Х.Баттулгын МАН дахь схемийг У.Хүрэлсүх задалж чадах уу


9-р сарын 9
13 цаг 14 минут

       МАН-ын шинэ дарга буюу Монголын улс төр дэх хаан ширээнд хэн залрах вэ гэдэг улс төр ид өрнөж байна. Хаан титмийн төлөөх эл өрсөлдөөн хөдөөгийн буйдхан амралтын газруудаас эхлээд Төрийн ордон, Их тэнгэрт ч багагүй доргилт мэдрүүлж байгаа. Монголын улс төрд 2028 он хүртэл, магадгүй дараагийн сонгуульд МАН дахин олонхи болбол эрх мэдлийн сэнтийгээ хадгалж үлдсээр байх тэр хаан удахгүй тодорно. Л.Оюун-Эрдэнэ Тусгаар тогтнолын ордноос явж, сэнтийг нь өөр хүн эзэгнэнэ. Харин хааны титэм хэнд байгаа вэ. МАН-д яг одоо хэн хаанчилж байна вэ. Тэр хүн бол Х.Баттулга. Улс төр дэх хамгийн хүчирхэг схемийн эзэн Н.Энхбаяр байсан бол Х.Баттулга дараагийнх нь. Ц.Элбэгдоржоос Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгыг гардаж авсан цагаас түүний улс төр дэх хаанчлалын он тоолол эхэлнэ.

  АН дахь фракциуд саяхан ҮБХ, их хурлаа хуралдуулж “Бид Х.Баттулгагүй нам боллоо” гэж тэврэлдэв. “Х.Баттулгын АН дахь нөлөө гэж байхгүй болсон” гэж баярлацгаав. Гэвч Х.Баттулга АН-д байгаа. Түүний фракци ч тус намд бий. Х.Баттулга УИХ-ын гишүүн. УИХ-д Х.Баттулгынхан суудалтай. Тэр ч бүү хэл Засгийн газрын тэргүүн дээр ч Х.Баттулгын сүүдэр тусна. Х.Нямбаатар гэдэг даргатай хотын схемийг ч Х.Баттулга зурсан. “Эрдэнэт үйлдвэр”, “Улаанбаатар төмөр зам”, “Эрдэнэс Тавантолгой” зэрэг төрийн өмчит компаниудад ч Х.Баттулгын БЭТ-үүд байна. Х.Баттулга өөрөө схем юм. М.Энхболдыг “60 тэрбумын хэрэг”-ээр унагаж, Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаас огцруулж, У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болгосон нь Х.Баттулгын эффект. У.Хүрэлсүх Ерөнхий сайдын тамгаа Л.Оюун-Эрдэнэд гардуулсны цаана Х.Баттулга! Монголын улс төрийн зургийг тэрбээр өнгөрсөн найман жилийн туршид зурсан. Тэр яг одоо сошиалд хошигнол болж байгаачлан гурван үст нарийн бийрээрээ МАН-ын шинэ дарга хэн байхыг зурж байна. “Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас огцруулах саналд заналтайгаар гарын үсэг зурсан” гэж мэдэгдсэн цагаас АН дахь Х.Баттулгын нөлөө улам хүчирхэгжсэн бол М.Энхболдыг “Монгол ялав” хэмээн унагасан Х.Баттулгын схем МАН-д хүчээ авсан. Тэр бол зураач...

