Мао үс засалт, өргөн өмдтэй Ким Жөн Ун 12 бие хамгаалагчтайгаа Бээжинд ирсэн үү


9-р сарын 8
14 цаг 58 минут

      Хорин таван сая хүн амтай БНАСАУ-ын төрийн эрхийг Ким-3 барьж байна. Өрнөдийн хэвлэлүүдийн таамагласанчлан 1983 юм уу 1984 онд төрсөн Ким Жөн Уны өвөө Ким Ир Сен тус улсыг 1948 онд үндэслэн байгуулж, 1994 оны долдугаар сарын 8-нд нас нөгчих хүртлээ улс орноо 46 жил удирдсан юм. Тэрээр төрийн эрх барьж байх үедээ улс үндэстнээ өөрийнхөө хүчинд тулгуурлаж хөгжүүлэх тухай чучхе онолыг боловсруулсан нь өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Харин Ким Ир Сений хүү Ким Чен Ир Хойд Солонгосыг харийн түрэмгийлэгчид, империалистуудаас зэр зэвсгийн хүчээр хамгаалж, эх орноо нэгтгэх Сонгунь номлолыг боловсруулсныг Ким Жөн Уны эрин үед ч мөрдөж байгаа. Ким-2 буюу Ким Чен Ир аавыгаа нас эцэслэсний дараа буюу 1994 онд төрийн эрх барих эрхийг уламжлан авч 2011 онд нас бартлаа үйл хэргийг нь 17 жил үргэлжлүүлсэн. Кимийн удмынхны гурав дахь удирдагч Ким Жөн Ун гэж хэн бэ. Швейцарьт боловсрол эзэмшсэн түүнийг аавынхаа орыг залгахад өрнөдийнхөн “Барууны боловсролтой учраас хүний эрхийн талаар арай өөр бодлого хэрэгжүүлж, улс орноо нээлттэй улс гүрэн болгох байх” гэж дүгнэж байсан. Гэвч өнгөрсөн хугацаанд Ким Жөн Ун өвөө, аавынхаа бий болгосон “Кимийнхний диктатур”-ыг хэвээр үргэлжлүүлж, Солонгосын хойг дахь цөмийн зэвсгийн асуудлыг улам хурцатгасан нь өрнөдийнхний найдварыг тасалсан гэхэд болно. Цөмийн туршилт хэдэнтээ хийж, олон улсын эдийн засгийн хоригт ороод буй БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун 1953 онд Солонгосын хойгт гал зогсоох түр гэрээ байгуулснаас хойш 65 жилийн дараа буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 27-нд Өмнөд Солонгосын нутагт хөл тавьсан. Энэхүү түүхэн үйл явдлыг хэвлэлүүдэд “Кимийн удмынхнаас Ким Жөн Ун Өмнөд Солонгост анх удаа хөл тавилаа” гэж онцолж байсан ч түүний дүү Ким Ё Жон “Пёнчан-2018” өвлийн олимпын үеэр эх орноо төлөөлж очиж байв. Өнгөрсөн долоо хоногт болсон Ялалтын парадыг үзэж сонирхохоор хуягт галт тэргээрээ Бээжинд хүрэлцэн ирж, дэлхийн хэвлэлүүдийн анхаарлыг татсан Ким Жөн Унын талаарх сонирхолтой баримтуудыг хүргэе. 

Ким Жөн Уны гутал.

Өрнөдийн энтертайнмент салбарт Ким Жөн Уны үс засалт, хувцаслалт, гадаад төрх трэнд хэвээр байна. Хошин шог үзүүлбэрүүдээс гадна Хойд Солонгосын удирдагчийг шоглосон янз бүрийн анимэшн, дүрс бичлэг бий. Наснаасаа хөгшин, буурь суурьтай дүр төрхийг бүрдүүлсэн Ким Жөн Уны өргөн өмд, фрэнч, өвлийн давхар пальто зэрэг нь хоёр Солонгосын дайн эцэс болсон 1953 оны үеийг санагдуулдаг аж. Энэ нь түүний хувьд “Дайн эцэслэсэн ч эх орноо нэгтгэх асуудал яагаа ч үгүй байна шүү” гэдгийг олон улсад хүргэх гэсэн биеийн хэлэмж нь ч байж болох юм.

