ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт өнгөрсөн долоо хоногт “Go Mongolia, Welcome to Mongolia зэрэг төслүүдийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор томоохон зардлууд гарсан. Эдгээр нь шилэн дансан дээр харагдахгүй байна гэсэн асуудлыг ярьж байгаа. ҮАГ-аас яамдад аудит хийсэн. Аудитын шалгалтын үеэр хэдэн их наядаар яригдах томоохон зөрчил гарсан гэж байна. Тиймээс ЗГХЭГ, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас шалгалт хийж байгаа. Шалгаж дуусаад мэдээлнэ” гэж сэтгүүлчдэд ярьсан. Хэвлэлийнхний хувьд, энэ бол шинэ мэдээ биш. Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас огцруулахаас өмнө олон нийтийн сүлжээнд “Л.Оюун-Эрдэнэ, Ч.Номин хоёр Go Mongolia төслөөр дамжуулж мөнгө угаасан юм биш биз. Хууль хяналтынхан тэднийг шалгаач” хэмээн анхааруулж байсан нь сэтгүүлчид юм. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд асан Ч.Номин нарыг ийнхүү холбож хардсан нь ч учиртай. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар 2022 онд томилогдмогцоо Ч.Номинг Соёлын сайд болгож байв. Эрх баригч хүчнийхэн дунд тэр үед “Ч.Номин Соёлын сайдын суудлыг 300 тэрбум төгрөгөөр худалдаж авсан” хэмээн жиг жуг гэлцэж байсан. Гэвч үүнийг батлах, нотлох баримт байхгүй. УИХ-ын 2024 оны сонгуульд МАН ялав. Ялсан намын дарга учир Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болов. Ч.Номинг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар томилов. “Ч.Номингийн яам”-ны хамрах хүрээ, хариуцах салбарыг ийнхүү томруулж өгөв. Залуучуудын асуудлыг өмнө нь өөр яам хариуцдаг байсан бол Л.Оюун-Эрдэнэ найз Ч.Номиндоо бэлэглэсэн нь энэ. Хариуцах салбар нь томрохын хэрээр төсөв нь ч нэмэгдэнэ.
Л.Оюун-Эрдэнэ, Ч.Номин нарын соёл, урлагийн салбар дахь ашиг сонирхлын сүлжээ нь “Хэро энтертайнмент”, Кино урлагийн зөвлөл, МонголHD телевиз, “Тамгагүй төр” жүжиг, Go Mongolia, Welcome to Mongolia төсөл гээд үргэлжилнэ. Ковидын үед Л.Оюун-Эрдэнийн ах Б.Баатар цахим наадмын нээлтийг найруулж байсан. Харин Ч.Номинг Соёлын сайд болсны дараахан Кино урлагийн зөвлөлийн ажлын албаны даргаар Б.Баатарын экс эхнэр Ч.Ундралыг томилсон нь одоо ч хэвээр. “Б.Баатар цахим наадмын нээлтийг найруулахдаа төсвөөс 10 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан” гэх хардлага ч үүсч байв. Гэвч “Хэро энтертайнмент”-ын Б.Баатар энэ талаар ямар ч тайлбар хэлж, тайлангаа харуулаагүй. Цахим наадмын нээлтээс гадна Л.Оюун-Эрдэнэ, Ч.Номин хоёрын найзууд ковидын үед дрон шоу зохион байгуулсан нь бас л хэл ам дэгдээж АТГ шалгаж байгаа гэх мэдээлэл гарсан ч дарагдсан. Тухайн үед BRB компанийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан “250 дрон худалдан авсан мөнгөн дүнгээ шууд хэлээд яах вэ. Цоо шинэ Ferrari, Lamborghini худалдаж авах хэмжээний мөнгийг манай компани зарцуулсан” гэж сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа дурдсан удаатай. “Хэро энтертайнмент” Б.