийн хамт Болгар Улсад, 1976 онд залуучуудын төлөөлөгчдийн хамт Волгоград хотноо тус тус айлчилжээ. Яруу найрагчид түүний цөөнгүй шүлэг зохиол бичсэн байдаг.

Нутгийн зохиолч, МУСГЗ, сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазар “Эр зоригийн дууль” шүлэгтээ:

Мэргэн вангийн хошуунаас

Цэргийн хүү мордлоо

Их хэтийнхнээр үдүүлж

Ээждээ үнсүүлж хөдөллөө

Дөчин таван оны салхи гасалсан хавар

Дөрөөн дээрээ сүүтэй дайны талбарт явлаа

Сөөм газрынхаа цоорхойг амиараа нөхье гэж мордлоо

Сөгдөж мөргөх эх орноо

Атаатнаас өмөөрч хөдөллөө

Дайны галын өөдөөс

Данзанваанчиг явсан юм

Дархан монгол орноо

Зүрхэндээ хайрлаж зорьсон юм...”

хэмээн найргийн шад урласан байдаг. Харин Сайншанд хотод ажиллаж байсан Зөвлөлтийн цэргийн хурандаа Украины Зохиолчдын эвлэлийн гишүүн,  Иван Шкварко Монгол Улсын баатар Д.Данзанваанчигийн гавьяа зүтгэлийн тухай “Үнэнч үйлс” хэмээх найраглалдаа ийн бичиж байв.

“... Монгол хүн бүрийн хувьд

Мохошгүй баатрын туг байсан

Хатуужиж гагнагдсан нөхөрлөлөөрөө

Квантуны армитай байлдан дийлж

Хавтай ялалтын тугаа мандуулсан юм

Идэр залуу Монгол Зөвлөлтийн дайчид

Ид хаваа дайны галд үзүүлсэн юм

Даамай үнэнч баатар эрсийн дунд

Данзанваанчиг байсан юм...” хэмээн найраг шүлэгт мөнхөлжээ.

Түүний тухай төрсөн эгч Тэрбиш нэгэн зохиолч абугайд хуучлахдаа “Бид эхээс арван зургуулаа. Манай Данзан малд нүдтэй, дуу цөөтэй даруухан хүү байсан. Зун амралтаараа манайд ирж морь унаад хонинд явдаг, хүнтэй эвтэй харилцдаг хүү байж билээ.

Хээ шаагүй жирийн чанар нь хүртэл үйл хөдлөлөөс нь андашгүй мэдрэгдэнэ. Намайг хонь малаа саагаад дуусахад сүүг минь зөөгөөд алхчихна. Дүү маань хорь нэлээд гарч цэрэгт татагдсан. Эх орныхоо тусаар тогтнол, аюулгүй байдлын төлөө тулалдаж яваад л баатар болсон.

Төрийн минь сүлд түүнийг тэтгэсэн хэрэг дээ. Бидний багын амьдрал хүнд бэрхийг туулсан тийм л амьдрал байсан. Энэ амьдрал маань ч дүүд нөлөөлсөн болов уу хэмээн дурсамждаа өгүүлжээ.

Адуунд эрэмгий, зорьсондоо хүрэхээр зүтгэвэл заавал ард нь гарч байж санаа нь амардаг, морь уургалж байгаад хуйв нь тасрахад хүчиндээ унаад жолоо цулбуураа тавилгүй эргэж мориндоо мордож байсан хүн дээ. Бид бага залуудаа жинд явдаг байлаа.

Нэг удаа тэнгийн тал даахгүй "Хамсаа" хүнтэй явж байж. Нөгөө нөхрөө дөрвөн хөллүүлж ачаагаа тавиад өөрөө нөгөө талд нь гарч тэнгээ өргөн хооронд нь холбон морддог байсан гэж ярьцгаадаг.

Үүнээс харахад түүнд бяр чадал, зориг, авхаалж самбаа дүүрэн байжээ хэмээн баатрын ах Гэлэгням олон жилийн тэртээ өгүүлж байж. Гарваа заан гэгдэх Бадамгарав гэгч нутгийн буурал түүний тухай дурсахдаа “Би Дотоод явдлын яаманд ажиллаж байгаад орон нутаг руугаа буцах болж бэлтгэлээ базааж байтал Данзантайгаа таарлаа.

Хуучирсан цэрэг хувцастай түүний царай ихэд шаналгаатай байсан атал өөрийнхөө зовиурыг сэтгэлээрээ дарж чадаж байгаа нь биширмээр... Би түүнийг бүрэн ойлгож байлаа. Бас баатар болсон сониныг нь мэдэж байсан үе.

Өрөөсөн гар нь мэдээ байхгүй, ханчир сул, хоёр бөөрөндөө шархтай, шарх нь аниагүй, хөлийн булчин нь сэтлүүлчихсэн, шархыг нь харахад дотор арзасхийгээд хажуугаар нь гараад явчихмаар өрөвдөлтэй харагдсансан.

Данзан маань хэлэхдээ “Миний шарх юу ч биш ээ. Тулалдааны талбарт арьс нь өм унаад, уушги зүрх нь харагдаж байгаа хүн ч байсан, гар хөлгүй болсон хүн ч байлаа” гэдэгсэн. Аргагүй зоригтой  эр гэдэг нь мэдэгдэж байсан даа.

