УИХ Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас огцруулсны дараа экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр түүнтэй холбоотой ноцтой зүйлийг ярьсан нь өдгөө олон нийтийн анхаарлыг татаад байна. Тэрбээр “Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед ямар муухай шийдвэр гарсан бэ гэвэл, хоорондоо 25 км-ээр зөрсөн төмөр зам барьсан. Энэхүү төмөр замыг 16 жилийн туршид 320 сая тонн сайн чанарын нүүрсээр төлбөр хийж босгох гэж байна. Нэг тонныг нь 79 ам.доллараар тооцвол 24 тэрбум ам.доллар. Нэг ёсондоо, 24 тэрбум ам.доллараар 25 км төмөр зам тавих гэж байгаа юм байна. Энэ бол луйвар, маш сэжигтэй. Газар дээр тавьж байгаа хамгийн сайн төмөр зам 10 сая ам.доллар. Уртаашаа 250 сая ам.доллар л болно. Гэтэл 24 тэрбум ам.доллараар 250 сая ам.долларын ажил хийж байна. Ухаахудаг, Оюутолгойтой бараг адилхан луйвар хийчихлээ. Тэгвэл 24 тэрбум ам.долларыг хэн авах гээд байгаа юм. Хятадын компани лав биш байх. Хятадын компанийн нэрийг л ашиглаж байгаа байх. Хэн энэ 24 тэрбум ам.доллар дотор ашиг сонирхлоо шургуулчихав аа. Судлах хэрэгтэй” гэж сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа дурдсан юм. Харин Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан энэ талаар “Н.Энхбаяр “24 тэрбум ам.доллар болно” гээд буруу ойлголттой юм ярьж байна лээ. Дэлхийн зах зээл дээрх тухайн үеийн ханшаар л нүүрсээ борлуулна. Түүнээс биш 25 км төмөр замыг 24 тэрбум ам.доллараар барина гэж дэлхий ертөнцөд байхгүй. Хуралдаанаар баталсан гэрээнүүд бүгд ил байгаа. Нуугаад байх юм байхгүй. Хамтарсан Засгийн газрын үед бүх гэрээг хийчихсэн” гэв. Л.Оюун-Эрдэнэ огцорсон ч Г.Занданшатарын Засгийн газарт Зам, тээврийн сайдаар улиран ажиллаж буй Б.Дэлгэрсайхан Н.Энхбаярын ярьсныг ийнхүү үгүйсгэсэн бол экс Ерөнхийлөгч “Монгол Улсын Засгийн газар Хятадын сайдтай болсон байна” хэмээн эгдүүцэв.
Н.Энхбаяр Хархорум хотын зөвлөлийн даргаар БНСУ-д томилолтоор явж ирснийхээ дараа тв-9 телевизэд саяхан ярилцлага өгсөн. Тэрбээр “Би хүмүүсийн ярианаас ухаж 320 сая тонн гэдэг тоог гаргаж ирсэн. Харин Б.Дэлгэрсайхан өөрөө 245 сая тонн гээд хэлчихлээ. Бирж дээр нэг тонн нүүрсний үнэ хамгийн багадаа 75 ам.доллар. Тийм атал 50 ам.доллараар зарж байна гэж ойлгосон. Нэг тонн нүүрснээс 20 ам.долларын алдагдал хүлээж байна. Тавантолгойнхныг, биржээр нүүрс зарах ажлыг хариуцаж буй хүмүүсийг оролцуулахгүйгээр Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд асан Ц.Туваан нар ийм юм хийсэн байгаа юм. Хятадуудыг хуурч, хулхидсан ажлыг хэн хийсэн юм бэ. Б.Дэлгэрсайхан уу, Ц.Туваан уу, эсвэл өөр албан тушаалтан уу. Ямар ч байсан тэр нууц гэрээнд нь хуурч мэхэлсэн нь байгаа юм байна. Тэгээд нууцалсан юм байна. Б.Дэлгэрсайхан сайдын ярилцлагыг хараад Хятадын Зам, тээврийн сайд яриад байгаа юм уу, Монгол Улсын Зам, тээврийн сайд яриад байна уу гэдгийг ойлгоогүй. “Монгол Улс хулхидсан нь үнэн шүү дээ” л гэнэ. “16 жил хулхидсан юм чинь бид одоо төлбөрийг нь нөхөж өгөх ёстой” л гэнэ. Тэгсэн мөртлөө нүүрсээ хямдруулж зарснаа тойруу замаар хэлчихлээ. Л.Оюун-Эрдэнэ МАНАН-ын Засгийн газар байгуулсан. МАНАН-ын үед ийм булхай, луйвар болдог. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд асан Ц.Туваан “Монголын тал ихээхэн хохирол амссан” гэж хэлсэн байна лээ. Монголын талын хохирлыг Хятадын талтай яагаад ярьж болдоггүй юм бэ. “Монголын сайд шиг ярьдаг хятад сайд Хятадын Засгийн газарт байдаг ч болоосой. “Монголын тал 18.5 тэрбум ам.доллар алдчихсан шүү дээ. Тэрхүү хохирлыг нь бид нөхөн тооцож монголчуудтай аятайхан гэрээ хийх ёстой шүү” гэж боддог хүн байгаасай. Б.Дэлгэрсайхан сайд Хятадын талыг өмгөөлж ярьж байгаатай адил Монголын талд дуугардаг сайд Хятадын Засгийн газарт байгаасай” гэж боддог. Б.Дэлгэрсайхан нарын байгуулсан гэрээгээр Монгол Улс урт хугацаанд ингэж бага багаар авах юм бол ердөө 13 тэрбум ам.доллар л авах юм. Түүгээр ч зогсохгүй таван тэрбум ам.доллар алдана” хэмээн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед хийсэн гэрээний талаар ноцтой мэдээллийг өглөө.
Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ УИХ 2025 оны улсын төсөв хэлэлцэж байхад Шанхай руу сайд, гишүүдийг дагуулан явж байсан. Түүнийхээ дараа буюу өнгөрсөн нэгдүгээр сард “Ц.Элбэгдоржийн сонирхол бол Тавантолгойг өөрөө авах. Энэ нууц биш. Засгийн газрын төлөөлөл бүхий хүмүүс буюу Хөхөөгийн Ганболд, Батцэнгэл, Энхтүвшин нар Хятадад 2013 онд очиж “Тавантолгойг өгье” гэдэг саналыг тавьсан. Протоколууд бүгд байгаа. “Хоёр улсын Засгийн газар, төрийн өмчит компаниуд яагаад шууд гэрээ хийж болохгүй юм бэ” гэхээр “Заавал ММС буюу тодорхой аж ахуйн нэгжүүдийг хувь эзэмшиж оруулна. Монголын аж ахуйн нэгжүүд 51 хувьд нь орно. Гэхдээ Тавантолгойн хувьд 0. Ингээд Хятадын талд 49 хувийг өгнө” гэдэг хэлцэл дээр 2013 онд гарын үсэг зурсан. Үүний дараа төмөр замыг яасан бэ гэхээр, 49:17:17:17 гэдэг хувиар буюу Тавантолгойн лицензийг дөрөв хуваах хэлцэл дээр гарын үсэг зурж, 2014 оны наймдугаар сарын 21-23-ны өдрүүдэд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж холбогдох байгууллагуудтай гарын үсэг зурсан. Энэ баримт бичгээ устгасан. Шанхайд Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян болон “Чайна энержи”-ийн удирдлагуудтай уулзахдаа би энэ баримт бичгийг сурагласан. Ингээд надад энэ баримт бичгийг өгсөн. Энэхүү баримт бичгийг би УИХ-ын гишүүдэд үзүүлсэн. Холбогдох байнгын хороодын дарга нарт өгсөн. Үнэнд гүйцэгдээд эсэргүүцэл байхгүйгээр сая УИХ-ын тогтоол батлагдсан” гэж сэтгүүлчдэд ярьж байв. Харинд одоо Л.Оюун-Эрдэнэ төмөр зам, нүүрсний гэрээний асуудалд ороогдож мэдэхээр боллоо. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр хамтарсан Засгийн газрын үеийн но-г дэлгэж, камерийн өмнө дахин дахин гарч ирж байгаа нь ч учиртай болов уу. Улс төрд учиргүй зүйл гэж үгүй. Н.Энхбаяраар Л.Оюун-Эрдэнийн булхайг дэлгүүлэх сонирхол бүхий бүлэглэлүүд ч бий. Л.Оюун-Эрдэнэ “Шударга 5”-ын нэг болж, дараахан нь Ерөнхий сайд болоод улс төрд олон дайсантай болсон. Тэгэхээр Л.Оюун-Эрдэнийн дайснуудын зүгээс Н.Энхбаярыг сумлаад байна уу гэсэн хардлага төрнө. Тиймээс “Н.Энхбаярын ярилцлагын мөрөөр Л.Оюун-Эрдэнэ, Б.Дэлгэрсайхан, Ц.Туваан нарыг АТГ шалгах уу” гэдэг асуулт гарч ирлээ. Тавантолгой, нүүрс, төмөр зам гэдэг үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын эсрэг улс төрийн гол зэвсэг байсаар ирсэн. Энэ удаад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Б.Дэлгэрсайхан, Ц.Туваан нарыг ороож эхэллээ.
С.Тулга
Сэтгэгдэл бичих