Ким Жөн Ун Хойд, Өмнөд Солонгосын хил дээр 2018 онд хүрэлцэн ирэхэд сэтгүүлчид түүний инээмсэглэлээс эхлээд гутлын ул хүртэлх бүхий л зүйлийг шинжиж ажигласан нь тодорхой. Өмнөд Солонгосын сэтгүүлчдийн сонирхлыг хамгийн их татсан нь түүний гутал. Тухайн үед сэтгүүлчид “БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин 168 см өндөр гэдэг нь албан ёсоор ил тод болсон. Хоёр удирдагчийн зэрэгцэж зогссоноос харвал, Ким Жөн Ун 162.5 см өндөртэй байх. Тэрбээр өндөрлөгчтэй гутал өмсчээ” гэж мэдээлж байв. Харин зарим судлаач Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Уныг “175 см өндөртэй. Аав Ким Чен Ирээсээ 15 см-ээр өндөр гэсэн үг” гэж үздэг аж. Түүний аав чихрийн шижин өвчний улмаас жин нэмж, тусгай гутал захиалан өмсдөг байжээ. Харин Ким Жөн Уны өндрийг Хятадын удирдагч Ши Жиньпинтэй зэрэгцэн зогссон зургаас харьцуулж харж болох юм. BBC агентлаг зэрэг барууны зарим хэвлэлд Ши Жиньпинийг 180 см өндөр гэж мэдээлсэн байдаг. Ши Жиньпин, Ким Жөн Уны хамт авахуулсан гэрэл зураг дээр Ким Жөн Ун түүнээс 20 см орчим намхан байгаа нь харагдана, багцаалбал шүү дээ.       

Ким Чен Ун яагаад өргөн өмд өмсдөг вэ?

Дэлхийн түүхэнд мөнхөрсөн их удирдагчдаас Сталин, Мао Зэдун, Хо Ши Мин нар фрэнчээр гоёдог байжээ. Энэ жишгийг Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Ун ч дагасан. Сталин ЗХУ-ын, Мао Зэдун Хятадын, Хо Ши Мин Вьетнамын ард түмний хувьд агуу их жолоодогч эцэг нь гэж өргөмжлөгддөг байсан бол Ким Жөн Уны хувьд ч мөн адил. Өвөө, аав, хүү Ким гурвуулаа л тэгж тахин шүтүүлдэг. Судлаачид Ким-3 буюу Ким Жөн Уны хувцаслалтын талаар “Сталин, Мао Зэдун, аль эсвэл Ким Ир Сен дахин төрөөд бидэнтэй мэндчилж буй мэт” гэж онцолдог. Мөн “Ким Жөн Ун Хятадын шинэчлэлийн эцэг Дэн Сяопиний адил консерватив шинэчлэгч. Тэрбээр баруунтай ойр дотно болохыг эрмэлзэж байна” гэж дүгнэх шинжээчид ч бий. Ким Жөн Ун ааваасаа төрийн эрхийг залгамжлан авсныхаа дараа өвөө Ким Ир Сенээ санагдуулам байдлаар гадаад төрхөө өөрчилсөн нь өрнөдийнхний анхаарлыг татаж байв.  

Удирдагч Кимийн үс засалт юуг илэрхийлнэ вэ?

Ким Жөн Уны үс засалт хэн бүхний сонирхлыг татдаг. Энэхүү “Коммунист засалт” нь Мао Зэдун стайлийг давтсанаас гадна судлаачдыг “Яг өвөө шигээ харагдаж байна” уулга алдуулж байсан удаатай. Тэрбээр БНАСАУ-ын Улс төрийн товчооны хурал дээр 2015 оны хоёрдугаар сард шинэ үс засалттайгаар анх олны өмнө гарсан. Түүний аав ч бас үсээ ингэж засуулдаг байжээ. Ким Жөн Ун гадаад байдлаараа өвөөтэйгөө төстэй харагдах ч хар фрэнчээр гоёхоороо Мао Зэдуны хөрөг зургийг санагдуулдаг аж. Мао Зэдун Хятад орноо цөмийн зэвсэгтэй болгож чадсан Азийн анхны лидер. Мао Зэдуны хүү Солонгосын дайны үеэр амиа алдсан бөгөөд Мао Хятадын төр засгийнханд “Хойд Солонгост тусалж байгаарай” гэж захисан тухай яриа ч бий.