МАН дахь Х.Баттулгын схем яг одоо У.Хүрэлсүхийнхэн ба Л.Оюун-Эрдэнийнхэн гэж хоёр хуваагдаад байна. У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёр хоёулаа Х.Баттулгын “бүтээл”. У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнийн эсрэг 60, 70, 90-ээд оныхны нэгдлийг үүсгэж буй бол Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулгын схемийг хадгалж үлдэх даалгавраа гүйцэтгэж байна. У.Хүрэлсүх сая Жанчхүүгийн даваан дээр Х.Баттулгын дайснууд болох Сү.Батболд, М.Энхболд нартай хамт зогсож үзүүллээ. Гэрэл зураг гэдэг өөрийн гэсэн хэлтэй. У.Хүрэлсүх “Надтай Сү.Батболд, М.Энхболд нар байгаа шүү” гэдгээ Х.Баттулгад гэрэл зургийн хэлээр санууллаа. Харин Ерөнхий сайдын эрх мэдлээ алдсан Л.Оюун-Эрдэнэ медиа улс төрөө идэвхжүүлж “Засгийн газрын 100 хоног өнгөрөхийг тэвчээртэй хүлээж байна” гэж хариу барив. Х.Баттулгын зүгээс Л.Оюун-Эрдэнэд зурж өгсөн улс төрийн зургаар тэд МАН-ын их хурлыг Г.Занданшатарын Засгийн газрын 100 хоногийн дараа хийхээр тооцож байж магадгүй юм. Түүний дараа Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулгын хурцалж өгсөн “илд”-ээ сугална. Утаа, түгжрэл, ток цахилгаан гээд иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрч, Л.Оюун-Эрдэнийнхэн дайралтаа эхлүүлэхэд яг тохирох цаг. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаас огцрохоосоо өмнөхөн чуулган дээр “Үнэнийг хэлэхэд, надад томилгоо хийх эрх мэдэл байгаагүй юм” гэж мэдэгдсэн. Түүний энэ гунигт түүхийг Г.Занданшатар ч давтсан. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Г.Занданшатар Засгийн газрынхаа сайд нарт сэтгэл хангалуун бус байгаа нь үг яриа, байдал төрхөөс нь мэдрэгдэж байна. Сайд нарын томилгоог толгой мэдэж шийдээгүй юм байна” гэж сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө хэлж байв. Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нар Ерөнхий сайдын энэ эмзэг цэг дээр тоглолт хийх нь тодорхой. Г.Занданшатарын Засгийн газар бол тэдний гол бай. Г.Занданшатарыг зөөлчилж У.Хүрэлсүхэд хатуухан хариу барих нь Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нарын төлөвлөгөө юм. “Монгол Улсын Ерөнхийлөгч намын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, Үндсэн хууль зөрчиж байна. Үндсэн хуулийн Цэцэд хандана” гэх мэдээ өчигдөр (2025.09.08) зарим хэвлэлд гарсан. Цаана нь Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нар л байгаа болов уу.  

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаас огцорсон ч МАН-ын дарга хэвээр байгаа. УИХ-ын 2024 оны сонгуульд намаа ялуулсан дарга бол Л.Оюун-Эрдэнэ. Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нар энэ давуу талаа медиа улс төрийнхөө гол мессэж болгож байна. Өөрөөр хэлбэл, “Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ыг сонгуульд ялуулсан дарга. Харин Г.Занданшатар УИХ-ын 2024 оны сонгуульд ялагдсан Ерөнхий сайд” гэж. Л.Оюун-Эрдэнэ “Шударга 5”-ын нэг байхдаа М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулах улс төрийн гол дүр болж байсан бол өнгөрсөн сонгуульд Сү.Батболдыг нэр дэвшүүлээгүй. Улс төр дэх Х.Баттулгын бас нэг дайсан болох Ч.Хүрэлбаатарыг баруун бүсэд нэр дэвшүүлсэн ч ялагдлынх нь зургийг аль хэдийнэ зурчихсан байсан гэх яриа бий. Г.Занданшатарыг ч мөн адил. “Саналын хуудсан дээр УИХ-ын даргын нэр хамгийн эхэнд бичигдэнэ гэдэг сонгуульд ялснаас өөрцгүй. Гэтэл Г.Занданшатар ялагдсан. Яагаад тэр вэ” гэх хардлага МАН-д өдгөө ч бий. Санал хураалт болохын өмнөхөн Х.Баттулга Г.Занданшатарын нэр дэвшсэн хангайн тойрогт АН-ын нэр дэвшигчидтэй уулзаж, журмын нөхдөдөө амжилт хүссэн бичлэг цахим орчинд түгж байв. Харин Х.Баттулга энэ удаад Л.Оюун-Эрдэнэд ямар даалгавар өгсөн бэ.

