Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн өдрүүдэд ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцож, дэлхийн II дайн дууссаны 80 жилийн ойг тохиолдуулан Бээжинд болсон цэргийн парадыг үзэж сонирхсон. Тэрбээр Тяньжинд Ши Жиньпин, Путин нартай байгалийн хийн хоолой дамжуулах төслийн талаар тохиролцсон бол Бээжинд Ши Жиньпин, Путин, Ким Жөн Ун нарын ард “Дөрөв дэх хүн” болон алхсан нь гэрэл зургийн дуранд өртсөн. Харин У.Хүрэлсүхийг Жанчхүүгийн даваан дээр монгол цэргүүдийн дурсгалыг хүндэтгэх ёслолд оролцох үед УИХ-ын дарга асан М.Энхболд, Ерөнхий сайд асан Сү.Батболд нар хамт зогсож, цэцэг өргөсөн нь МАН-ын даргын марафон эхэлсэн энэ үед анхаарал татах үйл явдал. Тэдний дунд генералууд эгнэн зогссоны дотор ТЕГ-ын дарга асан Б.Хурц байгаа нь бүр ч содон дүр зураг юм. Б.Хурцын хувьд, АН-ын ҮБХ-ны гишүүн. АН-ын даргын сунгаа саяхан болоход С.Баярцогт, Б.Хурц нар УИХ-ын гишүүн Ж.Баярмааг дэмжсэн гэдэг. Харин энэ удаад Б.Хурц Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ард зогссон нь улс төрийн хүрээнийхний анхаарлыг татаж байна. У.Хүрэлсүхийн хувьд, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй “Шударга 5” төв талбайд жагсаж, өрөөнийх нь хаалгыг нүдэж, өөртэй нь нүүр тулж байж УИХ-ын даргаас унагасан М.Энхболд, УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвших эрх өгөөгүй Сү.Батболд нартай Жанчхүүгийн даваан дээр ийнхүү улаан сарнайтай уулзсан нь “МАН дахь 60, 70, 90-ээд оныхны хүчийг нэгтгэж, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй 80-аад оныхныг байранд нь тавихаар шийдэв үү” гэмээр харагдана. Тэдний дунд, У.Хүрэлсүхийн ард Б.Хурц зогссон нь нэгийг хэлэх бус уу.
Д.Од
Сэтгэгдэл бичих