Ким Жөн Ун онгоцоор нисэхээс айдаг гэж үү?

Удирдагч Кимийнхэн хуягласан ногоон галт тэргээр зорчдог. Энэ БНАСАУ-д “Нэгдүгээр галт тэрэг” гэгддэг. Ким Жөн Ун 2018 оны гуравдугаар сард эхнэр болон албаны хүмүүстэй хамт Хятадад айлчлахдаа галт тэрэг хөлөглөсөн. Түүний аав Ким Чен Ир Москвад айлчлахдаа энэхүү галт тэргээр очиж байжээ. Гэхдээ Ким Жөн Ун Швейцарьт суралцахаар явахдаа галт тэргээр зорчиж Цюрихийн галт тэрэгний буудалд буугаагүйг хэвлэлүүд мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, тэрбээр Швейцарь руу онгоцоор ниссэн гэсэн үг. Ким Жөн Ун ногоон өнгөт хуягласан галт тэргээр байнга зорчдогийг ажиглагчид “Гэр бүлийнх нь уламжлал” гэж тайлбарладаг. Учир нь энэхүү галт тэргийг Сталин Ким Ир Сенд бэлэглэж байжээ. Ким Ир Сен дайны дараа Зөвлөлтийн цэргүүдтэй хамт эх орондоо ирж, түүний дараахан Сталинтай Кремльд уулзахад Сталин түүнд хуягласан галт тэрэг бэлэглэж байсан түүхтэй.  

Ким Жөн Ун 12 бие хамгаалагчтайн учир

Ким Жөн Ун БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мун Жэ Интэй 2018 онд уулзахдаа хуягт лимузин хөлөглөж, үдийн цайнд орохоор явах үед нь машиных нь дөрвөн талд 12 хамгаалагч гүйж яваа видео бичлэг дуулиан дэгдээж байв. Гэхдээ энэ нь олон улсад анхны тохиолдол биш юм. Трамп, Путиний бие хамгаалагчид ч Ерөнхийлөгч нарынхаа лимузинг ийнхүү дагаж гүйсэн тохиолдол бий. Зарим дарангуйлагчийн цүнхийг барьж машинтай нь зэрэгцэн гүйж байсан бие хамгаалагчид ч байдаг. Олон улсын харилцааны мэргэжилтнүүд Ким Жөн Уны 12 бие хамгаалагчийн талаар “Лимузин удаан давхих үеэр түүний эргэн тойронд бие хамгаалагчид гарч гүйдэг. Энэ бол протоколд байдаг л зүйл” гэж тайлбарлажээ. Ким Жөн Ун яагаад 12 бие хамгаалагчтай вэ. Энэ талаар хэвлэлүүд сонирхолтой баримтыг дэлгэсэн байна. Өөрөөр хэлбэл, Ким Жөн Уны өвөө Ким Ир Сен 1912 онд төрсөн. Түүний мэндэлсний 100 жилийн ой 2012 онд тохиоход Ким-2 буюу хүү Ким Ир Сенийг Хойд Солонгосын мөнхийн Ерөнхий нарийн бичгийн даргаар өргөмжилсөн. Харин Ким Жөн Ун БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын удирдлагын бүрэлдэхүүнд албан ёсоор орсон. Мөн БНАСАУ-ыг үндэслэгч Ким Ир Сенийг “Амьдралын нар”, “Тэнгэрээс заяасан агуу удирдагч” гэх зэргээр 12 нэрээр алдар сууг нь өргөмжилдөг аж. Өвөөгийнх нь алдар сууг 12 нэрээр нэрлэдгийг бэлгэдэж Ким Жөн Ун 12 бие хамгаалагчтай явдаг гэсэн таамаглалыг барууныхан дэвшүүлдэг. Тэрбээр дэлхийн II дайн дууссаны 80 жилийн ойг тохиолдуулан Бээжинд зохион байгуулсан цэргийн парадыг 12 бие хамгаалагчтайгаа үзсэн болов уу...    