  Х.Баттулгын зүгээс МАН дахь нөлөөгөө алдахгүй байх гол зэвсэг нь Л.Оюун-Эрдэнэ. Л.Оюун-Эрдэнэ одоохондоо тус намын дарга байгаа нь Х.Баттулгын хувьд улс төрийн зургаа нэн шинээр зурах боломж юм. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ УИХ-д “Гучийн бүлэг” хэмээх фракцитай. Г.Занданшатарын Засгийн газарт хэдий “Урвагч” гэж цоллуулсан ч хамтарсан Засгийн газарт хамт ажиллаж байсан сайд нар нь бий. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, УИХ-ыг 126 гишүүнтэй болгосон нь Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй МАН-ынхны шийдвэр. 126 гишүүнтэй анхны парламентад хэн хэнийг багтаахыг МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга асан Л.Гантөмөр нар У.Хүрэлсүх, Х.Баттулга нарын заавар чиглэлээр зурсан. Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулиар үнэмлэхүй эрх мэдэлтэй Ерөнхий сайд байв. АТГ-ын даргаар З.Дашдавааг улираан томилохыг өнгөрсөн хавар санал болгож, УИХ-аар шийдвэрлүүлсэн. Цагдаа, тагнуулын байгууллагын удирдлагуудыг ч түүний үед томилсон. Хууль хяналтын байгууллагуудыг Хэнтийнхэн удирдаж байгаа нь Л.Оюун-Эрдэнийн гол хүч. Нэг ёсондоо, УИХ, Засгийн газар, хууль хүчний байгууллагуудад Л.Оюун-Эрдэнийнхэн байна. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас Г.Занданшатарын танхимд улиран томилогдсон Б.Дэлгэрсайхан, С.Бямбацогт, Б.Чойжилсүрэн нар бол бизнесийн салбараас улс төрд хөл тавьсан хүмүүс. “Наймаачин л бол наймаачин” гэдэг шиг Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нар тэдэнд том наймаа санал болговол Г.Занданшатарын танхимаас хурдаа аваад гараад гүйчихэж мэдэх л нөхдүүд. Хэдийгээр Л.Оюун-Эрдэнэ Хэнтийнх ч улс төр дэх хамгийн том түшиц газар нь нийслэл юм. Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ, “Голомт”-ын Д.Баясгалан нар Д.Сумъяабазарыг хотын мэр байхад нийслэлд улс төр, эдийн засгийн эрх мэдлээ тогтоосон. Д.Сумъяабазар “Ногоон автобусны хэрэг”-т нэр холбогдонгуутаа Л.Оюун-Эрдэнээс аврал эрж, Төрийн ордонд хоёулхнаа уулзсан. Хэдхэн хором болсон энэ уулзалтын дараа тэрбээр хотын мэрээс огцрохоо мэдэгдэж, Х.Нямбаатарт суудлаа тавьж өгсөн. Х.Нямбаатарын хувьд, Л.Оюун-Эрдэнийн үеэл гэдэг нь нэгэнт ил болсон. Сайдаас ч том төсөв захиран зарцуулах эрхтэй хотын мэр болсон тэрбээр төд удалгүй нийслэлийн МАН-ын хорооны даргын тамгыг Д.Сумъяабазараас гардсан. Нийслэлийн МАН гэдэг эрх баригч хүчний 50 хувь гэсэн үг. Х.Нямбаатар даргатай нийслэлийн МАН-ынхан Бага хурал, их хуралд жин дарна. Бэрийн цүнхний скандалын үеэр Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өрөөнд орж “Өөрөө өргөдлөө өг” гэсэн хариу сонссож, шоконд орсондоо МАН-ын Бага хурлыг зарлаж “тэнэгтсэн” ч одоо тэр тэнэг үйлдлээ давтахгүй болов уу. Л.Оюун-Эрдэнэ одоо Х.Баттулгын гурван үст нарийн бийрээрээ шив шинээр зурж өгсөн улс төрийн операциа хэрэгжүүлж эхэлнэ. МАН дахь эрх мэдэл, хяналтаа алдахгүй байх нь Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нарын хувьд улс төрийн хамгаалалтаа хадгалж үлдэнэ гэсэн үг. Эвгүйтвэл Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээгээр хуулийн гаванд хийж, Монголоос зугттал нь чангалсан явдал өдгөө Л.Оюун-Эрдэнэ дээр “Харбиний гэрээ” гээчээр давтагдаж мэдэхээр байна. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр түүний эсрэг медиа улс төр хийж “Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед 250 сая ам.долларын ажлыг 24 тэрбум ам.доллараар хийх шийдвэр гаргасан. Энэ бол луйвар. Б.Дэлгэрсайхан, Ц.Туваан нар Харбин руу хоёулхнаа явж очоод тийм гэрээ хийсэн” хэмээн тв9 телевизээрээ ойр ойрхон ярих болсон. Түүний яриагаар, “Харбиний гэрээ”-н дээр Б.Дэлгэрсайхан, Ц.Туваан нар гарын үсэг зуржээ. Харин Л.Оюун-Эрдэнийн гарын үсэг байхгүй. Магадгүй, тэрбээр Х.Баттулга шиг хашир загнасан бололтой. Учир нь Х.Баттулгыг хууль хяналтынхан гарын үсгээр нь барьж чаддаггүй. Гэхдээ л Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нар МАН дахь эрх мэдлээ алдвал өрсөлдөгчид нь “Харбиний гэрээ”-ээр ороох шалтаг хаа нэгтээгээс гаргаад л ирнэ. Хэрэв Х.Баттулга эрх баригч намд схемээ хадгалж үлдэж чадвал АН-д ч ноёрхлоо эргэн тогтоохыг үгүйсгэхгүй. Учир нь АН-ын шинэ дарга О.Цогтгэрэл Х.Баттулгын дэмжлэгтэй явсан үе бий. УИХ-ын 2028 оны сонгуульд АН-ыг ялуулахад нь О.Цогтгэрэлд Х.Баттулгын хүч хэрэгтэй бол тэд нэгдэж л таарна. Х.Баттулгын хүч, нөлөөгөөр АН-ыг сонгуульд ялуулбал О.Цогтгэрэл 2028 онд Ерөнхий сайд болно. Х.Баттулгын схем ч хүчтэй, нөлөөтэй хэвээр үлдэнэ. Эффект нь Л.Оюун-Эрдэнэ дээр ч тусаж, тэр жинхэнэ утгаар “Come back” хийнэ. О.Цогтгэрэл 2028 онд Ерөнхий сайд болбол Л.Оюун-Эрдэнэ Шадар сайд болоод сууж байхыг үгүйсгэхгүй. Х.Баттулга тэр үеийг хэрхэн төсөөлж, улс төрийн шинэ зураг зурж суугаа бол. У.Хүрэлсүх түүний МАН дахь схемийг задалж чадах уу...   

