Монголын улстөрчид дунд reel бичлэгийг анх “мода”-нд оруулсан хүн бол Ерөнхий сайд Г.Занданшатар. Түүний араас Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ төрөлд хүч түрэн орж ирж, хар нүдний шилтэй, хар костюмтай яг л Жеймс Бондыг санагдуулам reel-үүдээр хурц харизмаа илтгэхийн зэрэгцээ “Дэлхийн улс төрийн тавцнаа Монголын Ерөнхийлөгч гарч ирсэн шүү” гэх мессэжийг өгдөг. ОХУ-ын Ерөнхийлөгч Путин одоогоос арав гаруй жилийн өмнө тайгад цээж нүцгэн буу агсаж, морь унаж, усанд сэлж, мотоциклиор давхиж буй гэрэл зургуудаа ил болгосон нь “Залуу, эрүүл, эрч хүчтэй, хүчирхэг Путин” гэх суртал ухуулгын далд утгыг агуулдаг байсны монгол хувилбар нь У.Хүрэлсүх болж байв. Харин одоо У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгч, Путин ОХУ-ын Ерөнхийлөгч... Тэд яах вэ, энэ Г.Занданшатар л.
Ерөнхий сайд Г.Занданшатар сая Владивостокт Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцоод ирсэн. ОХУ-ын Ерөнхийлөгч Путинд бараалхаж, түүнтэй оросоор ярилцав. Путинд дургүй зарим хүн үүнд нь эгдүүцэв. “МАН-ын дарга болох зөвшөөрлөө Путинээс авав уу” гэж хардав. Хийн хоолой тойрсон талцал сэдэрч буй энэ үед Ерөнхий сайд Г.Занданшатар “Сибирийн хүч-2” байгалийн хий нийлүүлэх хоолойг Монголын нутгаар дамжуулан тавих ажилд дэмжлэг үзүүлсэнд талархаж байна” гэж Путинд хэлсэн нь гал дээр тос нэмэхтэй адил болов. “Өнгөрсөн зун манай улсын газар тариалангийн бүс нутагт гантай байснаас ургацын хэмжээ төлөвлөсөн хэмжээнд хүрэхээргүй байна. Иймд 100-150 мянган тонн улаанбуудай хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх саналыг ОХУ-ын талд тавьж байна” гэсэн нь яг одоо сошиал улс төрийн гол сэдвүүдийн нэг болоод байна. Үе үе хоржоонтой жиргээ бичдэг Бат инженер “Махтай бол айлаас гурил гуйгаад хоол хийж идэх юмсан. Даанч давс байхгүй” гэдэг онигоо байдагсан. Монгол маань айлаас гурил гуйтлаа доройтжээ” гэсэн нь ҮГ мөн л дөө. Сайд, дарга нар өнгөрсөн зунжин 100 жил тэмдэглэж найрлаж, түрүү бөх, хурдан морин дээр бэл бэнчингээрээ уралдаж, юун намар, өвөл мэт байцгаасан. Харин одоо айлаас гурил, будаа гуйн бадар барьж явна. Өвөл айсуй. Удахгүй “Манайд ток цахилгаан өгөөч” гэж дахиад гуйна. Түрүү бөх, хурдан морины хөлсийг тэрбум, тэрбумаар нь байлж, хөрөнгө чинээгээрээ уралддаг олигархи улстөрчид харь орны улстөрчдөөс атга будаа, чимх давс гуйдаг нь арай л ичгэвтэр биш үү. Путин шоолж л байгаа даа. Монголын улстөрчид “Маленькая страна” байх тусам Путин, Ши Жиньпин зэрэг хүчирхэг удирдагчдын аманд орсон өнхрүүш л болно. “Өнхрүүш” гэдэг үлгэрийг мэднэ биз... Эрчим хүчний салбар бол Монголын стратегийн салбар. Энэ салбар өнөөдөр сайд Б.Чойжилсүрэнгийн гарт амь тавьж байна. Газар тариалангийн салбар мөн л стратегийн салбар. Бас БАНКРОТ!
“Эрдэнэтэд шинэ орд нээлээ”… Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2025.09.07) сошиал хуудаснаа ийм мэдээлэл постолжээ. “Эрдэнэт Овоо ордоос 10 хүрэхгүй километрт урьдчилсан тооцоогоор 357 сая тонн хүдрийн нөөцтэй, 1.1 сая тонн цэвэр зэсийн Оюут хэмээх ордыг нээлээ” гэсэн утгатай энэхүү мэдээлэлд Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн сошиал медиа баг unlike дарж “Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд байхад буюу одоогоос нэг жилийн өмнө Оюутын ордыг ашиглах төслийн нээлт болж байсан” гэцгээж байна. Үнэхээр ч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн фэйсбүүк пэйж хуудсаар 2024 оны есдүгээр сарын 10-нд Оюутын ордын далд нэвтрэлтийн төслийн ажлын нээлт болсон тухай мэдээлж байжээ. Ерөнхий сайд Г.Занданшатар энэ тухай мэдээгүй баймааргүй л юм. Эрдэнэтэд шинэ орд илрүүлсэн тухай мэдээг гүн улаан өнгийн фон бүхий Г.Занданшатарын зурагтай постер болгосон нь яг л Лениний зурагтай хувьсгалт реалист суртал ухуулгын зурагт хуудас шиг аж. “Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа Владивостокт Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон нь түүний хувьд цор ганц гадаад айлчлал нь” гэж хүмүүс муугаар дүгнэдэг. Харин Г.Занданшатар Ерөнхий сайд болсноосоо хойш хилийн чинадыг анх удаа зорьсон нь Владивосток. Энэ санаандгүй давхцал уу, аль эсвэл Г.Занданшатар, Х.Баттулга хоёр хоёулаа Путинд хайртай гэсэн үг үү. Владивостокт Путинтэй гар барьж, оросоор шивнэлдэж ирмэгцээ ленинизмийг санагалзсан уу яасан сошиалынхны бичдэгчлэн ленинист хэв маяг бүхий постер шахаад эхлэх чинь... Үүнийг нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дуурайхвий дээ. Цагтаа Путиний гэрэл зургуудын “Мастер копи” болж байсан хүн шүү дээ, манай Ерөнхийлөгч. Дарангуйлагчийнх нь дүрийг бүтээгээд дайн дэгдээчихгүй бол дүүрсэн хэрэг ч юм уу. У.Хүрэлсүх нэг хэсэг Путинийг дуурайж байсан бол Г.Занданшатар Ленинийг дуурайгаад эхлэв үү...
С.Тулга
Сэтгэгдэл бичих