С.Тулга



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Л.Оюун-Эрдэнэ, Ч.Номин нарын мөнгөний мөрөөр С.Бямбацогт мөшгиж, араас нь АТГ-ынхан ажиллах уу58 минутын өмнөОлимпын спортын эрх зүйн орчныг сайжруулав2 цаг 39 минутын өмнөМао үс засалт, өргөн өмдтэй Ким Жөн Ун 12 бие хамгаалагчтайгаа Бээжинд ирсэн үү3 цаг 33 минутын өмнөЕрөнхий сайд Г.Занданшатар ургац хураалтын явцтай танилцаж байна5 цаг 23 минутын өмнө“Автомашингүй өдөр”-өөр эрүүл мэндийн байгууллагууд үзлэг хийж зөвлөгөө өгнө5 цаг 41 минутын өмнөМонгол Улс Барбадос Улс, Эсватинийн Хаант Улс, Бүгд Найрамдах Тринидад ба Тобаго Улс, Бүгд Найрамдах Ботсвана Улстай дипломат харилцаа тогтоолоо5 цаг 46 минутын өмнөЯпоны Ерөнхий сайд Ш.Ишиба огцорно7 цаг 32 минутын өмнөЕрөнхийлөгч У.Хүрэлсүх, Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин нар дурсгалын мод тарилаа8 цаг 45 минутын өмнөУБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь8 цаг 58 минутын өмнөЦаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан9 цаг 1 минутын өмнөХөвсгөлд тарваган тахал гарч, хөл хорио тогтоожээ9 сар 7. 21:18У.Хүрэлсүхийн ард Б.Хурц...9 сар 7. 19:14Г.Занданшатар Ленинээс хуулбарлах нь энэ үү9 сар 7. 18:23Эрдэнэтэд шинэ орд илрүүллээ9 сар 7. 12:36УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНКУ-ын Ерөнхийлөгч К.Токаевт бараалхав9 сар 5. 20:39Төрийн банк “Тогтвортой өсөлт, хамтын түншлэл” арга хэмжээг зохион байгууллаа9 сар 5. 19:49Б.Батцэцэг: Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг унагах ажиллагаанд би оролцоогүй9 сар 5. 19:44Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн X чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд үг хэллээ9 сар 5. 17:09Шүүх хуралдааны явцын бичлэгийг прокурор, өмгөөлөгч хуулбарлан авах эрхтэй болов9 сар 5. 17:04“Автомашингүй өдөр” энэ сарын 13-нд болно9 сар 5. 17:00207 дугаар байрыг буулгаж эхэллээ9 сар 5. 16:58“МАН-ын Бага хурал хуралдсанаас хойш 45 хоногийн дараа их хурал хуралдана” гэв9 сар 5. 15:42“Б.Батцэцэгийн эсрэг тролл бүлэглэлийнхэн” гэгддэг Х.Булгантуяа, Ч.Номин нар party-дав9 сар 5. 14:12Монгол Улс, Австралийн Холбооны Улс ойрын хугацаанд “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтооно9 сар 5. 13:58Д.Амарбаясгалан: Парламентын зүгээс холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, цахим шилжилтийг эрх зүйн орчноор дэмжинэ9 сар 5. 13:54Н.Энхбаярын ярилцлагын мөрөөр Л.Оюун-Эрдэнэ, Б.Дэлгэрсайхан, Ц.Туваан нарыг АТГ шалгах уу9 сар 5. 12:57Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин нар албан ёсны уулзалт хийлээ9 сар 5. 11:56Австралийн Холбооны Улсын Амбан захирагчийг албан ёсоор угтаж авлаа9 сар 5. 11:52Р.Чингисийг албан тушаалаас нь чөлөөлсөн О.Алтангэрэлийн тушаал шүүх дээр уналаа9 сар 5. 11:43Ил хаант улсад зоосон мөнгөө монгол бичигтэй гаргадаг байжээ9 сар 5. 11:23
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.