С.Тулга

           

             



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд analiz.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

Улаанбаатар хотод борлуулалтын 400 цэгээр мидлинг, хагас коксон шахмал түлш худалдаална2 цаг 22 минутын өмнөХ.Баттулгын МАН дахь схемийг У.Хүрэлсүх задалж чадах уу6 цаг 39 минутын өмнөИрэх онд МАН-д төрөөс 3 тэрбум 363 сая төгрөг, АН-д 2 тэрбум 568 сая төгрөг, ХҮН намд 756 сая төгрөгийн санхүүжилт олгоно7 цаг 18 минутын өмнөУИХ-ын чуулганы намрын ээлжит чуулган энэ сарын 15-нд эхэлнэ7 цаг 44 минутын өмнөМАН ирэх долоо хоногт УЗ, Бага хурлаа хуралдуулж, их хурлаа зарлана9 цаг 49 минутын өмнөН.Энхбаяр: Нууц гэрээгээр тонн тутамд 40 доллар алдаж байна9 сар 9. 9:04УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь9 сар 9. 8:56Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан9 сар 9. 8:53Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо9 сар 8. 20:13ДЦС-5-ыг “Митайм интернэшнл” ХХК барина9 сар 8. 18:39Л.Оюун-Эрдэнэ, Ч.Номин нарын мөнгөний мөрөөр С.Бямбацогт мөшгиж, араас нь АТГ-ынхан ажиллах уу9 сар 8. 17:32Олимпын спортын эрх зүйн орчныг сайжруулав9 сар 8. 15:51Мао үс засалт, өргөн өмдтэй Ким Жөн Ун 12 бие хамгаалагчтайгаа Бээжинд ирсэн үү9 сар 8. 14:58Ерөнхий сайд Г.Занданшатар ургац хураалтын явцтай танилцаж байна9 сар 8. 13:08“Автомашингүй өдөр”-өөр эрүүл мэндийн байгууллагууд үзлэг хийж зөвлөгөө өгнө9 сар 8. 12:49Монгол Улс Барбадос Улс, Эсватинийн Хаант Улс, Бүгд Найрамдах Тринидад ба Тобаго Улс, Бүгд Найрамдах Ботсвана Улстай дипломат харилцаа тогтоолоо9 сар 8. 12:45Японы Ерөнхий сайд Ш.Ишиба огцорно9 сар 8. 10:58Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин нар дурсгалын мод тарилаа9 сар 8. 9:45УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь9 сар 8. 9:33Цаг агаар: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан9 сар 8. 9:30Хөвсгөлд тарваган тахал гарч, хөл хорио тогтоожээ9 сар 7. 21:18У.Хүрэлсүхийн ард Б.Хурц...9 сар 7. 19:14Г.Занданшатар Ленинээс хуулбарлах нь энэ үү9 сар 7. 18:23Эрдэнэтэд шинэ орд илрүүллээ9 сар 7. 12:36УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНКУ-ын Ерөнхийлөгч К.Токаевт бараалхав9 сар 5. 20:39Төрийн банк “Тогтвортой өсөлт, хамтын түншлэл” арга хэмжээг зохион байгууллаа9 сар 5. 19:49Б.Батцэцэг: Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг унагах ажиллагаанд би оролцоогүй9 сар 5. 19:44Ерөнхий сайд Г.Занданшатар Дорнын эдийн засгийн X чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд үг хэллээ9 сар 5. 17:09Шүүх хуралдааны явцын бичлэгийг прокурор, өмгөөлөгч хуулбарлан авах эрхтэй болов9 сар 5. 17:04“Автомашингүй өдөр” энэ сарын 13-нд болно9 сар 5. 17:00
Эхлэл  Редакцын бодлого  Холбоо барих
ANALIZ.MN © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.