Түүний суран бүсийг сэтэлсэн нэг нүх, цоолсон нэг нүх л харагдаж байлаа. Араас нь буудсан хэрэг л дээ. Их бууны суманд өртөн өрөөсөн гараа шархдуулсан аж. “Шархтай хэвтэж байлаа. Би ч яахав хөөрхий ээж минь хэцүү дээ гэж бодож билээ” хэмээн хуучилдагсан.

Галын шуурга, суман дунд  даргаас өгсөн үүрэг даалгаврыг үг дуугүй биелүүлж, тэр цэгийг устга гэсэн тушаалыг ёсоор нь устгадаг байлаа гэж ярина. Бид Дорноговь руугаа явцгаах боллоо.

Ачааны тэрэгний тэвш дээр эхнэр бид хоёр сууж, Данзангаа бүхээгт суулгав. Зуур хоноод л Сайншандад ирлээ. Ирсний маргааш шөнө нь манайд гадны хүн ирээд “Данзанваанчиг байна уу” гэж асуув.

Тэгээд л Данзанваанчиг маань буцаад хот орсон. Улсын баатартай ингэж уулзаж учирч явсан юм хэмээн дурсамжийн хадаг үлдээжээ. Тосоод ирэх он жилүүд хязгааргүй. Монгол Улсын баатар Дашийн Данзанваанчигийн байгуулсан гавьяа он цагийн уртад гэрэлтсээр байгаа.

Тэр  бүрт  баатарлаг үйлсийг нь хойч үе мөнхжүүлэн зуун зуун жил бахархан дуурайж, эрхэмлэн хүндлэх учиртай. Түүний хөшөөг Дорноговь аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойгоор Сайншанд хотын ар дэнж дээр сүндэрлүүлсэн юм.

Түүхт баатрын хөшөөг барималч Б.Мөнхтөр, С.Оюунтуяа нар урлажээ. Түүний хүү Монголын эстрадын амьд домог, ОХУ-ын Буриадын урлагийн гавьяат зүтгэлтэн, СУИС-ийн хүндэт профессор, Олон улсын дуучдын шүүгч, Ардын жүжигчин Ухнаа билээ.  Их хүний үйл хэрэг мөнхөд гэрэлтэх бөлгөө.

Эх сурвалж: Х.Эрдэнэбулган


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Нэр бүхий албан тушаалтанд хахууль өгсөн иргэдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв1 цаг 53 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн хүч эрх мэдэлд бус, ард түмнийхээ итгэлд оршдог1 цаг 57 минутын өмнөУИХ-ын дарга С.Бямбацогтын “Их Засаг ба Хууль засаглахуй” эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлсэн үг2 цаг 1 минутын өмнөТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээ2 цаг 13 минутын өмнөАТГ: Туулын хурдны замын төсөл дээр Х.Нямбаатараас гадна таван хүнийг яллагдагчаар татсан4 цаг 41 минутын өмнөЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно4 цаг 48 минутын өмнөДэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурлаа5 цаг 48 минутын өмнөГЕГ: 2026 оны эхний 10 сард 756.4 мян.тн автобензин импортолсон нь өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар өсчээ5 цаг 51 минутын өмнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ5 цаг 56 минутын өмнөДэлхийн хамгийн хуурай цөл цэцэгсээр хучигджээ6 цаг 46 минутын өмнөАТГ: Тэнэмэл болон архины хамааралтай иргэдийн нэр дээр мөнгө угаадаг сүлжээг илрүүлж прокурорт хүргүүлэв6 цаг 50 минутын өмнөХууль бусаар олсон хөрөнгийг хураахыг шаардсан нийтийн өргөдөлд 100 мянга гаруй иргэн гарын үсэг зуржээ8 цаг 44 минутын өмнөМонгол Улсын хэлэлцээний баг COP31-ийн бэлтгэл хуралдаанд оролцлоо8 цаг 51 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав9 цаг 32 минутын өмнө“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно9 цаг 38 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан9 цаг 55 минутын өмнөУИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо11 сар 8. 9:01Улсын Их Хурал энэ долоо хоногт: 2026.11.02-11.0611 сар 8. 8:47“Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв11 сар 7. 10:47“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ11 сар 7. 9:57Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа11 сар 7. 9:54Баянгол дүүрэг сүүлийн таван жилд 915 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийжээ11 сар 6. 17:51Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ11 сар 6. 17:44Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ11 сар 6. 14:49Улаанбаатар хотод олимпын эрхийн оноо олгох тэмцээн болно11 сар 6. 13:43Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв11 сар 6. 13:39Монголын даамчид өсвөр, залуучуудын ДАШТ-д багаараа таван жил дараалан түрүүллээ11 сар 6. 10:55“Мимо агро парк”-ийн тэжээлийн үйлдвэр 8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна11 сар 6. 10:47УИХ: Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүдийн цалинг нэмэх тогтоолыг баталлаа11 сар 6. 10:44Нөмрөгийн дархан цаазат газрыг нөхөн сэргээх чиглэлээр БНХАУ-тай хамтран ажиллана11 сар 6. 10:16
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.