Баатар “Тамгагүй төр” жүжгийг найруулж, Улсын драмын эрдмийн театрын тайзнаа зөвхөн энэ жүжгийг хэдэн сар тоглуулсан нь иргэдийн шүүмжилдэг дабл стандартын сонгодог жишээ юм. “Тамгагүй төр” аялан тоглолтыг Лондон, Сингапурт хийхдээ хол, ойрын VIP зочдынхаа зардлыг хаанаас гаргасан бэ гэдэг асуулт бий. Удахгүй Японд тоглоно. Бродвэйд тоглоно гэдгээ ч зарласан. “Монгол Улсаа гадаадад сурталчилж байна” гэх өнгөлөн далдлалтын цаана мөнгө угаалт байна уу” гэх хардлага ч энэ жүжгийг хэдийнэ дагасан. Go Mongolia… Энэ тухай google-двэл сурталчилгааны мэдээллүүд нь битүү. Өөрөөр хэлбэл, Ч.Номин сайд байхдаа Go Mongolia төслийнхөө сурталчилгаанд багагүй төсөв зарлагадсан бололтой. Тэрбээр “Фүлхэм” клуб өөрийн талбайд хийх бүх тоглолтынхоо дундуур Go Mongolia үндэсний брэндийн сурталчилгааг дамжуулна” хэмээн ярьж байсан аж. Гэвч тухайн үед хэвлэлийнхэн дунд “Гадаадаас ПР-чдыг өндөр үнээр хөлсөлж Go Mongolia гэдэг брэнд нэр үүсгэсэн гэдэг” гэх яриа бий. Зөвхөн Go Mongolia гэдэг брэнд нэрэнд төсвөөс хэдэн сая төгрөг зарлагадсан бол. Их Британийн премьер лигийн “Фүлхэм” багт хэдэн сая ам.доллар төлсөн бэ гэдэг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ССАЖЗ-ын сайд асан Ч.Номин болон тэдний хүрээллийнхний дунд үлдэх том нууц бололтой. Ерөөс тэдний санхүүгийн схем бүхэлдээ нууц. Харин тэр нууцынх нь араас ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт хөвөрдөж, үнэнийг илрүүлж чадах болов уу. Хамтарсан Засгийн газарт хамт ажиллаж байсан сайд Ч.Номин, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ нарын мөнгөний мөрөөр мөшгихөд нүүр халуун санагдаж байж мэдэх юм. Гэвч Л.Оюун-Эрдэнэ, Ч.Номин болон “15 давхар”-ынхны ПР технологийн нэг хэлбэр нь нийгмийн оюун санааг хөөсрүүлэх, хууринан шуугиулах, талцуулан зодолдуулах. Тэр их хөөсрөл дунд тэд Go Mongolia, Welcome to Mongolia зэрэг төсөлд зарцуулсан “Том мөнгө”-өө нууцалж амжсан бололтой. “Фүлхэм”-тэй холбоотой дуулиан дэгдэж эхэлмэгц сайд асан Ч.Номин хэвлэлийнхэнд “Төсвөөс мөнгө гаргаагүй. Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн” гэж ам алдсан. Гэвч тэр зүгээр л ярьсан, баримтаа өнөөдрийг хүртэл огт харуулаагүй. С.Бямбацогт сайдын хэлснээр, Go Mongolia, Welcome to Mongolia төслийн зардал шилэн данснаас олдохгүй байна гэхээр зүгийг нь өөрчлөөд зүсийг нь хувиргаад аль хэдийнэ угаачихсан байж таарах уу. “Мөнгө мөртэй” гэдэг. Шилэн данс ч хуультай. Мөр нь шилэн данснаас олдохгүй байгаа мөнгийг захиран зарцуулах эрх эдэлж байсан Л.Оюун-Эрдэнэ, Ч.Номин нар УИХ-д “Гучийн бүлэг” байгуулчихаад Засгийн газрыг хэвлэл, сошиалаар шоглоод даналзаж байна. Тэд мөнгөтэй байна. Харин тэр их мөнгөний эх үүсвэр нь юу бол. ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт ажилтнуудтайгаа хамт шилэн данс ухаад барахгүй байгаа бол АТГ, цагдаагийнхнаа ажилд нь оруулах хэрэгтэй болж дээ. Хууль дуудахад тэд очих ёстой. Шилэн данснаас бултуулсан баримтуудыг нь нэхвэл тэд гаргаж өгөх учиртай. Үгүй бол хариуцлага хүлээнэ. Мөнгөний мөр бүрийн араас хууль мөшгих нь зүй ёсны хэрэг шүү дээ. Төрийн өндөр албан тушаалтнууд төсвийн зардлаа шилэн данснаас бултуулна гэдэг гэмт хэрэг биш үү... Дээрх мэдээллээс харвал, Л.Оюун-Эрдэнэ, Ч.Номин нарын мөнгөний мөрөөр ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт мөшгиж, араас нь АТГ-ынхан ажиллаж эхлэх үү гэдэг асуулт гарч ирж байна. Цагтаа Л.Оюун-Эрдэнэ, Б.Баатар нарын “АТМ” гэгддэг байсан Ч.Номинг ухвал их юм гарахвий.
С.Тулга
Сэтгэгдэл бичих